Цахим спорт судлаач Ю.Ариунзаяат: Эмэгтэй хүн байж хүүхдүүдтэй нийлээд буу шийдэм боллоо гэдэг л юм

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Монголын цахим спортын загалмайлсан ээж гэж хүрээллийнхэн нь хэлдэг Ю.Ариунзаяаттай ярилцлаа. Тэрбээр одоо АНУ-ын Сан Франциско хотноо амьдран суудаг бөгөөд 53 настай хэдий ч цахим спортын эерэг талыг олж харж, цаашид зөвөөр хөгжүүлэхийн тулд судлан “Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд” фэйсбүүк хуудас хөтлөн, түүгээрээ дамжуулан цахим спортын тоглогчидтой онлайнаар ярилцлага хийж, гадаад дотоодоос чухал мэдээллүүдийг орчуулан хүргэдэг билээ. Хожуу боловч өөрийн сонирхлыг олж, түүнийхээ эерэг нөлөөг нийгэмд түгээхээр ажиллаж яваа Ю.Ариунзаяатын хэрхэн энэ спортод татагдах болсон, яагаад энэ спорт буруу зүгт хөгжих гээд байдаг, түүний өдөр тутмын ажил, Монгол дахь цахим спортын хөгжил дэлхийтэй харьцуулахад ямар байдаг зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

Ю.Ариунзаяат:

-АНХ ӨӨРСДИЙГӨӨ САЙХАН МАГТАЖ БАЙНА ДАА Л ГЭЖ БОДДОГ БАЙСАН-

-Таны нас хэд билээ?

-Би 53 нас хүрэх гэж байна. /инээв. сурв/

-53 настай бас эмэгтэй хүн цахим спортыг ингэж сонирхож судлаж байна гэхээр нийгэм их сонин зүйл мэтээр хүлээж авдаг байх даа?

-Хүн болгон л ингэж хэлдэг юм. Анх цахим спортын талаар маш их зүйл уншиж судлаад, түүнийгээ хүмүүст зөвөөр ойлгуулахсан гэсэн бодолдоо хөтлөгдөн 2017 оны наймдугаар сарын 17-нд “Тоглоом” нэртэй анхны постоо оруулсан байдаг. Оруулахаасаа өмнө “Гаргах уу, болих уу, залуусыг буруу юманд уриалсан болох юм болов уу” гэж их бодож гаргаж тавьсан. Энэ постод хандсан хүмүүсийн хандлага их өөр байсан учраас шууд л урам орж, хүмүүст ийм мэдээлэл очдоггүй юм байна гэдгийг мэдэн энэ спортод дурлах болсон. Нэгдүгээрт энэ насны хүний хувьд, хоёрдугаарт эмэгтэй хүний хувьд цахим спортын талаар ийм “мэссэж” хамгийн түрүүлж өгсөн хүн юм болов уу гэж өөрийгөө боддог. Энэ салбарын залуус намайг мэддэг, тэдний зүгээс надад ирэх дэмжлэг мөн их урам болдог. Мэдээж нөгөө талд нь шүүмжлэлүүд ч бий. “Хүүхдүүдтэй нийлээд буу шийдэм боллоо, эмэгтэй хүн байж” гэх мэтээр хөврөнө. Нэгэнт би өөрөө сэтгэлзүйн хувьд янз бүрийн сөрөг зүйлсэд бэлэн байдаг. Надаас өөр бодолтой хүмүүс яагаад над шиг үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж. Ерөнхийдөө сошиал ертөнцийн давуу тал тэр шүү дээ. Харин этик хэрэгтэй. Худлаа ярьж болохгүй, хүнийг гүтгэж болохгүй, муу муухай бусармаг үг хэрэглэж болохгүй.

-Та өөрөө тоглодог уу?

-Үгүй. Би өөрөө алийг нь ч тоглодоггүй. Хааяа нэг хийх юмаа олж ядах юм бол л компьютерт байгаа хөзрөө ганц нэг эргүүлдэг. Гэхдээ ийм зав ховорхон тохионо. Хүмүүс намайг өөрөө тоглодоггүй мөртлөө юу яриад байдаг юм бэ л гэдэг юм. Тиймээ, би тоглодоггүй. Гэхдээ энэ тоглоомуудыг хараад ямар учиртай, ямар тоглоом, ямар баатрууд, ямар чадвартай гэдгийг мэднэ. Их мэддэг хүмүүсийн дэргэд миний мэдлэг бага ч өөрийнхөө үеийнхний дунд арай өөр мэдлэгтэй гэж боддог.

-Танай хүүхдүүд гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манай нөхөр л “Нөхөр минь чи тоглоод байгаа юм биш биз” гэж асууж байсан. Тэд ер нь дэмждэг ээ.

-Та цахим спортод дурлах болсон түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу? Таныг яг юу энэ цахим спорт руу хөтөлчихөв өө?

-2016 оны хоёрдугаар сарын 01-нд цахим спортын “MongolZ” баг Азийн аварга болсон. Энэ тухай мэдээллийн дор бичсэн 600 гаруй хүмүүс, хүүхдүүдийн сэтгэгдлийг би хоёр өдөр цаг гаргаж уншсан. “Мундаг байна, сайн байна” гэсэн олон магтаалуудыг уншаад анх “эд нар өөрсдийгөө их л хөөргөж байна даа” гэж бодсон. Гэтэл унших тусам илүү сонирхолтой болоод уншиж дууссаны дараа “Энд маш том хүрээлэл бий болчихсон юм байна, энэ хүрээллийг бид нар мэддэггүй юм байна, мэдэхийг ч хүсдэггүй юм байна” гэдгийг ойлгосон. Үүнийхээ дараа цахим спорт гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг уншиж судалж эхэлсэн.

Мэдээлэл хайгаад үзэхэд Монгол хэл дээр тийм ч элбэг байгаагүй. Үүнээс хойш хааяадаа мэдээлэл хайж судласаар “дэлхийн хэмжээнд хөгжчихсөн, спорт болчихсон юм байна” гэдгийг ойлгосон. Ялангуяа миний насныхан үүнийг ерөөсөө мэддэггүй, ойлгодоггүй учраас хүмүүст ийм зүйл байдаг юм байна гэдгийг зөвөөр ойлгуулж, мэдээллийг олон талаас нь хүргэх ёстой гэж судлаж эхэлсэн дээ.

-Цахим спортын ач холбогдол яг юу юм бэ? Бидний хувьд зөвхөн зугаагаа гаргадаг, ихэвчлэн эрчүүд тоглож цаг үрдэг тоглоом л гэж боддог боловч дэлхийд том спорт, нөгөөтэйгүүр соёл болчихсон байх шиг..

-Багаар ажиллаж сурна, хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй болно, тархины ажиллагаанд дэмтэй гэх мэт олон сайн талууд байна. Харин үүнийг муу зүйл шүү гээд харах юм бол сөрөг талууд ч мэдээж бий. Хамгийн гол нь интернэт орчин гэдэг зүйл бий болчихсон, хүмүүс интернэтээр холбогддог болчихоод байхад энэ бол зайлахын аргагүй, бултаж, зугтахын аргагүй зүйл болчихлоо шүү дээ. Хүмүүс суугаад хоорондоо тоглодог тийм л тоглоомыг дэлгэцэн дээр аваачаад тавьчихаад байгаа юм. Үүнийг манайхан сайн ойлгож өгөхгүй байгаа юм уу, үүнийг зөвхөн хэдэн хүүхэд залуус өдөр шөнөгүй компьютер нүдээд байгаа л гэж хараад байна. Илүү сайн мэдээлэл авч чадвал энэ нь спортыг яаж хөгжсөн, ямар өндөр шагналын сантай, ямар их өрсөлдөөн болдог вэ гэдгийг олж мэдэж болно.

-Та цахим хуудсандаа ямар ямар мэдээллүүдийг түлхүү оруулдаг вэ?

- Би цахим спортын талаар зөв ойлголт өгөх, нэг талыг барьсан мэдээлэл өгөх бус, гадны улс орнуудад юу болж байгаа талаар орчуулж хүргэх, үүнийг сонирхдог залууст мэдээлэл олгох үүднээс Цахим спортын тухай мэдээ, мэдээлэлүүд нэртэй пэйж хуудас хөтлөж байгаа. Тухайлбал, сүүлийн үед их олон төрлийн тоглоомууд гарч ирлээ. CS:CО, Dota 2, PubG, Fortnite, League of Legends гэх мэт буутай зэвсэгтэй ийм тоглоомнуудаас гадна цахим спортын өөр олон тоглоомууд бий. Тухайлбал, цахим спортын дугуйн уралдаан бий болж байна, цахим спортын сагсны тэмцээн хүртэл бий болж байна. Гэтэл хүмүүс цахим тоглоомыг зөвхөн PUBG-ээр л төсөөлөөд байдаг. Эдгээр тоглоомнуудын талаар мэдээллийг хүргэж байна.

Өнгөрсөн 11 сард нээснээс хойш долоо хоног бүр дэлхийн цахим спортын хөгжил, Ази, тэр дундаа Монгол дахь цахим спортод ямар үйл явдлууд, ямар ивээн тэтгэлэгүүд хэрхэн хөгжиж байна гэдэг мэдээллийг хүргэж байна. Сүүлийн үед стримерүүдтэй ярилцлага хийж эхэлсэн ба цаашид үүнийгээ хөгжүүлэхээр бодож төвөлөсөн нилээд хэдэн ажлууд бий. Хамгийн гол нь мэдээллийг Монгол руу орчуулж оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол мэдээлэл муугаас буруу зөрүү ойлголт, хэт нэг талыг барьсан хандлага үүсч байгаа.

-Монголд эдгээр тоглоомуудаас аль нь илүү хөгжсөн байдаг юм бол?

-Монголын нөхцөлд цахим спортын Dota2, CS:CО, Fortnite, pubG нар нилээд түлхүү хөгжсөн. Хэд хэдэн тэмцээнүүд ч болсон байдаг. “League of Legends” болон “Hearts Stone”-ий тоглогчид мэр сэр байдаг. Тухайлбал, саяхан Хятадын Чүнчон хотод болсон “Hearts Stone”-ий тоглолтын үеэр манай Монголын тамирчин очиж оролцсон шүү дээ.

Харин АНУ-д Оverwatch, Сoverduty, League of Legends, Medal of honor тоглоомууд илүү хөгжсөн байдаг бол Хятадад Dota 2, CS:CО нар илүү хөгжсөн байдаг. Өмнөд Солонгос бол цахим спортын маш том төв. Азидаа Өмнөд Солонгос энэ төрлөөр хамгийн их эрчтэй хөгжсөн улс. 1997 онд тус улсад яг л манайх шиг эдийн засгийн хямрал нүүрлэж, ПСи тоглоомын газрууд маш их байгуулагдаж байлаа. Европын орнууд ч ялгаагүй тийм байсан. Одоогийн тэр том тамирчид, аналитикчид тэр үеийн ПСи тоглоомын газруудаас гарч ирсэн байдаг. Монголын нөхцөл бусад орнуудын энэ нөхцөлтэй их адилхан байдаг. Гэхдээ манайд хөгжил нь их удаад байгаа.

-Юунаас болж?

-Миний харж буйгаар экосистем нь бүрдэж өгөхгүй байгаатай холбоотой. Цахим спортын эко систем гэдэг бол нэгдүгээрт баг тамирчид, хоёрдугаарт хэвлэл мэдээлэл, гуравдугаарт ивээн тэтгэлэг буюу дэмжлэг байдаг. Баг тамирчдын хувьд манайд хангалттай байгаа. 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Montain Dew” нэртэй ундааны нэрэмжит CS:CО төрлөөр тэмцээн зохиогдоход 128 баг оролцсон. Үүнээс хойш он гаруут зохиогдсон тэмцээнд 64 баг, 32 баг оролцож байна гээд харахаар баг тамирчдын хувьд хангалттай.

Харин хоёрдугаар асуудал болох медиа, хэвлэл мэдээллийн хувьд сүүлийн үед харьцангуй гайгүй болж байна. SPS телевиз хоёр ч том тэмцээнийг өөрийн сувгаар явуулсан. Танайх надаас ярилцлага авч байгаа нь ч нийгмийн хандлага өөрчлөгдөж буйг харуулж байна. Мөн gogo.mn сайт ч Цахим спортын хөгжлийн холбооноос зохион байгуулсан хоёр ч том тэмцээнийг очиж сурвалжилсан байсан.

Гуравдугаарт, ивээн тэтгэлэг манайд дөнгөж үүсэж хөгжиж эхэлж байна. Хамгийн том дэмжигчид нь Skymedia, SPS, Mobinet гэх мэтийг дурдаж болно. Энэ гурав зэрэг хөгжиж байж цахим спортын хөгжил бусад орноо гүйцэх болов уу. Үүнийг гүйцээхийн тулд миний хийж чадах зүйл энэ буюу зөв мэдээллийг түгээх болчихоод байгаа юм. Сүүлийн дөрвөн сар өдөрт зайлшгүй 1-2 цагийг цахим спортод зарцуулж, уншиж, эсвэл сонсож, мэдээгээ бичиж, орчуулж цагийг өнгөрүүлж байна даа.

-БЕРКЛИ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭД “THE CAL ESPORT COMMUNITY CENTER” БАЙГУУЛАГДЛАА-

-Калифорнийн их сургууль Берклигийн дэргэд цахим спортыг судлах төв байгуулагдаж байгаа гэсэн. Энэ нь дэлхий нийт энэ цахим спортод хэрхэн хандаж эхэлсний илрэл болов уу? Энэ төвийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-АНУ-д манай Монгол шиг цахим спортын төвүүд байхгүй байсан. Сүүлийн үед эрчтэй байгуулагдаж байна. Миний амьдарч байгаа хотын ойролцоо “Окланд испорт арена” гэж байгуулагдаад өнгөрсөн жил би нэг арга хэмжээнд нь очиж оролцож байсан. Мөн Берклигийн их сургуулийг дэргэд “The Cal esport community center” буюу цахим спорт сонирхож байгаа оюутнуудыг нэг дор цуглуулrж, томоохон софтвээрийн компаниуд, компьютерийн томоохон үйлдвэрлэгч компаниуд гээд дөрвөн компани өндөр хүчин чадалтай 54 компьютер, тоног хэрэгслийг ивээн тэтгээд төв байгуулсан. Гэхдээ яг л манай монголд байгаа шиг үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм. Энэ үеэр би нэг ярилцага авахад “Их дээд сургуулиудын харьяа сагс, хөлбөмбөгийн баг байдаг шиг цахим спортын баг бий болж байгаа юмаа” гэж мэргэжилтэн нь хариулж байсан. Хандлага дэлхий даяар өөрчлөгдөж, цахим спортын мэдлэг олгохоор боловсролын салбарт хүртэл хичээлүүд орж эхлээд байна. Маш олон подкастууд байдаг. Миний хувьд англи хэл дээр зөвхөн цахим спортоор дагнасан дөрвөн ч подкаст сонсдог. Үүнээс гадна зөвхөн цахим спортоор дагнасан мэдээллийн сайтууд ч олон байна.

-Ивээн тэтгэгчдийн тухайд дэлхийн томоохон бизнесийн байгууллагууд энэ спорт руу хараагаа онилсон байна. Нэг тоглогчийн өмсгөл дээр өөрийн логогоо байршуулахын тулд л их хэмжээний мөнгө төлдөг байдлаар цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх болсон. Хамгийн сүүлд “NIKE” бренд энэ спортод орж ирсэн гэв үү?

-Тийм. Спорт хувцаснуудаас Nike, Adidas, Puma зэрэг, ундааны төрлүүдээс Redbull, Pepsi, Coca Cola, Mountain Dew, машины үйлдвэрүүдээс Toyato тухайлбал өөрийн нэрэмжит тэмцээнээ саяхан зохион байгууллаа. Томоохон компаниуд юуны учир цахим спортод орох болсон гэхээр энэ спортын хэрэглэгчид дандаа 35 хүртэлх насны залуус байна. Эдгээр том брендүүдийн үйл ажиллагааны чиглэл, менежментийнх нь нэгээхэн хэсэг болсон нь энэ.

-Та тоглогчидтой ярилцлага хийж тавьдаг шүү дээ. Энэ ярилцлагаас сонсоход тоглогчид зөв хэрэглээг төлөвшүүлэхүйц “Ажил, хичээлээ хаяж болохгүй, хараалын үг хэрэглэхийг дэмждэггүй” гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо хэлж байсан. Залуус цахим спортоор хэрхэн зөв бөгөөд соёлтой хичээллэх ёстой гэж та боддог вэ?

-Стримэрүүдтэй ярилцахад би өөрөө ч маш их зүйлийг мэдэж авдаг. Энэ спортын талаар юу ч мэдэхгүй байсан би одоо хүмүүст ойр зуурын мэдээлэл өгөхтэйгөө л болчихоод байгаа юм. Зарим хүмүүсийн хэлж ярьж байгаагаас харахад яах аргагүй үнэхээр хэцүүхэн хүмүүс ажиглагддаг байсан. Одоо энэ байдал эрс багассан. Үүнийг стримэрүүд ч өөрсдөө хэлж байна. Тэд хэлэхдээ нийгэмд зөв хандлага түгээе, эерэг байя, соёлтой байя гэж байгаа. Энэ тал дээр цахим спортынхон өөрсдөө маш их хичээх ёстой. Өдөр шөнөгүй, өглөө өдөр оройгүй компьютер “нүдчихээд”, эсвэл хичээл номоо таслан барин гадуур явж тоглочихоод, гэр орныхон, эцэг эхийнхээ үгэнд орохгүй, эхнэр үр хүүхэддээ цаг зарцуулахгүйгээр олон цаг тоглож явчихаад түүнийгээ “Би цахим спортоор хичээллэж байна” гэж хаацайлж болохгүй. Энэ бол огт болохгүй зүйл. Нөгөөтэйгүүр, үүнийг бид өөрсдөө л хийхээс өөр хэн ч хийж өгөхгүй. 17,18 настай хүүхэд өөр хэрэг, ээж аав нь хэлэээд өгчихнө. Гэтэл 20 гарчихсан залуус хонон өнжин тоглож явчихаад цахим спорт гэж хаацайлж байгаа нь ёс зүйн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт цахим спорт өөрөө маш их эрсдэлтэй. Зардлын хувьд өндөр үнээр бүтдэг. Стримэрүүд сайн компьютер босгоё гэхэд хоёр сая орчим төгрөг хэрэгтэй болдог. Энэ чинь мөнгө шүү. Гэтэл өдөрт зургаан цагийн бэлтгэл хийе гэхэд цалин авч ажиллахгүй байгаа учраас тэр тамирчин амьдралаа яаж авч явах вэ гэх мэт асуудлууд тулгардаг. Энэ бүгдийг хүмүүст зөв ойлгуулж, зөв байлгахын тулд бид өөрсдөө зөв байх ёстой.

image

-ЧАНСАА ӨНДӨР ТАМИРЧИДАА ГАДНЫ УЛСУУД РУУ АЛДАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЛОО-

-Одоо Монголоос ямар легионорууд байдаг бол?

-Их бий. Эртээд “MongolZ”-ийн эзэн Түвшөөгийн ярилцлагаас уншихад 10 гаруй тамирчин гадаадад тоглож байгаа гэсэн. Миний мэдэхийн Тайвнаа буюу “Mashinegun” Индонезд, Темка Индонезд, Ган-Эрдэнэ “Добу” Батболд, Батбаяр “Кабал” Бат-Энх хоёр Хятадын 5Power багт тоглож байгаа. Австралийн Грейхаундад “Erkast” Эрдэнцогт маш амжилттай тоглож байгаа бөгөөд саяхан өөрийн гэсэн стикертэй болсон.

Стикертэй болно гэдэг нэг үгээр хэлбэл зэрэг дэвтэй болж, тэр хүний чансааг харуулж байгаа гэсэн үг. Үүнийг манай тоглогч, тамирчид өөрсдийн ikon буюу зэвсэг дээрээ авч наадаг. Мөн D13 гээд баг Хятадад сургуулилт хийхээр яваад өглөө. Саяхан HORHOR гээд баг Хятадын Чүнчонд болсон тэмцээнд их сайн оролцсон. Мөн “Stormrider” гэх мэт ийм багууд, чансаатай сайн тамирчид бий. Ийм сайн тамирчдаа гадагшаа алдаад баймааргүй байгаа юм. Тэд нарыг буруутгахын аргагүй. Монголдоо тоглохоор спонсор, цалин гэж байхгүй болохоор ар амьдралтай улс хэцүү шүү дээ. Манай түрүүчийн тамирчид насны хувьд 25,6 хүрчихсэн учраас гадагшаа гарахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

-Уучлаарай, цахим спортын талаар ярихаар хүмүүс шууд л компьютер тоглоомд донтох донтолтын тухай бодож сөрөг сэтгэгдэлтэйгээр хүлээж авдаг шүү дээ. Энэ талаар та бодож байв уу?

-Өөрөө өөрийгөө барьж чадахгүй, нэг юм руу хэт ороод, түүнд хэтэрхий их цаг зарцуулаад, өөрийнхөө амрах, идэж уух, ажиллаж хөдөлмөрлөх цагаасаа хэт аваад байвал энэ бол донтолт мөн. Цахим тоглоом, сошиал ертөнцийг зөв ашиглаад явж чадвал энэ нь муухай биш. Хэрвээ би фэйбүүкээр хуурамч хаяг нээчихэээд хүн доромжлоод байвал фэйсбүүк муухай л санагдана. Харин хмүүүст мэдлэг боловсрол өгөөд, гоё сайхан мэдээллээ хуваалцаад байвал фэйсбүүк сайхан л байна. Цахим спорт яг л адилхан. Цөөхөн хүмүүсийн буруу байдлаас аливааг бүхэлд нь харлуулж болмооргүй санагддаг.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Хэт нэг талыг бариад, хэт нэг юмыг хараад тэндээсээ яаран дүгнэлт хиймээргүй санагддаг. Өнөөдөр гарсан мэдээг ахиад өөр нэг эх сурвалжаас сонсоод үзээрэй. Таны сонсож байгаа эх сурвалж яг баттай юу, шэйрлэсэн мэдээний эх сурвалжийг шалгаж үзээсэй. Мэдээлэл ийм их байгаа орчинд мэдээлэлд ул суурьтай хандаж сураасай гэж хэлэхийг хүсдэг. Нөгөөтэйгүүр, залуус аливаа зүйлд маш хурдтай хандаж хөгжмөөр шиг санагддаг. Монголын залуус бусад орны залуустай л адил сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө явж байгаа. Би та нараар маш их бахархдаг. Алдаа оноо байдаг л байх, алдаа оноогүй залуу нас гэж юу байхав, бүгд л хийж бүтээхийн төлөө л байгаа. Өнөөдөр бүтээгүй юм гэхэд маргааш болж л таарна. Тиймээс хурд, эрч хүчээ үргэлж барьж, хичээж яваарай. Энэ их даяаршиж буй дэлхийд өөрийн хүссэн бүх мэдээллээ ертөнцийн аль ч хэсэгт цацах боломжтой байхад өөрийн улсынхаа зан заншил, соёл иргэншил, уламжлал, түүхээ ямар нэгэн хэмжээгээр хажуудаа авч, сурах судлах бүтээх ёстой зүйлийнхээ нэг хэсгийг болгож яваасай гэж хүсч байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:38

зочин [103.229.123.228] 2019-03-22 07:03:36

Хэдийгээр хүний амьдрал надаа хамаагүй ч одоо монголдоо ирээ. Нөхөр ганц хүүхэдээ бодооч. Америкт 15-20 жил амьдарлаа, одоо болоош дээ. Нас чинь явж байна. Эцсийн эцэст нөхөр хүү 2 чинь чамд хэрэгтэй. Наад ажлаа Монголдоо ирээд хий. Энэ 2 чинь чамаар дутаж байна, хүлээж байна. Чи чадалтай эмэгтэй Монголд чамд хийх ажил их шүү.

T1234 [103.9.89.54] 2019-03-22 05:26:09

89

Fireman [117.111.28.216] 2019-03-21 17:36:46

Ariunzaya egch hamgiil shildeg ni

Muse [122.201.21.210] 2019-03-21 16:46:02

Saihan yaria boljee. Zaluusaa tumend tugeegeed ogoorei

tsogoo [159.146.114.72] 2019-03-21 13:34:40

tomoos tom LIKE

MeMeNTo [66.181.176.64] 2019-03-21 12:16:41

Sain oilgood ogvol uul n esport mash hurdan hogjij bgaa sport

Munkhtamir [85.203.47.188] 2019-03-21 11:28:01

Goy yariltslaga boljee amjilt Ariunzayat egchee bidniig demjij bidniig olond zuv oilguuldagt bayrlalaa tsaashdiin tuluvlusun ajild chin amjilt husey

Zzzz [202.21.106.102] 2019-03-21 09:31:35

Mashinegun odoo USA d surj bga shuude

Zzzz2 [202.126.89.153] 2019-03-22 10:07:43

Zilkenbergtei anduurvu yav?

Зочин [66.181.180.55] 2019-03-21 12:46:59

eclipse bagt togloj ble

Orgil (hagas/mergejliin) [66.181.160.34] 2019-03-21 06:23:30

eyregeer oilgodog hun baina amjilt husiy humuus comment bichq bgach gsn harsan humuus olon baigaa baix shuu

Ckrew [202.9.43.221] 2019-03-21 05:40:41

Баярлалаа танд. Ажил амьдралд нь амжилт хүсье

Tanhai emee [202.126.89.13] 2019-03-21 05:32:09

Zuv demjij bna

Гурилтай шөл [202.9.43.132] 2019-03-21 02:40:29

Зөв , дэмжиж байна.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.