Л.Билэгжаргал: Техникийн бодлого улс төрийн шийдэлтэй явж ирсний үр дагаврыг хотоороо амсаж байна

Aдмин / Эдийн засаг

Л.Билэгжаргал: Техникийн бодлого улс төрийн шийдэлтэй явж ирсний үр дагаврыг хотоороо амсаж байна

Мнголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Билэгжаргалтай ярилцлаа.

-Хувийн орон сууц барих, засвар үйлчилгээ хийлгэхэд барилгын материалаасаа ажлын хөлс нь илүү үнэтэй байна гэж иргэд их ярих юм. Ажлын хөлсний үнэ тарифыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Сүүлийн үед барилгын салбар дахь материалын болон цалингийн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг төр засаг, компани, аж ахуйн нэгжийн хэмжээнд шат шатандаа ярьж байна. Бизнес эрхлэгчид буюу хувиараа ажил үйлчилгээ эрхэлж буй иргэд зах зээлийн жамаар энэ ажлыг хийж, гүйцэтгэж байгаа. Бичиг баримтаар буюу төсвийн норм үнэлгээгээр хийж байгаа ажлуудыг 2009 оны цалингийн тарифаар тооцож, саяхан хүртэл буюу энэ оны эхэн хүртэл мөрдөж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын цалин бага байна. Бид хувиараа засвар хийлгэхэд үнэтэй байна гэдэг нь яг зах зээлийнхээ үнэ ханшаар явж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ харьцангуй ойлголт. Тухайн хүн ямар төрлийн засвар хийлгэхээс мөн хамаарч үнэ ханш нь ч зэрэглэлтэй байдаг. Дээд зэрэглэлийн болон дундаж боломжийн засвар хийлгэх нь өөр, өөр үнэ ханштай. Ямар төрлийн засвар хийлгэхээс шалтгаалж, захиалагч юу хүсч байгаа вэ гэдэг дээр тулгуурлан түүндээ таарсан үнээ сонгох ёстой юм. Обойн дотроо сайн чанартайг нь наахад арай илүү өртэгтэй байдаг гэх мэтчилэн зах зээлийнхээ жамаар л явагдана. Барилгын үнэ хөлсний жишиг норм бий ч тэр бүр нарийвчилсан зохицуулалт хийдэггүй.

-Тус салбарын ажлын хөлс хэдий хэмжээгээр өсөөд байгаа вэ. Тоон судалгаа бий юу?

-Тухайн ажилбар бүр харилцан адилгүй. Хамгийн сүүлд 2009 онд цалингийн жишиг тарифыг шинэчлэн баталсан байдаг. Энэхүү шинэчлэн баталсан барилгын төсөвт өртөг тооцдог цалингийн жишиг тарифын үнэ одоогийн байдлаар 80 орчим хувиар өссөн. Энэ өсөлт нь өнөөдрийн зах зээлийн бодит үнэ ханш дээр хүрч чадахгүй байгаа. Үүнийг яг одоо мөрдөгдөж байгаа барилгын тухай хуулиар барилгын асуудал эрхэлсэн болон Сангийн сайд хоёрын хамтарсан тушаалаар цалингийн индекс шинэчлэгддэг. Тиймдээ ч энэ нь хуулиараа дан ганц нэг салбараас хамааралтай зүйл биш юм.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын цалин бага гэлээ. Тиймээс иргэд хувиараа ажиллах, эсвэл энэ салбараас өөр салбарт ажиллах нөхцөл бий болж байна уу?

-Манай салбарт боловсон хүчин, тэр дундаа мэргэжилтэй ажилтны хомсдол маш их үүсч байгаа. Нэг шалтгаан нь цалинтай холбоотой. “Барилгачдаа сонсъё” нэртэй 21 аймгийг хамарсан зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөнд оролцогчдын хувьд гол асуудал нь ажиллах хүч байхгүй байна. Хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг бусад салбаруудтай манай цалингийн тариф өрсөлдөж чадахгүй байгаа учраас ажиллах хүчний хомсдлыг бий болгоод байгааг онцолсон.

Ер нь барилгын ажлыг хийх мэргэжилтэй ажилтан байхгүй. Том зургаар харвал, Монгол Улс тэр чигээрээ ажиллах хүчний хомсдолд орчихсон байна. Манайхан гадагшаа их явах болсон. Дэлхийн бусад орнуудын хувьд ч ажиллах хүчний хомсдолд орж, манайхаас ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлж авах хүсэлт ирүүлэх болсон. Нийгмийн асуудал байна. Ганц цалин нэмснээр шийдэгдэх асуудал биш. Цалингаас гадна хавсарсан байдлаар тал бүрийн аргаар шийдэх хэрэгтэй болчихоод байна. Ур чадварын асуудал яригдана. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд маань бодитойгоор сургаж, боловсон хүчнээ бэлдэж чадаж байгаа эсэх, төгсөгчид нь ажлын байраар хангагдаж чадаж байгаа юу гэдэг олон талын үзүүлэлтээс хамаарч энэ асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

-Энэ оны тавдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дээр чингэлгийн бөөгнөрөл хоёр, гурван сараар үүссэн. Энэ хугацаанд барилгын салбарт чингэлгийн бөөгнөрлөөс үүдэн бараа материалын үнэ өссөн үү?

-Ковидын үед буюу 2019 оноос цар тахалтай холбоотойгоор хил гааль хаалттайгаас бараа материалын хомсдолоо дагаж үнийн хөөрөгдөл үүсч байсан. Үүн дээр Засгийн газар, УИХ-аас арга хэмжээ авч, тодорхой хэмжээний үнийн өсөлтийг тооцож, буцааж олгох арга хэмжээг тухайн үедээ авсан байдаг. Тяньжин боомт дээр чингэлгийн бөөгнөрөл үүссэнээс барилгын материалын хангамж алдагдаж, үнийн хөөрөгдөл бий болоогүй.

-Барилгын салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Барилгын салбарын төрийн бодлого маш тодорхой байх ёстой байна. Төрийн бодлогоо дагаад техникийн бодлого гэж байдаг. Техникийн бодлогоо шинэчлэхгүй бол маш их хоцрогдсон, хуучны арга барилаар яваад байгаа. Үүн дотор ажиллах хүч, цалин хөлс, зураг төсөл, технологитой холбоотой олон асуудал бий. Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан байдаг. Гэвч тэр нь хангалттай бүрэн дүүрэн хэрэгждэггүй. Хэрэгжлээ гэж бодоход техникийн бодлого нь хангалтгүй. Энэ асуудалтай холбогдуулан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь салбарын төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдэнд тулгарч буй асуудлуудыг нь сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон.

Энэ үеэр барилгын салбар дахь ууган холбооны хувьд бид төрийн болон техникийн бодлогоо маш тодорхой болгох асуудлыг уламжилсан. Ингэснээр бид олон улсын жишиг, туршлага, дэвшилтэт технологийг хэрэгжүүлье. Гэхдээ хэрхэн яаж аль улсын технологийг авах вэ гэдэг нь өөрөө их сонин. Үүнийг л тодорхой болгох тухай яриад байгаа юм.

-Барилга, зам барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүйгээс бороо их ороход нийслэлд үер усны аюул нүүрлэх болсон. Энэ нь юутай холбоотой вэ?

-Техникийн бодлого, хот төлөвлөлтөө алдсантай холбоотой. Техникийн бодлого дотор хот байгуулалт, төлөвлөлтүүд, барилга байгууламжийн хэчнээн га-д нягтаршлын хувьд хэр хүн байх ёстой юм. Нэг хорооны газар нутгийг төлөвлөлөө гэж бодоход хэчнээн хүнд зориулсан хэдэн давхар орон сууц барих, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ямар дэд бүтцүүд байх ёстой юм. Зам харгуй нь ямар байх вэ, түүн дотроо ус зайлуулах хоолой, явган хүний зам талбай, ногоон байгууламж хэдий хэмжээтэй байх вэ гэдэг техникийн цогц бодлого юм. Техникийн бодлого 1990 оноос хойш үндсэндээ алдагдсан. 1990 оноос өмнө улс төр, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаатай байсан социалист орнуудын найрамдалт харилцааны хүрээнд тэдний гаргасан техникийн бодлогоор аж үйлдвэржилт, хотжилт, барилгажуулалт, орон сууцжуулалтуудаа шийдээд явж байсан. Гэвч дараа нь нэг системээс нөгөө систем рүү шилжихдээ дангаараа өөрсдөө шийдвэр гаргах болсон. Түүний дараа өмнөх хот төлөвлөлтийн бодлогыг хоцрогдсон гэх зэргээр үгүйсгэж ирсэн. Түүний нэг жишээ нь бүрэн цутгамал өндөр барилга нь Азийн хүн ам ихтэй, газар нутаг багатай орнуудын техникийн шийдэл. Гэтэл энэ техникийн бодлого Монголд хэрэгтэй юу гэдгийг бодох л асуудал. Монгол хүн ам багатай, газар нутаг ихтэй. Хот аль ч хэлбэрээр өргөжин тэлэх боломжтой атал жижигхэн газар шигүү суурьшил хийгээд зам дээр байтугай хотхон дотроосоо гарч чадахгүй байна гэж ярьдаг нь техникийн бодлого алдагдсаны уршиг юм. Техникийн бодлого улс төрийн шийдэлтэй болоод ирсний үр дагаврыг хотоороо амсаж байна. Техникийн бодлогын асуудлаа шийдэхгүй бол дараа дараагийн хүндрэлүүд бий болсоор байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

ciimgksafy [192.42.116.209] 2024-11-21 00:56:35

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

kgiowfuvsg [192.42.116.209] 2024-11-21 00:56:31

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Арчаагүй удирдлагатай хот. [66.181.160.78] 2024-08-06 12:23:03

Монголчууд ганц нийслэлээ ч төлөвлөгөө ёсоор өөдтэйхэн хөгжүүлчихэж чадахгүй яасан ч арчаагүй юм бэ дээ. Одоо тэгээд бүтэхгүй болохлээр нийслэлээ Хархоринлуу нүүлгэнэ гэж байдаг. Кх!

Irgen [202.9.40.34] 2024-08-06 09:12:58

NAM.Turiin oroltsoogui uom bhgui bolson.Bank.MGLiin undesnii TB hurtel turiinh .Bid MTB d tatvar tuleh ymar ch shaardlahagui.

Zovhon [202.126.91.224] 2024-08-06 08:27:24

Kkk


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.