Дэлхийн шилдэг 100 сургуульд 65 оюутан тэнцжээ

Д.Тулга / Боловсрол

Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалт 2015 оны 4-р сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, US Berkeley, California-гийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20 сургуульд тэнцэж урилга авсан байна. Эхний 20 сургуульд тэнцсэн оюутнууд өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бүрэн боломжтой юм. Бүртгэл зарлагдсанаас хойш ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн, мөн шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулсан байна. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20 сургуульд багтаж, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсвэл оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулна, суралцах өргөдөл, хүсэлтээ гаргана. Тухайн сургууль нь өөрийн шалгуурын дагуу шалгалтаа авна, тэнцвэл урилгаа явуулдаг. Оюутан төрөөс санхүүжилт авахын тулд БСШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах ёстой юм.

-ИРЭХ ОНД ТА Ч МӨН ШИЛДЭГ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ-

БСШУ-ы сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр болжээ. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар жилээс жилд өсч байгаа талаар албаны хүн мэдээлсэн юм. Ирэх онд мөн дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж оюутан, сурагчдад байгаа гэдгийг тэнцэгчид хэлж байлаа. 21-80-д багтсан суралцагчид нь Засгийн газраас зарласан мэргэжлүүдээр суралцах юм байна. Үүнд: Авто замын барилга, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Байгалийн ухааны чиглэлийн багш, Геологи, Гидрогеологи, Тидромеханик инженер, Усны нөөц, экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног, төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, Сантехник, инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онош зүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд багтсан байна. Мөн ирэх таван жилд БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд 1000 оюутан суралцуулна гэдгийг БСШУЯ-наас албан ёсоор мэдэгдээд байгаа.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.