"Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд" номын нээлт боллоо
Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалагддаг. Эдгээр дурсгалууд судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болсоор өнөөдрийг хүрчээ.
“Дэлхийд тархсан өв” төслийг санаачлагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж, тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээл хэвлэгдэж, өнөөдөр (2024.12.09) албан ёсоор номын нээлтээ хийлээ.
Төслийг удирдагч Чингис хаан Үндэсний музейн захирал, номын ерөнхий редактор С.Чулуун “Бид төслийг одоогоос 10 гаруй жилийн өмнө эхлүүлж, энэ хугацаанд монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрж хайх судлан шинжлэх, хэвлэн нийтлүүлэх ажлыг хийсээр 10 гаруй боть цуврал болгон нийтлүүлээд байна.
Энэ удаад Герман улсад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг хэвлэн нийтэлж, олон түмэнд түгээж байна. Герман улс бол Монголын соёлын өвийг цогцоор нь хадгалж байгаа улс.
Дурсгалуудын онцлог нь, Монголын угсаатны зүй, шашин судлал, XVIII зууны англи язгууртны гэрэл зураг, XIV зууны үеийн монгол хаадын захидал бичгүүд, хошуудын газрын зураг, XIII-XIV зууны үеийн Илхаант улсын үеийн зургууд зэрэг сонгодог дурсгалууд орсон бүтээл.
Цаашдаа нийт 20 боть хийгдсэнээр дэлхий дахинд байгаа Монголын соёлын өвийн дурсгалууд цогцоороо бүтээл болж гарч судалгааны эргэлтэд орж байгаа юм. Энэүү номын нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн эрхэм анд Ларс Кристиан Кох Танд гүн хүндэтгэл илэрхийлье.
Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Герман дахь Монголын соёлын өв, Монгол-Германы хамтарсан судалгааны үр дүнг орчин үеийн техник технологийг ашиглан “Орхоны хөндийн” виртуаль музейн цахим хуудсыг монгол, герман, англи зэрэг гурван хэл дээр нээж, хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог” гэж тодотгов.
Энэ үеэр номын нээлтэд хүндэт зочноор оролцож буй Хумбольдт Форум дахь Угсаатны зүйн музейн захирал доктор, профессор Ларс Кристиан Кох “Монгол улсын санаачилгаар энэхүү номыг маш богино хугацаанд хэвлүүллээ. Ном хэвлэгдсэнээр дараа дараагийн ажлын эхлэлийг тавьж, ирэх жил хоёр дахь ботийг хэвлүүлнэ.
Манай улсын музейд Монголын түүх, соёлтой холбоотой 1000 гаруй дурсгал хадгалагдаж байгаа учраас Монголын ард түмэнд үзүүлэх таниулах ажлыг хийх болно. Герман Улсад хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулга нь музейн мэргэжилтнүүд, олон нийтийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд манай улс эртнээсээ Монголын тухай үзэсгэлэнг гаргасаар ирсэн нь Германы ард түмэн Монголын түүхийг ихээхэн сонирхдог нь харагдаж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд, мэргэжил нэгт эрхэм анд С.Чулуун орчин үеийн музей байгуулж, удирдахын хажуугаар цуврал ном гаргах ажлыг хийж амжуулж байгаад гүнээсээ талархаж байна.
Чингис хаан Үндэсний музейг агуулгын хувьд гайхалтай хийсэн байна. Цагийн дотор Монгол Улсын талаарх анхны хичээлийг олж авлаа. Бүтэн өдөржин үзвэл Монголын талаар бүрэн дүүрэн мэдлэг авах боломжтой юм байна. Цаашид музей хооронд илүү ойр хамтран ажиллана гэлээ.
Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд бүтээлийн онцлог нь Берлиний Угсаатны зүйн музейн Монголын угсаатны холбогдолтой олдворууд, тосон зураг, зан үйлийн бичвэрүүд, хувь цуглуулагчийн болон шашны эд зүйлсийг түүвэрлэн оруулжээ.
Нээлтийн ажиллагаанд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, ХБНГУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ханна Бекер болон бусад албаны хүмүүс оролцож үг хэлэв.
Дашрамд мэдээлэхэд, Герман улсад хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулгааар 1930 онд "Хойд Азийн урлаг, соёл" тусгай үзэсгэлэн, 1933 онд "Монгол ардын аж байдал" тусгай үзэсгэлэн, 1935 оноос эхлэн Угсаатны зүйн музейн байр байсан Königgrätzer Strasse-д Монгол соёлын тухай байнгын үзэсгэлэн,1973 оноос эхлэн байнгын үзэсгэлэнгүүд гарч байсан аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Юуны цондон юм бол оо?? [66.181.183.61] 2024-12-10 00:10:51
Германд шингэх монголчуудыг тоо ч нэмэгдэхэндээ. Эхлээд ингэж түүхийн ном бичин хэвлэж олны санааг Германд дасгана. Дараа нь монголчууд тэр улсад дасч, нөхөрсөж, төвхнөж эхлэнэ. Германдаа амьдрал ажлаа зохиож тэндээ үлдэнэ. Германы иргэн болно. Тэгэхэд 2050 он болж байх болно.