Б.Бат-Оргил: Хуванцар саваас болж эрэгтэй хүүхдүүд эмгэгтэй болж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Энэ удаа бид хүний эрүүл мэндэд чимээгүй хор учруулж буй хуванцар савны талаар хүний их эмч Б.Бат-Оргилтой цөөн хором ярилцлаа.

-ЭМ БЭЛДМЭЛИЙН БАГЛАА, БООДОЛ Ч ХОРТОЙД ТООЦОГДООД БАЙНА-

-Хуванцар савны хэрэглээ эрэгтэй хүүхдэд илүүтэй хор учруулж байгаа талаар та дурьджээ. Яагаад тэр вэ?

-Хуванцар савны хор хөнөөлийн тухай ихээхэн ярих болсон. Тусгайлсан тэмдэгт бүхий хуванцар саванд унд, хүнсээ хадгалах тухай ч ярьдаг. Хуванцар тоглоом, угж, аяга, халбага хүүхдэд нэн тааламжтай, аюулгүй гэж үздэг боловч химийн аргаар гаргаж авсан сав суулгаас бисфенол А гэсэн хорт бодис ялгарч, хүүхдийн дотоод шүүрэлд их нөлөөлж байна. Ялангуяа эрэгтэй хүүхдийн бие махбодид хүчтэй нөлөө үзүүлдгийг Америк, Европын эрдэмтэд баталсан.

-Хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Эрэгтэй хүүхэд гэдэг бага наснаасаа эхлэн адтай, хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо, заль цог нь бадарч, ихээхэн эрч хүч, эрдэс аминдэм авснаар нөхөн үржихүйн эзэн байж, сайн эр хүн болон үр удмаа үлдээдэг. Гэтэл сүүлийн 20 жилийн хугацаанд эрэгтэй хүүхдийн зан чанар өөрчлөгдөх, биеийн хөгжил эмгэг төрхтэй, их таргалах юм уу, хэт турьхан шинжтэй байгааг эрдэмтдийн судалгаанд өгүүлж байна. Бисфенол А-гийн хор нь өсвөр насны хүүхдүүдийн тестостерон ялгарах шүүрэлд саад болж, үрийн шингэнд байх чадварлаг сперматозойдын тоо илэрхий цөөрдөг байна. Эрэгтэй хүүхдийн төмсөг буухгүй, тээрхийн арьс шамрахгүй, цавины эвэрхийтэй зэрэг эмгэгүүд олширдог байна. Монголд симентар бух авчирч үхрийн үүлдрийг сайжруулсан гэдэг шиг бид ураг болон хүүхдэд хортой хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, шилэн шаазан болон төмөр, модон сав суулга хэрэглэж байж жинхэнэ монгол эрчүүдийн генээ хадгалж үлдэнэ. Энэ асуудалд дэлхий даяараа санаа зовж байгаа тул ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төвийн менежер, хүний их эмч миний бие өөрийн үүргийн дагуу энэхүү мэдээллийг хүн олонд хүргэх гэсэн юм.

-Охин хүүхдэд мөн ийм төрлийн хор хөнөөл бий юу?

-Хуванцар бол химийн бүтээгдэхүүн. Хүн болгонд бисфенол А, меламин хортой. Охидын шүүрлийн булчирхайд нөлөөлөх нь эрэгтэй хүүхдүүдийнхээс арай бага илэрч байна гэсэн судалгаа гаргасан. Харин бүсгүйчүүдэд нөлөөлөх уршиг нь ураг амьгүй болох тохиолдол их гарч байгааг судалгаанд дурьдсан байна

-Монголд ийм шинж илэрсэн тохиолдол бий юу?

-Нийгмийн эрүүл мэндийн байгууллага, хүүхдийн байгууллагууд судалгаа хийж байгаа байх. Хүүхдийн мэс заслын мэрэгжилтнүүд судалгаа хийж байгаа. Хуванцар савуудыг 1-7 хүртэл дугаарлаж ангилан, тэмдэглэгээ хийгээд, хөнөөл багатай гэсэн заавар байдаг ч халах, хөрөх бүрт миний өмнө хэлсэн бодисууд мөн л ялгардаг гэж үзээд байна. Тэр бүү хэл эм бэлдмэлийн баглаа, боодол хүртэл хортойд тооцогдож байна.

-Эцэг эхчүүд хүүхэддээ хуванцар хэрэглүүлж буй тохиолдолд ямар амин дэм уулгаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Өөрсдийн ахуйн хэрэглээнд маш сайн анхаарч, хүүхдийн хуванцар тоглоом авахгүй байх, хоолны сав суулгаа шилэн байлгах хэрэгтэй. Айл болгон ахуйн хэрэглээндээ өргөн хэрэглэж байгаа хуванцар эдлэлүүдээ аль болох багасгаарай.

-Хуванцар сав хүүхэд гэлтгүй том хүмүүст ч мөн сөрөг нөлөөтэй юү?

-Тийм ээ. Химийн саваас ялгарч байгаа хорт бодисууд хоол боловсруулах замаар дамжин, нэн түрүүнд ходоодны үйл ажиллагааг хямраан, хеликобактерийн хоруу чанарыг идэвхжүүлж, ходоодны өвчлөл ихэсгэдэг. Хамгийн их тохиолдож байгаа нэвчилт бүхий ходоодны хавдрыг үүсгэдэг бодис нь бисфенол А гэж ойлгож болно. Химийн хорт бодис нэн түрүүн эсийн доторхи ДНК-ийн нуралтыг зогсоож, хавдрын эсэд шилжих нөхцөл бүрдүүлдэг. Ихэнхдээ дотоод шүүрлийн эрхтэнд нөлөө ихтэй тул бамбай булчирхай, нойр булчирхай, өндгөвчийн үйл ажиллагааг хямрааж, таргалалт, чихрийн шижин, умай өндгөвчийн уйланхай хавдар гээд ихээхэн өвчлөл үүсгэгч болно.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000