Парисын Олимпын галыг асаалаа
“Парис-2024” Олимпын наадмын ариун галыг Олимпын тууринд мягмар гарагт асааж, 7 дугаар сарын 26-нд наадам эхлэх хүртэл гурван сарын турш үргэлжлэх галт бамбарын буухиаг эхлүүллээ.
Эртний Грекийн тайлгачийн хувцас өмссөн жүжигчин эмэгтэй Нарны гэрлийг ашиглан мөнгөн бамбарыг асаах үед үүлэрхэг байсан нь галыг асаахад саад болжээ. Иймээс даваа гарагт хийсэн сүүлчийн бэлтгэл сургуулилтын үеэр асаасан нөөц галыг ашигласан байна.
Францын нийслэлд болох Олимпын нээлтийн ёслолын үеэр Олимпын бамбарыг гэрэлтүүлснээр буухиа өндөрлөнө. Парис хотод өмнө нь 1900, 1924 онд Олимпын наадмыг зохион байгуулж байсан бөгөөд одоо гурав дахь удаагаа болох гэж байгаа юм.
Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах хэлсэн үгэндээ, “Дайн тулаан, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ хүнд хэцүү цаг үед хүмүүс өдөр бүр тулгарч буй үзэн ядалт, түрэмгийлэл, сөрөг мэдээллүүдээс залхаж байна. Хүн төрөлхтөн бид бүхнийг нэгтгэдэг, бидэнд итгэл найдвар төрүүлдэг зүйлийг хүсэж байна. Өнөөдөр бидний асааж байгаа Олимпын гал бол энэ итгэл найдварын бэлгэдэл юм” гэлээ.
Олимпын галыг Грек даяар 11 хоног буухиалсны дараа тэртээ 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадам болсон Афины “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 26-нд Парисын наадмыг зохион байгуулагчдад албан ёсоор хүлээлгэн өгөх юм. Үүний маргааш нь “Белем” хэмээх гурван шурагтай хөлөг онгоцоор Франц руу тээвэрлэж, тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчрах ажээ. Тус хотын боомтод болох ёслолд 150 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна.
МЭӨ 600-аад оны үед Грекийн Фокеагийн оршин суугчдын үүсгэн байгуулсан Марсель хотод Олимпын дарвуулт завины тэмцээнийг зохион байгуулах ажээ. Францад галт бамбарын буухиа 68 хоног үргэлжлэх бөгөөд Парист долоодугаар сарын 26-нд болох нээлтийн ёслолын үеэр Олимпын галыг асааснаар өндөрлөнө.
Францын нийслэлд болсон өмнөх хоёр Олимпын нэгэн адил Парисын наадмын үеэр түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой үйл явдлууд болно гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт онцоллоо.
“Энэ удаагийн наадамд залуучууд түлхүү оролцох ба илүү хүртээмжтэй, илүү тогтвортой байх болно. Мөн жендерийн тэгш байдлыг хангасан анхны Олимпын наадам байх болно. ОУОХ нийт квотыг эмэгтэй, эрэгтэй тамирчдад адил тэнцүү 50 хувь байхаар хуваарилсан” гэдгийг Т.Бах дурдлаа.
Парисын Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангегийн хувьд Парист 1900 онд болсон наадамд эмэгтэйчүүд анх удаа оролцож байсныг тэмдэглэн хэллээ.
2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Олимпын гал асаах ёслолыг “Ковид-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаагийн ёслолыг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа үзэгчдийг оролцуулан явуулжээ.
Ёслолд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера, Парис хотын дарга Анне Хидалго нар оролцов. Америкийн меццо-сопрано хоолойт дуучин Жойс ДиДонато Олимпын сүлд дууг дуулжээ.
Олимпын галыг 17 мянган км аялуулна
Галт бамбар нь наадмын туршид ариун гал асдаг байсан эртний Олимпын наадмуудаас үүсэлтэй бөгөөд энэхүү уламжлалыг 1936 оны Берлиний Олимпын наадмаас сэргээж байсан түүхтэй. Грект галт бамбарыг 11 хоногийн турш буухиалах бөгөөд 600 орчим хүн 41 хотоор 5000 км зайд аялуулна.
Дөрөвдүгээр сарын 26-нд Афины “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд Парисын наадмыг зохион байгуулагчдад Олимпын галыг гардуулан өгөх бөгөөд энэхүү ёслолд 89 настай Грекийн дуучин Нана Мускури урилгаар оролцож ая дуугаа өргөнө. Дараагийн өдөр нь Олимпын галыг “Афин-1896” наадмаас хэдхэн долоо хоногийн дараа далайд анх гарч байсан 19 дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор Парис руу тээвэрлэх юм.
Үүний дараа Олимпын галыг 10 мянган хүн Францын 64 өөр газраар дамжуулан буухиална. Ингэхдээ Францын эх газар болон Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь нутаг дэвсгэрээр 12 мянган км замыг туулж, 400 хот суурингаар аялуулах ажээ. Парисын Олимпын нээлтийн ёслол долоодугаар сарын 26-нд Сена мөрөн дээр болох бөгөөд түүхэнд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Харин даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэхдээ, аюулгүй байдалд заналхийлэл учирсан тохиолдолд ёслолыг үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж магадгүй гэжээ.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.