Монголчууд бидний бүх харилцаа мөнгөний шинжтэй болсоор байна

Aдмин / Нийгэм

Төлж л амьдардаг хорвоогийн хаалгаар бид орчихлоо, зөв үү? Буруу юу?

Монголчууд бидний хоорондын бүх харилцаа таваар-мөнгөний шинжтэй болсоор байна. Энэ бол сайн зүйл ер биш. Өвгөдийн уламжлал, нүүдэлчдийн соёл-иргэншил, ёс суртахууны үүднээс бол байж боломгүй, хүмүүнлэг бус шинж, гадны зохисгүй нөлөө, халдвар юм. Сонсож, тэвчиж, зохицож, эв найрыг хичээж, ачлах туслахыг л эрхэмлэж ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь. Одоо энэ бүхэн бүгд алга болж, хүн ам маань ачлах, энэрэх сэтгэлээ гээж дуусах нээ. Цөөн жишээ татъя. Эх хүн төрөхийн хаалгаар орохдоо л хэнд нь юу өгөх вэ гэж боддог боллоо. Өвчтөн хүн эмнэлэгт гар хоосон очихоос айдаг шахуу боллоо. Эцэг, эхчүүд цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын гарыг ил далд цайлгадаг боллоо. Нэгдүгээр ангид хүүхэд бүртгүүлэхэд жишиг үнэ ч тогтжээ.

Үхэл, хагацал үзлээ гэхэд л лам, зурхайч, оршуулгын газар бүгд үнэ, төлбөртэй. Ажилд орох хүмүүс дарга, хүний нөөц...гээд л олон хүнд бага, ихийг өгнө. Зээл авъяа төлбөр, бараа авъяа НӨАТ, гэрийн буйр ч төлбөр, давсгаа суллаяа ч төлбөр, найранд уригдлаа ч төлбөр, наадам үзьеэ ч төлбөр...ер нь л хөдөлгөөн бүхэн төлбөр, харилцаа бүхэн төлбөр! Төлж амьдардаг хорвоо, төлбөрт хүлэгдсэн харилцаа! Хуримлаж гэрлэсэн ч төлбөр, хагацаж салсан ч төлбөр!... Хүмүүсийн хоорондох алба, амины харилцааны ядаж л 20-40 хувийг нь зохисгүй төлбөрөөс чөлөөлөх юмсан, ачлал, тусламжийн шинжийг нь нэмэгдүүлэх юмсан! Төлбөрийн тоо ба хэмжээг багасгаж, тойроод л нэгэндээ тусладаг байхыг хичээх юмсан!

Эргээд бодоод, дурсаад байхнээ би төлбөргүй төрөөд, төлбөргүй өсөөд, төлбөргүй суралцаад, төлбөргүй эмчлүүлээд, төлбөргүйгээр ажилд ороод, аав ээжээ ч төлбөргүй хөдөөлүүлжээ. Энэ бүхэн бүгд л 1990 оноос өмнө болж өнгөрчээ.

Одоо бол эхийн хэвлийд олдохоос эхлээд эх нутгийнхаа хөрс шороонд булагдах хүртлээ төлбөр, төлбөр, төлбөр! Ингэж хэлснээрээ би төлөх ёстой төлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш шүү. Ганцхүү төлсөн төлбөрийн хэмжээнээс, авилгын хэмжээнээс хамаараад хөөрхий хүмүүсийн нэг хэсэг нь арагшаа түлхэгдэж, бүр адлагдаж, арчаагүй байдалд орон шоовдорлогдож, энд тэндээс хөөгдөж, “үнэсэнд хаягдсан шалж адил” зовох, тарчлах, хэлмэгдэх болсныг л хэлэх, эсэргүүцэх гэсэн юм. Гурван сая гаруйхан хүн амтай, гуч гаруй жил хулгайлуулаад ч дундраагүй баялагтай улс орон эмчлүүлэх болон суралцах үйл ажиллагааг үнэ төлбөргүй болгочихож болноо доо? Тэгвэл үйл ажиллагааны энэ гол хоёр хүрээн дэх бусармаг бүхэн алга болно, иргэн бүр үйлчилгээг нь адилхан түвшинд хүртэх болно. Авилгын төлөө үүсдэг бүх чирэгдэл алга болно. Иргэд бүгд бичиг, үсэгтэй, боловсрол, мэрэгжилтэй, эрүүл байхын ганц нөхцөл бол эмнэлэг, боловсрол хоёрыг үнэ төлбөргүй болгох явдал юм. Бусад орны жишээ ч бэлхнээ байна шүү дээ.

Төлбөргүй, эсвээс төлбөр нь бага улс, оронлуу хүмүүс цагаачлан очих нь ихэссээр л байна. Өндөр төлбөртэй орчноос зугтах, бага цалинтай орчноос зугтах, аюул ихтэй бүс нутгаас дайжих, авилга ихтэй улс орноос дайжих үзэгдэл хаана ч байх зүйл болчихлоо. Эрх барьж буй намууд авилга, хулгай, мафи мэтээсээ бүрэн ангижрахгүй бол Монголын маань тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал жилээс жилд л эмзэг болсоор байх болно.

Социализмын үед амьдарч байсан хүмүүс орчин үеийн олон төлбөрт байдалд эмзэглэх нь зүйн дагуух л хэрэг. Алсдаа дасан зохицох л байх. Гэхдээ сургууль, эмнэлэг хоёрыг төлбөргүй болгох нь Монголын маань хөгжилд, ирээдүйн маань гэрэл гэгээ, хүн амын маань соёл, шинжлэх ухааны өндөр түвшинд л хэрэгтэй. “Хүүхдүүд мөнгөгүй төрдөг, хөгшид тэтгэврээс өөр орлогогүй болдог." Хүүхдүүд наад зах нь 16 жил суралцах хэрэгтэй. Тэгэхдээ өөрийнхээ ч төлөө, бас улс орныхоо ирээдүйн төлөө ч суралцаж байгаа юм. Зөвхөн л дан ганц өөрийнхээ төлөө биш шүү!! Хөгшид болохоор тэтгэврийн мөнгө нь хоол, ундандаа ч хүрдэггүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалыг төлсөөр байсан “хуримтлалыг” нь тооцох нэгэн зүйл бас буй. Энэ хоёр бүлгийн эмзэг байдлыг хүн төрөлхтөн ойлгодог.

Тиймээ л эмнэлэг, сургууль хоёрын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс (улсын төсвөөс), мөн үндэсний баялгийн элдэв сан, хөмрөгөөс гаргаж байхыг хүмүүнлэг, иргэний нийгмүүд чухалчилдаг, нэгэн гол зорилгоо болгодог ажээ. Манай эрх барьж буй намууд уламжлалаа бодоод ч, цөөхөн хүн амтайгаа тооцоод ч, газар нутгийнхаа их баялагт дулдуйдаад ч, үнэн мэдлэг, зөв мэдээлэл, шинжлэх ухааны шинэхэн нээлтүүдийн ач холбогдлын өгөөжийг үнэлэн үзээд ч ядаж л сургууль, боловсролыг төлбөргүй болгомоор байна. Ийм зорилт дэвшүүлж, богино хугацаанд хэрэгжүүлэхээр амлаж байгаа намд санал өгөхгүй сонгогч олдоно гэж үү? Ялангуяа хүн амын олонхи нь ядуу буюу ядууралд орохын өмнөх төлөв, байдалд байгаа цаг үед ийм амлалтын үнэ, цэнэ мөн ч өндөр байх бизээ!

Ер нь энэ 30 гаруй намын удирдлага толгойгоо жинхэнээрээ ажиллуулж, мөрийн хөтөлбөрдөө хэнд ч үнэлэгдэхээр чухал санаануудыг тусгах хэрэгтэй. 30 гаруй мөрийн хөтөлбөрт дүн, шинжилгээ хийхэд эхний тавд нь орж байхаар сайн хөтөлбөр боловсруулж чадахгүй юм бол тэр намыг нам гэж хэн тоох юм бэ?

“Нам болж тоглож байгаа, хэр чадвараа мэддэггүй савангийн хөөснүүд, утсан хүүхэлдэйнүүд, алиа салбадай нар” болж л ойлгогдоно шүү дээ! Аугаа их түүх, уламжлалтай, эдүгээ хоёр хүчирхэг том улсын дунд бамбай болон оршиж байгаа, цөөхөн хүн амтай, асар их байгалийн баялагтай энэ Монголыг, өнөөгийн эгзэг ээдрээтэй цаг үед “хөөргөн, доргио, мэдлэг багатай, туршлага гэхээр юмгүй шахам, баримталж байгаа гэх үзэл, онолоо ч ойлгохгүй шахам, биеэ ихэд тоосон, гэнэхэн хүмүүсийн мэдэлд л өгчихгүй юмсан! Тэд Монголыг маань үрж ч мэднэ, зарж ч мэднэ, устгаж ч мэднэ. Хэн хэн нь өнгөрсөн 30 жилд ардаа ямар мөр үлдээв, сайн, зөв зүйл юу хийв, өөрсдөө хэрхэн хөрөнгөжив, бусдыгаа хэрхэн мэхлэв, өнөөдөр бас ямар нүүрээрээ улстөрд орж ирэх гэж байна? Хэнийг нь, юуны төлөө магтаж болохоор байгаа юм бэ?...

Би сүүлийн 30 жилийн туршид хэн хэн анх юу ярьж, юу амлаж гарч ирснийг хүн нэг бүрээр харж, сонсож, юу хийснийг нь судалж, тогтоож ирлээ шүү дээ. Гэтэл тэдний дунд гарын таван хуруунд багтаж тоологдохоор төрийн зүтгэлтэн, шудрага улс төрч бүр нэг ч гарсангүй. А-аас Я хүртэл бүгд л итгэл, сэтгэлийг минь сэвтүүллээ, гутаалаа, хачиг, хувалз гэдгээ нотоллоо.

Охид, хөвгүүд маань төлбөрийн чадваргүйгээсээ болоод боловсрол ч үгүй, мэрэгжил ч үгүй болсоор байна. Өвөө, эмээ нар маань мөн л төлбөрийн чадваргүйгээсээ болоод архаг хууч өвчинд баригдаж дархлаа нь сулран суларсаар үхэхээргүй шалтгаанаар үхэцгээж байна. Хүүхдүүдийн мэдлэг, боловсрол олох, мэрэгжил эзэмших төрөлх шахам эрхийг нь төлбөрийн хүлээснээс чөлөөлөх юмсан! Мөн өвөө, эмээ нарын эмнэлгийн тусламж төлбөргүй авах эрхийг хуульчлан эдлүүлэх юмсан! 30 гаруй намын мөрийн хөтөлбөрт “нийт иргэдээ гэсэн нинжин сэтгэл, төлбөрийн дарангуйллыг нимгэлэх гэсэн хүмүүнлэг зорилго, ард түмнээ хөрөнгө, мөнгөөр нь ялгаварласан бусармаг бүхнээс чөлөөлөх гэсэн зөв хандлага, арга замууд эрх биш тусгагдах болов уу” хэмээн сонгогчид бид хүлээж, хүсэж байна.

Хот, хөдөөгүй л бүх хүн сурахаар сонирхсон бүхнээ төлбөргүй сураад, өвчин эмгэг бүхнээ төлбөргүй эмчлүүлээд, бүгд ажил, албатай, байр сууцтай, аюулгүй орчинд амьдрах юмсан! Нийгмийг, нийтийг ийм болгохын төлөө чармайдаг, бололцоотой бүхнийг хийж хэрэгжүүлдэг, ам ажил зөрдөггүй, авилгаас бүрэн чөлөөлөгдсөн тийм намаар удирдуулах заяа, тавилан ядаж 4 жил, чадвал 8 жил Монголчууд бидэнд олдох болов уу? Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг гэдэг дээ, 2024 оны сонгуулиар хэн хүнгүй л хичээгээсэй, сонгуулийн ирц 90%-иас их байгаасай! Сонгогчдын 90 хувь нь оролцоод гаргасан шийдэл, сонголт нь 2024-2028 оны хооронд биднийг (Монголчуудыг) хааш нь хөтлөх, хэн болж хувиргах бол оо? Арай цалингаас бусад нь бүгд өссөн, үнэ нь бодит өртөгнөөсөө хэд дахин их, баян ядуугийн хоорондох зөрөө хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй өндөр болчихгүй байгаа гэж л найдах юм. Алив бүхэн аажим ч болов засардаг, сайжирдаг, хөгждөг, зүгширдэг дээ! Ядаж л энэ түгээмэл зүй тогтол Монголд маань илрэх, үйлчлэх байгаа...

Судлаач, профессор Д.Чулуунжав


Сэтгэгдэл

Сососрбарам [203.91.115.45] 2024-02-06 22:45:42

Тиимээ зөв хүүхэд хөгшүүдээ ядаж төлбөргүй байлгачих юмсан даа хүүхдиин сурах мэдэх өвдөх бүхэн төлбөргүй бж өвгөд хөгшидиин минь ниигэмиин баталгаа бүхэн төлбөргүй байчихвал залуу идэр үёиинхэнд хожимоо хэрэгтэй л бх даа бүхнииг мөнгөөр хардаг ниигэмээс ч залхаж бн шүү хүнии мөн чанарыг ч үгүй хииж бн

Зочин [43.242.243.188] 2024-02-05 21:34:56

Аргагүй шүү дээ урьд нь мөнгөгүй байсан юм чинь

Зочин [203.98.76.249] 2024-02-06 16:27:17

мөнгө бол байсан шүү. бид мөнгө эд бараа хоосон зэрэг йл явдлыг дамжиж үзсэн ард түмэн. хужаа манжийн шуналтангууд төрд орсоны балгаар мөнгөнөөс өөр юм харахаа байсан.

Зочин [202.9.41.26] 2024-02-05 08:37:46

Мөнгө гэдэг шашинтай болов

Зочин [122.201.31.85] 2024-02-04 22:38:13

Капиталист нийгмийг бүтээх гээл үзээд байгаа шүү дээ. Энэ нь нэг талаасаа зайлшгүй. Одоо яая гэхэв дээ. Үр дүнд нь улс хөгжинө. Бид зарим хэрэгтэй хэрэггүй зүйлээсээ хагацана. Юуг зарлагадаж байж юу олж авсан бэ гэдгээр нь л үнэлэнэ дээ.

АН [66.181.182.61] 2024-02-04 18:48:14

Соц, ардчилал 2-ын ялгаа энэ шдээ

Зочин [202.9.46.37] 2024-02-03 11:31:50

Эрүүл мэнд, эрдэм боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй тэгш хүртэх ёстой шүү дээ.

Бид капиталист нийгэм байгуулж байгаа. [66.181.186.130] 2024-02-04 01:32:39

Ямар коммунмзи байгуулчихсан биш дэн. Бид ямар социализмдаа байгаа юм уу? Бид хөрөнгөтөн нийгэм байгуулчихсан. Цаад хөрөнгтийн эзэд, татвар төлсөн капиталистууд ядуусын хүүхдийн сургалтын төлбөрийг даачихмаар харагдаж байна уу? Ягшдээ!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.