Хахуулийн хэргээр баривчлагдсан Т.Эрдэнэтуяа гэгч нууц хатагтай хэн бэ

Д.Тулга / Хууль

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа г өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан талаар бид өчигдөр мэдээллэсэн. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон байна. Харин үүнийхээ хариуд 60 орчим сая төгрөг авсан бололтой.

АТГ-аас түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Бид эл мэдээллийн дагуу Т.Эрдэнэтуяа гэж чухам хэн гэгч болох, тус газрын даргаар хэдэн жил ажиллаж байгааг судлах гэсэн боловч гайхалтай нь энэ хүний намтар, ажлын түүх огтоос олдсонгүй. Тэр ч бүү хэл хэвлэлд өгч байсан ярилцлагууд нь бүгд устсан төлөв зааж байв. Ер нь бол нууц хатагтай бололтой. Харин Т.Эрдэнэтуяа гэх албан тушаалтантай холбоотой иргэдийн гомдол нэгээр тогтохгүй олон байдаг юм билээ. Тэдний нэгхэн жишээг дор сийрүүлье.

batdelger

-ХЭЛМЭГДЭГСИЙН ТАЛБАЙД ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БАЙСАН Б.БАТДЭЛГЭРИЙН
ТЭМЦЛИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ Т.ЭРДЭНЭТУЯА БАЙЖЭЭ-

Бүрэн цутгамал ХХК болон Сант сургуулийн хооронд барилгын ажлын санхүүжилттэй холбоотой маргаан гараад багагүй хугацаа өнгөрч байна. Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн музейн урд өлсгөлөн зарлаж байсан хэдий ч өдийг хүртэл тэрбээр заргаа авч чадаагүй л явсаар буй. Түүний тэмцлийн гол эзэн нь Т.Эрдэнэтуя гэх дээрх албан тушаалтан байсан байх юм.

Б.Батдэлгэр Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүртэл хүргүүлж байсан бөгөөд шаардлагад “Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчид барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллахдаа Монгол Улсын Барилгын тухай хууль, Хот суурины ус хангамж, ашиглалт ариутгах татуургын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм зэрэг хууль дүрмийг удаа дараалан зөрчиж, албан тушаалдаа ХАЙНГА ХАНДАЖ байна.

Барилгын ил, далд ажлын актыг хуулбар баримтаар хүлээн авах, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй компаниас хүлээн авах, барилга угсралтын ажил дуусаагүй байхад хүлээн авах, улсын комиссын актад урьдчилан гарын үсэг зурах, гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй байхад актад гарын үсэг зурах зэрэг ХУУЛЬ БУС үйлдэл удаа дараалан гаргаж байна. Энэ хууль зөрчсөн үйлдлүүдийн цаана авлига, хээл хахууль байгаа гэж иргэн би хардаж байна.

Энэ тухай Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, орлогч дарга Ш.Уртнасан, Ц.Тулга нарт удаа дараалан албан бичиг хүргүүлсэн, биеэрээ уулзаж хэлэхэд дотоод хяналт шалгалт явуулж арга хэмжээ огт авдаггүй харин “манай ажилчдын хууль зөрчсөнийг шүүхээр тогтоолгоод ир, тэгсэн цагт арга хэмжээ авна” гэж жирийн иргэн намайг басамжлан доромжилдог юм. Үүгээрээ хууль зөрчсөн ажилтан албан хаагчидтай ашиг сонирхол нэг төдийгүй албан тушаалын эрх үүргийн хүрээнд доод албан тушаалтнуудын хууль бус үйлдэлд арга хэмжээ авч чаддаггүй, улмаар албан тушаалаа хангалтгүй гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оршин суугчдын зөвшөөрөл авалгүйгээр хүүхдийн тоглоомын талбайд барилга барих зөвшөөрөл олгодог, Ерөнхий төлөвлөгөө дур мэдэн өөрчилдөг явдал газар авснаас болж, хүүхдүүд тоглох тоглоомын талбай байхгүйгээс засмал зам талбайд тоглож байгаад зам тээврийн осолд орсон тохиолдол нэлээд гарсан нь нууц биш төдийгүй энэ талаар эрхэм Ерөнхий сайд, Улаанбаатар хотын иргэн таны сонорт хүрч байдаг байх.

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчдын хууль зөрчсөн үйлдлүүд олон байдаг. Өөрийн амьдралд ойр тохиолдсон цөөхөн жишээг дурдвал:

1. СБД-ийн 2-р хороо Усны гудамж “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016.08.24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль өгсөн, авсан талаар АТГ-д хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэн шалгагдаж байгаад хаагдсан билээ. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байгаа болно.

Ер нь Монгол улсын хууль, дүрмүүдийг зөрчсөнөө, ирцийг хуурамчаар бүрдүүлснээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй актад урьдчилж гарын үсэг зурсан, шүүхэд байх ёстой баримтыг хууль бусаар олж авсан, өгсөнөө хүлээсэн байдаг. / Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөнийг НМХГ тогтоосон/


2. ХУД-ийн 8 дугаар хороонд байрлах “Астра вилла” хотхоны орон сууцны барилгыг 2016.12.23-ний өдөр Улсын комисст хүлээн авахдаа “ Ерөнхий гүйцэтгэгч “Олд констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад 5-н сар гаруй болсон байхад хүлээн авсан, / 2017.06-р сард “Олд констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарсан байдаг /Улсын комиссын хуралдаан болсноос хойш 14 хоногийн дотор Улсын комиссын акт баталгаажих ёстой байтал 42 хоногийн дараа баталгаажсан нь Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг зөрчсөн, Улсын комиссын гишүүдийн 2/3 нь ирснээр тухайн комиссын хуралдаан хүчин төгөлдөр болох байтал нийт 23 гишүүнээс 9 гишүүн ирээгүй нь уг комиссын хуралдаан хүчингүйд тооцогдох байтал комиссын бүрэлдэхүүнд ороогүй 4 хүнээр саналын хуудас бөглүүлсэн нь ирцийг зориудаар бөглүүлсэн зэрэг хууль бус үйлдэл, / Улсын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 2017.10.04-ны өдрийн №1/1462 тоот хариу мэдэгдэх хуудсанд албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн./


3. ХУД-ийн 4 дүгээр хороо “Шинэ өргөө” хотхоны барилгын хүүхдийн тоглоомын талбайд архитектур төлөвлөлтийн даалгаваргүй байхад барилга барих зөвшөөрөл олгосон, оршин суугчдын зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн,төлөвлөлтөөр усан оргилуур байх газарт үйлчилгээний төв барих зөвшөөрөл олгосон. / Нийслэлийн Засаг дарга уг зөвшөөрлийг цуцалсан/.


4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017.04.07-ны өдөр “Улсын комисс хүлээн авсан боловч зөрчилтэй байсан барилга байгууламжуудын талаар мэдээлэл хийсэн.

Өмнөх жилүүдэд хийгдсэн шалгалтын дүнгээс үзэхэд архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, ажлын зураг төслийн бүрдэл дутуу, барилга угсралтын ажлын явцад зөрчилтэй байсан барилга байгууламжууд болон “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай” хуулиуд, дүрэм, журамд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангахгүй байгаа дараах барилга байгууламжуудад улсын /ахлах/ байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулаагүй байхад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан болон ашиглалтын явцад илэрсэн зөрчлүүд нилээд байна.


5. ХУД.Монгол дээд сургуулийн хажуугийн барилга нь төлөвлөлтөөс зөрсөн талаар болон Нийслэлийн Засаг дарга, НХТ,ЕТГ-ын удирдлагууд арга хэмжээ авахгүй байгаа талаар “Монгол “ дээд сургуулийн захирал, гавъяат эдийн засагч н.Дашзэвэг мэдэгдэл хийсэн.


6. 2012 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарч, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар зохион байгуулдаг болсноос хойш тус газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчдын хууль зөрчсөн үйлдлүүд удаа дараалан гарч байгаа болно.” хэмээсэн байх юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.