Ч.Эрдэнэдалай: Шинэ бонд гаргаж, хуучин бондын өрөө хаах хэрэгтэй
“Mongolia Metals and Mining’’-г үндэслэгч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай эдийн засгийг өсгөх боломж, гарц сэдвийн хүрээнд ярилцлаа.
-ЗАСГИЙН ГАЗАР ХУВЬЧЛАЛЫГ ЗОРИГТОЙГООР ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ-
-Эдийн засаг хямарлаа, болохоо байлаа гэсэн нэг хэсэг байхад нөгөө талд манай улс харьцангуй жижиг эдийн засагтай. Богино хугацаанд асуудлаас гарч болох байтал хэт хөөсрүүлж байна гэж үзэх хэсэг байна. Эдийн засгийн шинжээчийн хувиар та энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Энэ асуудлаар би судалгаа хийсэн. Миний ойлгож байгаагаар эдийн засаг нэлээд агшиж байна. Нэг, хоёрдугаар улирлын балансууд буурсан үзүүлэлттэй гарлаа. Гэхдээ жилийн эхний хагас дахь мөнгөний түр зуурын сэргэлтийг би АН-ын хэрэгжүүлсэн САЙН хөтөлбөрүүдээс үүдсэн гэж харж байгаа. Энэ хөтөлбөрүүдийн үр дүнгээр эдийн засгийн агшилт тухайн үедээ нэг их анзаарагдаагүй. Гуравдугаар улирлаас эдийн засгийн агшилт нэлээд мэдрэгдэнэ. Ерөнхийдөө энэ жил эдийн засгийн агшилт үргэлжлээд явна. Эндээс газар тариалангийн салбарт жаахан найдвар байна. Бусад бүх салбар агшина.
-Салбаруудын эдийн засгийн агшилт биднийг дефляци руу хөтөлж байгаатай та санал нэгдэх үү?
-Одоо инфляци хасахтай явж байна. Энэ чинь дефляци явж буйг л харуулж байгаа юм. Ийм нөхцөл байдал мөнгөтэй хүмүүст л ашигтай. Эдийн засагчийн нүдээр харахад дефляци үүсч буй гол шалтгаан нь хүмүүсийн мөнгөгүйдэл. Мөнгөгүйдлээс үүдэж өөрт байгаа хөрөнгүүдээ зах зээлийн үнээс хямд зарж байна. Иргэдийн 90 хувь нь өртэй. Хөрөнгүүдээ зарж байгаа нь өрийн төлбөрөө хийх зорилготой. Одоо дундаж айл нэг сая төгрөгийн орлоготой байна. Зарлага нь бас нэг сая гаруй төгрөг. Нийслэлийн айл өрхүүд сарын 35 мянган төгрөгийн алдагдалтай явж байгаа нь судалгаанаас харагддаг. Энэ нь жилдээ 430 мянган төгрөгийн алдагдал буюу өрийн хуримтлал өрхүүдэд үүсгэж байна гэсэн үг. Улаанбаатарын дундаж иргэн нь ч алдагдалтай, улс нь бүр аймшигтай алдагдалтай явж байгаа. Энэ жилийн төсвийн алдагдал 18 хувьд хүрчихээд байна. Би улсын алдагдлыг үүгээр ч зогсохгүй гэж харж байгаа.
-Оны сүүлээр манай эдийн засаг жаахан сэргэх магадлалтай юу?
-Ямартай ч энэ жил хамгийн хүнд цаг үе нь. Засгийн газар, Сангийн яам хямралаас гарах онцгой хөтөлбөр боловсруулаад явж байна. Гэхдээ хэт бөөрөнхий төлөвлөгөө гаргаж байгаа. Эдийн засагт цаашид үүсч болох хүндрэлээ сайн тооцохын тулд Засгийн газар бүх тоогоо нэгтгэж харах ёстой. Энэ бас өрх гэрт ч хамаатай. Бидний санхүүгийн байдал ямар вэ гэдгээ дүгнээд, тооцооллоо гаргаад хар. Яг бодитой байдлаар нь шүү. Бид хасах дүнтэй явж байгаа нь ямар нэгэн эд зүйлээ ломбардад тавиад явж байгааг илтгэнэ. Манай улсын тухайд хамгийн өөдрөг тооцооллыг Европын сэргээн босголтын банк гаргасан. Тэд манай эдийн засгийг энэ онд 3-4 хувьтай өснө гэсэн бол засаг 1.3 хувиар өсөх тооцоо хийсэн байна лээ. Азийн хөгжлийн банк 0.1 хувь л өсөх боломжтой гэсэн бол миний хувьд эдийн засаг 1 хувь хавьцаа агшина гэж харж байгаа.
-Эсрэгээрээ юу?
-Тийм. Би илүү болгоомжилсон байдлаар энэ асуудалд хандаж байгаа. Эдийн засгийн талаархи муу мэдээг бид тасралтгүй сонсож байна. Бидэнд орлого байхгүй тул өр, мөнгөний хэвлэлт, төсвийн тэлэлтээр асуудлаа зохицуулж явсаар өдийг хүрлээ. Ийм байдал цаашаа үргэлжлэх боломжгүй болчихоод байна. Тиймээс бид одоо хамгийн түрүүнд орлогоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй байна.
-Заавал гадны хөрөнгө оруулалт харалгүйгээр дотоодын хүчин зүйлүүдийн хүрээнд бидэнд орлогоо нэмэгдүүлэх ямар гарц, шийдэл байна вэ?
-Хямралын үеийн эдийн засгийн бодлого ямар байх вэ гэхээр нэгдүгээрт, зардлаа огцом бууруулах хэрэгтэй. Гэхдээ зардлаа бууруулах шийдвэрт нь улс төр орчихоод байгаа болохоор үр дүнд хүрэхгүй байна. Хэрэглэгчийн түвшинд ч тэр, зардлаа бууруулах сонирхолгүй байгаа нь анзаарагддаг. Энд бидэнд сахилга бат чухал байна. Орлогоо нэмэгдүүлэх тухайд бол бид дотоодын нөөц бололцоонуудаа дайчлах хэрэгтэй. Тухайлбал, хувьчлалын арга зам байна. Ийм үед засгийн газар зоригтой хувьчлалыг эхлүүлэхэд буруудахгүй. Одоо 130 төрийн өмчит компани манай улсад бий. Бүгдээрээ алдагдалтай. Ямар компани гэхээрээ ийм байдаг юм. Улс ийм алдагдалтай ажилладаг компаниудаар яах юм. Үүний оронд төр тогтвортой татварын бодлого явуулж, хувийн хэвшилд боломж олгох аргачлалыг чухалчлах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудаа төсөвт ачаалал өгүүлж байхаар нь зарах хэрэгтэй. Харин энд гадны хөрөнгө оруулагчдыг дайчлах аргачлалыг хэрэглэж болно.
-Хувьчлалаар бид тийм их хэмжээний мөнгө босгож чадах бил үү?
-Дундаж төрийн өмчит компани бүрийн хувьчлалаас 20-30 тэрбум олох боломж байгаа. Монголд 10 их наядын төгрөгийн төрийн өмч байна. Янз бүрийн ашиггүй ийм зүйлүүдээ хувьчлахад эдийн засгийн хувьд маш их эерэг нөлөө дагуулна. Айлаар ярих юм бол гэрт байгаа хэрэгтэй, хэрэггүй юмуудаа ангилж, хэрэгцээнд шаардлагагүй зүйлсээ зараад явах гарц байна. Бидэнд дотооддоо шийдэж болох өөр ч олон боломж бий. Жишээ нь, манай улс Гацууртын алтны төслийг 10 жил гацааж байна. Засаг мөнгөгүй байхад эднийх урьдчилгаа гаргаж өгнө. Нийтдээ 1000 орчим ажлын байр бий болгох есөн жилийн төсөл санал болгож, Засгийн газрын шийдийг хүлээгээд сууж байна. Ингэж хүлээж байгаагийнхаа хөлсөнд жилд 7 сая ам.доллар зарцуулж байх жишээтэй. Энэ бүхнээ зохистой байдлаар ашиглаад явахад буруудах зүйлгүй.
-НАМАЙГ ТОМ АЛБАН ТУШААЛ ДЭЭР ТАВИХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
ШУУД БАЯРЛАНА-
-Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зорилгоор төсвийн тодотголоо чангаруулж оруулж ирлээ. Ер нь уг хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлууд нь явагдаж байна гэгдэж буй. Заавал “Стэнд бай”-д хамрагдаж байж, энэ хямралыг гэтлэхээр байна уу?
-Монгол Улс “Стэнд бай”-д хамрагдах нь нэгэнт тодорхой болсон. Одоо үүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид энэ хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн хувьд илүү сахилга баттай, хариуцлагатай болно. Хөтөлбөрт дуртай улс болгон гүйгээд ороод байдаггүй. Бид бие даасан байдлаар зардлаа хасах гэхээр бослого гарчих гээд байна. Эдийн засаг нь ч өөрөө дохиолоод эхэлчихлээ. Тэгэхээр бид төсвийн итгэл төрүүлэх байдалтай болж байж, Стэнд байд хамрагдана. Эдийн засаг уг хөтөлбөрийн хүрээнд тогтворжоод ирэхээр бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.
-Би дээр танаас оны өмнөх эдийн засгийн сэргэлт асуусан. Стэнд бай хөтөлбөр ярьсны дараа алс өгөөжийг нь асуумаар санагдлаа?
-Гацуурт, Тавантолгой, Оюутолгой гэхчлэн том төслүүд зөндөө байна. Ихэнх нь төр засгийн зүгээс шалтгаалсан хүлээлттэй байна. Гадныхан биднийг газар доороо баялагтай улс орон гэж хардаг. Харьцангуй ардчилал сайтай, залуу улс орон гэх өнцөгөөс ажиглаж байна. Тэгэхээр хүлээлт харьцангуй эерэг талдаа гэсэн үг. Бидэнд түр зуурын будлиан байгаа. Гэхдээ үүнийгээ засах чадамжтай залуу ардчилал гэж харагдаж байгаа нь сайн хэрэг. Ерөнхийдөө “Стэнд бай”-д хамрагдах, том төслүүдээ хөдөлгөх зэрэг ажлуудаа ирэх оны гуравдугаар сараас өмнө амжуулах хэрэгтэй. Учир нь, бид бондын өрүүдээ энэ үеэс хойш төлж эхэлнэ. Үүнээс өмнө Монгол Улс хөрөнгө оруулагчдад зөв менежмент хийж, асуудлаас гарч байна гэх сайн мэдээ түгээх нь чухал байгаа юм. Хамгийн гол нь Монгол Улс бизнес, хувийн хэвшлээ дэмждэг тогтвортой, найдвартай улс гэдгээ одоо олон улсад харуулмаар байна. Ингэж байж бид шинээр бонд гаргаж, хуучин бондуудын өрөө хаана.
-Эрх баригч нам бонд гаргах асуудалд болгоомжтой ханддаг. Бондын өрийг бондын өрөөр төлөх нь эргээд Монгол Улсад ямар ашигтай вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бондын үндсэн төлөлтийн хугацааг сунгах, төлбөрийг хөнгөвчлөх асуудал орсон. Үүнийхээ оронд шинэ бонд гаргаж, хуучин бондын өрөө хаах хэрэгтэй. Миний хувьд ийм ганцхан арга бий гэж харж байгаа. Засгийн газрын одоогийн баримталж буй зарчмыг ямар ч улс орон хийхэд хэцүү байдаг. Украин л гэхэд бонд авсан улсуудаа цуглуулаад, өөрсдийн нөхцөл байдлаа тайлагнаж, ойлгож үзэхийг хүсч байсан. Монгол Улсын хувьд бонд авсан улсуудаа ингэж урих нь оновчтой шийдэл биш. Бондын төлөлт өөрөө Монгол Улсын нэр хүнд, хариуцлага, зээлжих зэрэглэлийн асуудал. Гэхдээ засгийн газрын заалтыг хоёр янзаар ойлгож болно. Эхнийх нь, ломбардад эд зүйлээ тавьчихаад “Би чиний долоон хувийг төлж чадахгүй юм байна. Таван хувиар төлье. Сунгаад явъя” гэсэн нөхцөл байдал үүсгэх. Нөгөө хувилбар нь барьцаагаа аваад, өөр ломбардад очиж, хүүгийн зөрүүн дээрээ тохирох асуудал. Аль ч утгаар хоёр дахь нь Монгол Улсад ашигтай.
-Бонд гаргалаа гэхэд хүү нь арав хол даваад явчих биш үү?
-Бидний зээлжих зэрэглэл гурван функтээр буурчихаад байна. Зээлжих зэрэглэл буурчихсан учраас манайд анх гаргаж байсанчлан 4-5 хувь руу орж ирэхгүй. Түрүүн хэлсэнчлэн “Стэнд бай”-д хамрагдаж, том төслүүдээ хөдөлгөн, хувийн хэвшлүүдээ дэмжих замаар бид олон улсад итгэл төрүүлэхүйц байдал үүсгэх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчид харьцангуй эерэг байдлаар хандана. Ийм харилцаан дээр үндэслэж, бондын хүүг найман хувьд барих боломж бий. Бид гарч ирсэн боломжуудаа ашиглаад явах хэрэгтэй. Дэлхий биднийг хүлээхгүй учраас...
-Хөрөнгө оруулагч татах асуудал ярихаар эргээд баахан гэрээний асуудал сөхөгддөг. “Хан ресурс”-ын асуудал намжаагүй байтал “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг царцаах асуудал гарч ирлээ. Манай улс хөрөнгө оруулагчидтай харьцах учраа өнөөг хүртэл олохгүй байна уу. Үүнийг бодлогын хүрээнд хэрхэн барих ёстой юм бол?
-Үүнийг би цэвэр засаглалын асуудал гэж хардаг. “Хан ресурс”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүх дамжсан асуудал бол засаглалын хямралаас л үүдсэн. Тухайн үеийн удирдлагууд нь эрсдэлээ буруу тооцоолсон, явсаар байгаад бид төлбөрт унах жишээтэй. Эргээд төсвийн алдагдалд шууд байдлаар нөлөөлж байна. Тэгэхээр бүхий л шатанд сайн засаглал байх хэрэгтэйг бидэнд сануулж буй хэрэг юм. Улс төр хэт орж байгаагаас уул уурхайн чиглэлд л гэхэд боловсон хүчний асуудал буруу шийдэгдэж байна. Тухайлахад, би ингээд байж л байна. Улс оронд хэрэгтэй хүн ингээд сул сууж л байна. Улс биднийг дайчлах хэрэгтэй байхгүй юу. Dale Choi юу хийгээд, ямар судалгаан дээр ажиллаж байгаа нь улсад падгүй байх жишээтэй. Өөрөөрөө онгирч байгаа юм биш. Гэхдээ намайг нэг том албан тушаал дээр тавихад хөрөнгө оруулагчид шууд баярлана. Яагаад гэвэл тэд намайг мэднэ. Бааварлаж байгаа ч юм биш. Зах зээлд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчнийг тавиад явахад гадныхан өөрөөр харж эхэлдэг. Сая л гэхэд “Эрдэнэс Оюутолгой” дээр нам дагасан нэг нөхрийг аваачаад л тавьчихлаа. Ажил өгсөн хойноо бас байнга гоочлох жишээтэй.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл