21 суманд малын арьс зулгарч, өвөлжөө бууц хөлдөх эрсдэлтэй шилэн зуд нүүрлэжээ
Цаг уурын байгууллага хээрийн цасыг арав хоногт нэг удаа хэмждэг. Хамгийн сүүлийн хэмжилтээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна гэсэн үнэлгээ гарчээ. Тэр дунд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цас унажээ. Тодруулбал, агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байгаа аж.
Ерөнхий дүр зургаараа 80-аас илүү хувь нь цас зудтай, 100 см хүртэл зузаан цас тогтсон. Зудын эрсдлийн үнэлгээгээр таван аймгийн 21 суманд цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Шилэн зуд гэдэг нь битүү мөсөн бүрхүүл бүхий намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг гэдгийг Монгол хэлний журамласан толинд тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, мал бэлчээрт гаргах, унаа тэргээр болон явганаар зорчиход ихээхэн хүндрэлтэй. Битүү мөстсөн учраас хүн малд өндөр эрсдэлтэй болсон гэдгийг мэргэжлийн хүн тайлбарлалаа. Ийм нөхцөл байдал Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард бий болжээ.
Шилэн зуд нүүрлэсэн сумдаас гадна 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд бий болж 508 мянган толгой мал хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт малын хорогдол хамгийн их байгаа аж. Улсын хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшигтай холбоотойгоор Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг өчигдөр зарлалаа. Мөн мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээ тал талдаа авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгожээ.
Засгийн газрын чиглэлийн дагуу төв орон нутагт шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргана. Малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахаар болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл