Японы Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна

Д.Тулга / Улстөр

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гарагт АНУ-д хүрэлцэн иржээ. Японы удирдагчийн хувиар сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны хэлхээ холбоо улам илүү ач холбогдолтой болж буйг харуулж байна.

К.Фүмио лхагва гарагт Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийхээр товлосон бөгөөд пүрэв гарагт Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлэх ажээ. Ням гарагт Токиод буцаж ирэхээр товлосон тэрбээр аюулгүй байдал, орчин үеийн технологиос эхлээд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зэрэг олон асуудлаар Ж.Байдентай уулзаж ярилцана.

К.Фүмио Токиогоос мордохын өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ, Япон, АНУ хоёр илүү бат бөх харилцаа тогтоосныг миний бие нотлохыг хүсэж байна, энэхүү айлчлал нь дэлхий нийтэд энэхүү мессежийг хүргэх том боломж мөн гэжээ. Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон хэлхээ холбоог бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд, 2015 оны дөрөвдүгээр сард Абэ Шинзо АНУ-ын Конгресст үг хэлснээс хойш анх удаа тус танхимд үг хэлэх гэж буй Японы анхны Ерөнхий сайд гэдгээ дурдлаа. АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд гадаадын төр засгийн тэргүүн нар үг хэлэх нь ховор тохиолдол бөгөөд Барак Обама ерөнхийлөгч байх үед Абэ Шинзо үг хэлж байсан юм.

А.Шинзо хэлсэн үгэндээ, дайны үед Японы бусад улстай харьцаж байсан байдалд “гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлэхдээ, тус улсын явуулсан ажиллагаа нь Дэлхийн II дайны өмнө болон дайны үеэр Азийн бусад орны ард түмэнд “гай зовлон авчирсан” гэдгийг хүлээн зөвшөөрч байв.

Харин пүрэв гарагт К.Фүмиогийн хэлэх үг нь “ирээдүйд чиглэсэн” байх магадлалтай байгаа бөгөөд тэрбээр Япон, АНУ-ын хамтын ажиллагаа нь олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг сахихад чухал болохыг онцлон тэмдэглэнэ. К.Фүмио атомын бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн Хирошима хотын сонгогчдыг төлөөлж байгаа тул Конгресст үг хэлэхдээ цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн тухай асуудлыг эсэх нь олны анхаарлыг татаж байна. 2015 онд Абэ, Обама нар Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих, аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын тулд Япон-АНУ-ын эвслийг бэхжүүлэхээр тохиролцсон билээ. Түүний дараахан хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны удирдамжаа сүүлийн 18 жилийн хугацаанд анх удаа шинэчилж байжээ.

Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаа энэ үед Кишида, Байден нар Зүүн Азид батлан хамгаалахын харилцааг бэхжүүлнэ гэдгээ дурдана хэмээн засгийн газрын төлөөлөгчид хэлсэн байна.

Мөн Азид нөхцөл байдал тогтворгүй болж байгаатай холбогдуулан Кишида, Байден нар Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркосыг оролцуулсан гурван талт дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа талаар албаныхан нэмж хэлжээ. К.Фүмио АНУ-д хийх айлчлалынхаа үеэр мөн Хойд Каролинад хүрэлцэн очихоор төлөвлөж байгаа ажээ. АНУ-ын зүүн өмнөд нутгийн тус муж улсад Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” компани цахилгаан автомашины үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд цэнэг хураагуурын шинэ үйлдвэр барьж байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард өөрийн орны Японтой хийж буй худалдааны алдагдлыг шүүмжилж байсан Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлалтай байгаа тул К.Фүмио АНУ-д ажлын байр бий болгоход “Тоёота”-гийн оруулсан хувь нэмрийг харуулахыг эрмэлзэж байна. Японы Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ нийслэлээс бусад хотуудад зочилдог уламжлалтай. А.Шинзогийн хувьд 2015 онд Бостон, Сан-Франциско, Лос-Анжелес хотод айлчилж байсан бол 2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми Жүнитиро Мемфист айлчилж байв.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.