Т.Цэрэнлхам: Аарц, чацаргана уугаад ханиад нь хүндэрсэн тохиолдол гардаг
“Илаарших” өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Т.Цэрэнлхамтай ярилцлаа.
-ХАНИАД ТОМУУНЫ ҮЕД ШАР ТӨРЛИЙН ЖИМС, ЖИМСГЭНЭЭС
ТАТГАЛЗАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-
-Сүүлийн үед гадуур ямар вирусээр үүсгэгдсэн ханиад ихэвчлэн тархаж байна вэ?
-Сүүлийн үед томуу, томуу төст өвчин иж томуу вирус, биовирус, реновирус, аденовирус, коронавирус гэсэн маш олон төрлийн вирусээс үүсгэгддэг болчихоод байгаа. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Жил бүр шинэ вирусээр үүсгэгддэг томуу их болсон. Үүнээс болж өмнө нь хэрэглэгддэг байсан эм, эмчилгээнүүд ямар ч үр дүнгүй, вирус илүү удаан тэсвэртэй болсон байдаг.
-Вирусын болон харшлын ханиадыг хэрхэн ялгах вэ. Улмаар тохирсон зөв эмчилгээг нь яаж сонгож хийх вэ?
-Хүний биед илэрч буй шинж тэмдгээр нь ялгаж болдог. Тухайлбал, Харшлын гаралтай ханиад нь найтаах, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бол вирусын гаралтай ханиад нь шууд халууруулах шинж тэмдгээр эхэлж болдог. Вирусын гаралтай ханиаданд вирусын эсрэг эмүүдийг, дархлаа дэмжих эмтэй хавсарч өгдөг бол харшлын гаралтай ханиаданд мэдээж харшлын эмүүдийг суурь болгож өгнө. Аль алинд нь дархлаа дэмжих эмүүдийг өгөхөөс гадна хүндэрсэн тохиолдолд антибиотик заавал өгнө. Бид өмнө нь аарц, чацаргана, аньс уугаад л ханиад, томуунаас урьдчилан сэргийлдэг төдийгүй эдгээдэг байсан бол эдгээр нь сүүлийн үеийн ханиадтай харшилдаг болчихоод байгаа. Ханиад хүрээд ирсэн хүмүүст аарц, чяцаргана, аньс, шар төрлийн жимс, ундаа, кофе битгий хэрэглээрэй гэж зөвлөдөг болсон.
-Яагаад. Ялангуяа аарц, чацаргана, аньс зэргийг урьдчилан сэргийлэх зорилгоор гэрийн нөхцөлд хүмүүс маш ихээр хэрэглэдэг шүү дээ?
-Жил ирэх тутам томуу, томуу төст өвчин өөр өөр вирусээр үүсгэгддэг болсонтой холбоотой. Тэр тусмаа шар төрлийн жимс жимсгэнээс татгалзах шаардлагатай. Өмнө нь чацарганаа уугаад хөлрөөд унтхад зүгээр болчихдог байсан бол одоо энэ нь буруу ойлголтын нэг болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор хүндрээд орж ирж байгаа тохиолдол их гарч байна. Өөрөөр хэлбэл гэрээрээ эмчлэх гээд долоо хоног үзлээ, аньс, чацаргана, аарцаа уулаа ямар ч нэмэр алга одоо ийм байдалтай болчихлоо гэдэг үгийг хэлээд маш их орж ирдэг. Тэгээд энэ ханиад маш хурдан хатгаа болгож байна. Иймд хүүхдэд ямар нэгэн ханиалга зовиур илэрсэн тохиолдолд шууд эмчид хандах шаардлагатай.
-Ганц хоног ханиагаад л маргааш нь хатгаа болчихлоо, ханиадны шинж тэмдэг илрээгүй байж хатгаа тусчихлаа гэж ярих тохиолдол маш их яригдаж байна. Ямар шалтгааны улмаас шууд хатгалгаа тусаад байна вэ?
-Яг үнэн. Энэ нь нөгөө вирусийн төрлөөс шалтгаантай. Хоёр хоног цэртэй байж байгаад хатгаа болж байна. Өнөөдөр ирж үзүүлээд дархлаа сэргээх эм бичүүлж аваад явдаг ч маргааш нь халуураад байна гээд ирэхэд л хатгаа болчихсон байдаг.
-Хоолой өвдөх, нус гоожих зэргээр ханиадны эхэн үеийн шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байх үед ямар арга хэмжээ авч болох вэ. Мөн хатгаа болж хүндрэхээс нь өмнө хэрхэн эмчлэх вэ?
-Ямар ч тохиолдолд хүүхдийнхээ дархлааг маш сайн дэмжиж байх хэрэгтэй. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрийн нөхцөлд хийж болно. Тухайлбал, хүүхдийнхээ тоглоомыг тогтмол сайн угаахаас эхэлнэ. Харшлын гаралтай ханиад хүрсэн хүмүүсээс хивс хивсэнцэр болон хүүхдийнхээ чихмэл тоглоомыг тогтмол угаадаг уу, гэртээ амьтан тэжээдэг үү гэж асуудаг. Гэрийн тоос тоосонцор харшлын ханиад үүсгэдэг гол шалтгааны нэг болдог учир цэвэрлэгээ сайн хийх, содтой усаар гэр бүлийн гишүүн бүр өдөрт дөрвөөс таван удаа амаа зайлж байх хэрэгтэй.
Ханиадыг хатгаа болж хүндрэхээс өмнө эмчлэх шаардлагатай. Хатгаа гэдэг нь удаан хугацаанд ханиалгатай явснаас болж цээжинд цэр хуримтлагдсанаас л үүсээд байгаа шүү дээ. Хүүхэд тань ханиагаад эхэлвэл гэртээ хүүхдэдээ доргио массаж хийх зэргээр цэрийг хурдан гадагшлуулах арга хэмжээ авна. Цэртэй байна гээд цэр ховхлох эм их хэмжээгээр өгдөг нь туйлын буруу. Ялангуяа бага насны хүүхэд том хүн шиг цэрээ гадагшлуулж чаддаггүй учраас цээжинд нь шингэрээд л байгаад байдаг. Иймд шингэн зүйл сайн уулгавал ялгадасаар нь дамжиж гарна. Цэртэй удаан явах нь хатгаа амархан тусах нэг эрсдэл болдог.
-ХҮҮХЭД ХАЛУУРСАН ТОХИОЛДОЛД ХУВЦСЫГ НЬ ТАЙЛЖ НИМГЭЛ-
-Гадуур халуурах, бөөлжих, суулгах зэргээр ханиад томууны шинж тэмдэг илрэх нь их байна. Танай эмнэлэгт хандсан хүүхдүүдийн дийлэнхид нь аль нь тохиолдол илүү илэрч байна вэ?
-Халууралт, бөөлжилт, суулгалт нь энэ ханиаданд зонхилон тохиолдож байгаа гол шинж тэмдгүүд байна. Өдөрт хамгийн багадаа 20-30 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөн орж ирж байгаа. Яг ханиад томуу дэгдэлтийн үе юм. 44 сорьцод судалгаа хийснээс 11 нь иж томуу вирусээс үүсгэгдсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа гурван хүн тутмын хоёр нь томуу, томуу төст өвчнөөр өвчилчихсөн орж ирж байна. Энэ утгаараа хүүхэд гэлтгүй том хүн хүртэл дархлаандаа анхаарах шаардлагатай байна. Хоёроос гурав хоног ханиагаад хатгаа болчихсон, антибиотик өндөр тунгаар уугаад дасал болчихсон тохиолдол их гарч байгаа.
-Антибиотик уухаар ханиад, томуу улам хүндэрчихлээ, одоо хэрэглээнд байгаа антибиотик вирусыг эмчилж дийлдэггүй болчихсон гэдэг яриа маш их байдаг. Энэ тал дээр тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Тухайн антибиотикийн сонголтоос хамаарч буй хэрэг. Вирусийн гаралтай ханиад уу, харшлын гаралтай ханиад уу гэдгээ эхлээд зөв тодорхойлох ёстой юм л даа. Дараа нь энэ антибиотик тухайн хүүхдэд үйлчлэх үү үгүй юу, энэ ханиадыг энэ антибиотик дарангуйлж чадах уу үгүй юу гэдгийг мэдэж байж антибиотикоо сонгоно. Ингэхгүйгээр “за хамгийн эхлээд амоксицилин хэрэглээд үзье” гэдэг байдлаар эмийн сонголтоо хийж байгаа нь ажиглагддаг. Гэтэл хүүхдийнх нь ханиад аль хэдийнэ амоксицилинд тэсвэртэй болчихсон байх жишээтэй. Тэгэхээр ханиаданд нь тэсвэртэй бүлгийн антибиотик сонгох нь чухал. Зарим эцэг эхчүүд хүүхдээ жаахан ханиагаад байхаар нь амоксицилин өгчихсөн, селмоксин өгчихсөн гээд орж ирдэг. Хэд хоног өгсөн гэхээр өглөө, өдөр орой өгсөн гэдэг. Өөрөөр хэлбэл эмийн үйлчлэлийн цагийг мэдэхгүйгээр буруу өгдөг. Гэтэл зарим антибиотикийн төрлийн эм гурваас дөрвөн цагийн хооронд бие махбодод задарч дуусдгийг мэдэхгүйгээр өглөө оройдоо буюу нүдэнд нь харагдахаар, гэнэт санасан үедээ гээд л янз бүрийн цагийн зайтай өгөөд байдаг. Гэтэл антибиотикийг хамгийн багадаа тав хоног ууж байж хүүхдэд үйлчилгээтэй болдог. Тэрнээс биш хоёр хоног уучихаад дахиад өөр эм хэрэглэхээр үйлчилгээний үр дүн мэдрэгдэхгүй.
-Хүүхдэд ойр ойрхон олон удаа ханиад хүрдгийн гол шалтаг шалтгаан нь юу вэ?
-Дархлаа сул байгаатай шууд холбоотой. Дархлаа суларснаар гаднаас орж ирж буй нян бактерийг тэсвэрлэхгүй байна гэсэн үг юм. Тэгэхээр хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийнхээ дархлааг дэмжих тал дээр нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна. Хүүхэд гэлтгүй томчууд ч дархлаагаа дэмжиж байвал вирус болон халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл багасна. Дархлаагаа дэмждэггүй, ахуйн ариун цэврээ сахидаггүй байдал өвчлөлд хүргэдэг гол шалтгаан юм. Одоо нэг нь хүүхдээ хараад гэртээ суух нь ховордсон. Амьдралын боломж бололцоо, шаардлагаар эцэг эх хоёулаа ажил хийснээр хүүхдүүд орхигдож, асаргаа сувилгаа сулардаг. Эм ууж байгаа юм чинь эдгэрэх байх гэж зөнд нь битгий орхи. Тав хоног ажлаасаа чөлөө аваад аль болох өөрийн гараар асарч сувилах хэрэгтэй. Эмээ нь хардаг хэрнээ өвдөхөд ээж нь эмнэлэгт аваад ирдэг. Хүүхдийг яг гардан асарч сувилж байсан хүн л өвчин зовиурыг нь эмчид нарийн сайн хэлж өгнө. Мөн хүүхдээ гэрээр хардаг хүн л эмчийн зөвлөгөөг сайн сонсож хэрэгжүүлснээр эмчилгээ үр дүнд хүрдэг.
-Халуунтай байх үед хөлийг нь корчичниктэй усанд дүрэх нь зөв үү. Халуурч эхлэвэл ямар арга хэмжээ авах бэ?
-Хүүхэд халуурсан тохиолдолд гэртээ арга хэмжээ авах тухайд хамгийн эхлээд хүүхдийнхээ хувцсыг нимгэлнэ. Хөнжил нөмрөхөөр байвал нимгэн хөнжил нөмрүүлнэ. Бид халуурсан гэхээр нь л олон давхарлаж хучаад бигнэдэг нь маш буруу юм. Аль болох сэрүүхэн байлгаж толгой тархийг нь хүйтэн усаар шавшиж норгоно. Мөн биеийн нимгэн арьстай хэсгүүдийг нь спирттэй хөвөнгөөр арчиж өгөх хэрэгтэй. Дараа нь халуун буулгах эмийг тохирох тунгаар нь уулгаж, эмчид хандан юунаас болж халуурч байгаа вэ гэдгийг тогтоолгох нь зөв. 38-аас дээш хэмээр халуурвал хүүхэд таталт өгөх эрсдэлтэй. Халуурч байгаа үед корчичниктэй усанд хөлийг нь дүрэх нь буруу. Ханиаж байгаа тохиолдолд хөлийг нь өвдөг хүртэл нь дүрж, салхи авахуулахгүйгээр дулаан хувцас өмсгөнө. Хэрэв салхи авахуулсан тохиолдолд хоолой боох зэрэг хүндрэх нь бий.
-ХАНИАДТАЙ ХҮҮХЭД ХҮЙТЭН АГААР ЗАЛГИАД Л ХАТГАА ТУСЧИХДАГ-
-Хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулж, дэмжих вэ?
Мөн хүүхдийг багаас нь зөв дадал зуршилтай болгох хэрэгтэй. Тухайлбал, өглөө 10 цагт унтуулж, өглөө найман цагт сэрээх гэх мэт амрах цагтаа зөв амрах нь дархлаанд ч сайнаар нөлөөлдөг. Гэтэл “манай хүүхэд 12 цаг хүртэл унтдаггүй, тэгээд өглөө 11 хүртэл босдоггүй юм” гээд яриад сууж байдаг хүмүүс бий. Мөн “манай хүүхэд ногоо идэх дургүй, мах л иддэг” гэж ярьдаг. Дургүй байсан ч өг, хүүхдийн сонирхлыг татахуйц янз бүрийн өнгө амт оруулаад бүр жижиглээд өг. Заавал эмээр биш, янз бүрийн үнэтэй бүтээгдэхүүнээр биш олон төрлийн хоолоор дамжуулан хүүхдийнхээ дархлааг дэмжиж болно шүү дээ.
Тэгвэл хүүхдээ ханиаднаас урьдчилан сэргийлж чадаад байна гэсэн үг юм. Хүүхдээ өвдсөн хойно нь биш эрүүл байхад нь дархлааг нь дэмжих, ханиад томууны эсрэг вакцинд хамруулж байх хэрэгтэй. Одоо эцэг эхчүүд сүү сүүн бүтээгдэхүүн болон ногоон бүтээгдэхүүнийг их хэрэглэж бэлэн буюу лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөмөөр байна. Одоогийн хүүхдүүд гэртээ хийсэн хоолыг амтгүй гэж голоод гадуур хоолонд оръё, kfc оръё гэдэг болчихсон. Энэ бол маш буруу. Гэрт хийсэн хоол хүнс шим тэжээлтэйгээс гадна хамгийн аюулгүй. Товчхондоо бол асаргаа сувилгаа, зөв хооллолт, амьдралын зөв дадалд сургах зэрэгт нь анхаарвал зохимжтой.
-Ханиадтай үед нь дархлааг нь дэмжих зорилгоор давхар янз бүрийн витамин, бүтээгдэхүүн өгөх нь зөв үү, буруу юу?
-Дархлаа дэмжих эмийг хүүхдэд хамгийн багадаа 21 хоногийн зайтай өгдөг. Тухайлбал, анаферон төрлийн эмийг схемийн дагуу уулгачихаад долоо хоногийн дараа виферон лаа хэрэглэх нь хамгийн буруу. Хамгийн ойрхондоо 21 хоногийн зайтай өгөх ёстой. Учир нь гаднаас орж ирж буй дархлаа шууд биет юм. Тэрнээс биш дархлаа дэмжих эмийг байнга хэрэглэх нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн өөрийнх нь дархлааг унагаж доголдуулдаг. Үнэхээрийн дархлаа унаж доголдоод өвчилсөн үед л хэрэглэнэ үү гэхээс эрүүл үед дархлаажуулалтын бүтээгдэхүүн хэрэглэх нь төдийлөн зохистой биш. Байнга хэрэглээд байвал дасалтай болчихсон тохиолдлууд ч бий. Ханиад хүрэх, дархлаа доголдох нь асаргаа муугийн л илрэл.
-Ханиад томуу үүсгэгч үндсэн шалтгаан болсон утаанаас уушгиа хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Амны хаалт хэрэглэж занших хэрэгтэй байна. Орж ирсэн хүн бүрт хэлдэг ганц үг минь энэ юм. (инээв.сурв) Ялангуяа “хүүхдэдээ амны хаалт зүүлгэж, ороолтоор нь давхарла. Битгий хүйтэн агаар амьсгалуул”. Ханиадтай хүүхэд хүйтэн агаар залгиад л хатгаа тусдаг. Утаа гэдэг чинь бөөн хор болчхоод байна. Гэртээ орж ирээд амаа содтой усаар байнга зайл.
-Томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ямар үед хийлгэвэл зохимжтой вэ?
-Урьдчилан сэргийлэх вакциныг хүүхэд эрүүл байгаа үед есөөс арваннэгдүгээр сарын хооронд хийлгэвэл тохиромжтой. Учир нь хүйтний эрч эрс чангараагүй үед хийлгэх нь зөв. Хүүхэд ханиад хүрээгүй “ганц хоёр найтаах эсвэл нус нь гоожихоос өөр асуудалгүй юм чинь зүгээр, зүгээр вакцин хийлгэчихье” гэж хэзээ ч хэлж болохгүй. Ийм үед хийвэл хүүхдийн эрүүл дархлааг доголдуулах эрсдэлтэй байдаг.
П.УРНАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ
Сэтгэгдэл
Аззаяа [66.181.161.105] 2021-12-29 02:12:14
Ёстой гоё хэрэгтэй зөвлөгөө байлаа. Маш их баярлалаа.
Ану [139.5.216.119] 2021-01-03 17:29:58
Маш хэрэгтэ мэдээлэл байна Баярлалаа
учрао [66.181.161.49] 2020-01-30 13:21:18
үнхээр мундаг ойлгомжтой хэлжээ баярлалаа яаг хэрэгтэй зѳвѳлгѳѳ бна