Иргэд эмнэлгийн 13А маягтыг үнэ төлбөргүй авах ёстой

Д.Тулга / Хууль

emneleg

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭС ХУУЛЬ БУСААР 13 ТӨРЛИЙН ТӨЛБӨР,
ХУРААМЖ АВЧ БАЙСАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО-

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-аар тухайн өвчтөний талаархи мэдээллийг илгээх тогтолцоо байдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн үйлчлүүлэгч эмнэлгийн анхан шатны тусламжаас II, III дахь шатлалын тусламж үйлчилгээ авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас уг өвчтөний онош, эмчилгээний талаар дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгөх зориулалттай хуудас юм. Энэхүү хуудсыг 13А маягт хэмээн нэрлэдэг.

Өвчтөний 13А маягтыг өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвөөс дараагийн шатлалын эмнэлэгт өвчтөн илгээхдээ бичиж өгдөг бөгөөд уг маягтаар нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад ашигладаг. Гэтэл нийслэлийн зарим эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд өвчтөнд үнэ төлбөргүй бичиж өгөх ёстой уг хуудсыг иргэдэд худалдаж байжээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьжээ. Гэтэл Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн үнэгүй өгөх ёстой 13А маягт, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байсан нь Эрүүл мэндийн сайдын нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглосон журмыг зөрчсөн үйлдэл болсон байна.

“Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төв нь дээрх журмыг зөрчиж, эмнэлгийн дотоод журам гаргаж, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авч байсан нь эмнэлгийн дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан хэмээн үзэж, АТГ-аас хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Энэ мэтчилэн улсаас иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлж, өвчтөнүүдээс хууль бусаар мөнгө авч буй явдал цөөнгүй гарсаар байгаа аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа Сонсголон дахь амбулатори төв нь иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч байжээ.

Тус эмнэлэг нь Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр, харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байжээ. Ийнхүү үнэ төлбөргүй хийгдэх ёстой шинжилгээнд шат шатны эмнэлгүүд дур мэдэн төлбөр тогтоож байгаа нь иргэдийн эрх ашгийг илтэд зөрчиж буй хэрэг гэдгийг холбогдох албаныхан мэдээллэв.

Түүнчлэн иргэд өвчтөнүүд ч мөн өөрсдийн төлөх ёстой төлбөр болон үнэ төлбөргүй авах үйлчилгээний тухай төдийлэн мэддэггүйгээс үүдэн дээрх асуудал бий болж байгааг онцолсон юм. Тиймээс иргэд улсын статустай эмнэлгээр үйлчлүүлэхдээ 13А маягт болон цус, биохими, шээсний шинжилгээ үйлчилгээнд мөнгө төлөх ёсгүй аж.

emneleg

-ИРГЭД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ ЭРХТЭЙ-

Хүн амд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх нь төрийн үүрэг бөгөөд Монгол улсын иргэн бүр дараахь үйлчилгээг улсын статустай эмнэлгээс үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Үүнд:

-Жирэмсний болон төрөх, төрсний дараах 45 хоногт шаардлагатай үзлэг шинжилгээ, эмчилгээ

-Хүүхдэд үзүүлэх эмчилгээ

-Халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх дархлаажуулалт

-Халдварт өвчний ариутгал

-Яаралтай түргэн тусламж

-Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд орсон хүний амь нас аврахаар яваад гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээ

-Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн эмчилгээг /бүлгийн заалтаар/

-Удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах болон хөнгөвчлөх эмчилгээ, зарим эмийг үнэ төлбөргүй өгнө

-Бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчийн эмчилгээ

-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал

-Нөхөн үржихүйн эмийг эмзэг давхаргынханд үнэгүй олгоно

Дээр дурдсан үзлэг оношлогоо, эмчилгээнээс гадна амбулаторийн үзлэг шинжилгээ буюу физик эмчилгээ, шүд, арьс, эрүү нүүр, цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, эхо гэх мэт үйлчилгээг нийгмийн даатгалаар хөнгөлүүлж үнэгүй эдэлнэ.

Түүнчлэн сар бүр төлж буй нийгмийн даатгалаар зарим эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах бөгөөд ахмад настангууд даатгалаар хөнгөлүүлж амралт рашаан сувилалд явах боломжтой байдаг.

Өнгөрсөн 2015 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 247 эрүүл мэндийн байгууллага нийгмийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж байсны дотор 27 төрийн өмчийн эмнэлэг, 82 хувийн хэвшлийн эмнэлэг, 18 рашаан сувилал, 120 эмийн сан багтаж байв.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000