О.Эрдэнэ-Очир: “Moon dance” хамтлаг зорьсон зорилгодоо хүрсэн

Д.Тулга / Спорт

moon danca

-ӨНГӨРСӨН ЖИЛ ФИНАЛД ӨРСӨЛДӨХӨД БУСАД ОРНЫ ТАМИРЧИД, ШҮҮГЧИД, ҮЗЭГЧИД ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ХАРЖ БАЙГАА ЮМ ШИГ ХҮЛЭЭЖ АВСАН-

Австри улсын Вена хотноо энэ сарын 9-ний өдөр зохиогдсон Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Moon dance” хамтлаг шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарсан юм. Бид “Moon dance” хамтлагийн бүжигчин, спортын мастер О.Эрдэнэ-Очиртой саяхан оролцоод ирсэн тэмцээнийх нь талаар ярилцсанаа уншигч танаа толилуулъя.

-“Moon dance” хамтлаг хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын цом хүртлээ. Та бүхэнд баяр хүргье?

-Баярлалаа. Өнгөрсөн жил Герман улсын Бремен хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг зургаад үлдээд, V байр эзэлж, финалын цом авч байлаа. Энэ жил ч гэсэн өнгөрсөн жилийнхээ амжилтыг бататгаад, финалын цомтой ирсэндээ манай хамтлагийнхан баяртай байгаа. Энэ жилийн Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Вена хотод арванхоёрдугаар сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн гурван үе шаттай явагдсан. Эхний шатанд бүх улсын тамирчид бүжиглэсэн, үүнээс шилдэг 12 хамтлаг шалгаруулж авсан. Эндээс хагас финал буюу шилдэг зургаан хамтлагийг сонгож шилдгүүдээ тодруулсан. Манай хамтлаг энэ жил VI байрт орсон. “Moon dance” хамтлагийн өнөөдрийн энэ амжилтад дасгалжуулагч багш, хувцасны дизайн гаргаж буй хүмүүс, ар гэр, найз нөхдийн маань хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Та нартаа маш их баярлалаа.

-Танай хамтлагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчид байв?

-Өнгөрсөн жилийн финалд үлдсэн зургаан орны хамтлаг энэ жил ч гэсэн зургуулаа үлдсэн. Германы хоёр, Оросын хоёр, Австри, Монгол гэсэн орнуудын хамтлагууд үлдсэн. Манай хамтлагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Австрийн баг байсан. Энэ баг өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр бүхэл оноогоор манай багт ялагдаж байсан. Энэ жил австрийн нутаг дэвсгэрт аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон болоод ч тэр үү мянганы зөрүүтэй оноогоор манай хамтлагийн дээр гарч V байранд орсон. Герман, ОХУ-ын тамирчид манай багийн байнгын өрсөлдөгчид.

moon danca

-Энэ жилийн дэлхийн аваргад “Ice gueen” буюу “Мөсөн Хатан” гэсэн нэртэй үзүүлбэр үзүүлсэн. Юуг илэрхийлэхийг зорьсон юм бэ?

-Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж буй хамтлагууд өөрийн гэсэн бүжгийн нэртэй байх ёстой. Тэмцээнд орж буй бүх хамтлаг ямар нэгэн зохиомж дээр тулгуурлаж бүжиглэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүлтийн систем нь бүжиг дэглэлт, бүжгийн зохиомж, техникийн ур чадвар, хамтран бүжиглэх чадвар, хайрцгаа хэрхэн сольж байна гэх мэт үзүүлэлтийг харж оноогоо өгдөг. Манай хамтлаг энэ жил “Мөсөн хатан” буюу “Ice gueen” гэсэн сэдвээр оролцсон. Зохиомждоо тааруулсан өнгийн хувцаслалттай, охид нь мөсөн хатны дүрд, хөвгүүд тэднийг хамгаалж буй баатрын дүртэй байсан. Манай ерөнхий дасгалжуулагчаар О.Саранхүү, дасгалжуулагч багшаар О.Оюунбат, Герман улсаас урилгаар ирсэн Марк Бэнжамин Фэлбуш, бүжгийн хувцсыг дизайнер О.Гэрэлтуяа, бүжгийн аяыг Х.Батмягмар нар хийж ажилласан.

-Танай хамтлаг энэ тэмцээнд хичнээн удаа ямар амжилттай оролцож ирсэн бэ?

-Дөрвөн жил дараалан оролцож байна. Анхны жилээ “Тарзан” дараа жил нь “Марина” гэсэн зохиомжоор оролцож байсан. Сүүлийн хоёр жил “Ice gueen” гэсэн зохиомжоороо оролцож байна. Нэг бүжгээрээ хэдэн ч жил оролцож болдог. Өнгөрсөн жил манайхыг V байранд орж байхад Герман улс өмнө жил бүжиглэж байсан бүжгээ хийж байсан. Ингэж нэг зохиомжоор тэмцээнд орох нь олон давуу талтай байдаг. Жишээлбэл, цаг хугацаа алдахгүй дахиад шинэ бүжиг дэглэж, түүндээ уусаж биедээ оруулах гэсэн асуудал гардаггүй. Зөвхөн техник дээрээ ажилладаг учраас цаг хугацаа хождог. Спортын нэг төрөл учраас шүүгчид энэ өмнө нь үзүүлсэн бүжиг байна гэж шүүдэггүй, тухайн үеийнх нь техник, үзүүлэлт, гүйцэтгэл зэргийг хардаг.

moon danca

-Энэ удаад хэдий хэр хугацаанд бэлтгэл сургуулилтаа хийсэн бэ?

-Энэ жилийн бэлтгэл долдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүгд өөр өөрийн гэсэн ажил эрхэлдэг, сонирхлоороо нэгдсэн хүмүүс учраас хувийнхаа ажлыг дуусгачихаад, 21:00-24:00 хүртэл бэлтгэл хийдэг. Тэмцээн дөхөөд ирэхээр шөнийн 01:00-02:00 цаг хүртэл бэлтгэлээ хийх тохиолдол байдаг. Бид цалин мөнгө гэж авдаггүй. Цэвэр сонирхлоороо нэгдсэн залуучууд. Байгуулагдсан цагаасаа хойш энэ багаараа тогтмол бэлтгэл сургуулилтаа хийсэн учраас бүгдээрээ цуглахад ямар нэгэн асуудал гардаггүй. Нэг гэр бүл шиг дотно болчихсон.

moon danca

-ХҮМҮҮС БИДНИЙГ БҮЖИГЧИД ГЭЭД БАЙДАГ. ХАРИН БИД ӨӨРСДИЙГӨӨ БҮЖГИЙН СПОРТЫН ТАМИРЧИД ГЭДЭГ-

-Та нар гадаадад зохиогдож буй тэмцээн уралдаанд оролцохдоо зардлаа өөрсдөө гаргадаг уу. Ивээн тэтгэгч байгууллага бий юу?

-Бид өөрсдөө цагаа зохицуулж бэлтгэл сургуулилтаа хийж чаддаг. Бүжиг дэглэлт, хувцас зэргийг манай клубээс хариуцдаг учраас янз бүрийн асуудал гардаггүй. Харин ганц том асуудал нь зардал мөнгөний асуудал байна даа. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахад Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо бидний замын зардлыг 100 хувь дааж байсан. Өмнө нь Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч байсан н.Алтанцэцэг эгч хувиасаа гаргасан. Баярлаж талархсанаа илэрхийлье.

-Монгол Улсад латин бүжгийн спортын төрөл нэлээд хурдацтай хөгжиж байх шиг байна. Танай хамтлагийн амжилтууд их нөлөөлсөн болов уу?

-Баярлалаа.Бүжгийн спортын маань холбоо арван жилийн түүхтэй.Энэ хугацаандаа маш олон тамирчныг бэлтгэсэн. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүмүүс бүжгийн спортыг нэлээд их таньж эхэлж байна. Энэ нь манай хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон нь нөлөөлсөн болов уу. Мөн“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор зөвхөн хүүхдүүд гэлтгүй бүх насныхан бүжгийн спортын төрлийг мэддэг болсон. Энэ шоунд оролцсон гол зорилго маань энэ байсан. Зорилго маань биелсэн гэж боддог.

moon danca

-Манайд энэ бүжгийн спортын түвшин дэлхийн хөгжилтэй харьцуулбал хаах нь явна вэ?

-Хосын төрлийг би сайн мэдэхгүй байна. Харин хамтлагаараа бүжиглэдэг учраас түвшинг нь хэлж чадна. Хамтлаг төрлөөрөө дэлхийд эхний 3-4 дүгээр байранд байгаа нь нотлогдчихлоо. Яагаад гэвэл манайх дөрвөн жил оролцохдоо эхний жил нь есдүгээр байранд орсон. Дараа жил нь долдугаар байранд орж байсан. Сүүлийн хоёр жил шилдэг зургаад орж, финалын хамтлаг гэдгээ баталсан. Өнгөрсөн жил финалд өрсөлдөхөд бусад орны тамирчид, шүүгчид, үзэгчид эвэртэй туулай харж байгаа юм шиг хүлээж авч байсан. Ази хамтлаг финалд үлдлээ гээд тухайн үед хэвлэл мэдээллийн онцлох сэдэв болж байсан. Энэ жил манай хамтлагийг финалд үлдэхэд гайхаагүй. Яагаад гэвэл өнгөрсөн жил манай хамтлаг финалд үлдсэн нь аз байгаагүй юмаа гэдгийг баталж чадсан.

-Танай хамтлагийнхан энэ жил олон улсын спортын мастер гэсэн болзол хангасан. Монголын түүхэнд шинээр бичигдэж буй амжилт байх шүү?

-Хүмүүс биднийг бүжигчид гээд байдаг. Харин бид өөрсдийгөө бүжгийн спортын тамирчид гэдэг. Зэрэг цол маань хүртэл бүжгийн спортын мастер гэж нэрлэгддэг. Энэ жил манай хамтлаг бүжгийн спортын олон улсын хэмжээний мастерын болзол хангаад ирсэн. Шилдэг зургаа буюу финалын шатанд хоёр удаа шалгарсан хамтлагт мастер цол олгодог журамтай байдаг юм билээ. “Moon dance” хамтлаг олон улсын хэмжээний мастер цол авна гэсэн зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байгаа. Спортод байдаг бүх шинж чанарыг бүжгийн спорт өөртөө агуулсан байдаг учраас спортын нэг төрөл гэж явдаг. 2020 оны зуны олимпод шинээр нэмэгдэх спортын төрөлд нэрлэгдсэн ч харамсалтай нь орж чадаагүй. Дараагийн олимпод орчих байхаа гэж найдаж л байна.

moon danca

-“ЭРЭГТЭЙ ХҮМҮҮС БҮЖГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭВЭЛ ЭМЭГТЭЙЛЭГ БОЛНО ГЭСЭН ТАШАА ОЙЛГОЛТ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ДУНД БАЙДАГ”-

-Саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бичлэгийг үзэж байхад зургаан минутад хамтлагийн бүх гишүүн бүх ур чадвар, хүч бололцоогоо шавхан гаргаж буй мэт сэтгэгдэл төрсөн?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа завсарлага авна гэсэн ойлголт байхгүй. Бүжгийн талбай дээр гарсан л бол гарсан. Зургаан минутын турш багийн бүх гишүүн маш их хариуцлагатай байх ёстой. Жишээлбэл, би гарын хөдөлгөөнөө дутуу хийх, эсвэл нэг хөдөлгөөнийхөө байрыг дутуу хийх, хамтрагчаа эргүүлж чадахгүй гэх мэт алдаа гаргавал багийнхаа 15 гишүүний хүч хөдөлмөр, цаашлаад бидний ард ажилладаг хүмүүсийн бүтэн нэг жилийн хөдөлмөрийг үгүй хийнэ. Зургаан минутын турш хамтлагийн бүх гишүүнанхаарлаа сарниулахгүй, бүх хөдөлгөөнөө бэлтгэлийнхээ дагуу хийхгүй бол болохгүй. Багийн бүх гишүүнд маш их ачаалал, хариуцлага ирдэг гэж хэлж болно. Хөнгөн атлетикийн тамирчид барианд орж ирэхдээ яаж бахардаж орж ирдэг билээ. Яг ийм л юм болдог. Зургаан минутын турш биеийн булчин шөрмөс бүгд ажиллана, дээрээс нь бүжиг гэдэг утгаараа гоё сайхан харагдах ёстой. Хамтрагч авч явах, аяа сонсох,гүйцэтгэлдээ анхаарах гээд маш олон зүйл байдаг. Дээрээс нь нүүрний илэрхийлэл шаардана.Бусад спортыг бодвол инээж, бүгдээрээ жигд гоё харагдахгүй бол болдоггүй. Бид европчуудтай өрсөлдөж буй учир инээх ёстой.Европчуудын бараг ярвайж байгаа нь инээж байгаа юм шиг харагдаг. Том нүд, амтай учраас.Бид азиуд учраас жижигхэн нүд, амтай тэднээс илүү оноо авахын тулд байдгаараа л орилж, нүүр амаа янз бүр болгохгүй бол хэцүү байдаг. /инээв. сурв/

moon danca

-Бүжгийн спорт хичээллэж буй хүндээ бие бялдрын болон сэтгэлзүйн ямар хөгжил, төлөвшил олгодог вэ?

-Бүжгийн спорт маань бусад спортын төрлийг бодвол урлаг спортын нийлмэл цогц гэдэг утгаараа урлаг талаасаа гоо сайхны таашаал, спорт талаасаа биеийн хөгжлийг өгдөг. Нэг ёсондоо хүнд өв тэгш хөгжил, төлөвшил олгодог. Бүжгийн спортоор хичээллэж буй хүмүүсийн хөл гар чангарна, биеийн булчингууд маш зөв хөгждөг. Эрэгтэй хүмүүс бүжгийн спортоор хичээллэвэл эмэгтэйлэг болно гэсэн ташаа ойлголт зарим хүмүүсийн дунд байдаг. Харин эсрэгээрээ эмэгтэй хүнийгхүндэлж, зөв харьцахад суралцдаг. Эмэгтэй хүнтэй байнга бүжиглэж байгаагийн хувьд их цэвэрч болдог. Латин бүжгээр хичээллэхэд хөнгөн атлетикаар хичээллэж байгаа юм шиг байдаг. Зургаан минут латин бүжгээр хичээллэхэд ойрын зайнд зургаан минутын турш уралдаж байгаатай адилхан энерги зарцуулдаг. Латин бүжгийн үед бүх энерги, булчин шөрмөс, үеүд ажиллаж байдаг. Ташаанаас авахуулаад, гарын үзүүр, хөлийн ул хүртэл ажиллана. Бүжгийн спорт тансаг спортод тооцогддог. Хувцаслалт, үс гэзгээс авахуулаад өв тэгш байхгүй бол тэмцээнд амжилт гаргахгүй ээ.

-“Moon dance” хамтлагийн цаашдын зорилгыг сонирхъё?

-Хамгийн том зорилго гэвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах. Медаль авахын төлөө бүгдээрээ ингээд зүтгээд л явж байна даа. Медаль авах боломж ойртож ирсэн байна. Дэлхийн аваргаас медаль авахад дөрвөн оноо л дутуу байна. Тэмцээнийг нийт 12 шүүгч шүүдэг. Хамгийн дээд тал нь 40 оноо авах ёстой. Манай хамтлаг энэ жил 33 оноо авсан. Түрүүлж буй хамтлагууд ихэнхдээ 36-37 оноо авдаг.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

BxxGW [213.139.229.5] 2021-01-10 21:11:05

Medication prescribing information. Long-Term Effects. <a href="https://prednisone4u.top">get cheap prednisone without rx</a> in Canada. Actual information about medicines. Get here. <a href=https://dienmaysonganh.com/san-pham/may-hai-che-mini-cam-tay-sac-01.html>Some what you want to know about medication.</a> <a href=http://shop.khunjib.com/webboard-detail.php?id=9209>Best information about drug.</a> <a href=https://gabrielsocaciu.com/2020/11/23/despre-iertarea-de-sine/#comment-75975>All trends of medicament.</a> bed5383


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000