Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: 12 дугаар сарын 29-нд бүх монгол овогтон “Эзэн Чингис хааны гал голомт бадарлаа” хэмээн Хүрээний зүг мөргөж байсан түүхтэй

Aдмин / Нүүр

ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын төрийн соёрхолт,

түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийн үнэ цэнийн тухай ярихгүй юу?

-Энэ өдөр бол монголчуудын хувьд баяр баярын дундаас хамгийн том үндэсний баярын өдөр юм. Учир нь харь гүрний эрхшээлээс гарч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр учраас монгол хэн бүхэнд хамаатай, мэдэж байх учиртай, эрхэмлэн дээдэлж, монголоороо бахархах өдөр мөнөөс мөн. Өнөөдөр хятад, орос хэмээсэн хоёр том соёлын дунд баялаг түүхтэй монгол соёл, гал голомтоо мандуулан дэлхийн улс гүрнүүдтэй эн зэрэгцэн оршиж байгаа явдал бол энэхүү түүхэн өдрийн нэгэн үнэ цэнэ мөн. Хөгжлийн явцад дэлхийн тавцангаас алга болсон улс, гүрэн хүртэл бий шүү дээ. Тэгэхэд монголчууд олон даяараа нэгдэн нийлж, хоёр зуу гаруй жилийн дараа Манж Чин гүрний эрхшээлээс ангижирч, 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, монголынхоо гал голомтоо дахин мандуулж чадсан нь өнөөгийн Монгол Улсын үндэс суурь болсон хэрэг. Энэ Монголын нэг хэсэг нь та бол, монголынхоо эрхэм үнэт зүйлс болсон эх түүх, соёл, эх хэл тэргүүтнээ өвлөн авч, нандигнан үр хойчдоо өвлүүлэх учиртай. Монгол гэсэн эрхэм үнэт зүйлс мэдлэг, мэдээлэлээ үр хойч үедээ өвлүүлэх, өөр хоорондоо түгээхийн чухлыг сануулсан өдөр. Өөрөөр хэлбэл нэг зуу гаруйхан жилийн өмнөх түүхэн бодит үйл явдлыг мэдсэнээр түүнээс өмнөх орших агуу түүхтэй монголчуудынхаа талаар илүү мэдэх, ойлгох үүд хаалга тань нээгдэх болно. Бүр тодруулбал, монгол гэж хэн бэ, би хэн бэ, бид хэн бэ гэдгээ мэдэх учиртай өдөр. Өнгөрсөн одоог холбож байгаа гүүр гэдэг үүднээс хандаж, түүхэн ой санамжаа сэргээвэл сайн байх гэж бодно. Өвөг дээдэс маань ямар их итгэл, хичээл зүтгэлээр эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд залгуулсан бэ гэдгийн зах зухаас ч болов ойлговол сайнсан. Өвөг дээс, одоогийн бид нар, ирээдүйн үр хүүхдүүд гээд урсаж буй цаг хугацааны үргэлжлэл гэдгийг ойлгохыг хичээх нь үндэсний баярын үнэ цэнэ, ач холбогдол болно.

-Монгол үндэстэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон 12 сарын 29-ний тэр өдөр чухам юу юу болсныг Та эргэн нэг сануулахгүй юу. Ар Монголд юу болов, өмнөд монголд юу болов, буриад, Дээд монгол, Хөх нуурын монголд юу болов?

-1911 оны 12 дугаар сарын 29 буюу Монголын цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын 9-ний билигт сайн өдөр бидний өнөөгийн амьдран сууж буй нийслэл Улаанбаатар, тухайн үед Нийслэл Хүрээний төв цэгт үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарлах ёслолын оргил болж, бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд өргөмжлөх төрийн ёслол болсон хэмээн уг үйл явдалд оролцсон хүмүүсийн дурсамж, архивын эх сурвалжид түшиглэн бид бичиж байна. Чухамдаа бол тухайн үед Нийслэл Хүрээнд Богд хааны шар ордоны өмнө цугларсан ар, өвөр монголчууд, барга, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөл, алтан ургийн ноёд, түшмэд, лам хувраг тэргүүтнүүдийн бодол, сэтгэлийн баяр хөөрийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан биз ээ. Тиймээс монголчуудыг урьд хожид тэгэж их магнай тэнийтэл баярлаж байхыг үзээгүй хэмээн хүмүүс настан буурлууд дурссан байдаг. Гадаадын хүмүүс хүртэл монголчууд нэг хүн шиг ийм байхыг урьд үзээгүй хэмээн гайхаж бичсэн нь буй.

-Богдын лүндэнг хүн бүхэн Ар монгол буюу төв Монголынхоо нутаг руу, Богд хан уул руугаа, хатан Туул гол руугаа харан тэргүүн мэхийж, өвдөг бохирон сөхөрч, баяр дүүрэн хүлээж авсан гэдэг. Монгол даяараа баярласан гэдэг?

-Монголчууд бид тулганы гал мэднэ дээ. Тэгвэл ХХ зууны эхээр хоёр зуу гаруй жил тулганы галаа өдөр шөнөгүй манан байж, нэг ч удаа тасалж унтраахгүйгээр бидэнтэй учруулсан гал голомт хүртэл байсан юм шүү. Харийн эрхшээлд оршихдоо яавал эрх чөлөөгөө олж, гал голомтоо бадрааж чадахсан бол хэмээн өдөр шөнийн бодол болж, хичнээн жилийн турш ил далд тэмцсээр ирснийг бодвол баярын нулимс дуслуулж байсан хөрслөг бор царайтай өвөг дээдсийнхээ сэтгэлийн өчүүхэн төдий дуслыг ойлгох болов уу, яадаг бол. Түүх цадигтаа, үндэсний үнэт зүйл, эрх чөлөөндөө, өвөг дээдэстээ ямар их үнэнч байж чадсаны илэрхийлэл бол тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсон явдал. Тийм ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөө маань, Эзэн Чингис хаан эцгийн цахиж асаасан гал, Хатан эхийн үлээж хөгжөөсөн голомт сэргэж байна гэж цугларч, баярласан монголчуудын сэтгэл ямар байсныг төсөөлөхийн аргагүй байх. Тиймээс л гадаадын хүмүүс монголчуудыг нэг хүмүүс шиг, нэг үндэстэн шиг байна хэмээн хэлсэн хэрэг л дээ. Нийслэл Хүрээнд ойр, ирж болох боломжтой хүмүүс нь бүгдээрээ шахуу цугларч, эл өдрүүдэд Хүрээний хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах төрийн ёслолоо үзэх гэж сэтгэл догдлон хамгийн ихээр гоёж ирж, шинэ өглөөг баярын мишээлээр угтан, өдөржин идэр есийн хүйтнийг үл ажран Богдын шар ордоны гадна талбайд цэнгэж баярлацгаасан хэмээдэг. Төрийн ёслол барагцаагаар таван цаг гаруй үргэлжилсэн гэдэг. Өвөр Монгол, Барга, Дээд Монгол гээд бүхий л монгол овогтон тусгаар тогтнол, төр улсаа бадран мандаж байгааг Эзэн Чингис хааныхаа гал голомт бадарлаа хэмээн сүслэн залбирч сүү цагааныхаа дээжийг Хүрээний зүг хандан өргөж мөргөж байсан хэмээдэг. Алс холоос залбирч, эмээлийнхээ урд бүүргийг хаа байгаа газраасаа Хүрээний зүг харуулан тавьж, энэ л зүгт эцгийн гал голомт маань бадарч аслаа хэмээн сүслэн баярлаж, бүрэн эрхт байдал, тусгаар улс маань өнө удаан оршихыг сэтгэлдээ сэвшээж байсан хэрэг байх. Хүүхэд, залуучуудад хандаж, үндэстнийхээ цаг хугацаагаар аялах боломж шүү хэмээн хэлмээр байна.

-Та өнгөрөгч жил Богд хааны 150 жилийн ойгоор Төрийн ордонд маш том илтгэл тавьж байсан. Ер нь Богд хаан гэж хэн юм бэ, түүний түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг юу гэж хэлэх вэ?

-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэсэн юм. Анх удаа Богд хаанд Монголын төрөөс ийм том хүндэтгэл илэрхийлсэн, эсвэл орчин үеийн түүхийн асуудалд илүү анхаарал тавьсан гэвэл зохих болов уу. Энэ ойн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “БОГД ХААН-150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд болсон юм. Тус хуралд миний бие “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй” гэсэн сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм. Уг илтгэлдээ “Богд хааны шийдвэртэй зоригтой хийсэн алхмуудын хүчээр Орчин үеийн Монгол улсын үндэс суурь 1910-аад онд тавигдсан”, “VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол авчирсан 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь төдийгүй Орчин үеийн Монгол Улсын үндэслэгч” хэмээн дүгнэсэн юм. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” хэмээн тэмдэглэж, Богд байгаагүй бол хятадууд монголчуудыг өдийд залгисан байгаа гэж бичсэн байдаг.Богд эзэн хаан жанч халтлаа монголын үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдал, монголчуудын уламжлал, соёл, шашины төгс ирээдүйн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөж байлаа. Богд хааны тууштай байдал бусдыг араасаа дагуулж, тойрон хүрээлүүлж, зоригжуулж, нэг зүгт чиглүүлж чадсан байна. Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Юан Ши Кайн дарамт шахалтанд өчүүхэн төдий гуйвж дайвсангүй, хэхээл хахуульд нь идэгдсэнгүй. Өөрийн сонгож авсан зам дээрээ бат зогсож, Монгол тусдаа тусгаар тогтносон, бие даасан улс байх учиртай хэмээхийг ягштал баримталж чадсан юм. Тэрбээр ухамсарт бүхий л амьдралаа Монголчуудын үндэсний тусгаар тогтнол бэхжих, үндэсний уламжлал, шашин, соёл эрхэм үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө зориулсан байна. Тухайлбал, төрийн бүх хэргийг монгол хэлээр монгол бичгээр явуулахыг зарлигдав. Төрийн тамга, төрийн түшмэдийн хувцас монгол байх, төрийн хууль цаазыг монгол уламжлалдаа түшиглэн боловсруулах, Монголын угсаа залгамжилсан хан, ван, гүнгүүдийн намтар, уг түүхийг үнэн магадтайгаар бичүүлэх, хөтлөн явуулах, монгол ноёд хятад эхнэр авч болохыг хориглох зэрэг Богд хааны гаргасан зарлиг, шийдвэрүүд архивын шарласан хуудсанд дүүрэн үлджээ. Зуун дамжин сүндэрлэх Өндөр Мэгзэджанрайсиг, Түмэн гэлэнгийн хайлан гээд бурханы шашны хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр олон буй. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ.

-Мөн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн, Сайн ноён хан Намнансүрэн гээд олон эх орончдын түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг та юу гэж хэлэх вэ. Нэг бүрчлэн хэлж өгөхгүй юу?

-Таны нэр дурьдсан хүмүүс бол Богд хааны хамгийн ойрын, итгэлт нөхөд нь юм. Тиймээс Богд гэгээнтэний зарлигаар 1911 оны зун Оросын эзэнт гүрнээс тусламж гуйхаар нууцаар илгээсэн төлөөлөгчдийн тэргүүн нь Түшээт хан аймгийн жанжин, Чин ван Ханддорж, гишүүд нь Их шавийн харьяат да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нар. Төр улсаа тунхаглан зарлаад улсын эзэн хааны ширээнд суугаад Богд хаан буулгасан анхны зарлигийнхаа хамгийн тэргүүнд эл гурван хүнийг шагнаж, албан тушаалд тохоон томилсон байдаг. Сайн ноён хан Намнансүрэн Богд гэгээнтэнд 1911 оны зун ноёдын чуулган зарлахыг захидлаар санал болгож, улмаар түр засгийн газар нууцаар байгуулах үйл явдал Хүрээнд болсон. Сэргэн мандсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд билээ. Эдгээр хүмүүсийн дээр Түшээт хан аймгийн чуулган дарга, түшээ гүн Чагдаржав, Сэцэн ханы Далай ван Гомбосүрэн, мөн аймгийн бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн чин ван Цэдэнсоном, Түшээт хан аймгийн засаг, гүн Намсрай нарыг нэрлэх нь зүйтэй болов уу. Эдгээр хүмүүс бол Монголын түр засгийн газрын гишүүд бөгөөд Богд хааны засгийн газрын анхны гишүүд, түшмэд юм. Богд хааны засгийн газраас ХХ зууны эхээр үндэсний хэмжээнд, улс төр, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, оюун санааны хүрээнд гээд бүхий л салбарт боловсруулан авч хэрэгжүүлсэн алхамууд нь Орчин үеийн Монголын төрийн үндэс суурь, хөгжлийн замын эхлэлийг тавьсан хэмээн үзэж байна.

-Хятадад дагаар орж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголд бий гэж та хэлдэг. Богдын засгийн үед Хятадын цэргүүд Хүрээг эзэлж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе л дээ. Үүний учир шалтгаан юу байсан бэ?

-1919 оны намар цаг шүү дээ.Монголыг тойрсон геополитикийн орчинд өөрчлөлт орж байсан үе. 1911 онд Монголд тусалсан Баатар цагаан хааны засаг унаж, Октябрийн эргэлт Орос оронд болж, ажилчин тариачны улаан засаг тогтон, иргэний дайн болж байлаа. Ийм ороо бусгаа цаг үеийг далимдуулан улааны буруу номтонгууд монгол руу цөмрөн орж ирэх аюулаас аврах нэрийн дор Хятадын харгис хүчин, тухайлбал Сюй Шу жаны цэргүүд хүчээр монголын засгийн эрхийг булааж авсан үе юм. Шанзав Бадамдорж тэргүүтэй Засгийн газрын гишүүд, дэд сайд нар гарын үсэг зурж, Хятадад дагаар орох бичиг өргөн барьсан үйл явдлыг хэлж буй хэрэг. Зарим түүхэнд цагаан цэргүүдийн аюулаас хамгаалах гэсэн аястай бичсэн байдаг юм. Гэтэл Цагаан цэргийн офицер Барон Унгерн тэргүүтэй цэргүүд орж ирж, хятадын гамин цэргүүдээс Нийслэл Хүрээг чөлөөлж, Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн шүү, 1921 оны 2 дугаар сард. Тиймээс түүх үнэн байж, түүхээс сургамж авбаас зохилтой. Түүхээ эс мэдэгсэд түүхийн алдаагаа давтах тавилантай гэдэг үг бий шүү. Учир шалтгааны тухайд гэвэл, Монголыг тойрсон геополитикийн орчинд өөрчлөлт орж эхэлсэн явдал юуны түрүүнд орох байх.

Нөгөө талаас дотооддоо эв нэгдэлгүй байж, гадны гар хөл болж, хээл хахуульд автаж болох хүмүүс засаг төрд ихээр шургалан орсонтой холбоотой гэж бодно. Тухайн үед Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай, Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд гэсэн дуу гарч байсныг үзвэл зүгээргүй гэж хэлж болно.

-Тантай уулзсаных бас нэг асуух юм байна аа. 1946 онд монголчуудын санал хураалтыг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Энэ хүртэлх он жилүүдэд Монголын гадаад бодлого ямар байсан нь маш сонирхол татдаг. Тухайлбал Оросын бодлого ямар, Хятадынх ямар байр, Японы бодлого ямар байв. Үүнд таны хариулт маш сонин байна л даа?

-1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бүх нийтийн санал хураалтыг хэлж байна. Энэ санал хураалт монголчуудын хүслээр хийгдээгүй гэдгийг мэдэх учиртай шүү. 1945 оны 6 сарын 30-нд Зөвлөлт Холбоот Улсад айлчилсан Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхий сайд Сун Зэ вэн тэргүүтэй төлөөлөгчид Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагчидтай тавхан өдрийн хугацаатай хэлэлцээ хийхээр ирээд 45 хоног болсон байдаг. Чухам эл хэлэлцээний үеэр Сталин Монголын статус квог одоогийн байгаагаар байлгах нь Зөвлөлтийн стратегийн байр сууринаас хэрэгтэй гэж үзсэн юм. Үүнийгээ ч батлан хамгаалж чадсан хэрэг, харин Хятадын удирдагчид аргагүйн эрхэнд автаж, Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхдөө тулаад хэрэв Монголчууд өөрсдөө санал хураалтаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх аваас Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээн санал гаргасан байдаг. Тэгээд эл дагуу л санал хураалт Монголд болж, Хятадаас ажиглагчид ирж, том үйл явдал болсон хэрэг. Үүний дараа 1946 оны эхээр Бүгд Найрамдах Хятад Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дараа нь ЗХУ Монгол Улстай найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүхтэй билээ. Энэ нь Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүн Рузвельт, Чөрчил, Сталин нарын Ялтын уулзалтаар Европт дайн дууссаны дараа ЗХУ Японы эсрэг дайнд орохын нэгдүгээр болзол нь БНМАУ-ын статусквог одоогийн байгаагаар хадгалах явдал хэмээн тохиролцсоны үр дүн юм. Энэ бол дээр хэлсэнчлэн Зөвлөлтийн цэрэг стратегийн байр сууриа бэхжүүлэхэд манай улсын газар нутгийн байршил чухал үүрэгтэй байсан учраас хийсэн алхам. Энэ бодлогын эхлэл нь бүр Цагаан хааны үеэс эхтэй. 1921 оны дараах үеэс эхлэн Монгол Улсын бие даасан бодлого гэж үндсэндээ байхгүй болсон. Зөвлөлт Холбоот Улсаас өөр улстай олон улсын харилцаанд бие даасан субьект болон харилцах эрхгүй байсан. Монголчууд бие даан ямар нэгэн алхам хийх аваас цээрлэл хүртдэг байсан гашуун түүх бий. 1929 онд ЗХУ-тай дангаар гадаад худалдаанд онц эрх эрх тогтоосон маш нууц гэрээ байгуулснаар үндсэндээ гадаад ертөнцөөс тусгаарлагдсан болно. Хятадын хувьд Монголын талаар үргэлж эзлэн түрэмгийлэх бодлого баримталж ирсэн. Үүний ч улмаас ЗХУ Хятад хоёр эвсэн хуйвалдаж, 1924 оны 5 сарын 31-нд хэлэлцээр байгуулж, “Гадаад Монгол нь Думдад Иргэн Улсын нэг хэсэг” гэдгийг Зөвлөлт Холбоот Улсаар зөвшөөрүүлж, хариуд нь Дорнод хятадын төмөр замыг ЗХУ хамтран эзэмших болов. 1931 онд Монголын зүүн хойд талаар хил залган Японы хараат Манж го хэмээх тоглоомын улс бий болж, Монголын хилд халдан түрэмгийлэх бодлого явуулж байв. Ийм нөхцөл байдал дунд байсаар Монгол нь 1946 он хүрсэн юм.

-Мөн япончуудтай нийлж Ар, өмнөд, буриад, Хөх нуурын монголчуудыг нэгтгэн Нармай монгол улс байгуулахаар зүтгэж байсан Георгий Семёновын бодлого яг үнэндээ юу байсан юм бол оо?

-1919 оны 2 сарын 25-наас 3 сарын 6-нд Японы дэмжлэг дор Оросын Чита хотынойролцоохДаурын төмөр замын станц дээр Нармай Монгол улс байгуулах бага хурал болж, түүнд буриадаас 6, өвөр монголоос 5, баргаас 4 төлөөлөл оролцжээ. Мөн Семенов, түүний туслах А.Волгин, орчуулагч М.Шадрин, Японы хошууч Сүзүки нар байжээ. Их хурлаас Нармай Монголын Засгийн газар байгуулж, Засгийн газрын тэргүүнээр Өвөр Монголын Нэйс гэгээн Мэндбаярыг томилж, цэргийн асуудал эрхэлсэн туслахаар Харчины Норимпил гүн, гол туслахаар Э.Д.Ринчино томилогджээ. Гадаад хэргийн асуудлыг Ц.Жамсранд хариуцуулахаар эчнээ шийдвэрлэж, түр гадаад харилцааны асуудлыг Ц.Цыдыпов эрхэлж байв. Семенов Нармай Монголын Засгийн газрын тэргүүн зөвлөх болсон. Их хурал дээр үндэстэн өөрийгээ тодорхойлох эрхтэй байх тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг иш татаж, төлөөлөгчөө Лига нацийн хуралд илгээж байсан байдаг. Семенов ганцаар бус өөр бусад хүмүүс ч гэсэн Төв Азийн эл бүс нутагт Их Монголын орыг залгасан улс гүрэн байгуулахыг эрмэлзэх явдал нэг бус удаа гаргаж байсан. ЗХУ-ыг ч гэсэн эл үүднээс тайлбарласан олон улсын хуульч байдаг. Семенов бол Буриад Монголыг Оросын Байгал нуураар тасалж, Гадаад, Дотоод Монгол, Баргыг нийлүүлж Нармай Монгол Улс байгуулах санаатай байсан. Энэ үзэл бодол нь Колчакт таалагдаагүй. Улмаар улаантнуудад Семеновын цэргүүд бут цохигдсон. Харин Семеновын цэргүүдээс Унгерн тэргүүтэй хэсэг нь тасарч, Монголыг хятадуудаас чөлөөлж өгсөн. Нэйс гэгээн, Норимпил тэргүүтэй 300 гаад цэргүүд тасран Хиагтаар хил даван орж ирэхэд, Хятадын төлөөний түшмэл угтаж, дайлаад орос ууранд оруулахаар зэвсэг хувцсыг тайлуулаад барин авч алсан байдаг. Нармай Монголын засгийн газрынхан Нийслэл Хүрээнд буй Богд хааны засгийн газартай холбоо тогтоож, хамтрах зорилгоор төлөөлөгчөө Хүрээнд илгээсэн байна. 1919 оны 6 дугаар сард Ц.Е.Цыдыпов, хурандаа Левицкий нар Хүрээнд ирж, Гадаад хэргийн сайд Цэрэндоржтой уулзаж, эл хурлын талаар тодорхой мэдээлэл өгч, Хүрээний Богд Жавзандамба хутагтын нөлөөн дор Нэгдсэн Монголын засгийн газар байгуулах санал тавьсан байна. Цэрэндорж шууд хариулт өгөхөөс татгалзаж “Богд хааны лүндэн мэднэ” хэмээн түр хариулжээ. Удалгүй албан ёсоор “Монголын засгийн газар Читийн бага хуралд өөрийн төлөөлөгчөө оролцуулахаас татгалзаж байгаагаа” илэрхийлээд Хятадын Засгийн газартай улс төрийн болон дипломатийн талаар хагаралд хүрэх аюулаас болгоомжилж буйтай холбоотойгоо хэлсэн байна. Харин албан бус байдлаар ер нь монгол овогтон ард түмнийг нэгтгэх бодол санаа бол таалагдсан хэмээхийг илэрхийлсэн байдаг. Энэ бол тухайн цаг үеийн нөхцөл байдал, өөрсдийн хүч бололцоо, бүс нутаг болон олон улсын хэмжээндэх өөрийн улсын нэр хүндийн түвшин, бэхжилт зэргийг нарийн бодон тунгааж гаргасан шийдэл байсан бөгөөд Богдын Засгийн газар эрх биш хоёр хөршөөс хүлээн зөвшөөрсөн Ар Монголын нутаг дэвсгэр дээрх бие даасан байдлаа илүүтэй хэмээн үзсэн хэрэг юм.

Ярилцсан Норовын Гантулга


Сэтгэгдэл

Зочин [64.53.213.82] 2020-12-30 17:12:46

1911 onii 12 sariin 29-nii beleg dembereltei odor Mongolchuudad Tusgaar Togtnoloo Dayan delhiid zarlan tunhaglah huvi tohiojee! HURAI HURAI HURAI!

Зочин [202.21.117.10] 2020-12-30 05:51:54

Түүхээс суралцдаг... Түүхийг хэний үзэл, өнцөгөөс харж байгааг анхааралтай... ухаарах ... үндэсгүй мод ургадаггүйг санаарай...

Зочин [192.82.72.186] 2020-12-30 05:44:39

манж хятадууд монголчуудыг дарлаж байхын тулд байлгаж байсан болохоо байхаар сюшу жаан монголын автомийг устгаж байсан БОГД ОРСООС АВСАН ХОЁР САЯ АЛТАН РУБЛИАР ЮУ БОСГОВ ЮУ Ч БОСГООГҮЙ ГОМОО ХИЙСЭН МАНЖУУД НЬ БОГДЫН ШЭЭСИЙГ МОНГОЛЧУУДАД УУЛГАЖ БҮГДИЙГ ТЭМБҮҮТЭЙ БОЛГОСОН ТЭМБҮҮ НЬ МОНГОЛЧУУДЫН ТАРХИНД ОРЖ МУЛГУУ ТЭНЭГ МУНХАГ БОЛСОН НЕЙРО ТЭМБҮҮ ТАРХИНААС САЛАХГҮЙ ӨНӨӨ ХҮРТЭЛ БОГД ГЭГЭЭН ЛАМ ГЭЖ МУНХАРДАГ ЕР НЬ ШАШИН БОЛ ХАР ТАМХИЙ МАРИХУАН ГАШИШ НАРКОТИК ШИГ МОНГОЛ ХҮНИЙГ МАНСУУРУУЛДАГ ЗЭВСЭГ ЮМ ТҮҮНИЙ ОРОНД 1921 ОНД СЭРГЭЛЭН ЦОВОО СҮХБААТРЫН БИЧГЭЭР ЛЕНИНТЭЙ УУЛЗАЖ БИРДААН КАРБИН БУУ ПУЛЕМЁТ ГРАНАТ ИХ БУУ ОРУУЛЖ ИРЖ УЛААН АРМИЙГ ОРУУЛЖ ИРЖ ХУВЬСГАЛ ХИЙЖ ГАМИН БАРОНЫГ УСТГАЖ БОГДЫН ХААНТ ЗАСАГ ЛАМ НАРЫГ УСТГАСНААР АРД ТҮМЭН МАНЖ ХЯТАДЫН ТАЛХИНААС ГАРСАН СТАЛИН МОНГОЛД СОЦИАЛИЗМ БАЙГУУЛЖ ДАЙНЫ ДУНДУУР ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ ДАЙНЫ ДАРАА СТАЛИН ЧЕРЧЕЛЬ РУЗВЕЛЬТ ГУРАВАН УЛСЫН ЯЛТЫН ГЭРЭЭГЭЭР МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛСАН ЭЦЭГ СТАЛИН

ммм [66.181.166.154] 2020-12-30 00:43:41

Ер нь 12 дугаар сар Монголын түүхэнд их чухал юм. Эзэн Чингис хаан 12 сарын 22-нд төрсөн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1911 оны 12 сарын 29-нд болсон, Ардчилсан хөдөлгөөн 1990 оны 12 сарын 10 -нд болсон.

Зочин [90.27.179.234] 2020-12-29 19:40:17

ene tyyhiin nariin oilgoltyyd hiigeed zaluusaan sain tyyheen sain medeh bolobsroliigf ni ahiylahad zoriulsan salbar byrt yalanguya ikhe deed syrgyyliudiin tyyhiin hicheeld byren eheer ni gol gol tyyhen yndesyydeen oruulaj barag eder byyriin amnii ynslaga sig syrtalchilah ni chyhal baih aa!!!yag eneegiin KORONA BIRIUS IIN MASKAA ZYYGEEREE hyn hoorondiin zaigaa bariarai gedeg sig .....

Kommunizmiin teeregdel,Ardchilaliin bylai Mongol zaluusiin oyun sanaag eh oronch ylas orniihoo ene e [90.27.179.234] 2020-12-29 19:33:16

Bogdiig lam nariig myylaad baidag zaluus mini ynsij yhaanaa selbeesei dee!!!!ene toriig chini Bogd gegeen abchirsan yum syy!!!hemeen minii bags 86 nastaidaa 1984 ond nadad helj baisan yum?bi beer tyyniig ni tyhain yed sonsoj syyhdaa minii bags chaad ytgaar ni ynen helj baigaa gedegt ergelzej baigaagyi yum!yagaad gebel bi beer ter bagsaar nom zaalgaj sasinii gyn yhaan sonirhoj baisan hereg?....ynendee ch Kommunizmiin yed chini ene tyhaid yarij boldoggyi Mongol bicheg tybd hel yzej ychiriig ni olohson gesen sanaa bodoliig ygyisgedeg bailaa syy!!!minii bye hedee aimagt muzeid ajilladag bolood ene hoyor bicheg nadad ikhe heregtei bolloo!getel nom zohiol yzej ene hoyor bichegtei ch bolloo,getel namaig hyychinii yzelten sinjleh yhaanii nomgyi l gene?namiin gisyyn bys l gene!tegseer baigaad ajilaas haldag baigaa?bi beer bas abyastai muzeidee nileed sain ajillasan baisanch n 1980 garyi onuudiin yed bol hezyyhen l bailaa!Germanii zyraach zohiolch Waltraut gedeg hyn nadad yrilaga yabyylsan chi

иргэн [66.181.160.14] 2020-12-29 17:24:35

Одоогын монгол улсын хил хязгаар тусгаар тогтнол уг нь 1921 ардын хувьсгалын үр дүнд бий болсон юм шүү.Бидний өвөг дээдэс ардын журамт цэргүүд цусаа урсган амь насаа үл хайрлан тэмцэж одоогын монгол улсыг байгуулан бидэнд үлдээсэн нь түүхэн үнэн.Үүнийг та бүхэн мэдтүгэй.Аюу тугай

Зочин [103.212.119.74] 2020-12-29 17:08:09

Богд хааны хүсэлтээр Барон жанжин чөлөөлөөгүй бол өдийд хятад шаахайтай давхиж яваа

Иргэн [192.82.70.230] 2020-12-29 13:37:55

Сайхан ярилцлага байна. Баярлалаа.

Зочин [64.119.19.62] 2020-12-29 10:29:22

Улиастайн 2000 бослогыг ардууд хийсэн. Энэ түвд 1919. Онд хятадуудад монголыг зарсан гарын үсэгтэй байдаг ш дээ энэ талаар яриач ээ

Зочин [64.119.17.8] 2020-12-29 09:33:44

Түүхч нэр зүүчихээд Тэгсэн гэсэн гэнэлээ гээл ховч авгай шиг л ярих юмаа.

Зочин [64.53.213.82] 2020-12-30 17:10:15

tegeed yu gehiin ongorson tsag deer l yarina shuudee! buu orkdood bai

МОНГОЛ [202.9.46.200] 2020-12-29 08:39:16

МОНГОЛЫН ТУХАЙН ҮЕИЙН БҮХ ТОМЧУУД БОГДЫН ОРДОНД БОЛСОН ХУРИМ НАЙРАНД ОЧООД ХОРДОЖ ҮХМЭН БАЙДАГ. МӨН 8-Р БОГД МААНЬ ЭР ХҮНТЭЙ ОР ДЭРНИЙ АСУУДАЛТАЙ БАЙСАН ГЭЖ БИЧИЦГЭЭДЭГ НЬ ЮУН УЧИР?

Зочин [103.26.193.159] 2020-12-29 14:48:06

йим яриаг Богдын нөлөөг халхад сулруулах зорилгоор оросууд гаргаж байсан бөгөөд тухайн үед ямарч монгол хүний амнаас тийм нүгэлтэй үг унахгүй байсан болохоор орсоос орж ирсэн буриадуудаар яриулж эхэлсэн байдаг ямарч байсан монголын шашин төрийн түүхийг үгүйсгэж байсан комуннистууд явсан ч оронд нь бас гадны гар хөл болоочид бидны итгэл бишрэл рүү хорт савраа дүрэх болждээ

Puujee [64.119.27.39] 2020-12-29 08:26:50

Tuuhen udriin tuhai uneniig uguulsen bna. Hoich uyiin zaluuchuud sain unshaasai ...

Bayr [64.119.27.39] 2020-12-29 08:25:22

Ymar goy yriltslaga bee, mash ih talarhlaa

zochin [202.9.46.4] 2020-12-29 08:08:13

yadarsan irged l amia zolioslon baildaj tisgaar togtnoloo avchirsan bolokhoos bayachuud l bish notolgoo ni odoogiin gadnii khul gar bolson bayachuud ulsaa yaj suitgej b.gaa ni...

ТҮҮХ [202.179.27.201] 2020-12-29 07:50:40

ТҮҮХИЙН ХААНЫ ЭРДЭМТЭН ДОКТОР АКАДЕМИЧ НАР МИНЬ ЭЭ.. .. НААД ГОЁ ГОЁ ТҮҮХЭЭРЭЭ СУРАХ БИЧИГ ГАРГАДАГ Ч ЮМ УУ. ЭСВЭЛ 3D 4D САЙХАН БҮТЭЭЛҮҮД ХИЙГЭЭД . ЭСВЭЛ САЙХАН УРАН САЙХНЫ БАРИМТАТ КИНО ХИЙГЭЭД Ч ЮМ УУ. ЯАДАГ Ч ЮМ . МӨНГӨ ТӨГРӨГ ОЛООЧ ЭЭ_.... ВИРТУАЛ ТАНИЛЦУУЛГА . МУЗЕЙ ҮЗМЭР ГАРГААД Ч ЮМ УУ. УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ , ХҮН АРДАД ХЭРЭГТЭЙ, НИЙГЭМД АШИГТАЙ , ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

Зочин [123.120.169.36] 2020-12-29 09:47:44

Mash saihan botiud garsan bgaa sh tee uzeegui yum uu tiim bj, kkkk. Hooson yarih muuhai!saihan buteeluud garsan nom unshdag bol sonirhooroi!

Зочин [103.229.123.251] 2020-12-29 07:41:24

Burhan iveej irjee mongoliig!

Зочин [64.119.19.62] 2020-12-29 07:21:27

Сохор төвдийг шүтээд хуцдаг гар

Зочин [123.120.169.36] 2020-12-29 09:48:42

iim uzlii teneg garuud Yaana daa, yostoi l ork gej ene bhdaa, bas komment bichne gene shuu kkkk

Зочин [202.126.89.194] 2020-12-29 08:56:01

Наад төвд чинь байгаагүй бол чи өдийд бас бхгүй л бсаншдээ. Хүний ачийг ойлгодоггүй тэнэг мал минь.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.