Н.Ганибал: Дагалдах хуулиудаар “Эрдэнэс Баянбогд” уурхайг Нийслэл захиран зарцуулах эрхийг бий болгох гэж байна
УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-“Эрх баригчид төсөв дагасан хуулиар хулгай хийх замаа засч байна” гэж та мэдээлсэн. Үүнийг илүү тодорхой яриач. Дагалдах яг ямар хуулиар яаж хулгай хийх гээд байна гэж?
-Сүүлийн 10 жилд Монголд маш буруу жишиг тогтож байна. Улсын төсвийг дагалдуулж салбарын хуулиудад өөрчлөлт оруулдаг буруу жишиг хэрээс хэтэрлээ. Энэ жилийн тухайд төсвийг дагалдуулж 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна.
Угтаа УИХ баталсан хуульдаа нийцүүлж төсвөө батлах ёстой. Өрийн хязгаарын тухай, Төсвийн хяналтын тухай хууль ч гэдэг юм уу, хуульдаа нийцүүлж төсвөө хийх ёстой. Түүнээс төсвийн хуулийг дагалдуулж бусад хуулийг өөрчлөх биш. Хуулиа өөрчилж байгаад өрийн таазаа нэмчихдэг, Төсвийн хяналтын хуульд өөрчлөлт оруулчихдаг.
-Хууль гэдэг бол бодлого. Монгол төрийн бодлого энэ хэрээр тогтворгүй, дархлаагүй байна гэсэн үг үү?
-Тийм. Хуульд захирагдаж үйл ажиллагаа хийх биш, үйл ажиллагаа хийхийн тулд хуулиа өөрчилдөг жишиг рүү орсон. Урт хугацааны бодлого гэж байхгүй. Жил бүрийн төсвийг дагаж тухайн салбарын бодлого нь автоматаар өөрчлөгдөж байна.
Төсвийн хуулийг оруулж ирж байгаа субъект нь Сангийн яам, ХЗДХ-ийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам. Тэд нийлж байгаад бусад салбарынхаа хуулиудыг өөрчлөөд байна.
Тухайн салбарын органик хууль батлагдахаасаа өмнө салбарын хэлэлцүүлэг хийдэг. 45 хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй байршуулж санал авдаг. Байнгын хорооны гурван шатны хэлэлцүүлэг хийгдсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг. Гэтэл төсвийн асуудлаа ярьж байх хооронд дагуулж хууль өөрчлөөд байна.
Үүнийг ухаад үзвэл олон ноцтой асуудал үүсч эхэлж байна. Өмнө нь ковидын үед төсөв дагасан хуулиар маш олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авч байсан. УИХ-ын эрх мэдлийг өөртөө авч байсан. Эргээд харахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах чухал хуулиас олон эрх мэдлийг Засгийн газар өөртөө авсан байна. Тодруулбал, шууд гэрээ байгуулах боломжийг авсан. Энэ хууль нь өнөөдрийн авлига, хүнд суртал, хулгай луйвар гаарах суурь болсон. Засгийн газраас 2022 онд 2.5 их наяд төгрөгийн шууд худалдан авалт хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.
Шууд худалдан авалт гэдэг нь нууж хааж байгаад хэн нэгэнд давуу байдал үүсгэх боломжийг өөрсдөдөө олж авч байна гэсэн үг. Жишээлбэл, 2500 төгрөгийн үнэтэй маскийг 25 мянган төгрөгөөр авсан байгаа юм. Нээлттэй зарласан бол төрд 2500 төгрөгөөр худалдаж авах боломж байсан. Харамсалтай нь, хаалттай буюу дарга өөрийн танил талаасаа үнэтэй худалдаж авсан. Тайлбарлахдаа хуулиар шууд худалдаж авч болно гэж өөрчилсөн гэдэг. Үүний ард авлига, хулгай луйвар, эрх мэдлийн давуу байдлаа ашиглах гэхчлэн олон зөрчил гарч байгаа юм. Ногоон автобус ч адил шүү дээ. Шууд худалдан авах эрхийг өөрсдөдөө бий болгож зах зээлийн үнээс үнэтэй хуучин автобус авсан нь хууль зөрчиж. Энэ хулгай луйвраа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн заалтаар хийж байна.
-Үндсэн асуулт руугаа эргээд оръё. Төсвийн хуулийг дагалдаж өөрчлөгдөх ямар хуульд зөрчилтэй ямар заалт байна вэ?
-Жишээлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 8.15-р зүйлд “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах тендер шалгаруулалт зарлаж болно”гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ заалтаар нэг компанид 10 жилийн давуу байдал олгох гэж байна. Хуулийн заалт дээр “хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэх” гэж байгаа юм. Хайгуул олборлолтын ажлыг гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэлх жил гэдэг бол урт хугацааны давуу байдал олгох гэсэн асуудал юм.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд тун ноцтой нэг заалт байна. Засгийн газраас танилцуулга бүрдээ Нүүрсийг биржээр зарснаар авлигагүй боллоо. Далд эдийн засаг ил боллоо. Эдийн засаг өгч байна. ДНБ нэмэгдсэн гэхчлэн сүржин сүржин мэдэгдэл хийж байгаа. Гэтэл үүнийхээ эсрэг заалт энэ хуулиар оруулж ирлээ. Энэ хуулийн 10.3-т “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл УИХ-ын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй” гэж өөрчилж байна. 10.2 дахь хэсгээр төрийн өмчит хуулийн этгээдийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал биржээр арилжихгүйгээр шууд гэрээ хийх боломжийг нээж өгч байгаа юм. Танилцуулга дээрээ бүр ингээд бичсэн байна. “Стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын шийдвэр, эсвэл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль үйлчлэхгүй байх өөрчлөлтийг оруулж байна” гэж.
-Яаж ч харсан нэг том төсөл рүү л чиглэж байгаа нь ойлгомжтой юм. Стратегийн гэхээр яг аль орд, аль уурхай руу чиглэж байгаа юм бэ, та шууд хэлээч?
-Тийм. Шуудхан хэлэхэд, Улаанбаатар хотын хамааралтай “Эрдэнэс Баянбогд” нүүрсний уурхайд давуу байдал олгох гэсэн зүйл яваад байна.
-Тэгвэл Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг дагаж мөн л ноцтой заалтууд орж ирж байна гэж та яриандаа хэлсэн?
-Тийм. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Үүнийг дагалдуулж нийт 26 хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Харахаар өнөөх Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ үзүүлэх тухай хуульд гурван зүйл бүхий нэмэлт өөрчлөлт оруулж байна. 34.13-т “Нийслэл хотын хот тохижилт, автозам, халаалт, цэвэр, бохир, усны шугам, үеийн далан сувгийн засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой бараа ажил үйлчилгээг шууд худалдаж авч болно”.
34.14 “Нийслэл хотод шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, бараа материалыг санхүүгийн түрээсээр худалдаж авах бол шууд худалдаж авч болно”. Мөн Нийслэл хотын аж ахуйн үйл ажиллагааг объект талбайгаар нь засвар үйлчилгээг хариуцсан этгээд гэрээт хугацаанд нэмэлт шаардлагатай үйлчилгээг авах бол шууд худалдан авалт хийх боломжоор хангаж байгаа.
Ер нь энэ хуулийн 34 дүгээр заалт бол шууд гэрээ хийж болно, нууцад оруулж шууд гэрээ хийж болно гэсэн заалтууд байдаг. Энэ гурван заалтаар нийслэлийн хийх бүх ажлыг шууд гэрээ хийж худалдан авч болно гэж байна.
-Өмнө нь нийслэлийн энэ ордын асуудал яригдаж ирсэн л дээ. Гэхдээ та голлох хувь эзэмшигч, нөөц, эдийн засгийн бодит үр нөлөөний талаар мэдээлэл өгөөч?
-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж төрийн өмчийн хэлбэрээр үү, эсвэл олон нийтийн нээлттэй компани байгуулах уу гэдгийг тохирох ёстой. Мөн олж байгаа үр ашгийг юунд зарцуулах гэхчлэн шийдлээ гаргах ёстой. Үнэхээр нийслэлд заавал байх ёстой юу. Байх ёстой бол яагаад гэхчлэнгээр хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй. Газрын доорх баялаг ард түмний өмч шүү дээ. Энэ бол уран хайж яваад илрүүлсэн орд. Тиймээс тэрхүү ордыг хэрхэн ашиглахыг УИХ-аар хэлэлцэж шийдсэн бол УИХ-ын гишүүд, ч иргэд ч хардахгүй байсан. Яагаад Засгийн газраас ордын 66 хувийг нийслэлд өгч байгаа юм бэ. Яагаад Эрдэнэс Монгол 34 хувийг нь авч байгаа юм бэ. Орон нутгийнхан яагаад хувь эзэмшихгүй байгаа юм бэ. Энэ бол далд нууц хийгдсэн асуудал болох гээд байгаа юм. Гол асуудал нь энэ уурхайг ашиглаж метро, LRT, BRT барина гээд яваад байна. Ордынх нь нөөц нь тодорхой биш байгаа бол яагаад үүнийг олон улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчтай яриад яваа юм бэ. Бидэнд ийм орд байгаа гэсэн аман яриагаар гадаадын хөрөнгө оруулагчид гэрээ, хэлцэл хийхгүй.
Ордын нөөц нь тодорхой биш байгаа гээд татвар төлөгчдийн өгсөн төсвийн мөнгөнөөс хайгуулын мөнгө тавьж байна. Энд маш замбараагүй, ойлгомжгүй асуудлууд явж байна. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн шийдэж, харин Засгийн газар ордыг Монголын иргэдэд хамгийн өндөр үр ашигтайгаар яаж ашиглах вэ гэдэг ТЭЗҮ-г эхлээд гаргах ёстой. Түүнээс гэнэтхэн орд яриад, тэгснээ энэ ордоор метро барих гэж хашгираад байгаа юм.
-Метроны төлбөрийг нүүрсээр өгнө л гэж мэдээлснээс ордыг хэлээгүй?
-Тийм. Ямар нүүрс хаанаас өгөх гээд байгаа нь тодорхойгүй мөртлөө цаана нь нууц тодорхойгүй асуудал яваад байгаа учраас хардлага төрүүлээд байгаа юм.
-Холбогдох албан тушаалтанд асуулга тавьж мэдээлэл авч болно шүү дээ. Ер нь иргэдэд цогц мэдээлэл өгөх үүднээс та асуулга тавьж болох уу?
-Асуулга тавиад авсан мэдээлэл байгаа л даа. Гэхдээ тэр нь хангалттай бус мэдээлэл байгаа юм. Нийслэлийн энэ асуудал дээр асуулга тавих зайлшгүй шаардлага гарч байна. Асуулга тавиад УИХ руу татан оруулах шаардлага гарч ирж байна. Энэ асуудлаар Засгийн газарт болон нийслэлд албан шаардлагуудыг УИХ-ын индрээс зөндөө хэлж, тавьсан. Хамгийн гол нь тэр асуудлаа оруулж ирэхгүй байна. Мэдээллээ оруулна л гэдэг.
Эхлээд сууриа засч байна. Метро ч юм уу, LRT, BRT-г санхүүжүүлэх хэмжээнд хооронд нь холбох хуулийн гарцуудаа бий болгохоор биржгүйгээр бүтээгдэхүүнээ гаргаж болно л гэж байна. Гэрээ хийж болно л гэж байна. Энэ заалт бүрийн цаана Нийслэл уурхайг захиран зарцуулах боломжийг бий болгох гээд байна. Ер нь орон нутаг өөрөө уурхайтай байна гэдэг утгагүй зүйл. Монгол Улс төрийн өмчөөсөө салъя гээд 30 жил болж байна. Гэтэл сүүлийн долоон жил бүх зүйлийг төр рүү татаж авч байна. Төр татаж авахаар дарга анги бий болдог. Дарга анги шууд шийдвэр гаргадаг, шууд гэрээ хийдэг эрхээ олоод авбал социализм гэдэг хуучин нийгэм рүүгээ бид яваад орчихно шүү дээ. Ард түмний нээлттэй хяналт байхгүй. Бүх юм нь шууд болон нууцад орж байгаа гэрээ контракт хийчихдэг боллоо. Нууцад оруулж хийсэн 17 их наяд төгрөгийн оффтэйк гэрээ бидэнд бий. Тэрнийхээ учрыг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Нууц гээд хаачихсан. Нууцад оруулахааргүй зүйлийг сүүлийн үед нууцад оруулж байгаад олон нийтээс далд шууд гэрээ байгуулдаг асуудал их гарах боллоо. Хамгийн сүүлийн жишээ ногоон автобус.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн эргэн тойронд энэ асуудлууд бий болж байна. Энэхүү хуулийг сүүлийн долоон жилд хэрхэн ашигласан, хэрхэн өөрчилсөн, үүний хүрээнд хэдэн шууд, нууц гэрээ хийсэн гэдгийг ил болгохоор Түр хороо байгуулах санаачилгыг миний бие гаргасан. Түр хорооны зорилго хуулийг өөрчлөх замаар хулгай яваад байна. Тиймээс хуулийг өөрчилж хийсэн бүх ажил үйлчилгээг шалгаж олон нийтэд мэдээллийг ил болгох ёстой. Тэгж байж Монгол Улс авлига, хулгай луйвраасаа сална. Авлигын эсрэг тэмцэл, бодлого гэхчлэнгээр сүржигнэсэн мэдээллээр улстөржих биш, эхний ээлжид энэ мэдээллээ л үнэн зөвөөр олон нийтэд ил болгочих хэрэгтэй. Юунд нь нуудаг юм бэ. Ер нь мэдээлэл нууц байвал асуудал байна л гэж харах хэрэгтэй.
2016 онд Монгол Улс авлигын индексээр 160 орноос 87-т орж байсан бол өнгөрсөн жил 116-т орсон. Өөрөөр хэлбэл, авлига ихэсч байна гэсэн үг. Авлигатай тэмцэх биш улам өөгшүүлж байна гэсэн үг. Авлигын индексээр арагш ухрахад гол нөлөөлсөн зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрсдөдөө давуу эрх олгох, гэрээ байгуулах, худалдан авч байгаа асуудал.
-Хот бие даасан эдийн засагтай байхад энэ орд чиглэж байгаа. Юу нь буруу юм бэ. Ер нь энэ чиглэлд хуулиуд батлагдсан гэнэ дээ?
-Орон нутгийн нэгж өөрсдөө бие даан хөгжих бодлого нь зөв. Үндсэн хуулиар ч, Нэгжийн тухай (ярианы нэршлээр) тухайн орон нутаг өөрийн боломж дээр тулгуурлаж нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өгөх ёстой гэж байгаа. Харамсалтай нь Нэгжийн тухай хуульд албан ёсны боломжийг нь тодорхой зааж өгөөгүй.
Гэхдээ нийслэл Улаанбаатар өөрөө том потенциалтай. Яахаараа Дорноговь аймагт байгаа ордыг тэд эзэмших ёстой гэж. Улаанбаатар хотын өөрийн газар нутаг дээр, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болно. Орон нутгийг хөгжүүлэхэд чиглүүлж байгаа юм бол Дорноговийнхон ашиглах ёстой шүү дээ. Тэнд бүс нутгийн хөгжлийг бий болговол Улаанбаатарт багтаж шингэхгүй байгаа хүмүүс тийшээ нүүж очоод амьдарна шүү дээ. Түүнээс тэнд байгаа уурхайг ашиглаж энд байгаа метрог барина гэж ярьж байгаа нь логикийн хувьд буруу. Заавал яагаад нийслэл вэ гэдэг нь асуудал.
Монголын зовлон метро, LRT, BRT юм бол төсөв дээр оруулж ирж ярих ёстой. Метро баривал төдий хэмжээний хөрөнгө шаардлагатай. Олон улсын ийм төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлээд хийж болох юм байна. Эсвэл зээл авч барих уу. Аль ордыг зарж яаж хийх вэ гэдгээ Монгол Улсын Засгийн газар бодлогоор авч хийх ёстой. Түүнээс дөрвөн жилээр солигддог Нийслэлийн Засаг дарга үүнд урт хугацааны гэрээ хийх гэж яваа нь буруу. Тэр том төслийг бодит ажил бодитоор хэрэгжүүлэхийн тулд тогтвортой бодлогоор ингэж дэмжиж хэрэгжүүлэх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.123] 2023-11-15 22:16:22
Энэ гишүүн улны хүн, түрээсийн байранд амьдардаг гэсэн шүү
ИРГЭН [103.57.92.16] 2023-11-15 12:52:13
ЭНЭ ДҮР ЭСГЭГЧ ӨӨРИЙН 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ЯАСАН НЬ НУУЦ - ХУДАЛ ЯРИАДЛ , БАС ЗАСГИЙН ГАЗРЫНХАА НЭР ХҮНДИЙГ ШОГЛООДЛ ..... ӨӨРИЙГӨӨЛ ДӨВИЙЛГЭХ ГЭЖ " ЗӨВ ЯРЬЖ ЖҮЖИГЛЭЭД Л " - СОНГУУЛЬ ОЙРТООД НОЙР НЬ ХУЛЖИЧСАН ... ДҮР ЭСГЭЭД, СҮРХИЙ ЦАРАЙЛААД БАЙЖ БАЙГА НЬ ЭНЭ.........
Зочин [103.212.119.105] 2023-11-15 13:08:25
Ганибал амаа тат.Нийслэлд санхүүгийн эх үүсвэр байж яагаад болохгүй гэж.Ямар чам шиг идэх гэж байгаа биш.Чи Ардын намынх байсан бол зөв гэж ярих хүн.Ер нь чи хэрэггүй хүн
бод бод [202.131.238.18] 2023-11-15 08:19:34
Байгалийн ямарч баялаг хувь хунд байж болохгүй Ард түмнийх
Зочин [66.181.177.26] 2023-11-14 21:54:17
2500 төгрөгэий маскийг 25000 төг авсныг мэдэж бгаа юм бол шалгадаг газөрт нь өгөөч. Эсүүл чи сургаар шаагаад бна уу. Чи ч хүнээс жаахан юм сонсчоод далий шаадаг шүү.
Зочин [124.158.70.103] 2023-11-14 14:09:26
Н.Ганибал зөв ярьж байна. МАН эдийн засгийн системийг дампууруулж байна.
Иргэн [59.153.86.18] 2023-11-14 12:17:52
Энэ эргүү толгойт хэзээ юм ойлгодог болноо...