"Бөмбөгөр ногоон"-ы түүхийг тодруулсан номын нээлт боллоо
“Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр ном өнөөдрөөс эхлэн уншигчдын гарт очиж байна. Энэхүү хоёр бүтээлийн нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож залуу нас, их урлагийн түүхээс хуучлан театрын урлагийнхан хоёр шинэ бүтээлээ өлгийдөн авлаа.
Мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүхийг хүүрнэх, алтан үеийн уран бүтээлч нөхдийн тухай ярих хүн хуруу дарам цөөн үлджээ. Тэдний нэг нь найруулагч Б.Мушгиа юм. Түүний амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг "Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр эмхэтгэжээ.
Дараагийн бүтээл болох "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргасан юм. Мөн Л.Номингэрэл, Т.Чимгээ зэрэг таван эмэгтэй хамтран ажиллаж, энэ номыг уншигчийн гарт хүргээд буй юм. 1931 онд байгуулагдсан Бөмбөгөр ногоон театраас манай алтан үеийнхэн төрөн гарсан байдаг. Тэнд ажиллаж, Монголын урлагийн түүхийг босгосон уран бүтээлчдийг тухай номд өгүүлжээ. Сэтгүүлч Н.Сарангэрэл "Манай номын гол шигтгээ нь С.Туяагийн бичсэн театрын түүх юм. Тухайлбал тус театрт ард нийтийг хамарсан хурал цуглаан болдог байж. Тэр байтугай шүүх хурал болж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэгэхээр жүжиг тоглохын зэрэг өөр ямар үйл явдлуудын гэрч болж байв гэдгийг бидний бүтээл уншаарай” гэлээ.
Нээлтийн үеэр найруулагч Б.Мушгиа "Ном гэдэг хүний мөр, түүх юм. Энэ номыг бүтээж өгсөн уран бүтээлчиддээ баярлалаа. Мөн ном бүтээх шалгаан болж буй театрын урлагтаа талархаж сууна” гэв.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл