Бодлогогүй хэлсэн үг, таагүй зүйлсийг сонсоогүй мэт өнгөрөөх нь хамгийн зөв
Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбургийн бидэнд өгч буй зөвлөгөө
Рут Бейдер Гинзбург нь 1933 оны гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлсэн бөгөөд 1993 оноос хойш тус улсын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Тэрбээр АНУ-ын түүхэнд Дээд шүүхэд ажиллаж буй хоёр дахь, одоо ажиллаж буй гурван эмэгтэй шүүгчийн нэг билээ.
Долоо хоног бүр манай ажил дээр зочилж ирдэг сургуулийн хүүхдүүд “Та үргэлж шүүгч болохыг хүсдэг байсан уу?” эсвэл “Дээд шүүхийн шүүгч болохыг хүсдэг байсан уу?” гэж надаас маш олон удаа асуудаг. Ингэж асууж байгаа нь тэдгээр хүүхдүүд ахиж дэвшихийн шинж тэмдэг. Одоогийн залуучуудын хувьд тэр үеийн охин шиг шүүгч болох зорилго тавих нь тийм ч сонин зүйл биш юм. Тухайн үед буюу 1956 оны намар намайг хуулийн сургуульд элсэн орж байх үеийн дүр зураг гэвэл, АНУ-д хуулийн мэргэжилтэй эмэгтэй хүн нийт хүн амын гурваас бага хувийг эзэлдэг байсан бөгөөд холбооны давж заалдах шатны шүүхэд ганцхан нэг эмэгтэй ажилладаг байсан үе юм.
Гэтэл одоо үед ойролцоогоор манай улсын нийт хуулийн оюутнуудын тал хувь нь эмэгтэй байна. Мөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гурван эмэгтэй шүүгчийг оруулаад Холбооны улсын нийт шүүгчдийн гуравны нэгээс илүү хувь нь эмэгтэй шүүгч байна. Манай улсын хуулийн сургуулиудын деканы албан тушаалын гучаас илүү хувьд нь эмэгтэй хүн ажиллаж байна. Мөн маш их хөрөнгөтэйд тооцогддог 500 гаруй компанийн 24 хувьд нь компанийн ахлах хуулийн зөвлөхөөр эмэгтэй хүн ажиллаж байна. Би энэ их урт амьдралдаа асар их өөрчлөлтийг өөрийн биеэр үзлээ.
Миний хувьд АНУ-ын түүхэнд анх удаа Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу хууль, шүүхийн өмнө эрэгтэй, эмэгтэй хүний эрх зүйн байдал тэгш эрхтэй иргэн хүний хувьд ижилд тооцогдох болсон үед амьдарч, хуульч болсон минь хэчнээн их аз завшаантай гээч. Фэминист эмэгтэйчүүд халамжтай эрэгтэй хүнийг хайж байсан явдал хэдэн үеийг хамардаг. Хэдий тийм боловч 1960 оны сүүл үе хүртэл манай нийгэм тэдгээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг анхаарч үзэхэд бэлэн биш байсан юм.
Охид, хөвгүүдээ өөрсдийнхөө авъяас чадварын тусламжтайгаар хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь ямар нэгэн саад бэрхшээл учруулахгүйн тулд миний хувьд чөлөөтэй байлгахыг хичээдэг байсан. Нэгдүгээрт, ном унших нь сэтгэл санааг өөдрөг болгож, байнга биеэ даах дадалд сургадаг бөгөөд ямар нэгэн аз завшаанаас үл шалтгаалан өөрөө өөртөө эзэн байх боломжийг олгодог хэмээн ээж маань надад сургадаг байсан. Хоёрдугаарт, намайг өсөж байх үед багш нар маань нөлөөлсөн бас дэмжлэг туслалцаа ч үзүүлсэн. Корнелийн их сургуульд сурч байхад манай Европын уран зохиолын профессор Владимир Набоковминий уншиж, бичих техникийг өөрчилсөн юм. Үгээр зураг ч зурж болддогийг би түүнээс л суралцсан. Өөрийн санаагаа ойлгуулахад эсвэл аливаа зүйлийг дүрслэн хэлэхэд үгийг зөвсонгож, цэгцтэй хэрэглэх нь ямар их ач холбогдолтойг багш маань надад тайлбарлаж хэлсэн юм.
Колумбийн их сургуульд суралцаж байхад манай үндсэн хуулийн эрх зүйн болон холбооны шүүхийн Джеральд Гюнтер профессор маань миний сургуулиа төгсөх гэж байгааг бас 4 настай хүүхдийн ээж гэдгийг маань үл харгалзан холбооны шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллуулах шийдвэрийг эргэж буцалтгүй гаргаж, тэрээр зоригтойгоор тэмцсэний эцэст гаргасан шийдвэртээ хүрч байж билээ.
Олон нийтийн өмнө ярилцлага хийж байхад надаас “Танд бидэнтэй хуваалцах чухал зөвлөгөө байгаа юу?” гэж үргэлж асуудаг. Тэгэхэд нь би “Тийм ээ, байлгүй яахав” гэж хэлдэг. Тэр зөвлөгөөг миний ухаантай хадам ээж маань миний хуримын өдөр надад хэлсэн юмдаг. “Сайхан гэрлэлтийн харилцаанд заримдаа ч боловдүлий мэт хандах нь тус дэм болдог” гэж тэр надад зөвлөсөн. Би энэ зөвлөгөөг зөвхөн гэр бүлийн амьдралын 56 жилийн туршид бус, бүхий л амьдралынхаа туршид хичээнгүй дагасан. Би ажиллаж байхдаа ч, бүр Дээд шүүхэд хүртэл ажиллаж байхдаа энэ зөвлөгөөг дагадаг байсан. Бодлогогүй хэлсэн үгийг, таагүй зүйлсийг сонсоогүй мэт өнгөрөөх нь хамгийн зөв. Уурласнаар эсвэл үзэн ядсанаар хэзээ ч түүнийг ялан дийлэхгүй шүү дээ.
Хадам аавын маань өгсөн зөвлөгөө бас л надад маш их тус дэм болсон. Тэрээр энэ зөвлөгөөг миний нөхөр Мартиг 1954-1956 оны хооронд Оклахама мужийн Форт Силл дэх их бууны дивизийн офицероор цэргийн алба хаах үүргээ биелүүлж байх үед надад зөвлөсөн юм. 1954 оны сүүл үе, миний хөл хүнд болсон нь тодорхой болсон байлаа. Бид 1955 оны 7 дугаар сард гурвуулаа болохоор хүлээж байсан ч миний хувьд асрамж халамж хэрэгтэй жоохон хүүхэдтэй байж хэрхэн хуулийн сургуульд суралцах талаар санаа зовж байсан үе юм. Яг энэ үед аавмаань “Рут, хэрэвчи хуулийн сургуульд суралцах дургүй байгаа бол энэ чамд хариуцлагаас зугтах сайн шалтгаан болно. Чи сонголтоо хийсэн цагт хэн ч чиний талаар юу ч гэж бодохгүй. Хэрэв чи үнэхээр л хуулийн сургуульд суралцахыг хүсч байгаа бол санаа зовохоо болиод хүүхдээ, сургуулиа хэрхэн зохицуулах арга замыг ол” гэж хэлсэн юм. Ингээд Марти бид хоёр үүнийг хийж чадсан, хичээлтэй өдрүүдэд өглөөний найман цагаас оройны дөрвөн цаг хүртэл асрагч хөлсөлдөг байлаа.
Хүүхдүүд маань жоохон байх үед ажил амьдралаа тэнцвэртэй байлгах тухай ойлголт миний амьдралд хэвшээгүй байсан бөгөөд миний хувьд үүнд алгуурхнаар суралцаж, туршлагатай болсон. Хуулийн сургуульд суралцаж байх үеийн өөрийн амжилтаа ямар ч эргэлзээгүйгээр Джейнийг жоохон байсантай холбож хэлнэ. Би өглөө лекцэндээ сууж, үдээс хойш дөрвөн цаг хүртэл хичээнгүйлэн суралцдаг байсан бол үлдсэн цагийг охинтойгоо хамт цэцэрлэгт хүрээлэнд зугаалах, хөгжилтэй тоглоом тоглох эсвэл түүнд хөгжилтэй дуу дуулж өгөх, зурагтай ном болон А.А.Милнийн зохиолыг уншиж өгөх, түүнийг усанд оруулах, хооллох гэх мэтээр өнгөрүүлдэг байлаа. Миний амьдралын хэсэг бүрт ямар нэгэн зүйлээс завсардах тохиолдол гардаг байсан бөгөөд бусад оюутнуудын хувьд хуулиа ч судлахад цаг завнь хангалтгүй байдаг мэт надад санагдддаг байлаа.
Миний хувьд нөхөр Д.Мартин Гинзбургтэйгээ гэрлэсэн маань юутай ч харьцуулашгүй зүйл бөгөөд би өөрийгөө бага биш маш их азтай хүн гэж боддог. Үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, мөнхөд хайрласаар байх түүнийхээ талаар ярихад ч надад хангалттай үг олдохгүй байна. Гэрлээд удаагүй байхад хоол хийх нь миний хийж чадах сайн зүйл биш гэдгийг тэр маань ойлгосон юм. Хүүхдүүд маань (1965 онд бидний хүү Джеймс маань хорвоод мэндэлснээр бид дөрвүүлээ болсон юм) хоолондоо маш дуртай, хэзээ ч татгалздаггүй байсан тул нөхөр Марти маань гал тогооны өрөөг өөрийн эзэмшил газар болгож, өөрөө манай гэрийн ахлах тогооч болсон юм даа.
Бидний хүү хорвоод мэндлээд байх үед Марти намайг дасгалжуулдаг байлаа. Тэр миний бичсэн өгүүлэл, товч нийтлэл болон хэлэх үгийн маань хамгийн эхний уншигч, мөн шүүмжлэгч болдог байсан хэдий ч үргэлж миний талд байдаг байсан. Хоёр удаагийн маш урт хугацааны туршид эмнэлэгт хэвтэн хавдартай тэмцэж байх үед тэр минь миний хажууд байж л байсан. Тэр минь байгаагүй бол би Дээд шүүхэд ажиллаж чадахгүй байх байснаа хэнээс ч нуулгүй үргэлж хэлдэг.
Хожим нь Цагаан ордонд хуулийн зөвлөхөөр ажиллах болсон Рон Клейн 1993 онд намайг шүүгчээр томилогдох үед “Би нэг зүйлийн талаар лавтай хэлэхэд, Рут Бейдер Гинзбургийн нөхөр өнгөрсөн цаг хугацаанд түүнийг энэ албан тушаалд томилогдоход шаардлагатай бүхий л зүйлийг хийгээгүй байсан бол тэр ямар ч тохиолдолд Дээд шүүхийн шүүгчээр томилогдохгүй байх байсан” гэж хэлж байсан юм.
Дээр дурдсан “бүхий л” гэдэгт манай мужийн сенатор Дэниел Патрик Мойниханийн ямар нэгэн тайлбаргүйгээр надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн явдал, Хуулийн академийн маш олон гишүүдийн маань дэмжлэг туслалцаа, сүүлд ажиллаж байсан, миний хувьд ижил дасал болсон барын холбооны дэмжлэг гээд бүгд үүнд хамаарна.
Хуульчийн хүнд хэцүү ажлыг хаана ч хийж болох ч миний одоо ажиллаж буй газар буюу 23 жилээс ч их ажилласан газар бол миний хувьд хуульчийн ажлыг хийх хамгийн шилдэг газар гэдгийг би хэд хэдэн удаа хэлж байсан.
Шүүхэд итгэх гол зүйл бол Холбооны хуульд бий болсон хийдлийг арилгах явдал юм. Учир нь бусад шүүгчид хууль болон Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар санал зөрөлдсөн тохиолдолд шүүхээс хуулийг дахин хянаж үзэхийг давуу байдлаараа хориглодог. Мөн бид цөөн тохиолдолд тухайн асуудлыг хянан хэлэлцдэг бөгөөд тиймдээ ч цөөн тохиолдолд зөвшийдлийг олсон байдаг. Цөөн тохиолдолд бид хоорондоо өөр өөр саналтай байх үе байдаг хэдий ч хурлын үеэр хамтдаа асуудлыг илүү гүнзгий, нарийн авч үзэж, асуулт, хариулт бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэнээр эцсийн дүндээ бид нэг шийдвэрт хүрч чаддаг юм.
Олонхийн зөв гэж үзэж байгаа шийдвэрийг шүүх эргэж буцалтүйгээр буруу гэж үзсэн тохиолдолд, мөн чиний хувьд өөр байр суурьтай байгаа бол чи өөрийнхөө саналыг чөлөөтэй хэлж болно. Миний хувьд яг л манай бусад шүүгчид шиг ингэх нь зөвгэж гэж үзсэн үедээ олгогдсон давуу эрхийнхээ хүрээнд өөрийн саналаа хэлдэг. Тухайлбал, улс төрийн кампанит ажлын зардал, хэрхэн үр нөлөөтэй арга хэмжээ авах, үр хөндөлт зэрэг гол гол асуудал дээр бид хэдий хүчтэй санап зөрөлддөг ч бид бие биеэ үнэхээр их хүндэлдэг гэж би хувьдаа боддог.
Биднийг шүүгчийн үүргээ амжилттай гүйцэтгэхэд хамтач байдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай нэг шүүгч болох Антонин Скалиагийн хэлсэнчлэн “Зүгээр л өнгөрөө!” хэмээх түүний дуртай хэлцүгийг хэрэвбид ажилдаа удирдлага болгон ажиллахгүй бол Үндсэн хуулиар олгогдсон үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ шүү дээ.
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлттэй холбоотойгоор маш их өөрчлөлт гарсныг өөрийн нүдээр үзсэн тухайгаа би өмнө нь хэлсэн шүү дээ. Гэсэн хэдий ч үүнтэй холбоотой саар зүйл байгааг хэлэлгүй өнгөрөөж болохгүй юм. Манай улсад ч тэр, бусад улс оронд ч тэр хамгийн ядуу амьдарч байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийг боловсрол, туршлага зэргээр нь эрэгтэйчүүдтэй харьцуулсаны дүнд бага цалин олгож байна. Ажил олгогчдын зүгээс эмэгтэйчүүд бидэнд хүүхдээ төрүүлэх, дараагаар нь тэднийг өсгөх, асран хамгаалах зэрэг шаардлагатай нөхцөл боломж олгохгүй байна. Бидний хувьд ажлын байранд дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг үгүй болгоход чиглэсэн үр дүнтэй шийдлийг боловсруулах шаардлагатай байна. Би хувьдаа ямар нэгэн сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Бид чинь хүмүүс, цаашдаа ч тийм л байсаар байх болно шүү дээ.
Орчуулсан: Х.Дөлгөөн (Монголын Хуульчдын холбооны гадаад харилцааны мэргэжилтэн)
Эх сурвалж: Монголын Хуульчдын холбооноос эрхлэн гаргадаг “Хуульчийн мэдээ” цахим сонин
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:30
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:30
Зочин [202.9.47.14] 2021-01-06 02:37:30
Манай эмэгтэйчүүд бас азтай юмаа эд нар чинь өөрсдийнхөө төлөө аль 50 60 70.д онд тэмцэж эрхээ олж авсан байна шд гэтэл манайх анхнаасаа л эрх тэгш заасан киног нь үзээрэй
Bolor [202.9.47.14] 2021-01-06 02:34:55
Кино нь гоё шүү