А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
-25 НАС ХҮРЭЭД ДАХИН ШИНЭ ПАСПОРТ АВСАН ГЭДЭГ
ШАЛТГААНААР ОЛОН ЦАГ БАЙЦААСАН-
БНСУ-ын иммигрэйшнд хоёр ихэр хүүхэдтэйгээ хоол унд ч үгүй 15 цагийн турш байцаагдсан нэгэн иргэн бидэнд хандсан юм. Бид түүнээс яг юу болсон, яагаад ийм олон цаг байцаасан талаар тодрууллаа.
-Таныг ямар асуудлаар Солонгос улсын хил дээр саатуулсан талаар ярихгүй юу?
-Энэ сарын 13-ны орой 23:00 цагийн үед “Кореан эйр” компанийн нислэгээр нисээд, БНСУ-ын онгоцны буудалд 03:25 цагт газардсан. Өмнө нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан болохоор намайг нэлээд их шалгасан. Ой найман сартай хоёр ихэртэйгээ явсан. Онгоцон дотор нэг ихрийг маань тэвэрч ирсэн эгч болон миний биеийг БНСУ-ын иммигрэйшний байцаалтын өрөөнд оруулж байцааж эхэлсэн. Ямар учир шалтгааны улмаас надад тусалсан танихгүй эгч, нялх хоёр хүүхдийг маань хүйтэн өрөөнд олон цагийн турш байцаасан бэ гэхээр 25 нас хүрээд шинэ паспорт авсан нь нэлээд их асуудал үүсгэсэн. БНСУ-ын иммигрэйшний байцаагч нарт “Монгол Улсын бүх иргэн 25 нас хүрээд дахин шинэ паспорт авдаг юм” гэдгийг тайлбарласан ч итгээгүй. Харин “Энэ хүн өөрийг чинь мөн гэдгийг хэн нотлох юм бэ” гэхээр нь “Монголоос Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс төрөл төрөгсдийнхөө лавлагааг факсаар нааш нь ирүүлж болно” гэтэл “Өглөөний 08:00 цагт ээлж солигдохоос өмнө явуулчихаарай” гэж хэлсэн. ТҮЦ машинаас авч болох лавлагааг манай гэр бүлийнхэн бүгдийг нь БНСУ-ын иммигрэйшн рүү факсаар явуулсан ч зарим нэг зүйл нь бүдэг харагдахгүй байна гэсээр өглөө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс явуулахаас өөр аргагүй болсон. Өглөө заавал 08:00 цагаас өмнө амжуулж явуулаарай гэчихээр Монголд ажлын цаг эхлээгүй байдаг. Тэгээд 08:15 цагт Монголоос бүх лавлагааг дахин явуулсан ч шөнийн ээлж нь солигдсон. Шинээр солигдсон хүмүүс нь бүгдээрээ намайг хараад “Хуурамч паспорт ашигласан байна шүү дээ. Паспортаа солих ямар шаардлага байгаа юм бэ. Энэ хүн хилээр гараад харлах нь тодорхой” гэсэн хандлагатай байсан. Намайг хуурамч паспорт ашиглаагүй гэдгийг нотлох баримт бичиг факсаар ирсэн байхад иммигрэйшний өдрийн ээлжийнхэн сөхөж ч харахгүй ширээн дээрээ шидсэн.
-БНСУ-ын иммигрэйшний байцаагч нарт хэдэн цаг байцаагдсан гэлээ?
-Би байцаагдаж байхдаа “Миний хоёр хүүхдэд ямар ч буруу байхгүй ээ. Аав нь тосохоор ирчихсэн хүлээж байгаа. Биднийг олон цагаар байцаах шаардлагатай юм бол хоёр хүүхдээ гаргаж болох уу. Би өөрөө байцаалтаа өгөөд үлдье” гэхэд “Энд байх ёстой” гээд зөвшөөрөөгүй. Эйр кондишн асаасан, нэлээд хүйтэн өрөөнд байцаалтаа авсан. Би 3-4 удаа “Хүүхдүүд маань нимгэн хувцастай ирсэн. Даараад байна, кондишноо унтраагаад өгөөч” гэж БНСУ-ын иммигрэйшний хүн болгоноос гуйхад “Энэ та нарын хүслээрээ байдаг газар биш. Монгол руугаа буцацгаа” гээд унтрааж өгөөгүй. Үүнээс болж ой найман сартай ихрүүд маань маш хүндээр өвдсөн. Үүрийн 04:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл (Монгол руу буцсан цаг) нийтдээ 15 цагийн турш хүйтэн өрөөнд ихрүүд маань нэг ч халбага хоол, балга ч ус уулгүй надтай хамт байцаагдсанд л маш их гомдолтой байна.

-“ХҮҮХДҮҮДДЭЭ ДУЛААН ХУВЦСЫГ НЬ ӨМСҮҮЛМЭЭР БАЙНА”
ГЭХЭД ЗӨВШӨӨРӨӨГҮЙ-
-Олон цагийн турш байцаахдаа танд тусалсан эмэгтэй, ихрүүдэд хоол, цай өгөөгүй гэдгийг сонсоод үнэхээр их гайхлаа?
-Биднийг тосохоор ирсэн нөхөр маань хоёр ихэртээ хоол өгөхөөр БНСУ-ын иммигрэйшний албаны утас руу зөндөө залгаж “Би орж болохгүй юм бол миний авсан хоол, цайг танай ажилтнууд гарч ирж аваад хүүхдүүдэд минь идүүлж болохгүй юу” гэж гуйхад “Болохгүй” гэсэн хариулт өгсөн. Би ч гэсэн дотор байхдаа байцаагч нарт “Та нар хоолондоо орох үедээ манай хоёр хүүхдэд жаахан ч гэсэн идэж, уух юм авчраад өгч болох уу. Би мөнгийг нь өгье” гэж зөндөө хэлсэн. Бидэнд огт юм авч өгөөгүй. Насанд хүрсэн бид 15 цагийн турш юу ч идэхгүй байцаалтад сууж байхад ямар их өлсөж зутарсан билээ. Гэтэл даарч, ханиад хүрсэн хоёр жаахан хүүхдэд маань хоол байтугай балга ус ч өгөөгүй БНСУ-ын иммигрэйшнд үнэхээр их гомдолтой байна.
-Ачаанаасаа хүүхдүүддээ дулаан хувцсыг нь авч өмсүүлэх боломж ч олгоогүй юм уу?
-Биднийг нисэхэд Монголд дулаахан байсан учраас хоёр хүүхэд маань нимгэн хувцастай онгоцонд суусан. Гар тээшиндээ хүүхдүүдийнхээ дулаан хувцсыг хийгээд бэлтгэчихсэн байсан. Нэг хүүхэд 10 кг ачаа гэснийг нь хоёр хүүхэд 20 кг гэж бодоод нэг чемоданд хийгээд баглачихсан байсан. Яг онгоцонд суух гээд орох үед “Хоёр хүүхдийн ачааг тус тусад нь баглах ёстой” гээд, гар тээшний маань ачааг салгаж ачаа руу өгчихсөн болохоор хоёр ихрийнхээ дулаан хувцас, ойр зуур идэх юмыг нь авч чадалгүй гар хоосон ниссэн. Байцаагдаж байх үедээ “Ачаан дотор дулаан хувцас нь байгаа, ачаагаа авъя. Хүүхдүүддээ дулаан хувцсыг нь өмсүүлмээр байна” гэхэд зөвшөөрөхгүй байсаар өдөр 13:00 цагт бидний ачааг өгөхөд хүүхдүүдийн маань хоолой сөөгөөд, ханиалгаад, халуураад эхэлчихсэн байсан. Тэгээд “Эмч дуудаад өгөөч ээ, хүүхдүүд маань хүнд өвдөөд байна. Ийм жаахан хүүхдүүдийг байцаах хэрэг байгаа юм уу. Намайг л байцаа” гэж удаа дараа хэлсэн. БНСУ-ын иммигрэйшний байцаалтын өрөөнд байх хугацаанд миний утсыг хэд хэдэн удаа булааж авсан.
-БНСУ-ын иммигрэйшний байцаагч нар тантай яаж харьцаж байсан бэ?
-Солонгос хэлийг хангалттай сайн мэднэ. Биднээс байцаалт авахдаа албан ёсоор хүндэтгэлийн хэлээр харьцах ёстой. Гэтэл биднийг хэл амаар доромжилсон. “Хүүхдүүд маань өвдөөд байна, эмч дуудаад өгөөч” гэж хэлэхэд эмэгтэй байцаагч нь ирж манай хүүхдийн толгойг барьж үзчихээд “Би ч гэсэн хүүхэдтэй, зүгээр л байна ш дээ” гэж хэлээд явсан.“Та нар хүн биз дээ. Хоёр хүүхдийг минь эмчид үзүүлээд өгөөч” гэж зөндөө олон удаа уйлж гуйж үзсэн. Гадаад хүн ч гэсэн хүн биз дээ. Нохойноос дор харьцаж байсан.

-СОЛОНГОСЫН ЭСЯ “БИДЭНД ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ” ГЭСЭН ТАЙЛБАР ӨГСӨН-
-Та Монголд ирээд БНСУ-ын иммигрэйшний байцаалтын өрөөнд үүссэн асуудал болон хоёр ихэр хүүхдийнхээ эрх зөрчигдсөн талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандсан уу?
-БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандахад “Бидэнд ямар ч хамааралгүй. Бид визийг чинь дарж өгөөд явуулсан” гэхээр нь “Танай ЭСЯ-нд хамааралгүй байсан юм бол анхнаасаа яах гэж виз дарж өгсөн юм бэ” гэтэл “ЭСЯ-наас Солонгос улс руу зорчих эрхийг нь гаргаж өгдөг. Хил давуулах эрхийг нь иммигрэйшн гэдэг байгууллага тусдаа хариуцдаг. Тиймээс бидэнд хамааралгүй. БНСУ-ын иммигрэйшнд гомдлоо гаргаж болно” гэсэн хариулт л өгсөн.
-Өмнө нь та Солонгос улсад хэдэн жил амьдарсан юм бэ. Амьдарч байх хугацаандаа ямар нэг асуудал гаргаж байгаагүй биз дээ?
-2007-2016 оны хооронд хууль бусаар амьдарч байсан. Тэгээд 2016 онд Монгол руу буцахдаа таван сартай жирэмсэн, өөрөө саналаараа онгоцны буудал дээр очиж, гурван цаг шахуу байцаалт өгч, хар тамга даруулалгүй явсан. Монголд ирээд хоёр ихрээ төрүүлчихээд, хоёр жил гарангийн дараа дахин виз мэдүүлсэн юм. Сая виз мэдүүлэхдээ өмнө нь харлаж байсан, ахиж харлахгүй гэсэн өргөдөл, шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөөд хариу нь гарсан. Солонгосын иммигрэйшнд байцаагдаж байхдаа “Өмнө нь харлаж байсан учраас ингэж байцаалт авч байгаа юм уу” гэж зөндөө асуухад “Энэ асуудалд хамааралгүй. Шинээ паспорт авсан чинь чамд асуудал болж байна” гээд хилээр нэвтрүүлэх эрх өгсөнгүй.
-Одоо хоёр хүүхдийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Солонгоос ирээд 2-3 өдөр халуурсан. Эмнэлэгт үзүүлэхэд хатгааны анхны шинж тэмдэг илэрсэн гэсэн оноштойгоор антибиотик ууж байна.
-Таныг дахин Солонгос улсын виз мэдүүлэхэд сая үүссэн асуудал нөлөөлөх болов уу?
-Би асуусан. БНСУ-ын иммигрэйшн “Хар тамга дараагүй. Монголд очоод шууд визээ мэдүүлэх боломжтой” гэсэн.
М.АМАРЖАРГАЛ


































.png)



























Сэтгэгдэл