Ардын уран зохиолч Т.Галсангийн “Хилийн овооны нууц” номын баяр өнөөдөр болно
Т.Галсан нагац ах Д.Халзангийн хамт. Заг-Байдрагийн Хүрэн бэлчир
-Миний шавь Зундуйн Дорж бол мал сүргийн хилчин. Манай Б.Ринчен багш бол монгол хэлний хилчин. Харин Ерөнхийлөгч бол Монгол Улсын хилчин юм-
Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, их зохиолч Д.Нацагдорж болон билгүүн номч Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Тангадын Галсангийн “Хилийн овооны нууц” домог найраглалын номын баяр өнөөдөр 14.30 цагаас Хууль сахиулахын их сургуулийн харьяа Хилийн албаны дээд сургууль болох гэж байна.
Эзэн богд Чингис хаан минь эмээлт морио бууж амсхийлгэсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчрээс төрөн гарсан эрхэм найрагчийн эл номд газар шороо, эх нутаг, элгэн түмнээ гэсэн чин халуун сэтгэл нэвт шингэсэн тухай номын өмнөтгөлд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа гуай уулга алдан өгүүлжээ. “Хилийн овооны нууц” найраглалын зураачаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Тангадын Мандир ажиллажээ.
Эгэлгүй мэргэн эрхэм өвгөн бичээчтэй “Эх орны манаа” сонины сэтгүүлч Б.Алтанцэцэг ийн хөөрөлдсөнийг уншигч танаа хүргэж байна.
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Тангадын Галсан гуай сонины маань хоймрыг эзлэн тухалж байгаа нь энэ. Монгол хүний эрхэм зочноо хүндэтгэн угтдаг ёсоор хилчдийн минь урилгыг хүлээн авч хөөрөлдсөн танд юуны өмнө тэднийхээ өмнөөс талархалаа илэрхийлье. Түүний урланд ороход гэртээ буй мэт гэрийн шаахай, биеийн тамирын хөнгөн хувцастай цайлж суулаа. Өөрөө ч нэг зочинтой байх төдийгүй тэд Сүхбаатар жанжин ардчилсан үзэлтэй нэгэн байсан тухай хоорондоо хэлэлцэх аж. Тэгснээ, “За хө Хилийн цэргийн тагнуул байгаа шүү” хэмээн нөхөртөө яриагаа цэгнэхийг сануулан хөхрөлдөв. Түүний бичгийн бор ширээн дээр дааж ядам их ном, ноорог навтраг үзэгдэх бөгөөд тэрбээр энэхүү урландаа их л тухалдаг шинжтэй. Ийнхүү зочинтойгоо нэг бус нэжгээдийг хэлэлцэнгээ цайлж дуусаад Т.Галсан гуай, “Золигийн охин чинь яах гэнээ” хэмээсээр бичгийн ширээнийхээ ард суулаа. Утга агуулга бүрэн цэгцрээгүйг илтгэх улаан балаар тун чиг цэвэрхэн гаргацтай засвар оруулсан нэгэн бичгийн цаасыг барьж аван, “Чамд найраглал уншиж өгье, сонсох уу” гэлээ. “Хилийн овооны нууц” хэмээх лав элбэг 30 хуудас бүхий найраглалыг тэрбээр “Өмнийн хилийг насаараа хамгаалсан өвгөн хурандаа М.Ганболдод” зориулав гэж тодотгожээ. Найраглал,
Нэг. БУМБАТ ХАЙРХАН
Өгөөжит газраараа хүн борддог
Үхсэн хүнээрээ газар борддог
Суурьшил иргэн харж гэмээ нь
Шуналын шүлс нь амнаасаа асгармаар
Хар бурам байна шүү дээ гэж
Халбагадаж шороог нь үмхмээр
Хүрэн бор цөрмөн хөрстэй
Хөглөг хайрханыг та аждаа...хэмээн эхэлж монголчууд тангуудтай хэрхэн хилээ тогтоож буй тухай түүхэн үйл явдлыг өгүүлжээ. Түүний хэлснээр өдгөө энэхүү найраглалыг цахимдах л үлдээд байгаа аж.
-Мөнхийн Ганболд хурандаа таньтай уулзаж ярилцана гэхэд нэгэн найраглал бичсэн байна билээ гэж надад сураг дуулгасан юм. Тэр нь энэ бололтой?
-М.Ганболд тун гайгүй хүн байгаа юм. Хилчин хүн М.Ганболд шиг байвал зүгээр. Үгүй ядаж архийг угаадас шиг асгаж гарч чадна. Хэдэн жил үерхлээ. Нэг за гэвэл ёогүй эр хүн. “Хилийн нэр томъёоны тайлбар толь”-ийг миний зарлигаар бүтээсэн шүү дээ. Хэр баргийн хүн ингэж чадахгүй. Хилийн цэргийн түүхэндээ энэ толь анхдагч бол тэр гавъяатай л хүн байж таарна. Манайхан тэтгэвэрт гарсан бол цаашаа гэдэг. М.Ганболд хурандаа энгэртээ хэдэн шар тэмдэгтэй, хэдэн шар хүүхэдтэй, нэг муу шар самгантай л хүн дээ. Миний шавь Зундуйн Дорж бол мал сүргийн хилчин. Манай Б.Ринчен багш бол монгол хэлний хилчин. Харин Ерөнхийлөгч бол Монгол Улсын хилчин юм. Одоо бол эх хэлний хилчин байхгүй болчихоод байна. Сая найраглал уншиж байхад чамд мэдэхгүй үг таарав уу?
-Зөндөөн үг байсан шүү?
-Чи шударга байна. Яг ийм мэддэггүйчүүдэд зориулж уг тулга тойрсон хэдхэн үгээр бичих ёсгүй юм. Мэдэх, азтайчуудад зориулж бичих ёстой юм даа.
-Та энэ найраглалаа манай сонинд өгөхгүй биз?
-За даа, миний оюуны хөдөлмөр учир зүгээр өгөхийг хүсэхгүй байна. Улаанбаатар зоогойд нэг удаа танай даргатай таарсан. Ингэхэд ресторан гэдэг үгийг зоогой гэдэг юм шүү дээ. Ихэс дээдэс маань зоог барьдаг өргөөгөө зоогойд урьж байна гэдэг байлаа. Одоо ч бүх юм газар нэртэй болж. Засгийн газар, бие засах газар, цайны газар... гэх мэт. Тэр зоогойд урихаар нь хил хамгаалаагүй ч хилийн сэдэвт шүлэг, зохиол арвин бичсэнийг минь мэддэг байх нь хэмээн дотроо тун их ойшоосон шүү. Танай дарга тэр үед,“Хамтдаа хилээр явна” гэсэн юм. “Тэнгэрийн дор төрснийх хураас яаж зайлах вэ, төрийн дор төрснийх зарлигнаас яаж зайлах вэ, жанжин тушааж байхад цэрэг би явна” л гэсэн. Тэгээд хүлээгээд нэгэн жилийг өнгөрөөлөө. Зав зай нь болоогүй юм болов уу, завсрын хүн тушаалыг нь биелүүлсэнгүй юу бүү мэд. Санаа салаалчихсан үед уран бүтээл цалгарддаг тал бий. За тэр ч яахав. Ер нь Хилийн цэргийн үе үеийн дарга нар намайг мэддэг байсан. Ж.Ёндон генерал чинь аль байгууллагынх билээ дээ. Миний шүлгийн дээжсээс уншдаг хүн байсан юм.
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
гээд л эхэлнэ дээ. Цэргийнхэн бараг бүгдээрээ мэддэг юм шиг байна билээ.
Яншаа эмээ шиг гачигдал тоочиж шившигээ дэлгээд
Ялааны хор уун эмнэлэгт хэвтэж ходоодоо угаалгаад
Яаж ийгээд цэрэгт явдаггүй хөвгүүн охидын нүдэнд
Ямааны гурвын шалдан хаа шиг харагдана
Цэрэгт явдаггүй хөвгүүдийг би ийн шоолсон юм. Харин цэргээс ирэгсэдийг ийн хэлнэ.
Саяхан цэргээс халагдсан ханхар эр
Саахалтын тэртэйгүүр исгэрэн жавхалзан өнгөрөхөд
Сайхан хүүхнүүдийн бүсний үзүүр алдуурнаа
Санаа алдахад нь энгэрийн товч мулт мулт үсэрнэ
гэж цэргээс ирэгсэдийг магтсан юм. Батлан хамгаалахын ихэнх генералууд “Болор цом”-ын шүүгчид байдаг байлаа. Гэхдээ орон тооны биш шүү. Бүх зохилчдын нэрсийг жагсаан оноо өгөөд, тэр таарлаа, тэр зөрлөө хэмээн тэмдэглэчихсэн суудагсан. Ялангуяа Р.Гаваа генерал хамгийн идэвхтэй шүүгчийн нэг байлаа. Ер нь яруу найргаар өөрийгөө зэвсэглэчихсэн хүн харанхуй орчлонд гэгээтэй явдаг, алуурчин хорвоод авралтан болдог юм шүү.
-П.Сүндэв генерал нэгэн ярилцлагандаа таны тухай дурссан байна билээ. Дүүтэй нь та найз байсан гэлүү?
-Би П.Сүндэв гуай гэдэг юм. Уг нь миний дүү болох хүн л дээ. Би нэг удаа Анагаах ухааны дунд сургуулийн үдэшлэгт уригдлаа. Тэгсэн Ардын жүжигчин Ц.Гантөмөр Маяковскийн “Зөвлөлтийн паспорт” шүлгийг уншиж байна. Би ч бас шүлэг уншлаа. Тэр үед би их сургуулийн оюутан байлаа. Болоогүй ээ, гонжоом гошролдуулчихсан, илжигний сүүл шиг эрээн зангиагаар хоолойгоо боочихсон их эр байв. Их сургуулийн оюутнууд чинь дундынханд арай өөр харагдана биз дээ. Үдэшлэг тартал Пушкин Дантесийг дуэльд дууддаг шиг нэг нөхөр хүрч ирээд, “Чи ямар овоо нөхөр вэ” гээд зодох модох юм болов. Тэгтэл нэг чийрэг бор залуу намайг өмөөрч хамгаалаад гэртээ аваачваа. Ингээд тэр залуутай үерхэж найзалсан чинь П.Сүндэвийн төрсөн дүү П.Дамдинсүрэн гэж тус сургуулийг төгссөн эмч залуу байж таарч. Ингээд Их сургууль, Сүндэвийн хооронд миний жим гарах нь тэр. Тэр үед гуя хасандаа зайгүй хөөрхөн банди миний өвдгийг түшиж, надад амархан дассан нь П.Сүндэв. Эгч нь гэж бас хөөрхөн охин байлаа. Хожим яруу найрагч Л.Өлзийтөгсийн ээж Г.Аюурзанын хадам болсон доо. Ном уншина гэж жигтэйхэн. Надаар шүлэг уншуулах их дуртай. Харин тэр охинд шүлэг уншихад саад болдог нэг нөхөр байсан нь П.Сүндэв. Миний ганц цайны гонжоомыг хайлмаг болгочихсон нөхөр байгаа юм. Тавин жилийн тэртээ тэмээчин болж дэвшээд малчин үеэ дуусгаад, ажилчин үеэ төгсгөөд, ахиад сэхээтэн болсон үедээ таарсан чинь Д.Хадбаатар аварга шиг ханхар эр байтлаа Хилийн цэргийн жанжин болсон байв шүү.
-Та Хилийн цэрэгтэй өөрийн уран бүтээлээрээ багагүй холбогдсон хүн. Түүний илэрхийлэл нь Хилийн цэргийн 70 жилийн ойгоор гаргасан ном гээд олон зүйл байдаг юм билээ?
-П.Сүндэв жанжин байхдаа намайг нэг удаа дуудсан юм. Тэр үед хил дээр буу алддаг, хоорондоо мэс зөрүүлдэг таагүй үе байсныг нуугаад яахав. Гэтэл генерал дуудаад, “Бид хилчин дайчдаа орчин үеийн байлдааны зэвсэг хэрэгслээр зэвсэглэчихлээ. Гэвч тэр зэвсгээр дайсныхаа төдийгүй өөрийнхөө амь насыг хохироож мэдэхээр байна. Үүнээс аврах нэг зүйл нь хилчин дайчдыг эх оронч болоод хүнлэг сэтгэлээр зэвсэглэх явдал юм. Та бидэнд тусална уу. Таны шүлэг эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн агуулгатай болохоор эмхтгээд нэг сайхан боть гаргая. Гэхдээ халаасанд багтахаар байх хэрэгтэй. Хилчид яг л өөрийнхөө буу сумыг агсаад явж буйтай адилхан халааснаасаа гаргаж ирээд уншдаг байх хэрэгтэй” гэсэн юм. Би,“Гүйцэтгэе” л гэсэн. Өөлд хүн үгээ иддэггүй юм. П.Сүндэв ч өөлд, би ч өөлд. Тэгээд, “Бидний алдар нэр Монгол, Бидний алтан амь хил” гэсэн нэртэй дориун ном бэлтгэж гаргасан. Хилийн цэргийн 70 жилийн ойд зориулан нэгдүгээрт хилчин дайчиддаа хүргэх, хоёрдугаарт уригдсан зочиддоо бэлэг болгочих овсгоо байсан юм билээ. Энэ мэтээр хилдээ буу барьж зогсоогүй боловч хил хамгаалах үйлсэд Хилийн цэргийн жанждын даалгавар биелүүлж явж дээ.
-Ер нь хил, хилчид, эх орныхоо төлөө дуугараагүй, магтан дуулаагүй түүний үнэ цэнийг мэдрээгүй уран бүтээлч угаас байдаггүй байх аа?
-Манай зохиолчид дунд хилчин яруу найрагч олон бий шүү дээ. Тухайлбал Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарч байна. Түүнийг нэгэн үе /1970-1980 онд/ “Овоотын заставын ногоон малгайт, онгод найргийн цагаан толгойт” гэдэг байлаа. З.Баттулга гэж мундаг зохиолч ч байлаа шүү дээ. Тэр үед эрлийзүүд Янжмаагийн, Долгорын, Дулмаагийн гэж эхээрээ овоглодог байсан цаг үед ганцхан Баттулга Зо Пайжингийн хүү гэдгээ ер нуудаггүйсэн. Эцэг эхээ хүн өөрөө сонгодоггүй. Гэтэл түүнийг нууна гэдгийн ард нэг зүйл анзаарагдаад байгаа биз. Магадгүй Хятадын эсрэг үзэл ихээхэн газар авч асан үе учир улстөрийн болгоомжлол ч байсан биз. Гэвч Баттулга түүнийгээ нуугаагүй. Ядарч яваа нэгэнд тус болдог сайн ч хүн байсан. П.Бадарч бид хоёр Нацагдоржийн музейд нэгэн зуур сахиулаар ажиллаж байлаа.Нацагдоржийн тамхийг татсан гэж манай хүн халагдаад, их зохиолчийн музейд эсэргүүн шургажээ гэж намайг халсан юм. Ингээд хоёул ажилгүй явж байгаад З.Баттулгатай таарсан. Нэртэй, төртэй хүн чинь том жанжид дээр шууд хөтөлж ороод л П.Бадарчийг хил рүү явуулсан. Ингэсний буян, З.Баттулгын ачаар ч, “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий...” гээд л мундаг мундаг бүтээлүүдээ тэр туурвисан. Хил дээр байгаа болжморын нүднээс хүртэл шүлэг олж бичсэн шүү дээ. Бас Барнангийн Доржпалам гэж “Болор цом”-ын эзэн сайхан найрагч байлаа. Жаахан эрт дээд тэнгэрт дуудагдчихаагүй бол өдийд монгол яруу найргийг урагш нь өртөө сунгачих тийм сайхан авьяастай найрагч, үнэнч хилчин байсан юм. Хилийн цэргийнхээ хувцасаар гоёно. Их ч гоё зохино. Гонжоом өмсөхөөрөө голийсон хар юм харагдана. Цэрэг хувцасаа өмсчихөөрөө “Энэ чинь ирээдүйн жанжин байна уу даа” гэж хэлмээр. Жаахан хэл нь тультираа, хөл нь туйвраа болсон үедээ харин гонжоом өмснө. Харин цэвэр цэмцгэр үедээ цэргийн хувцасаа л өмсөнө. Тэгэхээр хилчин хүний нэр хүндийг уух идэхдээ хүртэл хамгаалж явдаг ухааны жолоотой эр байсан байгаа биз. Хувцас өмсөхөд бас ухаан байдаг юм шүү хүүхдүүд минь.
-Та Монгол Улсын хилээр олонтаа явж байсан шүү дээ. Тэр үед хилчин хүний мөс чанарыг мэдэрч байсан тохиолдлоосоо ярьж өгөөч?
-Халхын таван уул, Онгоны хилийн хэсгээр гээд олон газраар явж байлаа.Цэргийнхэнд тушаал бол тушаал байдаг. Б.Доржпалам бид хоёр Дорнодын хилээр явсан юм. Хоёр найрагчийг “тэр өртөөнд хүргэ” гэхэд “гүйцэтгэе” гээд л цэргийн албан хаагч аваад явна. Ингээд явж байтал өвлийн идэр есийн хүйтэнд дугуй хагарлаа. Өнөөх жолооч дугуй хагарна гэж бодоогүй байж. Багаж түүнд байдаггүй. Идэр есийн жаварт бид хоёр осгож эхэллээ. Дорнодын тал өвс ихтэй. Цолд өвс нь шугуй шиг өтгөн. Түүнийг шатаахад түймэр алдахын эрсдэл байхгүй. Цастай учраас тэр. Өвс шатаан араасаа бүлээцэхэд өврөөсөө хөлдчих гээд л, өврөөсөө бүлээсэхээр араасаа хөлдчих гээд л хэцүү байлаа. За ингээд дуусах нь дээ гэж бодож байтал араас унаа ирсэн. Тэр үед хилчид ямар сонор сэрэмжтэй, цаг хугацааны тооцойтойг биширч билээ. “Өнөө эсэргүү Т.Галсан Хилийн цэргийн унаагаар Хятад руу гараад явчихаж мэднэ” гэж муугаар хэлэхэд хардсан биз. Сайнаар бол хоёр яруу найрагч яачихав аа гэж санаа зовсон байх. Ингэж тэд араас ирэн аварч байсан шүү. Тэр отрядын дарга нь Г.Хүүжий гэж хурандаа байсан юм. Дархад хүн тэр тал нутагт даамай сайн ажиллаж байсан. Бүжин бут бараадаж хярдаг шиг, зараа чулууг андахгүй нөмөрлөдэг шиг Г.Хүүжий хурандаа тийм л мундаг хүн байсан. Түүнтэй адил манай нутагт олон сайхан хилчин байлаа. Миний нагац ах Ёндон-Ойдов гэдэг хүн байсан юм. Б.Цэдэн-Иш генералын баруун гар шүү дээ. Ардчиллын салхи сэвэлзэхээс өмнө намайг чинь эсэргүү нэгэн гэдэг байлаа. Тиймээс ч 50 жилийн урд Ц.Лоохууз хонь, ямаа хариулахаар, би тэмээ хариулахаар цөллөгөнд явж байлаа. Бидний мэт 320 сэхээтнийг эх орончоор ийнхүү шийтгэсэн байдаг юм. Төр бэлтгэсэн тэргүүлэх сэхээтнүүдээ цаазлана гэдэг бол дайны талбарт хэдэн шинэ цэрэг үлдээд мэргэжлийн офицеруудаа бүгдийг нь хяргачихаж буйтай агаар адил зүйл. Ер нь хэлмэгдүүлэлт гэдэг тийм их аюултай. Миний ах харин азаар хэлмэгдүүлэлтэд өртөөгүй хүн. Насаараа баруун, зүүн хил дээр үүрэг гүйцэтгэсэн хүн байгаа юм. Мөн Халзан гэж жолооч бий. Тэр ах бол манай Загийн голын хүн. Дэндүү шударга даа. “Намайг манай сумын анхны жолооч гэдэг чинь худлаа шүү. Цэрэннадмид гэж өөр хүн байсан” гээд шулуухан хэлэх жишээтэй. Одоо цагт, түүхийн гэрчгүй үед бол тиймээ л гэнэ биз дээ. Үгүй шүү дээ. Халзан ах хоёр дайнд оролцсон хүн. Гэхдээ зөвхөн шатахуун тээвэрлэх үүргийг гүйцэтгэсэн гэдэг. Хэрвээ шатахуун үгүй бол жанжны машин,байлдааны хуягт, танк бүгд явахгүй биз дээ. Тэгэхээр муугаар хэлэх юм бол шатахуун зөөгч бол бууны ар талын цэнэг бүхий дарьтай л адилхан гэсэн үг юм. Халзан ах одоо 90 нас хэвийсэн ч ухаан санаа саруул сайхан хэвээрээ бий. Түүнийг үүрэг гүйцэтгэж байх үед манайхан нууц хадгалах, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Дорнодын талд машиныхаа гэрлийг халхалсан нөхцөлд тээвэр хийдэг байж л дээ. Харин Халзан ах ерөөсөө гэрэл асаалгүйгээр давхидаг байсан гэлцдэг юм. Дорнодын талд дайсны нэг л сум шатахуунтай машиныг шүргэхэд юу болох нь тодорхой шүү дээ. Манай нутгийн Заг, Байдрагийн хүрэн бэлчир гэдэг чинь зүүн талаас нь Чингис хаан яваад оччихсон, баруун талаас нь Найманы Таян хаан яваад хүрчихсэн, хоёрт талд жагсан тулалдаж байсан түүхт нутаг. Халзан жолооч энэ нутгийн хүн. Тэгээд ч хангай нутгийн шөнө их харанхуй. Хангай нутагт шөнө дөлөөр айл амьтан, ах дүүдээ зарагдаад юм уу, эс бөгөөс амрагийн болзоонд морьтой цогихдоо зөвхөн одоор зүг чигээ олж сурсан учраас тэр их талд огтхон ч ажрахгүй явж байсан хэрэг л дээ. Ийнхүү дайны амаргүй нөхцөлд тэрбээр үүргээ маш сайн гүйцэтгэсэн байгаа юм. Бид дайнд “төдийг алсан” гэсэн хүнээ баатарт тооцож,“төдийг аварсан” хүнээ тоодоггүй юмдаг уу даа. Гоомой л хэрэг дээ. Ер нь дайны галын тэргүүн шугамд яваа нь гавъяатай юу, ялалтыг ганцхан тэд авчирдаг уу гэдгийг сайтар бодох ёстой юм. Хоол, хүнс, хувцас, шатахуунаар нь хангаж, хамгийн гол нь “миний ард эх орон минь бий” гэсэн итгэл сэтгэлийн түшээ болж байсан ар талын албаныхан илүү гавъяатай ч юм бил үү. Ингээд бодохоор яах аргагүй Халзан ах хилчин баатар байжээ гэж би итгэдэг. Одоо ч баатарт өргөмжлөх зарлиг нь гарахад оройтоогүй байгаа. Тэр өөрөө хэзээ ч өөрийнхөө талаар ямар нэг зүйл ярихгүй. Үүнийг л би баттай мэдэж байна. Манай нутгийнхны сайхан чанарыг хадгалж авч үлдсэн, гайхамшигтай сайхан өвгөн хилчний тухайд товчхондоо ийм.
-Иргэн хүний хувьд улс эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын үнэ цэнийн тухай юу бодож явдаг вэ?
-НҮБ-ын гишүүн улсын хувьд Монгол Улсын хил олон улсын хараа хамгаалалтад байгаа. Одоо түүнийг сансраас хянаж байна. Манай улс хойд, урд хөрш рүүгээ хорголоо няслаад байдаггүй энх тайванч бодлоготой учраас хил тайван байна. Харамсалтай нь эх хэл маань хилчингүй байна. Монгол Улсыг “монхор улс” болгох аюул нүүрлэсэн үед өмсч зүүсэн дээлээрээ, үг хэлээрээ, үзэл санаагаараа, ганцаараа ганцдахгүй Монголоо хамгаалж байсан дайчин бол миний багш, хэл шинжлэлийн ухааны их эрдэмтэн, их багштан /профессорыг ийн хэлнэ/ Б.Ринчен байлаа. Харин одоо УИХ-ын зарим гишүүн болох М.Батчимэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар эх хэл сүйдэж магадгүй байгааг мэдрээд Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачиллаа. Үүнийг харин хурдхан хэлэлцэх ухаан З.Энхболд тэргүүтэй эрхэм түшээдэд эрх биш байгаа байлгүй дээ. Та бүхэн гадаа гараад хаягаа хараарай. XIX зууны Африк нэг иймэрхүү байсан юм гэсэн шүү. Бичиг үсгийн уламжлалт соёл нь үгүйрч, төрт ёсны уламжлал байхгүй боллоо. Энэ олон замбараагүй хаягнаас хэрэгтэй албан газраа олж чадахгүй төөрч байна. Гэртээ ороод өвөө, ач хоёр монголоор яриад ойлголцохгүй байна. “За миний хүү, удам сайттай ураг барилдаарай” гэж эхнэр авах дөхсөн ач хүүдээ хэлэхгүй юу. Гэтэл нөгөөх нь ойлгохгүй, “Өө дедушка юу гээд байгаа юм бэ” гэж байна шүү дээ. Аав нь, “Нэгдүгээрт амь зуух материаллаг бааз сайтай, хоёрдугаарт бакалавр, магистраас доошгүй боловсролтой, гадаадын банкинд евротой хүнтэй суугаарай” гэж орчуулж байгааг яалтай. “Өвлийнх нь идшийг аав нь даая” гэхэд л бэр, хүргэний аль нь ч түүнийг ойлгохгүй сууна. Би чамд хэдэн бог, бод өгье гэхэд бүр ч ойлгохгүй. Харин,“мах өгье өө” гэвэл арайхийн ойлгож байх жишээтэй. “Та, манай гэр бүлийн энэ өвлийн хүнсний асуудлыг шийдвэрлэж байгаа юм уу? Малаа Герман технологиор бэлтгээд, Япон стандартаар савлаад ирүүлээрэй. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж балиар юм хэрэггүй шүү” гэж ярих нь халаг байна. Тэр нь цувдай, гэдэс дотор, хярамцагийг хэлж буй хэрэг. УИХ-ын гишүүнийхээ хэлж буй үгийг өвгөд эмгэд ойлгохоо байчихаж. Энэ нь төр, ард түмэн хоёр ойлголцохгүй байна гэсэн үг. Дэлхийн мөхөж магадгүй хэлний тоонд монгол хэл бүртгэгдээд байна. Ийм үед бид улсынхаа хилийг хамгаалж чадаж байгаатай адил оюун ухааныхаа хилийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ бидний талд ард түмэн бий. Академич Д.Цэрэнсодном, эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй гуай тус бүрдээ “Эх хэл” сэтгүүл гаргаж байна. Энэ бол гэгээрүүлэх бодлого. МҮОНТ-ээр “Тунгаамал” гэж нэвтрүүлэг гарч байгаа. Түүнийг жилийн турш алгасалгүй үзсэн хүн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад шууд тэнцэж чадаж байх юм бол телевизийн бодлого, гэгээрэл хоёр нь хоорондоо холбогдож буй хэрэг. Хүүхдүүд Солонгос кино үзэж солио тусахын, Америк кино үзэж алуурчин болохын оронд хэрэгтэй юмаа үздэг болно. Боловсролын яамнаас саяхан уран зохиолын хичээлийг хасах ухвар мөчид шийд гаргаж алдаад залруулах шив дээ. Уг нь “Боловсрол” бус “Гэгээрлийн яам” байх ёстой юм. Хоол хоолойгоор даваад, ходоодоор дамжин, хошногоор гарахыг боловсрох гэдэг юм шүү дээ. Гэгээрүүлнэ гэдэг эрдэм гэдэг нарыг тархи, зүрх хоёрт дүүргэж өгөхийг хэлнэ. Энэ яам утга зохиолын хичээлийн цагийг багасгаснаа эргээд буцлаа. Алдаж болно. Залруулж чадаж байна гэдэг эрүүлжиж байгаагийн нэг шинж. Монголын төр хэлээ хэрхэн хамгаалж чадаж байсан нь хэлний түшмэлтэй байсан явдлаар харагддаг. Хэлний түшмэлийн дор бичээч, түүний дор тал бичээч гэж байсан шүү. Их зохиолч Д.Нацагдорж, Б.Ринчен багш цагтаа тал бичээч байсан гээд боддоо. Тэгэхээр түүнээс дээш мөн ч егзөр толгойнууд алба хааж асан байж таарна биз. Тиймээс төрийн яамд эх хэлний түшмэлтэй болох ёстой гэж би боддог. Ер нь хэлний мэргэжилтнүүд авиан зүй, өгүүлбэрзүй, өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн гэж ярьж суух биш ардын үр хүүхдэд бусдын санааны ааганд тултал өгүүлэх чадвар эзэмшүүлдэг, төрийн аль ч бичиг баримтыг хилийн зурвас адил бат нотлолтой бичдэг чадвар эзэмшүүлэх ёстой. Монгол хэлээ хамгаалахын төлөөх тэмцэлд зохиолч, сэтгүүлчдийн үүрэг их. Хэдхэн жилийн өмнө “Бүргэд” телевизийнхэн чинь монгол хэлээ мохоохоор ирсэн гайтнууд уу гэлтэй хачин хазгай хэлтэй залуусаар нэг хэсэг дүүрсэн юм. Хэд хэдэн удаа шүүмжилсэн. Шүүмжлэл хүлээж авч байгаагийн ард эрүүл ухаан байна. Тэд “Дүлий” Чойжил гэж манай мундаг гүүш/орчуулагч/-ээр хичээл ном заалгасан юм билээ.
-“Бүргэд” гэж та Ийгл телевизийг хэлж байна уу?
-Ямар юмных нь Ийгл байдаг юм. “Бүргэд”. Тэдний орчуулгын кино нь оршуулгынх болоод байсныг зассан Д.Чойжил бидний “Орчуулагчийн зовлон, жаргал” гэж ном бий дээ. Энэ номыг сүйхээ ихтэй урд хөрш хэвлээд ашиглаж байна гээд боддоо. “Бүргэд”-ийнхэн “бөөснөөс”-өө салсаны илрэл нь сэтгүүлч Б.Жаргалмаа, Н.Баасандамба нарын утга төгс улстөрийн нэвтрүүлгээс ил болов. Хүн үзэхэд ой гутмааргүй сувгийн нэг нь одоо энэ “Бүргэд” шүү дээ. Ер нь эх хэлээ хамгаалах хүч бидэнд бий. Эх хэлээ хамгаалах хууль харин тунхаг байх ёсгүй. Монгол Улсын төрийн... гээд эхэлвэл л тунхаг болж, архив гэдэг авсанд орох болно. Харин түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга билигийг зад зааж, цааз болгон мөрдүүлэх ёстой.Эх хэлээ гутаасан хэн ч бай хариуцлага хүлээх ёстой. За иймэрхүү байна. Миний шавь Зундуйн Доржийн хэлснээр мал, хэл, хил гуравтайгаа байгаа цагт манай Монгол алзахгүй дээ.
-Хилчин хүн гэж таныхаар чухам хэн юм бэ. Таны зүрх сэтгэлд ямар сэтгэгдлийг үлдээсэн байдаг юм бол?
-Энх цагт бол хилийн овооны нэг ширхэг чулуу шиг, эх орондоо Оюу толгой шиг, эхний суманд өртөхдөө айхгүй, бутны ард нуугдахгүй, гараа өргөхгүй, Чингисийн үеийн дөрвөн хүлүүг, есөн өрлөгтэй би хилчин хүнийг жишиж хэлнэ. Салаан дарга нь гэхэд аравтын дарга шиг, суман дарга нь мянганы ноён адил. Үүрэг хариуцлага хоёроо дээд зэргээр мэддэг, өдрөөс илүү шөнө зөн совингоороо аюул занал, амгалан тайванг мэдэрдэг хүмүүс бол хилчид. Би Эхийн голын заставт очиж байлаа. Гэнэтхэн л үхэр хадны араас хоёр буутай хилчин гарч ирээд,“Зогс, та Монгол Улсын дархан хил дээр байна” гэсэн. Тэр үед айх биш баярлах сэтгэл төрж ийм аавын хөвгүүд эх орноо манаж байдаг юм байна шүү гэж бахархсан. Сулинхээрийн заставт морь харах гээд үдэш орой зогстол нэг юм гэнэтхэн сүүтгэнэхээр нь дайсны тагнуул биш байгаа даа гээд ахиулан хартал хөөрхий хужирссан зээр байж билээ. Нутгийнхаа гөрөөсөнд буу дуугаргаж сум цусддаггүй хүмүүс бол хилчид шүү дээ. Өвгөн ах нь, “Бидний алдар нэр Монгол, Бидний алтан амь Монгол” гэдэг номдоо хилчдийнхээ талаар хэлэх бүх үгээ бүрэн багтаасан. Тиймээс ч П.Сүндэв генерал, “Бид орчин үеийн бүх зэвсгээр хилчдээ зэвсэглэсэн. Одоо эх оронч үзэл, хүнлэг сэтгэл хоёроор зэвсэглэлээ. Танд баярлалаа” гэсэн дээ хө. Танд уншиж өгсөн “Хилийн овооны нууц” найраглал маань ширхэг чулууны цаана ямар олон мянган жилийн, ямар эх оронч сэтгэл, цус, ямар их түүх, соёл шингэсэн байдгийг өгүүлэв. Хилийн тухай олон найраглал, тууж бий л дээ. Үүний дайтай бичсэн нь харин юу л бол.
Тэрбээр ярилцлагын төрөл зүйлийг хөөрөлдөөн гэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тиймээс ч би хөөрөлдөөн хэмээн өвгөн багшийн өгүүлснээр дээр бичлээ. Ярилцлага гэдэг нь харилцан үйлдэлцэх хэвээс нэр үг үүсдэггүй учир буруу гэх аж. Хэрвээ ярилцлага гэж байх аваас идэлцлэг, уулзцлага, инээлцлэгэ гэх мэтээр ярих нь зүй гэж надад тэрбээр тайлбарлалаа. Ингээд жаргалтай бас жавхаатай өтгөс Т.Галсан гуайтай хуучилсан хөөрөлдөөнөө энэ хүргээд жаргааж байна.
Сэтгэгдэл
Зочин [223.11.141.20] 2019-11-07 02:58:34
Galsan guai huuhed bhad iim bsan odoo ch iim, hgshirdoggui hun yumaa