Монгол Улсыг олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр 3-р буюу “бэхжиж буй” түвшинд үнэлжээ

Aдмин / Нийгэм

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU)-aас “Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс 2024 (GCI 2024)” тайлан гаргахад Монгол Улсыг 3-р буюу “бэхжиж буй” түвшинд үнэлжээ.

Энэ удаагийн тайлан нь улс орнуудын гүйцэтгэлийг эрэмбээр бус түвшнээр ангилснаараа 2020 оныхоос ялгаатай. Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан хүчин чармайлтын ахиц дэвшлийг онооны үзүүлэлтээр харвал 2020 онд 26.20 оноогоор 194 орноос 120 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаад 56.36 оноогоор 103 дугаарт эрэмбэлэгдэж, 17 байр урагшиллаа.

Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтыг хууль эрх зүй, технологи, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлт, хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур хэмжигдэхүүнээр үнэлж, үр дүнг “түвшинд суурилан загвар”-аар танилцуулсан байна.


Улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтын тоон үнэлгээг дараах байдлаар 5 түвшинд ангилдаг.

Үүнд:

1-р түвшин (95 ≤ x ≤ 100) – Үлгэрлэж буй

2-р түвшин (85 ≤ x < 95) – Дэвжиж буй

3-р түвшин (55 ≤ x < 85) – Бэхжиж буй

4-р түвшин (20 ≤ x < 55) – Бойжиж буй

5-р түвшин *0 ≤ x < 20) – Бүрэлдэж буй

Монгол Улсын үнэлгээг тулгуур хэмжигдэхүүн бүрээр нарийвчлан авч үзвэл, хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлтийн хувьд эрчимтэй өссөн буюу Ази Номхон далайн бүс нутгийн дундаж үнэлгээг хангажээ. Ялангуяа, хууль эрх зүйн хувьд тус хэмжигдэхүүний дээд үзүүлэлт болох 20 оноонд дөхсөн нь манай улс 2021 оноос хойш Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах дүрэм, журмыг баталж хууль эрх зүйн орчныг тасралтгүй сайжруулж байгаа.

Мөн Кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг хэрэгжүүлэн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлсэн нь бүтэц зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлын үр дүн юм. Чадавх бэхжүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг сайжруулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж байгааг ЦХИХХЯ мэдээлэв.

Тус индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдлыг хэр чухалчилж, анхаарал хандуулж буйг үнэлдэг албан ёсны итгэмжлэгдсэн эх сурвалж бөгөөд кибер аюулгүй байдлын ач холбогдол, түүнд хамаарах ялгаатай хэмжүүрүүдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг зорьдог. Энэ удаагийн тайлан нь Олон улсын Кибер аюулгүй байдлын индексийн 5 дахь хэвлэл юм. Өмнөх хэвлэлүүдийг 2014, 2017, 2019, 2020 онд нийтэлж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.