Яагаад техникийн хяналтын үзлэгт хамрагдах ёстой вэ

Б.БУРМАА / Хууль

-Та тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулж амжсан уу-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 25 техникийн хяналтын төвүүдэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 344209 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:
- Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 4,828
- Жолооны механизмаар - 2,763
- Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 2,607
- Экологийн үзүүлэлтээр - 917 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.
Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.
Иймд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-г баталсан байдаг. Энэхүү журмын 4.1. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.
4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:
4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
4.2.4. автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.

Дашрамд дурдахад нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын 3 төв нь өнгөрсөн онд албан ёсоор итгэмжлэгдсэнээр олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм. Хэрэв та тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношлогоондоо хамрагдахыг АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ААС УРИАЛЖ БАЙНА.


Сэтгэгдэл

ИРГЭН [202.126.89.81] 2019-06-18 06:49:24

Оношлогооны хэдэн ажилчид нь 20000 төгрөгийн хахууль өгөхгүй бол яаж ийгээд унагаана. Өгвөл ямар ч машиныг тэнцүүлдэг ш дээ. Ялангуяа Баянзүрх, Дамбадаржаагийн салбарууд.

Зочин [202.126.89.112] 2019-06-18 04:33:29

Хэдэн хурандаа нарын хувийн бизнесийг дэмжих учраас энэ балай юманд орох ёстой.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.