Л.Баяртулга: Газар тариалангийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон

Aдмин / Шинжлэх Ухаан

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Баяртулгатай ярилцлаа.

-Намрын ургац хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд үр тариа, төмс хүнсний ногооны ургац ямар байна вэ?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны газар тариалангийн үйлдвэрлэл шувтрах шатандаа буюу ургац хураах үе шатандаа ороод явж байна. Ургац, үр тариа гээд газар тариалан яривал өнгөрсөн хавар импортын гурилын Гаалийн татварыг чөлөөлсөнтөй холбоотой хөл бужигнаантай байлаа.

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гаргасан шийдвэрийн үр нөлөөгөөр улсын хэмжээнд тариалалтын хэмжээ багассан. Нийт ургацын хэмжээ 15.8 хувиар тариалалт буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ таримлын төрлөөр нь авч үзвэл, хүнсний буудай, төмс, бусад таримлууд тодорхой хэмжээгээр буурсан. Ялангуяа буудайн тариалалт 20 гаруй хувиар буурсан. Мөн дээр нь өнгөрсөн зуны цаг агаарын нөхцөл байдал үр тариа буудайн үйлдвэрлэл явагддаг Булган, Сэлэнгэ гээд тариалангийн гол бүс нутгуудаар таатай байсангүй. Зуны эхэнд үр тариа угтвар чийг сайн, үүнийгээ дагаад үр тарианы соёололт сайхан байсан ч 7 сард хур багатай, удаан хугацааны их халалтад үр тариа зарим газарт тодорхой хэмжээгээр нэрвэгдсэн. Буудайн дээр механик болц явагдсанаас ургац хураалтад орохоос өөр аргагүй байдалд орсон. Ингээд өнгөрсөн 7 хоногоос хураалт эхлээд явж байна. Манай тариаланчид тосны ургамал их тариалсан. Тосны ургамлын тухайд ангилан хадалт хийж, баалан дээр нь хатаах ажлыг тариаланчид хийж байна. Төмс, хүнсний ногооны тухайд эртийн ургацууд хураагдаж, эхнээсээ хэрэглэгчдэд хүрсэн. Байгаль цаг уур, өвчлөл, технологийн нөхцөл зэргээс шалтгаалж хураалт газар, газарт өөр өөр байгаа ч манай тариаланчид хураахаа хураагаад авдаг. Ургац хураалтын ажил эхлэхтэй зэрэгцэн хүн хүчнээс эхлээд асуудлууд ар араасаа гардаг. Түлш шатахуун, зам тээвэр, төрийн дэмжлэг юу байх вэ гээд л.

-Ургац хураалтад шаардагдах шүлш шатахууны хүрэлцээ хангамж ямар байна?

-Ургац хураалтын үед түлш шатахуун яах бол гэсэн айдас бидэнд байсан. Мэдээж хэрэг Монголоос гадна нөхцөл байдал хүнд байгаа. Бид чинь хэрэгцээт түлш шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Сүүлд бид ургац хураалтын үед түлшний тасалдал үүсэхгүй, хангалттай гэсэн мэдээ авсан. Энэ мэдээлэл нь ч бодитой байх шиг байна. Тариаланчдаас шүлш дутлаа, тасалдлаа гэсэн мэдээ одоогоор бидэнд ирээгүй.

-Энэ намар буудайн үнэ хэд хүрэх бол гэсэн бодол эргэлзээ тариаланчдад байгаа. Хүнсний улаанбуудайн үнэ тодорхой болсон уу?

-Буудай бол стратегийн хүнс. Гурилын гол түүхий эд. Чухал бүтээгдэхүүн. Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд гурилын хэрэглээ бага хэмжээгээр буурч байгаа ч дунджаар 240 орчим мянган тонн гурил хэрэглэдэг. Үүнийг үйлдвэрлэхэд дор хаяж 300 гаруй мянган тонн гурил шаардлагатай болдог. Гаалийн мэдээг харж байхад 70 гаруй мянган тонн улаанбуудай, 30 гаруй мянган тонн гурил Монгол Улсад орж ирсэн байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүдэд өрсөлдөөн үүсгэнэ. Монголд улаанбуудайн үйлдвэрлэл явуулахад импортоос хамааралтай асуудлууд их бий. Түлш, ургамал хамгааллын бодис, техник, техникийн сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал гээд л өөрөө үйлдвэрлэгч улс биш учраас ихэнх хэрэгцээт зүйлс нь импортоос хамааралтай байдаг. Дээр нь доллар, валют ханшийн нөлөө. Ялангуяа сүүлийн жилүүдэд ковид, дэлхий улс орнуудын дайны байдал, тээвэр гээд энэ бүхэн газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байгаа. Энэ зэргээс шалтгаалж манай орны тариалангийн салбарт үнэ өртөг өндөртэй үйлдвэрлэл явагддаг. Үүнийг дагаад буудайн өөрийн өртөг өндөр гарч ирдэг. Буудайн үнийн тухайд Хөдөө аж ахуйн корпорациас үнэ зарласан. Тэр нь өглөг, авлагадаа авах үнэ байх гэж таамаглаж байна. Мөн “Алтан тариа” гээд гурилын үйлдвэрээс буудайн үнийг зарласан. Тэр бол бидний бодож байснаас их доогуур үнэ харагдаж байна лээ. Тэгэхлээр “Алтан тариа” болон Хөдөө аж ахуйн корпорацийн зарласан үнэд улаанбуудайн үнэ очих нь ээ гэж таамаглаж байна. Энэ нь өөрөө өндөр өртөгтөй үйлдвэрлэж байгаа улаанбуудай, дээр нь өнгөрсөн зуны ган гээд бодоход буудайн хувьд өөрийн өртгөөсөө доогуур байхаар үнэ тогтож байна уу даа гэсэн таамаглал гарч байна. Яагаад таамаглал гэж хэлээд байна гэхээр энэ улаанбуудайн өртөг аж ахуйн нэгж болгонд өөр өөр байгаа. Их хэмжээгээр тариалдаг техник сайтайд нь өөр. Багахан талбайд тарьдаг, техник хэрэгсэл дутмагт нь нэг өөр, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдэд нэг өөр. Хоёрдугаарт, ургацын хэмжээнээс болдог. Аж ахуйн нэгж, талбай болгоны ургац адилгүй. Үүнээс харахад, нийт улаанбуудайн үнийг гаргах боломж хомс байдаг учраас таамаглал гэж хэлээд байгаа юм. Дээр нь ачаа тээвэр асуудал дагуулдаг. Манай тариаланчид ургац сайтай жилүүдэд бага хэмжээний зардал гаргаад хүргээд өгдөг байсан. Харин одоо бол өртөг зардал, тээврийн тухай манай тариаланчид ярих шинжтэй байна. Энэ нийлүүлэх гэрээнээс нилээн хамаарах байх. Гэрээнд аль, аль тал нь нэг нэгнээ зөв ойлгож, энэ жилийн нөхцөл байдлаа сайн ойлгож, тээврээ хийгээсэй гэж бодож байна.

-Энэ намрын тариа, ногоо хураалтад ажиллах хүн хүчийг хэрхэн зохион байгуулж, оролцуулж байна вэ?

-Хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Энэ тулгамдсан асуудал болж байгаа. Өнөөдөр газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж гаргадаг сургуулиудад оюутан залуус бага элсэх болсон. Хөдөө аж ахуйн мэргэжлээр төссөн залуус нь үйлдвэрлэлд тэр бүр гарч ажиллахгүй байна. Энэ нь хэд, хэдэн шалтгаантай. Газар тариалангийн үйлдвэрлэлд гарч очлоо гэхэд ажиллах орчин сайн биш. Нөгөө талд цалингийн асуудал байдаг. Цалин бага. Залуус гадагшаа яваад, эсвэл уул уурхайд ажиллаад өндөр цалин авах бололцоо байгаа учраас тариалангийн салбарт гарч ажиллахгүй байна. Мэдээж газар тариалангийн үйлдвэрлэл уул уурхайтай адил хэмжээний ашиг орлоготой байдаг бол өөр л байна байх. Үүнд нөгөө л төрийн бодлого, төрийн дэмжлэг шаардлагатай байгаа. Үр тарианаас гадна төмс, хүнсний ногооны хураалтад хүн хүч их хэрэгтэй байдаг. Өчигдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай ярьж байхад оюутнуудаа намрын ажилд татан оролцуулахаар байна. Мөн Тариаланчдын үндэсний холбооноос Батлан хамгаалах яам болон Боловсролын яам гээд холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн байгаа.

-Жил бүр намар ярьдаг ч одоог хүртэл шийдэлд хүрч чадахгүй байгаа нэг сэдэв бол малчин, тариаланч хоёрын дунд үүсдэг маргаан. Энэ асуудал яагаад шийдэгддэггүй юм бэ?

-Нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хоёр зохицол сайн байж чадахгүй байгаа нь үнэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар ороод батлагдаад явж байх шиг байна. Үүн дээр тэр бүсчилсэн хөгжлийн асуудлыг оруулж ирсэн байна лээ. Төвийн бүс нь эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болно ч гэдэг юм уу, баруун бүс нь нүүдлийн мал аж ахуйн бүс ч гэдэг юм уу гээд... Тухайн бүс нутгийн онцлогт нь зохицсон зүйлийг бий болгож чадвал энэ болохгүй юм биш. Тэр боломжуудыг нь зарим бүс нутагт олгох хэрэгтэй. Ирээдүйд нүүдлийн мал аж ахуй газар тариалантай яаж зохицож ажиллах юм. Хагас эрчимжсэн болох юм уу, үгүй бол бүүр эрчимжсэн үйлдвэрлэлтэй болох юм уу. Үгүй бол одоо байгаа нүүдлийн мал аж ахуйн хэлбэрээ цааш нь яаж зохицуулж явах юм гээд төрийн бодлого шийдвэр хэрэгтэй байгаад байна. Өвс, ургамлын гарц, бэлчээрийн даац ямар байгаа билээ. Малын тоо толгой яаж их нэмэгдсэн билээ. Малаас гарах үр ашиг бага, тооны араас хөөцөлдсөн зүйл л яваад байгаа. Энэ бүгдийн уялдаа холбоог сайжруулж, төрийн бодлогоор л зохицуулах хэрэгтэй. Мал, тариа, малчин, тариаланч, төр, хууль тогтоомж гээд бүгд нэг чигт уялдаа холбоотой байх хэрэгтэй.

-Өнөөгийн газар тариалангийн үйлдвэрлэлд орхиж болохгүй нэг сэдэв бол тариалангийн талбайн хөрс. Манай улсын тариалангийн нийт талбайн 70 шахам хувь нь ямар нэг байдлаар элэгдэлд орж үржил шимээ алдсан гэдгийг эрдэмтэд хэлдэг. Бид хөрс газраа яаж хамгаалж авч үлдэх вэ?

-Маш тулгамдсан асуудал. Монголчууд бид ирээдүйд ургац тариа, идэх талхтай байх уу, үгүй юу гэдэг нь хөрсний үржил шимтэй шууд холбоотой. Нэг үеийг бодвол манай тариаланчид алдаг оног бордоо хэрэглэдэг болсон. Бордож байж ургац авдаг гэдгийг ч сайн ойлгож, мэддэг болсон. Нөгөө талд нь манай улс эрдэс бордоо үйлдвэрлэдэггүй. Монголд бордоо үйлдвэрлэдэг цөөхөн газар бий. Бид ихэнх бордоогоо импортоор авдаг. Импортоор авахаар хамгийн наад зах нь тээврийн зардал нэмэгддэг. Тариалангийн талбайн хөрс хамгаалал, бордоо гээд яривал бас л нөгөө төрийн бодлого хэрэгтэй. Мэдээж төр бүх талбайг бордох хэмжээний хөрөнгө санхүү гаргах хэцүү. Тиймээс эргээд л тариалангийн үйлдвэрлэлийг зах зээлтэй холбох, ашигтай ажилладаг болгох чиглэлд анхаарч байж тариаланчид маань өөрсдийнхөө хүч чадлаар бордоогоо авдаг, бордоогоо хийдэг болно. Ер нь бордоон дээр тариалангийн талбайн хөрсний үржил шимтэй уялдуулаад цогц арга хэмжээ авах зайлшгүй шаадлага бий болоод байгаа.

-Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага, цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Монголын газар тариалангийн үйлдвэрлэл нь байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, даван туулсан, байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй. Дээр нь мэдээж үр ашигтай салбар байх ёстой. Ийм байхын тухайд хийж хэрэгжүүлэх ажил их байна. Хамгийн наад зах нь л гэхэд Монгол газар тариалан экспортлогч салбар болох хэрэгтэй. Ингэж байж бид тогтвортой үйл ажиллагаа явуулна. Яагаад гэвэл бид энэ хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгч улс дотроо маш бага, гурван сая гаруй л хүн байгаа. Дээр нь одоо өнөөгийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг харахад зарим нэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, нөгөө талд нь хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага бий. Бид экспортлогч болохын хажуугаар Монгол Улсынхаа иргэдийг эрүүл байлгах хүнснийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж, чанартай хүнсээр хангах бодлого бий болгох хэрэгтэй. Үүнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Дээр нь өнөөдөр хүн хүчний асуудал тавигдаж байгаа учраас автоматжуулах, орчин цагийн дэвшилтэд техник технологи ашиглах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт технологийн шинэчлэлийг хийж, өндөр хүртээмжтэй үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй. Дээр нь манай хойд, урд хөрш газар тариалангийн маш хүчтэй салбартай. Энэ улс орнуудтай манайх өрсөлдөхөд амар биш. Бидний энэ улс орнуудаас ялгарах давуу тал нь мал аж ахуй. Мал аж ахуйтайгаа газар тариалангийн салбарыг уях хэрэгтэй болно. Газар тариалан гэхээр тариа ногоо тарьдаг. Мал аж ахуй гэхээр мал маллаж байдаг хүн л төсөөлөгдөөд байдаг. Одоо орчин үед мал аж ахуй, газар тариалан хоёрын уулзах цэг нь тэжээл. Чанартай тэжээлтэй байж байж мал аж ахуй үр ашигтай явна. Тэр тэжээл газар тариалангийн үйлдвэрлэлээс гарах боломжтой. Газар тариалангаа, тэжээлийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж байж энэ салбар цогц сайн болно.

-Ярилцсанд баярлалаа.

mnb.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.0] 2024-09-19 07:07:26

Цалингаа нэм ээ. Үнэгүй ажлын хүч гэж хаа ч байхгуй

иргэн [66.181.185.89] 2024-09-18 19:35:48

Импортын гурилтай өрсөлдөж чадахгүй нь импортын квотоо сэргээ бидний та нарыг арай хялбараар шулан мөлждөг байсан боломжийг минь буцаан өг бла бла. Тэрнээс өртөгөө яаж бодит түвшинд хүргэж үр ашигтай өрсөлдөөний эдийн засгийн загварчлалыг бий болгохов салбарын үр ашигтай хөгжлийг хэрхэн бий болгохов гэдэг талаар толгой тархиа ажиллуулж ер гарц гаргалгаа шийдэл олж дорвитой яг тодорхой ажил хийчий гэсэн сэтгэл байхгүй байгаа нь үнэхээр гунигтай.

иргэн [66.181.185.89] 2024-09-18 19:30:13

Үнэ нэмсэнээ цайруулж болсон болоогүй бөөн гуниг зовлон тоочсон л хүн юмдаг уу даа. Ийм дүр зураг зөвхөн газар тариалан гурилынхны проблем биш нийт салбар бүрт байна. Ганц чаддаг нь үнээ нэмж нэгнийгээ уралдаж мөлжих дээрэмдэхээс өөр хийж чадах зүйл энэ улсад байна уу.

Зочин [139.5.217.162] 2024-09-18 19:21:59

ЧИ ӨӨРӨӨ ҮХСЭНЭЭ ХИЙСЭН ХҮҮР ВЭ? ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРЖ БАЙГАА Л ЮМ БОЛ ЭРТНЭЭС АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЯАСАН ДУРАК ВЭ, ХЭНД ХЭЛЭЭД ХЭНИЙГ ХОРЛОХ ГЭЭД ХУЦААД ЗОГСОЖ БАЙГААН МОНГОЛЫН, МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ? ЧИ МУУ ДУРАКААА БИТГИЙ УЛС ОРОН, АРД. ИРГЭДИЙГ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ БАТТУЛГА ӨВӨӨ ГУАЙ

Уншигч [188.40.231.185] 2024-09-18 17:58:37

Ингэж хэлж, ярьж байхаар хөдөөний залуучууд аа өөртөө татаад тариалангийнхаа талбай дээр аваачаад ажилуулаа ч ажилгүй хүмүүс хотоор нэг бна аа. Өөрөө санаачлаад яваач, манайхан залхуу дандаа дээдүүдийг харж амьдардаг ,ард түмэн газар тариалангаа босгоод явах байтлаа, ичээч.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.