УИХ-ын гишүүд хүүхэд байхдаа хэрхэн баярладаг байсан бэ
Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Уг тэмдэглэлт баяртай холбогдуулан УИХ-ын гишүүд хүүхэд байхдаа баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан дурсамжаасаа хуваалцлаа.
Д.САРАНГЭРЭЛ: ААВ, ЭЭЖ ХОЁР МААНЬ БИДЭНД БУУЗ ХИЙЖ ӨГДӨГ БАЙСАН
Юуны өмнө энхрий бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Миний багад хүсэн хүлээдэг, бэлэг авдаг, чихэр жимс олддог өдрийн нэг нь хүүхдийн баярын өдөр байлаа. Жимс гэснээс тэр үед зөвхөн алим, мандарин гэсэн хоёр төрлийн л жимс байсан. Гэхдээ алим, мандарин өвөл л гарч ирнэ. Харин зэрлэг жимс элбэг байжээ. Зундаа зуслангаасаа өөрсдөө түүгээд л идчихнэ.
Манайх ам бүл олуулаа. Би дээрээ хоёр эгчтэй болохоор шинэ хувцас өмсөх нь ховор. Хүүхдийн баяраар л хаа нэг шинэ хувцасны бараа хардаг, тэр хувийн өмчдөө харам, бас гамтай гэж жигтэйхэн байлаа шүү дээ. Одоо бодоход хүүхдийн баярын өдөр эгч дүүс маань бүгд баяртай, дор бүрдээ хувиа аваад сэтгэл хангалуун, сайхан өнгөрүүлдэг байжээ. Аав, ээж хоёр маань бидэнд бууз хийж өгөөд л бөөн бужигнаан болдог байж дээ. Хүүхдийн парк энэ тэр бол бидний хувьд сураггүй, цэцэрлэгт ч явж байсангүй. Том нь жижгээ хараад л өссөн. Муудсан юм байхгүй ээ.Хамгийн сайхан үеүдийн маань нэг нь хүүхдийн баяр байж дээ.
А.СҮХБАТ: ХҮҮХДИЙН БАЯР НАДАД ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ
ОЙЛГУУЛЖ, МЭДРҮҮЛСЭН
Хүүхдийн баярыг их л хүлээдэг байлаа. Хүүхдийн баяр болохоор сайхан цэвэрхэн хувцас өмсөөд л аав, ээжээсээ жаахан мөнгө аваад гардаг байсан юм. Баярын өдөр тул аав, ээж маань хөөрхөн төсөв гаргаж өгнө. Түүгээр ундаа, хуушуур авна. Манай нутгийн Цагаан толгой гээд овоо бий. Жил бүр хүүхдийн баярын өдөр тэнд цуглаж, бөх барилдаж, морь уралдахыг үздэг байлаа. Нэг ёсондоо хүүхдийн баярт зориулсан баяр наадам гэсэн үг. Миний хүүхэд байхдаа баярлаж, харж ирсэн бөх, хурдан морины уралдаан өнөөдрийг хүртэл миний амьдралын нэг хэсэг байсаар л байна.
Хүүхэд байхаасаа үздэг, шимтэн хардаг байсан зүйлүүдтэйгээ би өнөөдрийг хүртэл хамт байсаар л байна. Тэгэхээр хүүхдийн баярын тэр бэсрэг наадам миний амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн гэж болно. Тиймээс ч хүүхдийн баяр надад олон сайхан зүйлийг ойлгуулж, мэдрүүлж, ухаан суулгаж өгч дээ гэж би одоо боддог. Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Монголынхоо нийт эхчүүд, энхрий үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Д.ЦОГТБААТАР: ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР ЗААВАЛ ПАРК ЯВДАГ БАЙСАН
Бага байхдаа хүүхдийн баярын өдөр заавал парк явдаг байсан. Бүр жаахан байхдаа онгоцонд суугаад, нисдэг тоглоомонд нь их дуртай байлаа. Паркт ихэвчлэн аавтайгаа ирнэ. Тэгээд нисдэг онгоцонд суухын тулд баахан дугаарлаж зогсдог байв. Бас алсыг харагч, завин савлуур, төөрдөг байшин, инээдмийн толь зэрэг тоглоомын хэсгүүдэд нь очиж тоглоно. Үүндээ бөөн баяр хөөр л болдог байлаа. Харин яагаад ч юм гинжин тоглоомон дээр очдоггүй байлаа. Дараа нь арай том болонгуутаа аавыгаа дагуулахгүй, өөрөө тоглохоор явдаг болсон. Ааваасаа мөнгө аваад л гүйчихнэ. Электрон тийртэй буун дээр их тоглоно. Ер нь байлдаж тоглодог тоглоомонд их дуртай байсан.
Н.ОЮУНДАРЬ: 60 МӨНГӨНИЙ ЗАЙРМАГ АВЧ ИДДЭГ БАЙСАН
Намайг хүүхэд байхад Нийслэлд зөвхөн хүүхдийн парк л байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн парк руу л их явдаг байсан. Үүнийгээ ч маш сайн санадаг юм. Баярын өдрөөр хүүхдийн парк явахгүй гэвэл эртхэн зуслан руугаа гарчихдаг байлаа. Хүүхдийн баяраас үлдсэн олон сайхан дурсамж бий. Тэдгээрээс хамгийн онцгой нь 1 төгрөг, 20 мөнгөний улаан ус, 60 мөнгөний зайрмагаа идэж баярладаг байсан явдал. Үүнээс гадна аав, ээж бэлэг боож өгдөг байлаа. Бас сургуулиас ч бэлэг өгөх үе байна. Тэдний бэлгэнд ихэвчлэн гадуураа шоколадан бүрхүүлтэй “банка” печень багтдаг байсан.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭЭЖИЙНХЭЭ ӨГСӨН МӨНГӨӨР ДУРТАЙ
ЧИХРЭЭ АВЧ ИДДЭГ БАЙЛАА
Манай ээж гэр бүлийн санхүүгээ барьдаг байсан юм болов уу. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохоор бидэнд хэдэн төгрөг өгдөг. Ээжийнхээ өгсөн мөнгөөр дуртай чихрээ авч идээд л, хүүхдийн баяр өнгөрчихдөг байсан. Бүр жаахан байхад ээж, аав маань бэлэг бэлдэж өгдөг байсан нь санаанд ороод байдаг юм. Тэгээд жаахан том болоод ирэхээр өөрсдөө баярла гээд мөнгө өгдөг байсан юм болов уу даа. Бид чинь эхээс дөрвүүлээ. Хүүхдийн баяр болохоор л хамаг гоё, сайхан хувцсаа өмсөөд гадуур гардаг байсан нь санаанд тодхон үлджээ.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл