Б.Оюунжаргал: Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог

Aдмин / Боловсрол

Нийслэлийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш Б.Оюунжаргалтай ярилцлаа.


-Та мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Яагаад бага ангийн багш мэргэжлийг сонгох болов?

-Би хүүхэд байхаасаа л бага ангийн багш болохыг мөрөөддөг байсан. Нагац эгч маань бага ангийн багш байлаа. Тэр үед нагац эгчийгээ хараад ямар гоё юм бэ гээд л багшийн мэргэжлийг сонгосон. Одоо 13 дахь жилдээ багшилж байна.

-Таны удирдаж буй ангийнхан бага боловсролоо эзэмшээд дэвшин суралцах гэж байна. Энэ таны хэд дэх төгсөлт вэ?

-Гурав дахь төгсөлт. Анх багш болохдоо өөр багшийн ангийг гуравдугаар ангиас нь авч төгсгөж байсан. Хоёр үндсэн ангиа төгсгөөд арван жил болж байна.

Энэ ангийн хувьд хичээлийн сүүлчийн хоёр /нэг/ өдөр л үлдэж дээ. Таван жил нэг ангитайгаа явж байгаад төгсөхөд нь гоё ч юм шиг, муухай ч юм шиг догдолсон мэдрэмжүүд сүүлийн өдрүүдэд байнга төрж байгаа. Дараагийнхаа ангийг хүлээж авна гэдэг утгаар бас учиргүй гуниглахгүй л дээ. Хүүхдүүдээ сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Одоо тавдугаар ангиа төгсөж буй хүүхдүүд бол бидний хувьд оюутан ш дээ. Биеэ даагаад хамаагүй өөр болдог. Дунд ангийн багш нар энэ зургадугаар ангийнхан чинь ямар хэцүү юм бэ гэж хүлээж авдаг. Бид гараас гарцан хөөрхөн болсон хүүхдүүд гэж бодно ш дээ. Дараагийн нэгдүгээр ангиа шинээр хүлээж авахад ийм байдаг бил үү гээд л бүр төсөөрсөн байдаг.

-Бага ангийн багш байх бусад багш нараас илүү их хариуцлага хүлээдэг юм шиг санагддаг.

-Бага ангийн багш нэлээд ачаалал ихтэй ажилладаг. Дөнгөж сургуулийн сурагч болж нэгдүгээр ангид элсэж орж ирсэн цагаан цаас шиг хүүхдүүдийг намар хүлээж аваад хавар үр дүнгээ мэдрэх хамгийн гоё. Хүүхдүүд маань хавар бүгд уншиж, бичиж, бодоод сурчихсан байхыг харах хамгийн том аз жаргал, сайхан мэдрэмжүүдийн нэг юм. Бага ангийн багш нар гэртээ ч ажлаа хийдэг. Бараг л хэвлэлийн үйлдвэр ажиллуулж байгаа юм шиг маш их тараах материал хэвлэх шаардлагатай байдаг. Нэг өдөр л тараах материал, үзүүлэнгүй ангидаа ороод ирэхэд бага ангийн хүүхдүүдэд хичээл заах боломжгүй болчихдог. Тэр хүүхдүүдийн анхаарал нь сонин, содон юм үзэж харж байж төвлөрдөг. Маргааш ямар хичээл орох уу, яаж заавал хүүхдэд илүү ойлгомжтой байх вэ, хаана гоё хүүхдийн сонирхол татсан зүйл байна тэрийг үргэлж л гэрт, гадаа ч толгойдоо бодоод л явж байдаг. Багшийн ажил тухайн хүнээс сэтгэл, зүтгэл, цаг хугацаа их шаарддаг.

Бидний ажлын онцлог сэтгэл зүйн хувьд ч ачаалал их. Бага насны хүүхдүүд чинь тэр бүр зүгээр суухгүй. Нэлээд их хүүхдийн дуу чимээнд ажилладаг.

-Та багшлах хугацаандаа шантарч байв уу?

-Анх өөр багшийн ангийг гуравдугаар ангиас нь авсан болохоор эхэндээ эцэг, эхчүүд нэлээд хэл ам хийнэ. Тэр үед би яах гэж ч багш болов доо гэж их боддог байсан. Дараагийн ангиа нэгдүгээр ангиас нь аваад явахад эцэг, эхчүүдийн дэмжлэг их байсан болохоор урам орж, ажилдаа илүү дуртай болж, ажиллах урам зориг ч нэмэгдсэн. Багшийг эцэг, эхчүүд дэмжээд л байх юм бол урам зориг аваад ажиллах сонирхолтой байдаг. Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог.

-Багшийн үндсэн цалин хэд вэ. Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Бүх багшийн цалин энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдэж, нэг сая 400 мянган төгрөг болсон. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сараас мөн нэмэгдсэнээр нэг сая 50 мянга байсан. Үүн дээр үндсэн цалингаас тооцож, удаан жилийн, зэрэгтэй багш нарт зэргийн, анги удирдсан багшийн, анги хариуцсаны нэмэгдэл авах гээд багш бүрийн хувьд цалин нь өөр, өөр бодогддог. Би гар дээрээ цэвэр нэг сая 600 мянган төгрөг авдаг.

Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, үйлдвэрчний эвлэлийн нэг хувиа төлдөг. Монголын татварын хувьд арай л өндөр. Авах цалингийнхаа бараг тал хувийг татвартаа өгчих гээд байна.

-Гүйцэтгэлийн үнэлгээ хэр бодитой явагдаж байна вэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээнд шинэ орсон багш зургаан сараас дээш сар ажиллаж байж орох эрхээ авдаг. Гүйцэтгэлийн үнэлгээ тийм бодитой байж чаддаггүй гэж боддог. Гүйцэтгэлийн үнэлгээний материал нь хүүхдийн түвшинд тохирсон, стандартаа барьсан дасгал даалгавартай байвал болно. Нэлээд хүнд А түвшний хүүхэд хийхэд ч хэцүү, хэт хүндэдсэн дасгал даалгавар орж ирснээр сайн хүүхдүүд нь ч хийж чадахгүй байх жишээний. Үүнээс үүдэн багшийн үнэлэмж доогуур үнэлэгдэж байна.

Жилд нэг удаа хавар үнэлгээнд орж, намар хариу нь гардаг. Үнэлгээнд ороогүй болон үнэлэгдэж чадаагүй багш бүтэн жил нэмэлт цалингүй ажиллана гэсэн үг. Энэ нь дөнгөж шинээр ажилд орсон залуу багш нарт хүнд тусч байгаа юм.

-Үнэлүүлснээр тухайн багш үндсэн цалингийнхаа хэд хүртэл хувиар нэмэгдэл цалин авах боломжтой вэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээнд I түвшний багш сардаа 40, II түвшинд үнэлэгдсэн багш 25, III түвшин нь 20, IV түвшин нь 15 хувийн нэмэгдэл сардаа авна. Энэ мөнгийг сар сард нь өгдөггүй, улиралдаа нэг удаа өгдөг. Тухайн багш өөрийгөө үнэлүүлж чадвал улиралдаа урамшууллаа авна. Чадахгүй бол авч чадахгүй.

-Багшийн дутагдалд ороод удаж буй цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Цалин хангамж, ажлын ачаалал, эцэг, эхийн хэл амнаас болоод хүмүүс багш мэргэжлээр ажиллах дургүй байна. Цалин хангамж муугаас багшийн нэр хүнд унасан байдалтай байна.

Би хувьдаа боловсролын систем нь өөрөө буруу тийшээ яваад байна уу гэж хардаг. Бага ангийн хувьд агуулга ихтэй, нэлээд хүнд программ явагддаг. Агуулгыг багасгаж өгвөл хүүхдийн сургалт сайжирна. Хичээлээ 40 минутдаа багтаах гээд маш олон мэдлэгээр хүүхдийг шахаж байгаа нь сурах чадварт сөргөөр нөлөөлж байгаа юм. Манай анги 42 хүүхэдтэй. 40 минутад 40 гаруй хүүхэдтэй ажиллах чанга. Дээрээс өгсөн үүрэг даалгавар учир биелүүлж ажиллахгүй гээд яахав. Ямар ч байсан бүх хүүхдээ сургахын төлөө хичээгээд ажиллаж байна.

-Зургадугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчдын цалин 1000 ам.долларт хүрлээ. Энэ мэтчилэн улсаас бодлогоор цалин нэмж болдгийг харж байна. Таны бодол?

-Багшийн цалинг бодитойгоор нэмээд, хийж буй ажилтай нь дүйцүүлчихвэл ажиллах боловсон хүчин ч нэмэгдэнэ. Энэ мэргэжлийн үнэ цэнэ ч өснө. Энэ ажлыг хийж буй хүмүүс нь илүү их сэтгэл зүрхээ зориулах байх. Цалинг нь сайн өсгөөд өгвөл амьдралын нөхцөлөө сайжруулахын тулд хүүхдүүд багш болох сонирхолтой болно. Хамгийн том хөшүүрэг бол цалин.

Бага ангийн багш гэртээ хариад л дэвтрээ засдаг. Үргэлж гэр рүүгээ дэвтрээ цүнхлээд явдаг. Тэр дэвтэр дээр бичих, засах мөнгийг ч гэсэн тооцож өгч болно. Анги даасан багшид аравхан хувийн нэмэгдэл өгдөг. Сайд нэг удаа анги даалтын хувийг хүүхдийн тоогоор нэмж олгоно гэж хэлж байсныг санаж байна. Одоо чухам яасныг хэлж мэдэхгүй. Нэмэгдлүүдийг нь жаахан нэмж өгмөөр санагддаг.

-Олон жил ажилласан багш нарын хувьд хэдий ачаалалтай, ядардаг ч тэтгэвэртээ гарахад авах хэдэн төгрөгөө бодож ажиллах тохиолдол их байна л даа.

-Зарим багш нарын хувьд тийм байдлаар ажиллах нь элбэг. Бидний хувьд заримдаа ч мэргэжлээсээ няцаж, өөр ажил хийе гэж бодох үе байна. Гэхдээ нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон юм чинь хийх л ёстой гэж өөртөө хариуцлага үүрүүлдэг. Хамгийн гол нь ангидаа орж ирээд хүүхдүүдээсээ их эрч хүч авдаг. Хүүхдүүд чинь хөөрхөн ш дээ, тэдний инээхийг хараад л эрч хүчтэй ажлаа хийе гэж бодогддог. Хааяа шавь нь тэнд сайн явж байна гээд нэг зурвас илгээхэд л тэрийг хараад л хөөрчихдөг. Багш хүний баяр жаргал тэнд л оршдог.

-Ар гэрийнхээ асуудлаа хэр зохицуулж байна. Ээж хүнийхээ үүргийг биелүүлж чаддаг уу?

-Эхлээд манай нөхөр ажлыг маань ойлгодоггүй, чи ямар буудалд амьдарч байгаа юм уу гэнэ. Манай гэрт танихгүй хүүхэн ирж хоноод гарах юм гээд л хааяа маргалдах үе гарна. Одоо бол ойлгоод надад тусалж, хамтарч ажлыг маань хийдэг болсон. Ар гэр, хүүхдүүд их орхигддог юм билээ. Хүүхдүүдийнхээ багштай уулзаж, хоёрдугаар ангийнхаа хүүхдийг ч орой очиж авч чаддагүй. Ангийнх нь хүүхдийн аав, ээжид захиулж авахуулдаг. Амрах цаг хугацаа хомс, нэгдүгээр ангитай багш бол бүр хэцүү. Амралтын өдрөөр ч амардаггүй.

-Хөдөө орон нутагт таван жил ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог юм билээ. Энэ нь хотын багш нарт хамаардаг уу?

-Хотын багш нарын хувьд тийм нэмэгдэл байдаггүй. Улс бодлогоор хөдөө орон нутагт ажиллаж буй багшийг илүү дэмждэг. Энэ нь хотын хүн амыг нэмэгдүүлэхгүй байх, хөдөө орон нутгийг багш боловсон хүчний дутагдалд оруулахгүй байхад чиглэдэг болов уу. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх, нөгөө талаар цалин хангамжийг нь бодсон ч надад хөдөө явж багшлах бодол төрөх болсон. Гэхдээ бид хөдөө орон нутгийн багш нараас их ачаалалтай ажилладаг.

Хотын захын дүүргүүдэд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна. Ажлынхаа бус цагаар хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдийнхээ гэрээр очно гээд бидэнд асуудал их. Эцэг, эхчүүдийн харилцаа хандлагаас л шалтгаалж байна. Зарим нь өө тийм байна гээд би хүүхэдтэйгээ ажиллая гэж байгаа аав, ээжүүд ч байна. Нэг хэсэг нь миний хүүхдийн яах ийх чамд ямар хамаатай юм гэж харьцдаг. Гэртээ хоолгүй хонож байгаа хүүхдүүд ч бий.

-Зуныхаа амралтаар багш нар амарч чаддаг уу?

-Мэдээж зуны амралт гоё. Юу ч бодож, санах юмгүй сайхан амардаг ч ядаргаа бүрэн тайлагдаж ажилдаа орохгүй байх тохиолдол бий. Багш гэдэг толгой байнга ажиллуулдаг оюун ухааны ажил. Манай нэг тэтгэвэрт гарсан багш би бүтэн жил амрахад одоо л миний ядаргаа бүрэн тайлагдлаа гэж хэлж байсан. Тэр бараг үнэн байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.253] 2024-06-10 11:01:57

Яасан хөөрхөн юм бэ. Цалинг нь нэмье л дээ хүмүүсээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.