Шуудангийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлд дрон ашиглах асуудлыг тусгана
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Өнөөдрийн байдлаар, тус салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын ердөө 2 хувийг бүрдүүлж байна.
Манай улс хүн ам цөөн, газар нутгийн хэмжээ том, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулахад тээвэр ложистикийн зардал өндөртэйгөөс хамаарч зах зээл нь тэлдэггүй. Иймд хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолгүй болчихсон. Гэтэл нөгөө талдаа иргэд захиалсан бараа, үйлчилгээгээ өдөртөө багтааж авах хүсэлтэй байдаг. Хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолтой энэ салбарын үйл ажиллагаа нийцэхгүй байна. Тиймээс хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага амьдралаас урган гараад буй. Өөрөөр хэлбэл, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, эд барааг хиймэл оюунаар ангилан ялгадаг дэд бүтцийг хөгжүүлэх, хаягжилтыг сайжруулах, хил орчмын худалдааг цахимжуулах, олон улсын төлбөр тооцооны системийг оруулж ирэх шаардлага үүсээд байна. Энэ хүрээндээ Apple pay, Paypal зэрэг төлбөр тооцооны системийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” хэмээн ярилаа.
“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Өнөөдрийн хэлэлцүүлгээр сүүлийн 21 жилийн хугацаанд шинэчлээгүй эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх вэ, хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус салбарт ямар ахиц гарах вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, компаниудыг эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэх зэрэг асуудалд бид шийдэлд хайж байна. Манайх шиг том газар нутагтай, хүн амынх нь тал нь нийслэлдээ амьдардаг, тээврийн зардал өндөртэй шуудангийн салбарыг хөгжүүлэх нь тийм ч амар биш.
Өнөөдөр төрийн өмнөөс бүх нийтийн үйлчилгээний үндсэн үүргийг “Монгол шуудан” ХК гүйцэтгэж байна. Иймд өнөөгийн нөхцөлд бүрэлдсэн дэд бүтцүүдийг хэрхэн хамтарч ашиглах вэ гэдэг дээр хамтын ажиллагаа ярих нь зөв байх. Шуудангийн салбарт технологи, дижиталчлал зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Арван жилийн өмнө 15 сая сонин шуудангаар хүргэгддэг байсан бол орчин цагт 1,5 сая болж буурсан байгаа нь энэ салбарт шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна" гэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудыг тусгах юм.
Сэтгэгдэл
Toli [195.123.31.122] 2024-09-18 05:10:29
Hahaha…estoi munhauseni ulger shig jum jarih jum aa. Ene orchin uein, ardchilal gej garch irsen alch namin ene darga said erönhiilög hen guianch estoi „eruul“ uls uu gej bodmoor. Jiriin shuudangaa högjuuleegui baij, juun Dron be? Jun metro barih we?