“Эцэг” хуулийн мэндэлсэн өдөр
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохионо. Үндсэн хуулийг “Эцэг” хууль хэмээн нэрийдэх нь бий. Хууль хуулийн дээд болохоор аавтайгаа зүйрлэж байгаа хүндлэл биз ээ. Тэгвэл “Эцэг” хуулийн энэ жилийн төрсөн өдөр түүхэнд үлдэх нь тодорхой. Яагаад гэхээр Үндсэн хуульд олон жил яригдсан нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш анх удаагаа “Төрсөн өдөр”-ийг нь тэмдэглэх гэж байна. Тэгээд ч Улсаа тунхагласны ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ёсчлон батлагдсан цаг хугацаа нэгэн дор давхацсан нь жир тохиол бус ашдын билэг ерөөл буюу.
Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр Монгол Улсын хөгжлийн өнөөгийн өндөрлөг, өнгө төрх, цаашдын ирээдүйг цогцлоон бүтээж ирсэн юм.
Монголын нийт ард түмний өргөн оролцоотой хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд Ардчилсан Монгол Улс хэмээн үнэлж, харилцах болсон билээ.Тиймээс ч шинэ Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.Тиймдээ ч “Эцэг” хууль хэмээн өргөмжлөгддөг.
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүхтэй.Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.
Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна. Мөн “Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч” хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна. Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй.1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хууль
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй.1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заажээ.
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн байна.Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэсонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй.Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг.Эдгээрийн 3-4-ийг гарцаагүй өөрчлөх ёстой байсныг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр шийдлээ. Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлтөөс хэдэн зүйлийг онцолж хэлье. Тухайлбал, парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишигт бодитоор ойртуулж чадлаа. Энэ бол Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бие даан бүрдүүлэх боломжтой болсон явдал. Үүнийг парламентын засаглалтай бүх оронд байдаг нийтлэг зарчмын дагуу хийсэн том алхам гэж үзэж болно. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд үндэслэл, тооцоогүй зардал нэмэхийг Үндсэн хуулиар хориглосон. Үүгээр өнгөрсөн хэдэн жилийн турш гажуудал болж газар авсан “тойргоо услах” нэрийн дор хийдэг хууль бус асуудлыг нэг тийш болголоо.Мөн “Давхар дээл” гэж ярьдаг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх тухайд ахиц гарлаа. Тухайлбал, Засгийн газрын дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болно гэж оруулсан. УИХ-ын хяналтын чиг үүргийг дээшлүүлж, энэ чиглэлийн дэд хороо байгуулахаар тусгалаа. ШЕЗ-ийн томилгооны системд өөрчлөлт орууллаа. Ерөнхийдөө олон жилийн турш ярьсан гол асуудлуудыг ямар нэгэн хэмжээнд зохицуулж чадсан өөрчлөлт болсон гэж үзэх боломжтой.
Засгийн газрын шийдвэрээр Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, нэмэлт өөрчлөлт оруулбал ямар хүрээний асуудлыг хамрах талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг байгуулсан үеэс энэ асуудалд тасралтгүй оролцсон судлаачийн хувьд энэ удаагийн өөрчлөлт үүссэн нөхцөл байдал, шаардлагад хариулт өгч чадсан гэж хэлнэ. 1992 оноос хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын нийгэм, тэр дундаа улс төрийн харилцааны системд үүссэн болж бүтэхгүй зүйлс Үндсэн хуулиас болсон гэхээсээ илүү түүнийг хэрэгжүүлэх явц, дагаж гаргасан хуулиуд, тухайн хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хүмүүсээс шууд хамаарч байгаа гэж би хувьдаа үздэг. Ер нь, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульт ёсны тулгуур үзэл санаа 1924 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй уламжилж ирсэн гэж баттай хэлж болно” хэмээн дүгнэсэн.
Тэгвэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэдийнэ хэлсэн. Түүний удирдаж буй цаг хугацаанд,сонгогчдын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд Их хурлынхаа танхимаас эрхт төрийнхөө Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналтайгаар гар өргөн баталсан болохоор тэд ч бас түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой.Энэ бол хэн ч маргахгүй түүхэн үйл явдал юм. Нэмэлт өөрчлөлтийн тухайд яаран дүгнэж шүүмжлэхэд эрт байна. Бүхнийг цаг хугацаа харуулна. Хамгийн гол нь энэ парламентын гавьяа бол өчнөөн жил ярьсан зүйлийг хэрэгжүүлсэнд л оршиж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.61] 2020-01-11 22:16:46
Хууль байж төр тогтдог,Төр байж хууль төрж,хэрэгждэг.Ямарч сайн хууль гарсан түүнийг зөв хэрэгжүүлэх нь чухал.Үндсэн хууль, бусад хуулийг иргэн бүр тэгш эрхтэй
2ах [202.55.188.94] 2020-01-11 15:59:23
2 удаа бузарлууллаа даа үндсэн хууль минь дандаа мангар мангаснууд.одоо яахав дээ..буцаад 1 сайхан цаг .ирэх байхаа
Иргэн [103.57.93.57] 2020-01-11 12:23:15
Эцэг хуулиа иргэд бид өөрсдөө эх барьж авбал сайхан байхсан. Даанч МАН 1924,1940,1960,1992, 2000 оны нэмэлт, 2019 оны нэмэлт бүгдийг эх барьж авчихаад ямархуу үр төрсөнийг мэдрүүлэхгүй зовоочих юмаа. Лав л сайн үр заяасансан бол бидний амьдрал дээрдэх ёстой доо. Хулсан ташуур минь байгаасай. Хуруундаа өлгөөд мордох юмсан гэж...
Зочин [103.212.116.117] 2020-01-11 11:05:52
Harin tiim ene setguilch gej golognuud Undsen huuliig duraaraa helj yarij doromjloh yumaa. Yu ch medehgu ch yum bolgoniig meddeg yum shig bdag mongonii yanhanuud
Зочин [122.201.24.230] 2020-01-11 10:49:24
Хууль лууль
Зочин [202.21.124.198] 2020-01-11 07:00:23
Хууль чинь гууль болчихоод байгаа юм биш үү? Хуулийн хэрэгжилт, бодлого зохицуулалтанд анхаарал тавих естой төр засаг, ИХ чинь өөрөө ялгаварлан гадуурхалыг дэмжин, байгалийн баялагыг тэгш хүртээх, зарчимаа зөрчсөн шигээ сууж байгаа юм биш үү
Иргэн [202.126.88.69] 2020-01-11 05:23:58
Үндсэн хууль ч яахав эцэг хууль юм байж,харин үндсэн хуулийн эхийг нь нэг хүн барьчихаад буй юм гэсэн,тавьчихаж болдогүй юм байх даа
Зочин [172.58.84.164] 2020-01-11 03:15:42
Etseg huuli gej baihgui buu dongos!