"Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын хурал боллоо
Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсэж байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсэж буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” /ICOMP/ сэдэвт олон улсын XIII бага хурал олгож байна.
Энэхүү хурлын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ ”Өнөөдрийн 13 дахь удаагийн их хурал хэд хэдэн онцлогтой хурал болж байна. Юуны өмнө нь энэ их хуралд гадаадын 5 улсын 10-аад байгууллага, Монгол улсын олон их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран, танхимын болон цахим хэлбэрээр гадаадын олон оронд шууд дамжуулагдаж буйгаараа онцлогтой. Мөн энэхүү хурлыг монгол орондоо хөрс судлал, газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлсэд нэгэн жарны турш тасралтгүй зүтгэж яваа манай энэ цаг үеийн нэрт эрдэмтэн шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч, академич Д.Доржготов гуайн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Энэ олон улсын цуврал хурлыг анх зохион байгуулсан хүн нь Д.Доржготов юм. Хурлын цар хүрээ жилээс жилд өргөжиж агуулга нь гүнзгийрч байгаагаас үзэхэд анх зохион байгуулахдаа алсыг харж төлөвлөсөн өгөөжтэй ажил байжээ.
Академич Дэчингунгаагийн Доржготов Таны 80 насны тэгш сайхан ойг тохиодуулан Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Монгол Улсдаа шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлсийг манлайлан, олон арван шавь нараа бэлтгэж, эрдэм номын бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Академич Та эрдэм шинжилгээний нөр их ажлын зэрэгцээ шинжлэх ухааны салбарыг удирдан зохион байгуулах үйл хэрэгт бүтээлчээр оролцож, шинжлэх ухааны салбарын боловсон хүчин, хүний нөөцийг тасралтргүй бэлтгэхэд байнга анхааран ажиллаж, салбарын шинжлэх ухааны цар хүрээ, онолын түвшин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон арван арга хэмжээг зохион байгуулж ирсэн нь залуу хойч үеийнхэнд үлгэр дууриал болсоор байгааг Таны энэхүү ойн баярын өдөр бахархан тэмдэглэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр тус бага хуралд оролцогч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng”, “Xinping Wang”, Японы эрдэмтэн “Qinxue Wang”, “Tadanobu Nakayama”, “Kaoru Kashima”, Германы эрдэмтэн “Michael Walther”, “Jörg Janzen”, Оросын эрдэмтэн “Arnold Tulkhonov”, “Garmaev Endon Zhamyanovich”, Өвөр Монголын эрдэмтэн “Burenjargal”, “Bai Yuhai” нар мэндчилгээ дэвшүүлж, илтгэл танилцууллаа.
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын XIII бага хурал нь "Олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр эхлүүлэх нөхцөл бий болгодгоороо ач холбогдолтой” гэдгийг ШУА-ийн Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох онцолсон юм.
Энэ жилийн олон улсын XIII бага хурал нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовын 80 насны ойд зориулагдаж байгааг дээр онцолсон Академич Д.Доржготов нь Монголын өндөрлөгийн олон улсын бага хурлыг зохион байгуулах гол санаачлагчдын нэг төдийгүй, Монголд анхлан хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 60 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвиж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас анх удаа хүртсэн эрдэмтэн юм. Академич Д.Доржготовоос тус хурлын ач холбогдол, энэ хүрээнд хийгддэг судалгааны ажлын талаар тодруулсан юм.
Тэрээр "Монголын тэгш өндөрлөг буюу Монголын газар нутаг, Буриад, Тува, Сибир, Өвөр Монголын газар нутгийн байгаль орчны өөрчлөлтийн асуудал, цөлжилт, экосистемийн доройтол гээд олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Ингээд үзэхээр хүний нөлөөгөөр байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж, унаган төрхөө алдаж байгаа нь тодорхой харагддаг. Үүнээс үүдэн өөрчлөлтийн хурдыг хэрхэн сааруулах, нөхөн сэргээлтийг яаж хийвэл үр дүнтэй байх вэ гэдэг дээр судалгааны ажлууд одоо хийгдэж байна. Энэ хүрээнд зөвхөн байгаль орчны асуудал биш. Нийгмийн газар зүйн асуудал буюу энэ бүсэд амьдарч байгаа хүмүүсийн эдийн засаг, аж үйлдвэрийн нөхцөл байдлыг судалдаг" хэмээн ярилаа.
Өнөө жилийн жилийн салбар хуралдааныг газарзүй, геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент, нийгэм эдийн засгийн газарзүй ба бүс нутгийн хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог байлаа.
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын анхдугаар бага хурал 2005 оноос зохион байгуулагдаж ирсэн бөгөөд, Монгол, Хятад, ОХУ-ын судлаачдыг бүс нутгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн менежментийг дэмжих чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудыг хуваалцах талбар болжээ.
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” /ICOMP/ сэдэвт олон улсын XIII бага хурал нь доорх үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:
· Газарзүй, геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд
· Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент
· Нийгэм эдийн засгийн газарзүй ба бүс нутгийн хөгжил
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:46
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:45
Зочин [103.10.23.68] 2020-09-26 05:26:08
Гаднийханы үгээр дагаж шогшоод юу болдогийг үзлээ одоо ойлгож Монголоороон сэтгэж бодмоор юм