ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Мах тансаг хэрэглээ боллоо гэж үү
-ШИНЭ ХОНИНЫ МАХ “НҮДНИЙ ГЭМ” БОЛЖЭЭ-
Махны үнэ нэмэгдсэн гэх мэдээллийн мөрөөр бид бодит байдлыг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус зах руу 16:00 цагийн орчим ороход худалдан авагч байхгүй шахам, лангуунууд нь хоосон, эл хуль байв. Уг нь нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд тооцогддог энэ зах үйлчлүүлэгч ихтэйгээс гадна хүмүүс мах, махан бүтээгдэхүүнээ бөөнөөр нь худалдан авахаар зорьж ирдэг билээ.
Хүнгүй, хоосон лангуунуудын араас худалдагч нар татаж чангаах шахам тал талаас дуудаж, ам уралдан махны үнээ хэлж орилолдов. Цагаан сарын дараа махны үнэ нэмэгддэг тогтсон жишгээр үнэ өссөн байлаа.
Өнөөдрийн байдлаар буюу 2018 оны гуравдугаар сарын 20-нд үхрийн цул махны үнэ 6800-7000 төгрөг, үхрийн гуяны махны үнэ 8000 төгрөг, үхрийн шинэ мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 7500 төгрөг, адууны цул мах 6500 төгрөг, адууны ястай мах 6000 төгрөг, хонины гулууз махны нэг кг нь 3700 төгрөг, хонины цул мах 5700, хонины ястай мах 5200 төгрөг, ямааны цул мах 4600 төгрөгийн үнэтэй байв.
Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.0 хувь, үхрийн ястай махны үнэ 6.2 хувь, үхрийн цул махны үнэ 8.5 хувь, адууны ястай махны үнэ 1.0 хувь, ямааны махны үнэ 7.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6240 төгрөг, үхрийн /ястай/ мах 7550 төгрөг, үхрийн цул мах 9180 төгрөг, адууны /ястай/ мах 5575 төгрөг, ямааны /ястай/ мах 4365 төгрөгийн үнэтэй байв.

Б.НАРАНЧИМЭГ: МАХНЫ БОРЛУУЛАЛТ МАХ МУУ БАЙНА
Бид “Хүчит шонхор” захын махны жижиглэнгийн худалдагч Б.Наранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Махны борлуулалт, хүмүүсийн худалдан авах чадвар хэр байна вэ?
-Борлуулалт маш муу байна. Би өнөөдөр дөрвөөс таван хүнд л жижиглэнгээр мах зарлаа. Хүнгүй, заал хоосон байгааг харж байгаа биз дээ. Өглөө эрт дэлгүүрийнхэн ирж авдаг юм. Орж ирсэн хүмүүсийг наашаа гээд гуйгаад л зогсож байна шүү дээ. Одоо ер нь мах борлохоо байчихсан. Цагаан сар нь өнгөрчихөөд ч тэгж байгаа юм уу, махны худалдаа жилээс жилд муудаж байна.
-Махны үнэ хэр тогтвортой байна вэ? Арван мянгад хүрсэн гэсэн мэдээлэл байна? Худалдаанд шинэ мах орж ирсэн үү?
-Энд арван мянга хүрсэн гэж сонсоогүй юм байна. Том дэлгүүрүүд л арван мянгад хүргэж зарж байгаа. Үнийн хувьд байнга л хэлбэлзэлтэй байдаг. Өнөөдөр 6000 төгрөгөөр зарж байсан бол маргааш 6500 төгрөгөөр зарахыг үгүйсгэхгүй. Шинэ мах бараг орж ирэхгүй байна. Сүхбаатар, Хэнтий гэсэн хоёр аймгаас мал, мах орж ирж байгаа юм билээ. Шинэ хонины мах нүдний гэм болсон” хэмээн ярьж байлаа.

-МАН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРАХААРАА ЮМНЫ ҮНИЙГ ТЭНГЭРТ ТУЛГАЖ,
АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ДОРОЙТУУЛДАГ-
2012 онд Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж байсан билээ. Уг хөтөлбөрт “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэргэлээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр багтаж байсан.
Гурван жилийн “мандат”-тай энэхүү хөтөлбөр хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн ч цаашид хэрэгжилгүй зогссон. 2015 оны есдүгээр сараас эхлэн махны үнэ буурч, шинэ он гартал ханшаа барьсан статистик тоо бий. Хот хөдөөгүй махны үнэ хямдарч, чухам л иргэдийн магнай тэнийж байв. Ямааны мах 2500, хонины мах 3000, үхэр адууны мах 4000 төгрөг хүртлээ унасан нь түүхэндээ хамгийн хямд үнэ гэж хэлж болно.
Өнөөдөр МАН эрх барьж буй, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-гүй энэ нийгэмд мах болон бензиний үнэ тэнгэрт тултлаа хөөрөгдчихсөн байна. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, жижиглэнгийн махаар хоногийн хоолоо зогоож байгааг уулзсан иргэд хэлж байсан юм. Иргэдийн яриаг хүргэе.


-“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗАРЧМААР МАХНЫ ҮНИЙГ
ДАХИН БУУЛГААД ӨГӨӨСЭЙ-
Иргэн Б.Цэрмаа: -Олон сая толгой малтай хэрнээ мах нь ийм үнэтэй цорын ганц улс бол манайх. Яг үнэндээ бид маш цөөхөн килограммаар авдаг. Бөөнөөр нь авч чадахгүй байна. Би хоёрхон килограмм мах аваад гарч байна. Одоогоос хэдэн жилийн өмнө билүү дээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр махны үнийг маш их хямдруулсан. Одоо тэр зарчмаар дахин буулгаад өгөөсэй билээ.

-ЧЕНЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАЛТТАЙ БОЛГОЖ, ХУУЛИА ЧАНГАТГААЧ ЭЭ-
Иргэн С.Сэнгэдорж: -Би хоёр хүчин зүйлээс шалтгаалж махны үнэ өсөж байгаа гэж боддог. Нэгдүгээрт ченж нар, хоёрдугаарт засгийн газраас болж байгаа. Ченжүүдийн үйл ажиллагааг хяналттай болгож хуулиа чангатгаач ээ. Нөгөө талаар өөрсдөө буюу хөдөө аж ахуйн яамныхан хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа махны үнийг өсгөхгүй байх тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж ажилламаар байна. МАН-ынхан засгийн эрхэнд гарахаараа улаан цайм хамаг юмны үнийг тэнгэрт тулгаж, ард түмний амьдралыг доройтуулдагаа болимоор юм.

-НАД ШИГ ТЭТГЭВРЭЭРЭЭ АМЬДАРДАГ ХҮНД МАХ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ ЮМ ДАА-
Иргэн Ц. Дуламсүрэн: -Махны үнэ өндөр байна. Ард түмний амьдралд том дарамт учруулж байна. Над шиг тэтгэврээрээ амьдардаг хүнд мах тансаг хэрэглээ юм даа. Сая сар шинэ болоод мөнгөний асуудал хүнд байгаа үед дахиад махны үнэ өсөх нь бүр хэцүү байна. Төр засаг гэж байдаг бол үүнийгээ нэг анхаармаар юм. Ард түмэн чинь юу идэж амьдрах болж байна. Хоногийн хоолоо арай гэж олдог бид бухимдалтай байна даа.
П.УРНАА
Ц.АРИУНТУЯА


































.png)



























Сэтгэгдэл