DdrC уургийг нээснээр хорт хавдрын эсрэг вакциныг гарган авна

Aдмин / Шинжлэх Ухаан

ДНХ-г нөхөн сэргээх чадвартай “Ариун Грааль” гэгдэх уургийг нээсэн явдал нь хорт хавдрын эсрэг универсал үйлчилгээтэй вакциныг гарган авах мөчийг улам ойртуулж байна. Үүнийг хийх нь олон жилийн турш боломжгүй хэмээн тооцогдож байсан юм.

Энэхүү уургийг онолын хувьд хүний аль ч эрхтэнд суулгаж болох учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гарган авахад хамгийн түрүүнд ашиглах боломжтой ажээ.

Саяхан хийсэн нэгэн судалгааны явцад, DdrC гэдэг нэртэй энэ уургийг Deinococcus radiodurans хэмээх тогтвортой бактери дотроос илрүүлсэн бөгөөд энэхүү бактери нь онцгой нөхцөл байдлыг тэсвэрлэх чадвараараа “алдартай”. DdrC уураг нь ДНХ-ийн гэмтлийг маш үр дүнтэйгээр илрүүлж, гэмтлийг сааруулан зогсоож, нөхөн сэргээх үйл явц эхэлсэн тухай мэдээллийг эсүүдэд өгдөг байна.

Канадын Баруун Онтариогийн их сургуулийн судлаачдын хийсэн туршилтын явцад E. coli бактерид ddrC генийг суулгаснаар уг бактери хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтэлд илүү тэсвэртэй болж, эсэргүүцэх чадвар нь 40 гаруй дахин нэмэгдэж байжээ. Судалгааны дүнг Nucleic Acids Research сэтгүүлд нийтэлсэн байна.

ДНХ-ийг сэргээгч хосгүй механизм

DdrC уураг нь ДНХ-ийн хэлхээний дан ба давхар гэмтлүүдийг илрүүлэх, нөхөн сэргээх хосгүй чадвартай. Харин энэхүү уургийн тусламжтайгаар ДНХ-ийг нөхөн сэргээх нь маш нарийн төвөгтэй үйл явц юм. Эхлээд энэ уураг нь дан ба давхар хэлхээнд үүссэн гэмтлүүдийг хайхын тулд ДНХ-ийг сканерддаг. Хэлхээнд дан эсвэл давхар тасралт үүссэнийг илрүүлсний дараа DdrC уураг тасарсан хэсэгтэй холбогдох бөгөөд ийм төрлийн өөр тасралтыг хайж эхэлдэг. Улмаар гэмтсэн хоёр хэсгийг илрүүлснийхээ дараа тэдгээрийг хөдөлгөөнгүй болгож, ДНХ-ийн сегментийг нягтруулан битүүмжилдэг ажээ.

Эдгээр үйлдэл нь гэмтэл даамжрахаас урьдчилан сэргийлэх төдийгүй дээрх тасралтуудыг арилга гэсэн дохиог ДНХ-ийг нөхөн сэргээх үйл явцыг хариуцдаг эсүүдэд өгдөг байна. Энэ нь эсүүдийн генийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд хорт хавдар үүсэхэд хүргэдэг мутац бий болох эрсдэлийг бууруулна. “ДНХ-ийн хэлхээний тасралтыг илрүүлж, түүнийг сэргээдэг DdrC уургийн чадвар бол биохимийн шинжлэх ухааны жинхэнэ ололт мөн” гэж Canadian Light Source лабораторийн биохимич, доктор Роберт Сабла дүгнэн ярьж байна.

DdrC уураг нь тэгш бус хэмт бүтэцтэй тул ДНХ-ийн хэлхээний тасралтыг маш үр дүнтэйгээр илрүүлдэг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Гэмтлийг илрүүлсэнийхээ дараа уг уураг нь хоёрдахь тасралттай холбогдсоноор “зохицолдон өөрчлөгдөж" тогтвортой нөхөн сэргээгч бүтцийг бий болгоно. Энэхүү нарийн төвөгтэй механизм нь цаашид гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй эсийн бусад механизмын нөхөн сэргээгч үйлчлэлийг хөнгөвчилдөг байна.

Энэхүү нээлтийн ач холбогдол үнэхээр их. Одоогоор клиник туршилтад оруулж буй вакцинуудын хувьд, хавдрын эсүүдийн антигенүүдийг илрүүлэх, дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм. Харин ДНХ-ийг шууд нөхөн сэргээх чадвартай DdrC уургийг нээснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй вакциныг гарган авах боломж бий болж магадгүй. Цаашдаа универсал вакцин гарган авах ирээдүй ч бий.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.