Д.Трампын штабт 130 сая долларын хандив цугларчээ

Aдмин / Нийгэм

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб болон түүний нам наймдугаар сард 130 сая ам.долларын хандив цуглуулснаар нийт хандивын хэмжээ 295 сая долларт хүрлээ гэж сонгуулийн штабаас лхагва гарагт мэдээлжээ.



Өнгөрсөн сард цуглуулсан хандивын хэмжээг долоодугаар сарынхтай харьцуулахад /138.7 сая доллар/ бага зэрэг буурсан байна. Долоодугаар сард Ерөнхийлөгч асны амь насанд халдахаар оролдсон билээ. Тухайн сарын сүүлчээр Д.Трампын сонгуулийн штабт нийт 327 сая долларын хандив цуглараад байжээ.



АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр долоодугаар сард Д.Трампын сонгуулийн штабынхаас илүү хэмжээний хандив цуглуулсан юм. Ардчилсан намд наймдугаар сард цугларсан хандивын талаарх албан ёсны тоо баримтыг К.Харрисын штабаас одоогоор танилцуулаагүй байна. Өрсөлдөгч талууд сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад телевизийн сурталчилгааг эрчимтэй явуулж байгаа ажээ.



К.Харрисын сонгуулийн штаб болон Ардчилсан намын хандив цуглуулах бүлэг долоодугаар сард нийт 310 сая долларын хандив цуглуулсан гэж мэдээлж байв.



Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 21-нд өрсөлдөөнөөс гарч, 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Зургаадугаар сарын сүүлчээр Д.Трампын эсрэг хийсэн мэтгэлцээнд Ж.Байден тун тааруухан оролцсоны дараа түүний нас сүүдэр, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал гарсан тул тэрбээр өрсөлдөөнөөс гарчээ.



Улмаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлсэн нь Ардчилсан намын кампанит ажлыг дахин идэвхжүүлсэн байна. Өмнө нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгууд нь Д.Трамп Ж.Байденаас илүүрхэж, ялангуяа сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад тэргүүлж буйг харуулж байсан бол К.Харрис нэр дэвшсэнээр өрсөлдөөн улам ширүүсжээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.