А.Амбасэлмаа: Дэлхий даяар халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Дэлхий дахинаа 11.537.000 хүн өвчилж, 536.000 хүн эндсэн байна. 6.5 сая хүн эдгэрсэн бол 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Манай улсын хувьд 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 2763 хүн байна.Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд гадуур амны хаалтгүй явах нь ихэсч байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Халдвар дэлхий даяар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Халдварын тохиолдол эхний гурван сарын хугацаанд нэг саяар тоологдож байсан бол одоо зургаахан хоногийн хугацаанд сая, саяар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас ч цар тахлын байдал улам дордож байгааг анхааруулж буй. Гэвч манай иргэдийн дунд анхаарал суларч байгаа нь харамсалтай.

Дэлхий даяар байдал ийм хүнд байх үед иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй. Алхам тутамдаа гараа савандаж угааж, амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай байна.

СҮҮЛД ИРСЭН ТАВАН ОНГОЦНООС ХАЛДВАР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭНГҮЙ

-Тусгаарлалтад байх 21 хоногийн хугацааг багасгах боломжгүй юу?

-Бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болгосноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Тусгай үүргийн онгоцоор өвчлөл ямар байгаа улсаас иргэд ирж байгааг нь харж байж шийднэ. Ямартай ч сүүлд ирсэн таван онгоцноос халдварын батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Одоогоор бид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор иргэдээ татаж байна.

Бид тусгаарлалтын хоногийг 21 гээд хатуу бариад байхгүй. Улс, орнуудаас татан авч байгаа иргэдийн дотроос батлагдсан тохиолдол илэрвэл нарийвчлан судалдаг. УОК-ын шийдвэрээр долдугаар сарын 15-ныг хүртэл тусгаарлалтын хугацаа 21 хоног хэвээр байна. Цаашдаа иргэдийн татан авалт болон өвчлөлийн нөхцөл байдлаас хамаарч бид мэргэжлийн зүгээс энэ асуудлыг тавина.

-Илрүүлгийг иргэдийн дунд шинжилгээгээр хийх үү ?

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавирусыг илрүүлэхдээ PCR-ийн найдвартай шинжилгээ хийж байгаа. Цар тахал өргөн тархсан бүс нутагт халдвар авсан эсэхийг түргэвчилсэн тестээр эхлээд илрүүлэг хийдэг. Харин манай улсын хувьд, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа найдвартай оношлохын тулд улсын хэмжээний зургаан лабораторид хангалттай хийж байна.

-ДЭМБ-ын оношийн хар жагсаалтад манай улс орсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол худлаа мэдээлэл байна. Харин бидний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоо оношилж, эмчилж байгааг ДЭМБ-аас үнэлсэн. Цаашид өөрийн улсад тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүл гэсэн зөвлөмжийг өгсөн.