Францын Ерөнхийлөгч парламентын ээлжит бус сонгууль зарлав
Өнгөрсөн гурван өдөр Европын холбооны гишүүн 27 улсад болсон Европын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр, Европын комиссын одоогийн дарга Урсула фон дер Ляйений “Европын ардын нам” олонхын байр сууриа ахиулж, шинэ бүрэлдэхүүнд 191 суудалтай болохоор байна. Гэхдээ нийт 720 суудалтай Европын парламентад энэ удаад барууны болон хэт барууны үзэлт намуудын төлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдсэн, тэр дундаа Герман, Франц, Австри гурван улсад канцлер Олаф Шольц, Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Австрийн канцлер Карл Нехаммер нар хэт барууны намуудад илэрхий ялагдсан дүн гарч байгаа нь гол анхаарал татах сэдэв болж байна.
Европын холбоог дэмжих байр суурьтай төвийг баримтлагч, либерал, социалист намуудын гурван томоохон фракц олонх хэвээр үлдэж байна. Гэхдээ Европын холбоонд улстөрийн хүчнүүдийн байр суурь хэр хүчтэй төлөөлөлтэй гарч ирэх нь Европын улстөрийн цаашдын хандлага чиглэлд нөлөөлөх нь дамжиггүй болж байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Одоо ил болж байгаа төлөвөөр, Францад тухайлбал хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” буюу хуучнаар “Үндэсний фронт” нам Ерөнхийлөгч Эммануэль Макроны эрх баригч намаас даруй хоёр дахин олон суудал авах төлөв гарсан. Ийм дүн гарснаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс оронд хяналтаа сэргээх үүднээс үндэсний парламентаа татан буулгаж, энэ сарын 30-нд болон долоодугаар сарын 7-нд, Олимпын наадам нээгдэхээс 7-хон хоногийн өмнө парламентын ээлжит бус сонгууль зарласан байна.
Энэ нь Эммануэль Макроны хувьд их том дэнчин тавьсан хэрэг болж байгааг олон улсын тоймчид бичиж байна.
2022 онд Марин Ле Пенийг илт давж улиран сонгогдсон Эммануэль Макроны өөрийнх нь албан тушаалд одоогоор эрсдэл тулгараагүй байна.
Ерөнхийдөө Европын холбоог таашаадаггүй барууны болон хэт барууны үзэлт хоёр фракцын төлөөлөл одоо бүрэлдэх Европын парламентад 130 орчим суудалтай болж томорч бжй юм байна.
“Ийнхүү Европын парламентын бүтцэд нэлээд хөдөлгөөн орсноор аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эсвэл Хятад, АНУ-тай үүсээд байгаа аж үйлдвэрийн өрсөлдөөнтэй холбоотой сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой хууль тогтоомжууд шинээр батлахад нэлээд амаргүй болох магадлалтай. Гэхдээ нэгдмэл Европын бүтцэд таа муутай ханддаг үндэсний үзэлт намууд хэр нэр нөлөөтэй байх нь тэдний санал зөрөлдөөнөө хэрхэн даван туулж, бусад фракцтай эвсэж ажиллаж чадах эсэхээс гол хамаарна” гэж ажиглагч, шинжээчид бичиж байна.
Сэтгэгдэл