Г.Майцэцэг: Улс төрчид бидний хоолыг булааж буй учраас ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ хөгжихгүй байна
-ТОМЧУУД ГАДААДАД АЙЛЧЛАЛ ХИЙХДЭЭ МӨНГӨ ГУЙХ БИШ “MADE IN MONGOLIA” ГЭСЭН БАРААГАА ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ-
Монголдоо, монгол брэндээ бий болгон шударга бус зүйлийн дэргэдүүр дуугүй өнгөрдөггүй дайчин, хөдөлмөрч бүсгүй Г.Майцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 2008 онд “Exclusive” брэндийг үүсгэн байгуулж Монгол Улсын хувцас үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл авчирсан нэгэн. Тэрээр өөрийн компанийн үйлдвэрлэлээ авч явахын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” төрийн бус байгууллагыг тэргүүлдэг. “Энэ байгууллага маань аж ахуйн нэгж, хувь хүн, монголд бүтээн байгуулагдаж байгаа бүх зүйлд хамаарч эдний эрх ашиг дуу хоолойг хүргэхийн тулд байгуулагдсан” хэмээн тодорхойлсон.
Ингээд олон зүйлийг нуршилгүй эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж буй дайчин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.
-"Exclusive" брэнд Монгол Улсын хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг танай салбарынхан дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. "Exclusive" брэндийн түүхээр ярилцлагаа эхлүүлмээр байна?
-Би Улаанбаатар хотод төрсөн ч, есдүгээр ангиасаа Польшид амьдрах болж, тэнд 19 жил амьдарсан. Энэ хугацаандаа нөхөртэйгөө танилцан гэр бүл болж хүүхдүүдээ төрүүлсэн. Польшид манайх хөнгөн үйлдвэрийн салбар буюу оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Гэр бүлийн маань хүн хувцасны зураач дизайнераар мэргэжлээр Германд сургууль төгссөн. Бид Польшид амьдарч байх хугацаандаа 20 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байлаа. Хүний нутагт ажил олгогч байна гэдэг амаргүй л дээ. Шантрах зүйл гаралгүй л яахав. Бүгдийг оргүй хоосноос эхэлсэн. Бизнес хийж буй хүнд алдаж онох, асгах үе зөндөө л тохиолдоно. Ийм эрсдэлийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байна ёстой. Айлын ганц охин гээд эрх дураараа өссөн ч гэлээ 14 настайгаасаа хүний нутагт бизнес хийж мөнгөний үнэ цэнэ, хорвоо дээр үнэгүй юм байдаггүй гэдгийг мэдэж авсан. Хүн ер нь олон жил хүний нутагт ажиллаж, амьдрахаар өөрийн эрхгүй эх оронч үзэлтэй болдог юм байна лээ. Аливаа зүйлийг дандаа л эх оронтойгоо харьцуулж харна, бодно. Нэг удаа “Хүний нутагт амьдарч болоод байхад яагаад эх орондоо амьдарч болдоггүй юм” гэсэн бодол төрсөн л дөө. Хувь хүний араншин, гентэй холбоотой ч байж магадгүй. Ингээд 2008 онд Монголдоо ирж хувцас үйлдвэрлэлийн салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан. Тухайн үед ажлын хувцас үйлдвэрлэдэг хэдэн компани, ноос ноолуур, нэхий үйлдвэрийн компаниуд. Эсгий тавчик, үндэсний хувцас гээд өрхийн үйлдвэрлэлээс өөр зүйл байгаагүй. Бид Польшид томоохон брэндүүдийн туслан гүйцэтгэгч байсан болохоор манай улсын зах зээл маш хоосон, өрсөлдөгч байхгүй. Монголд үйлдвэрлэсэн гэхээр л тэнгэрийн юм хийчихсэн мэт хүлээж авдаг тийм л цаг үе байсан. Хүний нутагт олон жилийн турш юу сурч мэдсэн, өөрийнхөө чаддаг, мэддэг зүйлийг эх орондоо зориулъя гэж нэг талаасаа маш их хүссэн. Хүн нэг л амьдарна, хөгширсөн хойноо юу хийж бүтээснээ яриад суух сайхан ш дээ. Өрсөлдөгч байхгүй учраас захиалагч байхгүй. Тэгэхээр өөрөө зах зээлийг бий болгохоос өөр арга байгаагүй. Тиймээс энэ хоосон орон зайг нөхөхийн тулд, хувцас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд "Exclusive" брэндийг бий болгож байлаа.
-Та "Exclusive" брэндийг Монгол Улсын хувцас үйлдвэрлэлийн салбарт ямар хувьсал хийсэн гэж боддог вэ?
-"Exclusive" брэнд 2009 онд үүсгэн байгуулагдсан. Сөдөн куртикийг монголдоо анх үйлдвэрлэж, ажлын хувцсанд эргэлт хийсэн. Анх биднийг монголд ирэхэд ажлын хувцас өнгө үзэмж муутай, том хэлхэгэр байлаа. Харахад л ая тухгүй. Гэтэл ажлын хувцас гэдэг тухайн компанийн нүүр царай, хүн амьдралынхаа ихэнх цагийг тэр хувцастайгаа өнгөрөөдөг. Тийм учраас европт ажлын хувцас үйлдвэрлэхэд шаардлага өндөр тавьдаг. Хэрэглээний хувцаснаас 3-4 дахин илүү үнээр хийлгэдэг. Гэтэл монголд эсрэгээрээ ажлын хувцас юм чинь гээд хамгийн хямдхан материалаар хийдэг. Яг үнэндээ ая тухтай байлгахаас гадна ямар нэгэн аюул осол болоход хүний амийг авардаг байхгүй юу. Бид ажлын хувцсан дээр маш том шинэчлэлийг хийж чадсан. Анх “Exclusive” брэнд байгуулагдахдаа “MCS”, "Энержи Ресурс" ХХК-ийн ажлын хувцасны стандартыг гаргаж өгсөн. 2011 онд ажлын хувцсанд нано технологийг нэвтрүүлж, олон улсаас чанар аюулгүй ажиллагааны шаардлага хангасан гэх сертификат авч байсан. "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагдсанаас хойш маш олон үндэсний брэнд бий болсон. Би салбарынхаа залуучуудаар үнэхээр их бахархдаг. Эдгээр залуучуудын төлөө хэцүү бэрх замыг туулаад гараад ирсэн гэж бодохоор надад сайхан санагддаг. Энд тэнд таараад уулзахад харц нь хүртэл хүндэтгэлтэй, үг нь хүртэл талархалтай байдаг. Хэдэн жил элдэв үгээр хэлүүлж, чичлүүлж тэмцсэний маань үр шим юм даа.
-Та ярианыхаа эхэнд "Exclusive" брэндийг үүсгэн байгуулж байхад монголын зах зээл хоосон санагдаж байсан гэж ярьсан. Нийт масст зориулан хувцас үйлдвэрлэх боломжгүй салбарт ажиллана гэдэг амаргүй болов уу?
-Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Хавар, намар, өвөл, зуны хувцас зайлшгүй өмсөх шаардлагатай. Одоо ингээд бодоход Африкийн халуун оронд төрчихсөн бол маш гунигтай, яагаад гэхээр хэзээ ч өвлийн хувцас хийхгүй, шаардлага ч байхгүй. Манай улсад хувцас үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтой, суурь бааз нь бий гэсний үүднээс "Exclusive" брэндийг зоригтойгоор байгуулсан. Дээрээс нь манай монголчууд маш мэдрэмжтэй ард түмэн. Польш найзууд, Туркийн хувцасны бизнесийнхэн "Танай монголчууд супер" гэж хэлдэг. Яагаад гэхээр Монгол Улс гуравхан сая хүн амтай. Иргэн бүр нь өөрөө өөртөө дизайнер. Жишээлбэл, миний өмсөж буй нарны малгай сувдан гоёлтой байгаа биз. Энэ малгайг Польш, хятад хүн "Загвар нь ийм юм байх" гэж бодоод дуугай л авдаг. Харин монгол хүн "Энэ сувд байхгүй, оронд нь ийм юм байсан бол. Монголд хийж байгаа юм чинь энийг нь ингээд өөрчилж болох уу" гэж асуудаг. Маш хэцүү зах зээл. Маш мэдрэмжтэй. Зөвхөн хувцасны тал дээр ийм өндөр мэдрэмжтэй юм болов уу гэтэл салбар бүрт нарийн мэдрэмжтэй ханддаг юм байна. Монгол Улсад хүн болгонд таарсан массын үйлдвэрлэл хийгээд явна гэдэг маш том зориг, эрсдэл. Энэ бүхнээс шантрахгүй байх зоригийг хэн, хэзээ өгсөн бэ гэхээр 2015 оны есдүгээр сарын 19-ны өдөр "Номин"-гийн гадаа ирсэн 10 мянган иргэд Г.Майцэцэгийн үзэл бодлыг өөр болгосон.
-“ЧИНГИС БОНД”-ООС САНХҮҮЖИЛТ АВАХААСАА ӨМНӨ ОДОО БАЙГААГААСАА 20 ДАХИН ИЛҮҮ БАЙСАН-
-Та Шинэчлэлийн Засгийн газрын үед “Чингис бонд”-оос хөнгөлөлттэй зээл авсан. Зээлээ төлөөгүй гээд танай компанийн дансыг хаасан. Зээлээ эргэн төлсөн үү?
-Би санхүүжилт орж ирсэн даруйд "Чингис бонд"-оос зээл авсан гэж яриад байсан. Хэзээ хойно нь "Чингис бонд"-оос зээл аваагүй гэдгээ мэдсэн. Би зээлээ "Голомт" банкнаас авсан. Тухайн үед "Чингис бонд"-оос мөнгө авсан" гэхээр хүмүүс маш их дургүйцэж муухай чичлээд л байсан. Тэр үед "Яагаад, намайг янз бүрээр хэлээд байгаа юм бол" гэж гайхдаг байлаа. Ер нь эмэгтэй хүнийг маш муухайгаар хэлдэг юм билээ. Сая ЖДҮ-гийн асуудал ил гарч ирэхэд л даргын тойрон хүрээлэгчид, УИХ-ын гишүүд жилийн гурван хувийн хүүтэй зээл авдаг гэдгийг мэдлээ. Үйлдвэрлэгч хүн зээл авахаар хардагддаг гэдгийг ойлгосон. Нэг их олон тайлбаргүйгээр ярихад "Exclusive" брэнд "Чингис бонд"-оос санхүүжилт авахаасаа өмнө ямар байсан гэдгийг хэлье. Хүмүүс тэр болгон манай компанийг мэддэггүй байсан. 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээгээд амжилттай ажиллуулж байсан. 2013 он гэхэд "Exclusive" брэнд монголын зах зээлд аль хэдийн байр сууриа олчихсон. УИД-ийн 1, 2 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулдаг VIP үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол гээд нэлээд олон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг болчихсон байсан. Дахиад хэлье "Чингис бонд"-оос зээл авахаас өмнө шүү дээ. Хүмүүс "Танайх сүүлийн үед сайн болоод байна шүү" гэж хэлэхээр нь дотроо хөнгөхөн санаа алддаг. Яагаад гэхээр "Чингис бонд"-оос санхүүжилт авахаас өмнө одоо байгаагаасаа 20 дахин илүү өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
-Танай компанийн дансыг хэдэн онд хаасан билээ. Данс хаасан цаг үеэс “Exclusive” брэндийн цар хүрээ хумигдаж эхэлсэн гэж үү?
-Манай компанийг зээлээ төлөхгүй байна гээд 2014 оны дөрөвдүгээр сард данс хаасан. Данс хаана гэдэг 6-7 жилийн хөдөлмөр, Оросын зах зээл рүү гаргах гэж байсан сөдөн куртикны 3 сая ам.долларын гэрээ цуцлагдсан. Алга урвуулахын дайтай л юм болсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед татвараас зугатсан, зээлээ төлөхгүй байна гэх ойлголт нийгэмд үүссэн л дээ. Яг үнэндээ би авлигалын эсрэг л тэмцсэн үйлдвэрлэгч л байхгүй юу. Би ярианыхаа эхэнд хэлсэн. Бизнесмен хүн мөнгө олно, шатна байдаг л зүйл. Гэхдээ хүн шударга бус юмыг тэвчдэггүй л байхгүй юу. Татварын албаныхан "Танайх байгуулагдаад хоёрхон жил болж байж яаж ийм их эргэлтийн хөрөнгөтэй болсон юм бэ" гэж асуусан. Тухайн үед манай компанийн жилийн эргэлт хоёр тэрбум төгрөгт хүрч байсан. Татварынханд банкаар эргэлдэж буй мөнгө нь сонин болохоос биш үйлдвэрлэгч яаж үйлдвэрлэлээ явуулдгийг сонирхдоггүй. Өртэй байна гэдэг нүгэл юм уу. Би зээл авсан л хүн байхгүй юу. Би хэзээ ч татвараас зугтаагүй, хэрэв би 20 гаруй сая төгрөгийн авлигал өгчихсөн бол надад 170 сая төгрөгийн акт тавигдахгүй байсан. Би үүнийг л эсэргүүцсэн юм. Яагаад гэхээр би буруу юм хийгээгүй. Татвар нуун дарагдуулаагүй. Хоёр жилийн өмнө даавуу худалдаж авахад хуурамч падаан өгсөн байсан. Би тэр хуурамч падааныг үйлдвэрлээгүй, би мэдэхгүй. "Жаст ойл", “Эко констракшн” гэсэн хоёр компанийн НӨАТ-ын падаан хуурамч байсан. Сар болгон НӨАТ-ын тайлан өгдөг. "Хуурамч байсан гэдгийг тухайн үед нь яагаад хэлээгүй юм бэ" гэдгийг татварын албанд хэлээд дийлээгүй л дээ. Би хохирогч байж, гэмт хэрэгтэн болсон. Тэгээд татварын албаны хүмүүст "Би 170 сая төгрөгийн актан дээр гарын үсэг зурна. Би та нарт авилгал өгөхгүй. Цээж баян хүн “Ланд” аваад мөргөлдүүлээд хаячихсан гэж бодьё. Инээж байгаад төлнө" гэдгээ хэлсэн. Үйлдвэрлэгч нарт 170 сая төгрөг гэдэг маш их мөнгө шүү дээ. Тухайн үед гурван сарын дотор 170 сая төгрөг төлөх ямар ч боломж байгаагүй. Яагаад гэхээр бүх мөнгөөрөө тоног төхөөрөмж худалдаад авчихсан. Муухайгаар хэлбэл төмөр худалдаад авчихсан байсан. Одоо болтол зээлээ төлсөөр л байгаа.
-Тухайн үед таныг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан. Үүсээд байсан нөхцөл байдлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны хүмүүст даалгасан. Та асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй юм уу?
-Ерөнхий сайд хүлээн авч уулзаад арай хийн хөл дээрээ дэнчигнэж байсан компанийн үйл ажиллагааг моринд нь мордуулчихсан. Яагаад гэхээр ерөнхий сайд авч уулзахдаа "Энэ компанийн асуудлыг шийдвэрлэж өгөх үүрэг даалгавар өглөө" гэж хэлсэн. Маргаашнаас нь монголын ард түмэн бүгдээрээ миний эсрэг болж "Аймар зальтай хүүхэн" гээд ярьж эхэлсэн. Хүний харлуулах зүйл маш олон байдаг. Үгний өөн дээр хүртэл ажилладаг юм байна лээ. Нийт масс манайхыг "Чингис бонд"-оос санхүүжилт аваад босоод ирчихсэн гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ "Чингис бонд" үр өгөөжөө өгөх нь битгий хэл миний амьдралыг маш таагүй байдалд оруулж байсан. Гэхдээ яахав дээ, энэ хэцүү байдлыг даваад гараад ирчихсэн. 2015, 2016 онд би үнэхээр зүдэрсэн. Бүх салбаруудаа хаасан. Би “Чингис бонд”-оос санхүүжилт авсандаа харамсдаг.
-Та Польш улсад баялаг бүтээгч байсан. Тухайн улс ажил олгогч, баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-2015 оны өршөөлийн ил тодын хуулиар надад хуурамч падаан бичиж өгсөн хоёр компани цагаатсан. Гэтэл "Exclusive" компани 170 сая төгрөгийн өртэй үлдсэн. Манай компанийн дансыг хаах үед хувь хүн рүү хэт их дайрчихсан юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр татварын байцаагч, татварын албаны хүмүүс ажлаа л хийж байсан. Өнөөдөр залуучууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсдэг болчихсон байна. Харин юу үгүйлэгдээд байна вэ гэхээр зөв бодлого. Татварын байгууллага торгодог гэхээсээ илүү дэмжигч, найз нь, туслагч, зөвлөгч нь байх ёстой. Би 2002-2008 оныг хүртэл Польш улсад ажил, олгогч баялаг бүтээгч хүн байсан. Хичнээн би гадны иргэн ч гэсэн татвар, нийгмийн даатгал дээр очиход үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа “Та цай уух уу, кофе уух уу” гэж асууна. Монголд кофе, цайгаар дайлах нь яах вэ, гай битгий болоосой гэж боддог. Манай улсын татварын бодлого үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж чаддаггүй. Тийм учраас өнөөдрийг хүртэл манай бизнесийнхэн томорч чаддаггүй. “ТОР” гэгдэж буй компаниуд аль нэг том даргынх эсвэл танилынх нь байдаг. Эмгэнэлтэй, өрөвдөлтэй ч юм шиг жишээ хэлье л дээ. Польш хоёр найз маань монголд ирлээ. Тэднийгээ дагуулаад “Цонжин болдог” үзүүлэхдээ "Манай ерөнхийлөгчийн хувийн компани" гэлээ. Ингээд цаахна талд нь байдаг "Хаан жимс" амралтын газарт очоод мөн л "Экс ерөнхий сайдынх" гэж хэллээ. Хоёр найз маань "Аан" гээд гайхаад өнгөрлөө. Хотод орж ирээд уулын замаар хамгаалалтай АСЕМ-ийн хорооллын урдуур өнгөртөл "Энэ юу вэ" гэхээр нь "Өнгөрсөн жил танай улсын ерөнхийлөгч оролцсон АСЕМ-ийн чуулга уулзалтын зочдод зориулж барьсан хороолол" гэтэл "Одоо энд ямар хүмүүс амьдардаг вэ. Их өндөр хамгаалалтай юм" гэв. Тэгэхээр нь "УИХ-ын зарим гишүүд, том дарга нар энд амьдардаг" гээд хэлтэл бүр гайхчихсан. "Танай парлемантын гишүүд тойрогтоо амьдардаггүй юм уу" гэж найзуудыгаа асуухаар нь би өөрөө гайхаад "Польшид яадаг билээ" гэтэл "Ард түмнээс сонгогдсон гишүүд тойрогтоо амьдардаг. Ингэхгүй бол ард түмнийхээ амьдралыг яаж мэдэх юм бэ. Маяа чи л ганцхан улс төрчдийнхөө талаар ийм их мэдээлэлтэй байна уу" гэж асуухаар нь "Үгүй, монгол даяараа мэднэ" гэж хэлтэл "Өө, бурхан минь" гээд толгойгоо цохиод л "Бид Польшийн улс төрчдийг шуналтай, идсэн уусан гэж байнга харддаг. Гэтэл танай төрчдийн хажууд сахиусан тэнгэрүүд юм байна" гэсэн. Би Польшид 20 гаруй жил амьдрахдаа хэзээ ч улс төр сонирхож байгаагүй гэдгээ тэр л үед мэдсэн. Надаас ямар татвар авдаг, улс төрд юу өрнөж байгааг мэдэхгүй, зүгээр л ажлаа хийдэг байсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр манай монголчууд буруу зүйлийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Улс төрчид болон нийгмийн цочроосон хүчирхийллийн ямар нэгэн дуулиант мэдээг "Хөөх" гэж хүлээж авахаа больсон. Ганц, хоёрхон хоног шуугиад л мартдаг болсон нь үнэхээр харамсалтай.
-УЛС ТӨР, БИЗНЕС ХОЁР ҮРГЭЛЖ ТУСДАА БАЙХ ЁСТОЙ-
-Энэ жил ЖДҮ-ийн асуудал нэлээд газар авлаа. Гэвч ихэнх нь цагаадад өнгөрөх нь байна. Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч хүний хувьд та юу гэж бодож байна?
-Манай бизнесийн салбарынхан шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй. Өнөөдөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс өөрсдөдөө зориулж хууль гаргадаг юм байна. Энэ бүхнийг эх орондоо ирээд амьдарч байх хугацаандаа харлаа. Ийм юмыг яаж тэвчихийн, хэлж, ярьж, шаардаж байж ямар нэгэн юмыг засдаг болохоос биш. Аялдан дагалдаад зохицож амьдарна гэж байхгүй л дээ. Зохицож амьдрах юм бол авилгал өгөх эрхтэй болдог. Авлигалын хонгилыг хэн бий болгодог юм бэ гэхээр бизнес эрхэлж буй хүмүүс өөрсдөө л бий болгодог. Авилгагүй нийгмийг би болгох хамгийн том хөшүүрэг буюу түүчээ нь бизнесийн салбарынхан өөрсдөө байх ёстой. Шударга зөв бизнесийнхэн “ТОР-100” аж ахуй нэгжийн тоонд ордог байгаасай л гэж хүсдэг. Саяхан шилдгүүдээ шалгаруулсан "ТОР-100"-гийн эхний 10-т уул уурхай, банк санхүү, сүлжээний бизнес, архи, тамхины наймаа эрхэлдэг компаниуд шалгарч байна. Хөгжилтэй улс орнуудад хэзээ ч ийм төрлийн бизнес ТОР болдоггүй юм. Харин үйлдвэрлэгчид болдог. Япон, солонгосыг хар л даа. “Тоёота”, “Самсунг” улсынхаа нэрийн хуудас болж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч нар “ТОР-10”-д шалгарч чаддаг болсон цагт Монгол Улс хөгжчихсөн байна гэж харна. Ийм улс байлгахын төлөө өнөөдөр бид золиослох ёстой бол золиод ирээдүйн 10, 20 жилийн дараах залуучуудынхаа замыг нь засаж өгөх ёстой. Түүнээс биш өнөөдөр ганцаараа Г.Майцэцэг бүгдийг шүүмжлээд байгаа юм шиг. Эсвэл зарим хүмүүс улс төржөөд байна гэдэг. Улс төржөөд байгаа юм биш ээ. Улс төрчид өөрсдөө бидний хоолыг булаагаад байна. ЖДҮ-гийн асуудлыг хар л даа. Төрд бодлого боловсруулаад иргэдээ тайван амьдруулах ёстой хүмүүс нь ард түмнийхээ хоолыг ичих ч үгүй булаагаад идэж байна. Тиймээс бидэнд дуугарахаас өөр арга алга. Биднийг дуугараад хэлэхээр улс төржүүлж байна гэдэг. Улс төр, бизнес хоёр үргэлж тусдаа байх ёстой. Хэрэв холилдож эхэлбэл шударга бус зүйл эндээс эхэлдэг гэдэг алтан зарчмыг А үсэг заасан Польш багшаасаа хамгийн анх сонссон. Тухайн үед ойлгохгүй л өнгөрч байлаа. Монгол Улсад ЖДҮ хөгжөөгүй шалтгааныг сая бүгдээрээ харлаа. Сүүлийн 20 гаруй жилд ЖДҮ-ийг дэмжсэн бол өнөөдрийн утаа, замын түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, залуучуудын гадагшаа гарсан нүүдэл гээд маш олон асуудал үүсэхгүй байсан. Яагаад гэхээр ЖДҮ бол бүх юмны суурь. Энэ асуудал яригдаж эхлэхэд л би шүүмжилсэн. Гэтэл “Жижигхэн асуудал. Үүнээс ч том асуудлууд байна. Концесс, 60 тэрбум” гээд л ярьж байлаа. Хүн өөрийнхөө мэдэх юмыг л сайн ярина. Итгэл үнэмшлээрээ дуу хоолой болж явдаг. Монгол Улс жижигхэн зах зээлтэй. Энэ жижигхэн зах зээл, цөөн хүн амтай хүмүүсийг ажилтай, орлоготой тайван амьдруулах маш амархан л даа. Манай төрийн дарга нар гадны улс орнуудад айлчлал хийхдээ мөнгө гуйх биш, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг яаж экспортод яаж гаргах уу гэдгийг судалж, харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Том орнуудын төрийн айлчлалыг харж байхад өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг зарах уулзалт л болдог. Манай монголын дарга нар энд тэнд очихоороо газар, хөрсөн доорх баялгаа барьцаанд тавиад гуйлга гуйгаад л, зээл өгөөч гэдэг. Энэ ерөөсөө огтхон ч биш ээ. Идэх өмсөх гэдэг хүний суурь хэрэгцээний нэг. Яг үүнтэй адилхан суурь хэрэгцээг үйлдвэрлэж бүтээдэг хүмүүс нь үндэсний үйлдвэрлэгч нар шүү дээ. Эднийгээ л төрийн бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй.
-Таны бодлоор үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд яах ёстой вэ?
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье, хөгжүүлье гэж бодож байгаа бол импортын бараа бүтээгдэхүүнд зоригтойгоор татварыг нэмэх ёстой. Гэтэл ийм бодлого байхгүй. Яагаад гэхээр бодлого боловсруулаад сууж буй 76 гишүүний дотор үйлдвэрлэгчид байхгүй дамын наймаачид байна. Тэнд И-мартын төлөөлөл, "Оргил"-ын төлөөлөл сууж байна. Эдгээр хүмүүс хэзээ ч импортын бараанд татвар нэмэхгүй. Яагаад гэхээр өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөх учраас тэр.
-"Exclusive" брэнд яг одоо ямар цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-"Exclusive" брэнд яг одоогийн байдлаар есөн аймагт салбартай, гурван аймагт үйлдвэр нээчихсэн ажилуулж байна. Одоо зуравдугаар сарын 15-нд Говь-Алтай аймгаас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсч буй нэг ангийн хүүхдүүд бүгдээрээ манай үйлдвэрт дадлага хийнэ. 2019 оны 11 дүгээр сард сургуулиа төгсөөд энэ анги тэр чигээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цех болж ажиллах юм. Залуучуудад аймаг орон нутагтаа ажиллаж амьдрах суурь бааз нь тавигдаж байна.
-Та 10 жилийн сурагчдад оёдлын дамжаа үнэгүй хичээллүүлж байгаа. Хүүхдүүд хэр сонирхолтой байхын?
-Манай клубт явж буй хүүхдүүд оёдолчин, дизайнер болно гэхээс илүүтэй хувцас яаж бүтдэг гэдгийг мэдэж аваасай л гэж хүсдэг. Есөн настай жаахан хүүхэд "Багшаа, хувцас ийм хэцүү бүтдэг юм уу" гэж асуусан. Нэг хувцсыг ганцхан оёдолчин оёдог гэсэн ойлголт ганцхан хүүхдүүдийн дунд биш томчуудад ч гэсэн байдаг. Ганцхан өмд үйлдвэрлэхийн тулд дизайнер хүн загвараа гаргана, исгэнэ гээд 6-7 шат дамжлагыг давдаг. Нэг хүний 20-40 жилийн хөдөлмөр шаардагддаг. Хүүхдүүд "Нэг хувцас бидний гарт ирэхийн тулд ийм олон шат дамжлага давдаг юм уу. Нэг оёдолчин найман цагийн турш оёдлын машины ард суудаг юм уу" гэж асуудаг. Хүүхдүүдэд найман цагийн турш оёдлын машины ард томоотой сууна гэдэг боломжгүй, тэдний төсөөлөлд ч буухгүй. Сургалтад суусан хүүхдүүд гэртээ хариад аав, ээждээ "Хувцсаа хайрлаж гамтай өмсөнө. Хувцас үйлдвэрлэх ямар хэцүү гэдгийг харлаа" гээд ярьсан байна лээ. Энэ л миний хүсч байсан зүйл. Олон хүүхдүүдэд ийм үрийг тарьж чадвал хөдөлмөр хийдэг хүнийг хүндэлдэг болно.
-Та шударга бус зүйлийг эсэргүүцэж дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг. Харин таны гэр бүлийнхэн яаж хүлээж авдаг вэ?
-2015 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрсөнгүй тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж байна. Айл гэрийн эхнэрүүд ихэвчлэн нөхөр рүүгээ залгаад "Хаана байна, юу хийж байна" гэж асуудаг. Харин манай нөхөр над руу байнга л тэгж залгана. Өнөөдөр талбай дээр жагсаал болж Жагар, Цэгмид нар баригдаад явжээ. Чи анзаарсан бол түрүүхэн манай нөхөр над руу залгаад "Хаана байна" гэхээр нь "Санаа зоволтгүй ээ, би сайтад ярилцлага өгөх гээд явж байна" гэтэл "Чи тэр жагсаал руу очоогүй биз дээ" гэсэн. Манай хүн намайг тэр жагсаал руу очно гэдгийг мэдэж байхгүй юу. Үргэлж "Чи хаана байна, юу хийж байна" гэж залгадаг. "Болдог бол дөрвөн мөчийг чинь цохиод гэртээ байлгах юмсан" гэж хааяа хэлдэг юм. Аргаа барсан хүний үг байх л даа. Нэг талаасаа манай нөхөр намайг маш их дэмждэг. Хувцас үйлдвэрлэлийн салбарт эмэгтэй хүн ажиллана гэдэг хэцүү. Маш их дэмжиж тусалдаг. Нэг удаа хэвлэлийн бага хурал хийгээд орой гэртээ орсон чинь бага хүү "Ээжээ, таны тэнэг зоригтойгоор монгол даяараа мэдчихсэн үү" гэж асуухаар нь "Юу болов, миний хүү" гэтэл "Та хувцсаа шатаана гэж хэлсэн биз дээ" гэсэн. Ид тэмцэж байх үедээ орой гэртээ орохдоо их айна. Яагаад гэвэл нөхөр, хүүхдүүддээ зэмлүүлнэ. Гэсэн ч намайг дэмждэг байсан. Миний ар тал болж өнөөдрийг хүртэл хамтдаа байсанд нь гэр бүлийнхэндээ маш их баярладаг.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа?
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан ч ОХУ хүлээн зөвшөөрөөгүй
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг Ж.Чинбүрэн ахална
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
Л.Оюун-Эрдэнэ: Он гараад залуу гэр бүлийг дэмжих орон сууцжуулалтын багц зарлана
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар