Улаанбаатар хотын төв утаатай, захын дүүргүүд нь утаагүй өвөлжих болох нь уу

Aдмин / Улстөр

Хамгийн чухал нь ирэх өвөл улаанбаатарчууд утаагүй, утаа багатай орчинд баймаар байна. Хоолой аргаж, сэрвэгнэж, ханиалгадаггүй хүн энэ хотод алга боллоо. Цаашлаад уушги, улаан хоолой, амьсгалын замын үрэвсэлгүй иргэнгүй болов. Энэ бол эмгэнэл, энэ бол сүйрэл, энэ бол үндэсний аюулгүй байдал.

Нэгэнт ингэтлээ арчаагаа алдсан монголчууд бидний хувьд утаагүй амьдрах нь хамгийн чухал. Тэр шуугиан болгоод байгаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлсэн “Хагас коксжсон нүүрс Хятадаас оруулж ирэхийг буруу, зөв” гэж маргах нь үнэндээ утгагүй болчихлоо. 177 тэрбум төгрөгийг үрэх нь, урд хөршид өгөх нь, дундаас нь хусах нь, албан тушаал, авлигын гэмт хэргийн шинжтэй байна… хэмээн сошиалаар бүгд л муулж, шүүмжилж байна. Нийслэлчүүдийг туршилтын туулай болгох нь гэсэн суртал хүчээ авлаа. Тэгвэл тэгээд цаг алдалгүй утаагүй амьдрах ямар арга та нарт байгаа юм бэ. Тухайлбал энэ өвөл. Хэл л дээ. Үүнд хэн буруутай юм бэ. Өнөөдрийн төр засаг буруутай гэж хэлэх хүн байгаа бол тэднийг та нар л сонгосон шүү дээ. Тэдний хэн нь ч тооноор давхиж орж ирээд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч болчихоогүй. Бодит үнэн эцэстээ үүн дээр л тулж очно. Тэгэхээр үнэнтэй үнэнээрээ нүүр тулах цаг болжээ.

Үнэхээр тэр хагас кокс нүүрс нь энэ өвөл утааг хоёр

дахин бууруулах нь үнэн юм бол Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг дэмжье. Өөр ямар ч арга байхгүй. Төр засгийн зүгээс нийгмийн сүлжээнд санал шүүмжлэлээ илэрхийлж байгаа хэдэн хүний пост, комментоор ажлаа явуулмааргүй байна. Шийдвэр гаргасан бол түүндээ тууштай байцгаа. Та нарыг ард түмний нэрийн өмнөөс бодлого боловсруулж, шийдвэр гаргаж, улс орноо удирдаад яв гэж итгэл үзүүлэн сонгосон. Хуулиараа эрх үүрэг олгосон. Түүнийгээ хэрэгжүүл.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн утааг 50 хувь бууруулсан гэх сайжруулсан түлшний хольц болох мидлингийг мөн л урд хөршөөс авч байсан. Тэгээд нийслэлийн баруун, зүүн хоёр талд үйлдвэрлэн иргэдэд утаагүй түлш нэрээр тарааж байсан. Тэгвэл мидлингийн дараагийн технологи нь кокс, хагас кокс юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд дараагийн технологи болох хагас коксийг нь оруулж ирье гэсэн байна. Иргэдийн зүгээс “Хятадаас хагас кокс худалдаж авахгүй эх орондоо үйлдвэрлэе, манайд хангалттай бий, бид үйлдвэрлэж чадна…” гэхчлэн саналыг их гаргаж байна. Эрчим хүчний яамны зүгээс бол үйлдвэр энэ өвөлдөө яагаад ч амжихгүй учраас ирэх өвлийг ингэж давъя, урд хөршөөс авч, утаа багатай давцгаая гэжээ. Ердөө ийм л энгийн ойлголт, энгийн үнэнийг төр засгаас бидэнд тулгалаа.

Мидлинг бол яаж ч сайжруулаад утааг 40 хувь бууруулдаг. Өөр хөгжүүлэлт байхгүй. Хагас кокс бол хамаагүй сайн үзүүлэлттэй. Бараг утаагүй шахам болгодог. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гол нь хэвлэлээр тайлбарлахдаа иргэдийн дургүй хүрэхээр мэдээлсэнд учир нь байгаа юм. Туршилт ч гэх шиг. Хятадууд хэдэн жилийн өмнө бол яг манайх шиг мидлингтэй түлш түлж байсан. Одоо хагас кокс болгочихсон. Утаа алга болсон. Тэр л технологийг ингэж урагшгүй тайлбарласнаар нийгэмд стресс нэмлээ. Буруу ойлголт болоод явчихлаа. Тэгэхээр эрх баригчид аливаа шийдвэрээ нийгэмд танилцуулахдаа, болгоомжтой, хянуур, маш ойлгомжтой, зөвөөр тайлбарлаж байхгүй бол ганцхан буруу үгийн алдаанаас болж гаргасан олон сайн, ухаалга шийдвэр чинь нийгмийн сүлжээн дэх хэдэн хүний шүүмжлэлээс болж “будаа болж” байгаад дүгнэлт хийх цаг болсон шүү. ХХААХҮийн сайд Х.Болорчулуун гэхэд үхрийг цахим ээмэгжүүлэх маш сайн төслийг яаж буруу мэдээлээд будаа боллоо. ХААн салбараа сэргээх, мах импортлох хамгийн суурь шийдвэрээ тэгээд л сөнөөсөн. Түүн шиг л алдааг энэ Засгийн газрын сайдууд их хийх юм даа.

Ер нь бол өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл “Эрдэнэс Таван толгой” ХХК үүрдэг. Өнгөрсөн жил утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл ихээхэн гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршиж үзсэний эцэст ийнхүү хагас коксийн асуудал хөндөгдсөн юм билээ.

Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судалж үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргасан. Ингээд хагас коксжсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэн 97 удаагийн галлагаа хийж үзсэн байна. Үр дүнг лабораторид шинжлүүлэхэд тоосонцор одоо байгаа мидлингийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болжээ. Дэгдэмхий 19.5аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоог гаргасан. Туршилтын үр дүн нь энэ.

Хэрэв нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлнэ. Үүнийгээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлэхдээ “Туршиж үзнэ” гэж хэлсэн. Энэ үг нь мушгигдаж, алуулах шахаж байгаа. Гэхдээ утааг бүрэн алга болгоно гэж хэлээгүй. Тэдэн хувиар багасгая гэж байгаа нь сая дурдсан үзүүлэлтүүд. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум нь асаагч, бусад нь хагас кокст зарцуулагдах юм билээ. Хагас кокс импортлоод ирвэл нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөг болно. Нэг тонныг нь 150,000 юм уу 200,000 төгрөгөөр зарах болно. Үүнээс илүү үнээр борлуулж чадахгүй. Үүнийг хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй нь тодорхой. Гэхдээ үүнээс өөр гарц энэ өвлийн аман дээр яагаад ч байхгүйтэй монголчууд, нийслэлийнхэн эвлэрэх цаг болжээ.

Ер нь бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн айхгүй хэлж байгаа энэ туршилт гэдэг үгний хэрэгжилт нийслэлийн захын дүүргүүдэд хэрэгжинэ. Тэнд үр дүн хэрэгжилт харагдана. Мэдээж утаа буурах нь тодорхой байх. Тэгэхээр эсрэгээрээ Улаанбаатар хотын төвдөө утааны эсрэг арга хэмжээ явагдахгүй нь. Шулуухан хэлэхэд Улаанбаатар хотын төв утаатай, захын хорооллууд нь утаагүй өвөлжих болох нь уу. Ийм л дүр зураг харагдаж байгаа.

Бусад улс оронд шинжлэх ухааны үндэстэй туршилтаар батлагдсан утаа бууруулах энэ төслийг одоо ийм тулсан цагт буруутгаад яах вэ. Улс төржүүлээд харахад МАН-ын 2024 оны сонгуулийн хөзөр байсан ч яахав. Ид хүйтэн, утааны дөрвөн сар дотор утаа буурч, цаашид зөв замаа олж чадвал олон зуун мянган хүний эрүүл мэндэд ач тустай. Олон мянган өндөр настан, нялх балчир хүүхэд, амьсгалын замын үрэвсэлт өвчинтэй олон зуун иргэдийн эрүүл мэнд, амь нас 177 тэрбум төгрөгөөс үнэтэй. Бодит байдал ийм болохоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Та шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан туршилтыг хийх гэж байгаа бол зориглоод хийчих ээ. Бид дэмжье.

Б.Нямаа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [173.66.93.130] 2023-09-05 19:31:38

Үхэр монголчууд цаашдаа ингээд коммент бичээд л зүээр суугаад байх уу ???

Зочин [202.9.46.18] 2023-09-05 18:47:15

Комментоор утааг бууруул гэж мөөрөлдөөд ямар ч өөрчлөлт гарахгүй. Түүний оронд үхэр монголчууд талбай дээр очиж жагсаал хийвэл өөрчлөлт гарч магадгүй.

Зочин [66.181.188.183] 2023-09-05 17:05:13

АН-ынхан АНУ-ын даалгаврын дагуу бас л Монголын эрчим хүчний салбарыг оролдож байна.

Pee [202.55.191.130] 2023-09-05 15:06:09

Asuudal yuruusuu turshilt ene terdee baigaa ym bish shdee! delhii deer hamgiin chanartai koksiin nuursnii heden terbum tonn nuuts'toi terniigee Hyatad ru mash hyamdhan zardag hernee zuruuleed ter zarsan nuursee butsaagaad mangar unetei avchrana gej yag yu gesen ug ym bee? arai setgeltei hun baisan bol ter 170 saya dollaraar ter nuursiig bolovsruuldag uildver hiichihne biz de?

cochin [202.9.40.201] 2023-09-05 12:23:22

ta nar turshilt ene teree hiicheed yarij hiij baildaa ONTSGOI GAMSHIGIIN ERSDEL UNLEGCHDIIN HOLBOO GEED BAINLEE naad ersdeliin unelgeegee hiilgeechee......

Зочин [202.131.225.53] 2023-09-05 11:50:45

хөшөө дурсгал ойн баяр тэмдэглэх мөнгөөрөө гялс коксжих нүүрсний үйлдвэр барьчихаа уурхайнхаа хажууд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.