Чингис хаанаас өмнө Монгол ямар байсныг “Язгууртан эмэгтэйн нууцлаг булш” харуулж байна

Aдмин / Шинжлэх Ухаан

Монголоос олдсон XII зууны үеийн язгууртан эмэгтэйн булш нь дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч Чингис хаан мандан бадрахын өмнөх сайтар судлагдаагүй үеийн талаар илүү их мэдээллийг өгч байна гэж “The Independent” цахим хэвлэлд бичжээ.

Өдгөө Хар нуурын оршуулга гэж нэрлэгдэж буй уг булш МЭ 1125 оны орчимд Хитаны эзэнт гүрэн задран унаснаас 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдах хүртэл үед хамаарах ажээ.

Энэ үеийн түүхэн баримтууд нь Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулснаас хойш хэдэн арван жил, бүр олон зуун жилийн дараа бичигдсэн өнгөрснөө дурсан санасан түүхүүд байдаг.

Х зуунд байгуулагдаж, хөгжин цэцэглэж байх үедээ Дорнод, Төв Монголын ихэнх хэсгийг хамарсан газар нутагтай байсан Хитаны эзэнт гүрэн нь XII зууны эхээр нуран доройтож эхэлжээ. Тархай бутархай зөрчил сөргөлдөөнтэй байсан хэсэгхэн үеийн дараа Чингис хааны удирдлага дор байсан монголчууд 1206 онд төрийн эрхэнд гарчээ.

Гэхдээ 1125-1206 оны хооронд яг юу болж байсан нь тодорхойгүй хэвээр байна. "XII зуунд энэ бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн онцлог, тэдний соёл, худалдаа, улс төрийн харилцаа гэх мэт асуудлаар аливаа шинэ мэдээлэл ихээхэн сонирхол татаж байна" гэж булшийг судалж буй эрдэмтэд онцолж байна.

Уг булшийн талаарх судалгааны зарим материал “Азийн археологийн судалгаа” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн бөгөөд энэ нь XI, XIII зууны үед баригдсан, Монгол, Хойд Хятад, Оросын нутаг дэвсгэрт 4000 орчим км үргэлжилсэн урт хэрэм, холбогдох байгууламжуудад хийсэн судалгааны тухай нийтлэл ажээ.

Эдгээр байгууламжийг яг хэзээ, хэн барьсан, ямар зориулалттай байсан нь одоогоор тодорхойгүй байна. Монголын Хар нуур хэмээх газраас эрдэмтэд Хитан гүрний үеийн хэрэм дотроос язгууртан эмэгтэйн булшийг олжээ.

МЭ 1158-1214 оны хооронд хэрмийг аль хэдийн ашиглаж байх үед уг эмэгтэйг оршуулсан болохыг тогтоосон байна. “Тиймээс эзэнт гүрний уналт, өөрчлөлтийн үеийн оршуулгын зан үйл, нийгмийн ой санамжийн динамикийн талаар чухал асуултуудыг тавьж байна" гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв.

Эмэгтэйг хэрмийн дотор оршуулсан нь “шилжилтийн үеийн онцлог байдал, тухайн хүнийг дурсан санах, эрх мэдлийн тод бэлгэ тэмдэг байж магадгүй” гэж судлаачид үзэж байгаа ажээ.

"Эмэгтэйн араг ясны үлдэгдэлд үе мөч болон нуруунаас үений сөнөрөлт өвчний бага зэргийн шинж тэмдэг илэрсэн нь түүнийг идэвхтэй амьдралын хэв маягтай байсныг харуулж байна. Мөн нас барахаас нь өмнө бараг бүх шүд нь унасан бололтой" гэж судалгааны талаарх өгүүлэлд дурдсан байна. Эмэгтэйг шар торгон дээлтэй оршуулж, толгой доор нь торго тавьсан байжээ.

Түүний булшнаас мөн толгойн торгон гоёл, алтан гоёл чимэглэл, янз бүрийн материалаар хийсэн сондор, мөн хүрэл савны хэлтэрхий, мөнгөн аяга, алтан бугуйвч олджээ.

Эмэгтэйг оршуулсан зан үйлийг харахад тэрбээр улс төрийн тодорхой байр суурьтай, нэр хүндтэй гэр бүлийн гишүүн байсан бололтой.

Уг оршуулга нь зөрчил мөргөлдөөнтэй байсан тэр үед нутгийн иргэд газар эзэмшиж, эрх мэдлээ зориуд харуулах гэсэн байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Мөн тухайн үед Хар нуурын нутаг дэвсгэрт амьдарч байсан иргэд “том бүс нутгийн улс төрийн тэмцэлд” оролцож байсан нь тогтоогдсон байна.

“Хар нуурын оршуулга бол XII зууны үеийн Монголын нийгэм, улс төрийн цогц дүр төрхийг харуулсан өвөрмөц цонх юм. Энэ оршуулга нь нутгийн язгууртнууд хурдацтай өөрчлөгдөж буй улс төрийн орчныг даван туулахдаа өөрсдийн эрх мэдэл, статусаа хууль ёсны болгохын тулд өмнөх эзэнт гүрнүүдийн бэлгэдлийн холболтыг хэрхэн ашиглаж байсныг харуулж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтэн Гидеон Шелах-Лави хэллээ.

Нүүдэлчид энэ газар нутгийг эзэмших эрхтэй гэдгээ харуулахын тулд орхигдсон хэрмийг оршуулгандаа ашиглаж байсан байж магадгүй гэж археологичид үзэж байгаа ажээ.

Уг оршуулгыг цаашид үргэлжлүүлэн судалснаар дэлхийн түүхэн дэх энэхүү шилжилтийн чухал үеийн талаар илүү тодорхой ойлголттой болно хэмээн археологичид найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.181] 2024-09-05 09:55:11

ХҮННҮГЭЭС ЭХЛЭЭД СУДАЛГААГАА БИЧ, АЛЬ 1125 ОНООС ХОЙШИХ НЬ СОНИН БИШ, АЛЬ ХЭДИЙН НЭЭГДСЭН ТҮҮХ. НЭГ ИХ СОНИН ЮМ ШИГ БИТГИЙ СҮР ГАРЧИГ ТАВИАД БАЙ.

Зочин [202.126.88.223] 2024-09-08 15:10:29

Загнаад шаах юм аа. Өөрийнхөө судалгааг гаргаад тавиач, үзье.

ЗОЧИН [59.153.114.11] 2024-09-04 23:26:09

ХҮННҮ ГҮРЭН ГЭЭД Л БОД...ТЭГЭЭД ЦААШ ҮРГЭЛЖИЛНЭ !!! ОРОСУУДЫН ЗААЖ ЧИГЛҮҮЛЖ ЗОХИОЛГОСОН ! ИЗМ ШИНГЭСЭН ТҮҮХЭН ЗОХИОЛЫГ ТАРХИНААСАА АРЧИЖ ХАЯЦГААЯ !!! ШИНЭЭР СЭТГЭ ! УНШ ! СУДАЛ ! ТЭГЭЖ ЧАДВАЛ ТА ЖИНХЭНЭ МОНГОЛ !!!

Зочин [202.55.188.110] 2024-09-04 21:46:10

Ер сонирхолтой юм олж харсангүй сүр сүр гарчиг .п юмаа

Зочин [202.9.46.102] 2024-09-04 15:26:52

ХаХаха. Оркууд нээрээ сайхан шаах юмаа.

Зочин [58.78.118.144] 2024-09-05 06:53:48

Өөрийгөө хэн бэ гэдгийг эргээд нэг харчих ухаан энэ хүнд хайрла, тэнгэр минь!

зочин [66.181.181.148] 2024-09-04 11:17:16

Ум ма ни бад мэ хум


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.