ДҮГНЭЛТ: Тавантолгойн гэрээний төслөөс үүсэх үр дагавар

Д.Тулга / Эдийн засаг

tavantolgoiТавантолгойн гэрээний төсөл дээр өмнө нь Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байсан билээ. Түүний хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн гэрээ нь Монголын ард түмэнд ашиггүй болсон хэмээн үзэж байгаа юм. Тиймээс гэрээний төслийг дахин шинэчилж УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Өчигдөр Тавантолгойн тогтоолын төслийг дахин өргөн барьсан байна.

М.Энхсайхан сайдын боловсруулсан гэрээний төсөл дээр УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх ажиллаж санал, дүгнэлт өгчээ. Түүний дүгнэлтийг тоймлон хүргье. Тэрээр гэрээний анхаарал татсан заалтуудаар санал, дүгнэлт гаргаж, үүсэх үр дагаврыг тайлбарлажээ. Тухайлбал,

-Монгол улсын Засгийн Газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэнтэй зөрчилдөж байна.

-Олборлох үйл ажиллагаа нь нүүрсийг газрын хэвлийгээс ухаж гаргах операторын үйл ажиллагаа болохоос дээр дурьсан шиг өргөн хүрээтэй үйл ажиллагаа биш.

-Энэ заалтын дагуу бол Энержи Ресурс(ЭР) зөвшөөрөхгүй л бол Эрдэнэс Тавантолгой (ЭТТ) нь өөрийн эзэмшиж байгаа талбайд чөлөөтэй нэвтрэх эрхгүй бөгөөд ЭТТ-д нэвтрэх зөвшөөрөл өгөх эсэх нь ЭР-ийн үзэмжийн асуудал болж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ-н хувьд өөрийн эзэмшлийн талбайд чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан хэт нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн заалт байна.

-Тавантолгойн ордыг ашиглах гэрээний хүрээнд Ухаа худагийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд Засгийн газар тул үүрэг хүлээх шаардлагагүй.

-Ухаа худагийн орд нь энэ гэрээний зүйл биш тул Гэрээнд байгаа Ухаахудагийн ордтой холбоотой бүх заалтыг хасах нь зүйтэй. Тэгээд ч Ухаахудагийн ордтой холбоотойгоор ЭР-тэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шийдвэр Засгийн газар гаргаагүй.

-Гэрээний 8.1 (Ь)-д “ЭР болон Хөрөнгө оруулагчид нь хөрөнгө босгох зорилгоор энэ гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй” гэсэн байна.

-Энэ Гэрээний хамгийн ноцтой заалт. Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн 0 хэсэг, гэрээний 1.1 (а), (Ь) болон 6.1 (с!) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, хайгуулын болон уул уурхайн бүрэн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

Мөн Гэрээний 5.1 (е) болон 6.1 (|) заалтуудад ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан (угаасан нүүрс) нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Энэ бүх эрх, ашиг сонирхлоо нэгд, Хөрөнгө оруулагч нар, хоёрт, санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

-Энэ гэрээгээр Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи лимитед” компаниуд юм.

-Эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой, ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр төлөвлөж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн авахаар төлөвлөсөн далд захиалагч байж болох юм.

-Одоо байгаа хэлбэрээр Гэрээг байгуулбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна гэж заасан заалт, Ухаахудаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон Засгийн газрын 2011 оны 121 тогтоол зэрэг шийдвэрүүд зөрчигдөж байна.

Төрийн эрх бүхий байгууллагын дээр дурьдсан шийдвэрүүд зөрчигдөнө гэдгийг Засгийн газар болон ЭТТ нь мэдсээр байж Хөрөнгө оруулагч нарт худал баталгаа гарган төөрөгдүүлсэн хариуцлагыг хүлээх болно.

-Гэрээг англи, монгол хэл дээр байгуулж байгаа бөгөөд зөрүү гарвал англи эхийг баримтлана гэжээ. Иймд гэрээний англи, монгол хувийн албан ёсны орчуулгыг Гадаад хэргийн яам заавал хийж хянах ёстой. Ажлын төвшинд гэрээний орчуулгыг албан ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Ухаахудагийн орд нь энэ гэрээний зүйл биш тул Гэрээнд байгаа Ухаахудагийн ордтой холбоотой бүх заалтыг хасах нь зүйтэй.

-Гэрээний төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ЭР нь 30 жил 100% өмчилнө. 30 жилийн дараа 51%-ийг төрд үнэгүй шилжүүлж, 49% хувийг төрд худалдаж болно гэсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалттай нийцэхгүй байна.

-Хуулийн энэ заалтаар шинээр барьсан төмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрд шилжүүлэхээр заасан нь бүрэн шилжүүлэх агуулгатай байна. Иймд ЭР нь Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төрд 100% шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төмөр замын 49 хувийг авч үлдээд төрд худалдах эрхгүй.

-Гэрээний 3.3 дахь заалтаар ЭР нь ирээдүйд төлөх татвар болон хамтын ажиллагааны төлбөрөөс суутган тооцох нөхцөлтэй, 200 сая долларын урьдчилгааг жилийн 4.5 хувийн хүүтэйгээр ЭТТ-д өгч байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 200 сая доллар нь хүүтэй, зээл байна.

-Иймд Тавантолгойн орд дээр нийтдээ 30 жил (сунгалт 30 жил) үргэлжлэх бодит боломж бүхий гэрээгээр авсан дээр дурьдсан бүх эрх, ашиг сонирхлоо ЭР нь Нэгд, Хөрөнгө оруулагч нар, Хоёрт, Санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

-Хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн шалгуур болох ёстой. Хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор заагдсан, хэзээ, яаж хийгдэх нь дан ганц Хөрөнгө оруулагчийн үзэмжээс хамаарах боломжтой байхаар Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 (а)-д “...ойролцоогоор 4 тэрбум” гэсэн болон М.Энхсайхан сайдын албан тоотод “нэмж 3 хүртэл тэрбум америк долларын хөрөнгө оруулалт оруулна” гэснээс харахад яг 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үүрэг ЭР хүлээгээгүй байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.