Эсгий хийх газар нохой хэрэггүй, эрхэм гишүүд ээ
“Тансаглалаа таная” уриатай шинэ Засгийн газар тэвчиж болох зардлуудаа бүгдийг танана гэсээр хүүхдийн мөнгийг зогсоож, МСҮТ-ийн хүүхдүүдийг ялгаварлан 70 мянган төгрөгийг нь өгөхгүй гэж мэдэгдэв. Тэд хасах, танах уриалгаа зөвхөн ард түмэнд л зориулж гаргасан нь хэд хэдэн жишээгээр харагдсан. Тухайлбал, Д.Лүндээжанцан гишүүн нэвтрүүлгийн төлбөр болгож төсвөөс зургаан сая төгрөг, Ц.Нямдорж гишүүний төрсөн өдөрт зориулсан ааруул, мөнгөн аяганы төлбөр, гишүүдийг ажилдаа ирэхийг сануулж бичдэг мессэжид сар бүр 1.5 сая төгрөг, ажлын цагаас сунаж хуралдсан тул хоолны мөнгийг бас л төсвөөс, гишүүдийн утас, унааны зардалд сар бүр 32 сая төгрөг гээд хасаж, танаж, тэвчиж болох зардлуудаа тэд хумихгүй хэвээр байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн.
“ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ”
Шилэн данснаас энэ мэт үргүй зардлуудыг шүүж, удирдах албан тушаалтнуудыг шүүмжилж эхэлсэн тул төрийн байгууллагууд ээлж дараалан шилэн дансуудаа хаав. Тухайлбал, Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын замын зардалд төсвөөс хэдэн төгрөг гаргасан нь тодорхойгүй байна. Үүнийг мэдэх гэсний учир нь Ерөнхий сайдыг дагалдаж УИХ-ын зургаан гишүүн явсан байх юм.
Гэтэл энэ айлчлалд УИХ-ын гишүүд ямар ч үүрэг рольгүйн дээр нэг ч асуудал шийдэх эрхзүйн боломжгүй. Засгийн газрын гишүүн бол Япон улсад дадлагажигч ажилтны талаар гэрээ хэлэлцээр хийх, гарын үсэг зурах зэргээр ач холбогдолтой байж болох. Гэвч эдгээр хүмүүсийн дотор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяраас өөр Засгийн газрын гишүүн байсангүй. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын хормойноос зүүгдэж явсан хэдэн гишүүд юм үзэж, нүд тайлахын зэрэгцээ Японы өндөр албан тушаалтнуудтай гар барьж, зураг авахуулах л зорилгоор төсвийн мөнгөөр “зугаалж” явна уу гэж хардаж болохоор.
Орон нутгийн сонгууль болох хүртэл УИХ-ын дарга М.Энхболд гишүүдээ тус тусын тойрогтоо ажиллаж, улсын төсвийн төслийг иргэдэд таниулах үүрэг өгсөн. Гэсэн ч ард иргэддээ ч төсвийн төслийг танилцуулсангүй, тэвчиж болох зардлаа ч танасангүй Япон орноор зугаалж л явна.
Уг нь Ерөнхий сайд нэг сайн туслахтайгаа хоёулаа явахад л болохоор. Тус улсад Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд байхад айлчлалыг дөмөгхөн зохион байгуулж, үйлчилж чадахаар. Төсвөөс гаргасан зардлын мөнгөнөөс гадна Япон улсад очиход нь Элчин сайдын яам ч мөн зургаан “зугаалагчид” тодорхой хэмжээний зардал гаргана. Унаа тэрэг, орчуулга, унтах байр, идэх уухаас эхлээд тансаглал бишгүй.
Ерөнхий сайдыг Токио хотын таван одтой “Imperial Hotel” зочид буудалд буусан тухай эх сурвалж мэдээллэсэн. Улс орноо төлөөлж, албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхий сайд ч яахав, бусад зугаалагчид төсвийн мөнгийг дэндүү үрэн таран хийж байна. Энэ зочид буудалд байрлах нэг хүний өдрийн ханшийг дунджаар 2.5 сая төгрөг гэж үзвэл Монголын талаас очсон есөн хүний зардал нийт 22.5 гаруй сая төгрөгийг зөвхөн зочид буудалд зарцуулсан байх юм.
-ХОЁР ХҮН ХОЁРХОН ӨДӨРТ 12 САЯ ТӨГРӨГӨӨР “ЗУГААЛАВ”-
Тэвчиж болох бас нэгэн зардал бол Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад явахаар гаргасан зардал байв.
Энэ томилолтод Ц.Мөнх-Оргил сайд ХөОГ-ын дэд захирал Д.Хасарын хамт явжээ. Гэвч энэ уулзалтаар улс оронд хэрэгтэй ганц шийдвэр, ганц хэлэлцээр, ганц гарын үсэг зурсангүй. Албан мэдээн дээр “Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид Оросын талтай уулзалт хийж, Монгол улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээллэж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо” гэсэн байв.
Хэнтэй уулзаж, ямар албан ёсны уулзалт хэлэлцээр хийсэн нь огт тодорхойгүй энэ айлчлалыг зорьсон хоёр хүний хоёрхон өдрийн зардал нийтдээ 12.210.080 төгрөг болсон байх юм. Тодруулбал,
-Ц.Мөнх-Оргилын онгоцны тийзний зардал: 4.824.200 төгрөг
Зочид буудал: 23.600 рубль
Зам хоног: 180 ам.доллар /3 хоног/
-Д.Хасарын онгоцны тийзийн зардалд: 3.238.700 төгрөг
Зочид буудал: 12,980 рубль
Зам хоног: 180 ам.доллар /3 хоног/
Харилцаа холбооны зардал: 120 ам.доллар
Хот дотор унааны зардал: 48.000 рубль болсон байна.
Улс элгээрээ мөлхлөө шүү, ард түмэн минь хичээгээрэй, танаарай, тэсээрэй гэж өдөр бүр хэлж байгаа МАН-ынхан цаашаа хараад энэ үгээ мартдаг бололтой. Ачааныхаа хүндийг ард түмэнд үүрүүлэх гэсэн санаатай юм уу даа гэх хардлагыг энэ мэт энгийн жишээнүүдээс харж болохоор байна. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэмнэж болох зардлуудыг төсвөөс хумслахгүй, хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, үлгэрлэхийг УИХ-ын гишүүд болон сайд дарга, тэдний тойрон хүрээлэгчдэд уриалсаар байгаа. Гэвч тэд энэ уриалгыг бас л тоомсорлосонгүй.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл