Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй гэж шүүмжлэв

Т.Хулан / Улстөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хуулийн хийдэл, зөрчлийг арилгахын зэрэгцээ салбарын хүрээнд нэн тулгамдаад буй шороон ордын ашиглалтыг хязгаарлах, үндсэн ордыг дэмжих, нэн ховор элемент, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгох зохицуулалт гэх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд цэгцлэх шаардлага бий гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлж байв. Алтны жижиг уурхайнуудын учруулж буй хор уршиг, үүнийг холбогдох байгууллагууд нь үл хайхарч арга хэмжээ авахгүй, зарим тохиолдолдолд хуйвалдсан байж болохуйц хуурамч баримт бүрдүүлэн зөвшөөрөл олгож байгаа зэрэг асуудлыг Д.Эрдэнэбат гишүүн хөндөж “Төслүүдийн хүрээнд тариалан эрхлэлтийн талбайн асуудал хөндөгдөж буй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал нь бүтээн байгуулалтын ажлуудтай шууд холбоотой Барилга, хот байгуулалтын яам, ойн болон гол нуурын сав газар, байгаль орчны асуудлаа тооцох үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох төсөв хөрөнгийг тооцож шийдэх Сангийн яамны төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай. Зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал гэж харж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд хайгуулын үйл ажиллагаанд төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар тодорхой жишээ дурдав.

Үүний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.


Сэтгэгдэл

би [148.64.112.98] 2019-04-16 17:59:13

Энэ салбарын бодлого дамдуураагүй угаасаа бодлогогүй Анархи хандлага л байгаа

иргэн [150.129.140.26] 2019-04-16 15:21:25

Ашиг малтмал амь амьдрал юм шиг л ярьцгаах юм. 1. Газар шороогоо ухаснаар сайн сайханд хүрнэ гэж байхгүй. Монголчууд хэдэн зуу мянаган жил малын гаралтай бүтээгдэхүүнээрээ амьдарч ирсэн. Газар шороогоо ухах нь нутаг орныг маань үгүй хийх Манжийн хорон бодлого. Гэтэл бид юугаа ч мэдэхгүй тэр бодлогыг өөрсдийн гараар хэрэгжүүлж байна. 2. Хөрснөөс гарч байгаа чулуулаг дотор хамгийн эрэлттэй үнэтэй ховор элементүүд байдгийг манайхан нэг ч мэдэхгүй учраас шороо чулууг маань гадагш зөөж байгаад элэмэнтүүдийг салган авч үнэд хүргэж байгааг бид мэдэхгүй тэнэгтэж байна. 3. Хүний бие орчлон хорвоо химийн 108 элэментээс бүрддэг учир газар шорооноос авдаг элмементийн энергээ бид зүгээр л гаргаж хаяж байна. Тиймээс газар шороогоо ухахаа зогсоох хэрэгтэй

зочин [66.181.183.45] 2019-04-16 13:18:07

монгол хүн бүрт сар бүр мянган доллар өг бид авах эрхтэй бидний өвөг дээдэс асар их баялаг үлдээсэн байхад муу шимэгч паразитууд шавчихаад бидний баялагыг цөлмөж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.