Зорилтот бүлгийн 13 мянган иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлнэ

Aдмин / Нийгэм

Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээний талаар мэддэггүйгээс болж албан байгууллага руу биечлэн очиж, цаг хугацаа алдах нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа ч бид ашиглах нь бага байна гэсэн үг. Тиймээс иргэн, ААН-д үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой "Ухаалаг засаг-2" төслийг өнөөдрөөс эхлүүллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээг стандартад нийцүүлэх төсөл гэж ойлгож болно. Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн зардлыг хэмнэнэ. Зорилтот бүлгийн 13 мянган иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд төслийн удирдах хороог байгуулан, 2024-2025 онд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, Дэлхийн банк болон үр шим хүртэгч байгууллагуудтай хамтран нийт хэрэгжүүлэх 45 төсөл арга хэмжээнээс 31 төсөл хэрэгжиж эхлэх бэлтгэл хангасан.

Цаашид цахим шилжилтийг эрчимжүүлж, экосистемийг бэхжүүлэх замаар цахим эдийн засгийг тэлж, улс орны эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх Mining to Mind бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид гарааны бизнесийн орчныг сайжруулж, чадварлаг хүний нөөц бэлтгэж, төлбөр тооцооны гарцыг төрөлжүүлэх төдийгүй цахим худалдааг дэмжиж ажиллана.

Дотоодын төдийгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадавхтай технологийн бизнесүүдийг дэмжих чиглэлээр Цахиурын хөндийд Silk Road Innovation Hub хурдасгуур байгуулж, эхний 8 компаниа байршуулж эхэлсэн. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Манайх шиг өргөн уудам нутагтай, харилцаа холбооны дэд бүтэц сайн тавигдсан улсад цахим орчинд ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар, боломжийг олгох нь мэдээллийн технологийн ашиг тусыг хүртээмжтэй болгох замаар ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийг тэгшитгэх том хөшүүрэг болно” гэлээ.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлээр буюу 40.7 сая ам.доллараар санхүүжүүлэх аж. Үндсэн гурван зорилтын хүрээнд нийт 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл төслийн нэгдүгээр шатанд буюу 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн төрийн үйлчилгээний цахимжилтыг илүү хүртээмжтэй болгоход чиглэн ажиллах юм байна.

Тодруулбал, Дижитал шилжилтийн орчин бүрдүүлэх буюу төрийн бүх шатны байгууллага нь иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай цахимаар харилцах нөхцөлийг бүрдүүлж, хэвшүүлэх аж.

Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах буюу төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих систем (ХУР, ДАН)-ийг өргөтгөж бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжин, төрийн байгууллагын цахим албан бичгийн солилцоог дэмжинэ. Төрийн цахим үйлчилгээний тоо, хэрэглээ, чанарыг нэмэгдүүлнэ.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах хүрээнд дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэглэгчдийн тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлнэ. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангана хэмээн төслийг танилцууллаа.

Дээрх төсөл нь 2027 оныг дуустал хэрэгжих юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.