Хагалгааны үйл явцыг дэлгэцээр харах боломжтой боллоо

Д.Тулга / Эрүүл мэнд

Хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс, нойр булчирхайн тасагт сургалтын шинэ технологи нэвтрүүллээ. Энэ нь мэс заслын эмч мэргэжилтний ур чадвар дадлага туршлагыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Өмнө нь мэс ажилбар хийхэд 2-3 эмч хагалгаанд ордог байсан. Энэ байдал нь бусад мэс заслын эмч нарын хувьд туршлага судлах боломжийг нь хааж байжээ. Тиймээс сургалтаар дамжуулан бусад эмч мэргэжилтнийг сургах, тэр дундаа хүнд хэлбэрийн мэс заслыг хэрхэн хийх талаар мэс заслын өрөөнөөс хоорондоо шууд холбогдож туршлага судлах боломжтой болж буй юм байна.

Ийнхүү эмч нарыг сургалтаар дамжуулан бэлтгэх нь эцсийн дүндээ өвчтөнд хийсэн хагалгаа бүр амжилттай болох боломжийг бүрдүүлж байгаа аж. Монголд таван хүн тутмын нэг нь хавдартай гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн элэгний өвчлөлөөр тэргүүлэгч орнуудын судалгааг гаргахад Монгол улс эхний байрт бичигджээ. Үүгээр дэлхийн дунджаас зургаа дахин их өвчлөлттэй гэдгийг нотолсон байна. Тиймээс энэ төрлийн өвчлөлийг хариуцсан эмч бэлтгэх нь хамгийн чухалд тооцогджээ. Цаашид зөвхөн ХСҮТ-өөс гадна 21 аймгийн мэс заслын тасагт энэхүү шууд дамжуулах системийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Д.Чинбүрэн хэлж байна. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Дадлагын оюутнууд болон дөнгөж ажил дээр гарсан эмч нар тэр бүр хагалгаанд орж чаддаггүй. Энэ системийг суурилуулснаар нүдээрээ харж, хагалгаа хийнэ гэж ойлгож болох нь ээ?

-“Нинжин сэтгэл, сайн санаа” аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасагт сургалтын зориулалттай видео дамжуулах систем угсарч өгсөнд туйлын баяртай байна. Энэ систем бий болсноор хагалгааг оюутнууд болон мэс заслын сургалтад хамрагдаж байгаа хүмүүст шууд үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн хагалгааны явцад хагалгааны чухал чухал хэсгүүдийг тайлбарлаж, хоорондоо асуулт хариултаар ярилцах боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл мэс заслын эмч нарт элэг болон нойр булчирхайн байрлал, хавдрын мэс засал эмчилгээний талаарх мэдээллийг шууд амьд хагалгаа хийн үзүүлж, хагалгааны нарийн техникүүдийг ярилцана гэсэн үг.

-Хагалгааны өрөөнд гадны хүн орох боломжгүй. Харин энэ системийг суурилуулснаар бусад эмч, эмч болохоор дадлагажиж байгаа оюутнуудад том боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу?

-Хагалгааны үед өрөөнд 2-3 хүн л оруулах боломжтой. Түүнээс илүү хүн орох боломжгүй байдаг. Харин одоо нэг дор хэдэн ч хүнийг хамаагүй цуглуулаад, тэдэнд хагалгааны үйл явцыг үзүүлнэ гэдэг бол асар том сургалтын ач холбогдолтой. Улмаар сургалтын үр дүнд хагалгаануудыг нэг газар биш олон газар хийдэг болгох боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.

-Энэ камерын системийг ганц ХСҮТ-д биш, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд суурилуулах боломжтой гэлээ. Ер нь эмч мэргэжилтнүүдэд энэ сургалтаас ур чадвар олж авах бололцоо хэр байдаг юм бол?

-ХСҮТ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хавдрын эмчилгээ болон мэс засалтай холбоотой сургалтуудыг түлхүү явуулдаг. Үүгээр дамжуулан аймаг болон нийслэлийн эмч нартай өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцдаг. Орчин үед цахим ертөнц өндөр хөгжиж байна. Энэ үед хийж байгаа хагалгааны дүрсээ интернэтээр аль ч аймаг руу шууд дамжуулж, цацах боломжтой. Хамгийн гол нь интернэтийн хурд шаардлага хангаж байвал ямар ч асуудал байхгүй. Ингэснээрээ тухайн өвчтөнүүдэд ямар эмчилгээ хийхэд хамгийн зөв байдаг вэ, эмчилгээний тактик, техникийн асуудлыг нэг дор, заавал холоос зорьж ирэх шаардлагагүйгээр, замын зардал гаргахгүйгээр мэдэж авах боломж бүрдсэн.

-Хагалгаанд орж байгаа эмч нар гадна байгаа эмч болон оюутнуудтай шууд харилцах тохиолдолд анхаарал нь сарниж, хагалаанд орж байгаа хүнд ямар нэг эрсдэл учруулвал яах вэ?

-Мэдээж их хүнд төвөгтэй хагалгаанд энэ системийг ашиглахгүй. Харин ердийн, төвөг бэрхшээл багатай пластик хагалгаануудыг сонгож сургалтад үзүүлнэ. Эмч хагалгааны явцад тодорхой үеүдэд тайлбар, зааварчилгаа хэлж өгнө. Ингэснээр хагалгааны чанарт муугаар нөлөөлөх зүйл байхгүй. Дэлхий нийтэд хэрэглэгддэг практик.

-Системээр дамжуулж, сургалт олгох эхний хагалгаа хэзээ хийгдэх вэ?

-Бид жил бүрийн есдүгээр сард “Олон улсын хавдрын, хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээ” сэдэвт хурал зохион байгуулдаг. Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ хурал ирэх есдүгээр сард болно. Энэ хурлын үеэр бид амьд хагалгаа хийж үзүүлдэг. Энэ хагалгаанд Япон, Солонгосын ур чадвартай, том эмнэлгүүдийн профессорууд байлцаж, үзүүлэх хагалгаанууд хийдэг. Одоо энэ систем суурилуулсан болохоор ойр ойрхон сургалт хийнэ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.