ЧИЧЛЭГДСЭН ЦЭЦ, ГҮЛДИЙСЭН ТӨР

Aдмин / Хууль

Хариуцлагаас бултаж “Чи л мэддэг шүү дээ...” гэх башир нэгэн үгтэй. Будлианы эзэн, хутгааны дохиурууд бултах арга олж, нуугдах нүхээ малтахдаа гаргуун. Өнөөгийн төрд ийм эмгэг даамжирч “Цэц л мэднэ дээ...” гээд чичлэх явдал улам даамжирч байна.

Хөх тэнгэрээс өөр даргагүй гэгдэх өнөөх Цэц нь хөөрхий яг үнэндээ бол “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг болж орхино. Салаа утгатай шийдвэр гаргаж, хоёр үзүүртэй холбирсон хууль баталсан Улсын Их Хурлын гишүүд ажиг ч үгүй Цэцийг чичилсэн шигээ бахаа хангаж суух.

Хөөн хэлэлцэх хугацааг хөөтэй хутгаж хөгтэй юм хийсэн жинхэнэ эзэд нь уг нь өмнөх парламентын гишүүд, өнөөдрийн парламентад ч зарим нь суусаар л байгаа. Тэд бол зуурсан жонхуу, багсарсан бантангаа засна гэж попорч өөх ч биш булчирхай ч биш өчүүхөн популизм хийж шоудсан этгээдүүд, “шударга” дүртэй “хударгагүй” гарууд.

Үндсэн Хуулийн Цэцийн дарга нь Үндсэн хууль гэдгийг цэцэрхэгч гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байсан. Цэцийн гишүүд Үндсэн хууль хэмээх ганц даргадаа захирагдаж шийдвэрээ гаргана гэдгийг ч гадарлалгүй л яахав. Гэвч “сүх далайтал үхэр амар” гэгчээр ойрын зайн улс төр хийж богино зайн оноо авахдаа гаршсан гишүүд хөөн хэлэлцэх хугацааг бүрмөсөн байхгүй болгох хууль санаачиллаа гэж сүр дуулиантай попорсон.

Харин Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач болохынхоо хувьд зөв шийдвэр гаргасан гэж хууль доторлох байтугай гадарлах хүмүүс бүгд санал нэгтэй үзэж дүгнэж байгаа. Тэд УИХ-д алдаагаа засах, хүний эрхийг зөрчсөн хууль гаргахаас сэргийлж байх том сургамжийг Цэц өглөө гэдгийг онцолсон.

Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ямар ч ардчилсан улс оронд байхгүй. Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд ч огтоос байхгүй.

Харин манай популист гишүүд шинэ түүх бүтээж өөрсдийн ойрын зорилгоо биелүүлсэн. Тэд Үндсэн хуулиас давсан хууль санаачилж батлуулсан. Харин түүнийг нь буруушааж Үндсэн хуулийн талд шийдвэр гаргасан Үндсэн Хуулийн Цэц өнөөдөр нийгэм даяар хараалгаж байна.

Хөөн хэлэлцэх хугацаагаар улс төр хийсэн гишүүдийн санаачилсан хуулиар бол хэрэг нь хэрэгсэхгүй болсон бүхний хэргийг дахин сэргээн шалгаж ял оногдуулахаар байсан юм.

Хар муйхараар тайлбарлах юм бол тэр хуулиар бол гучаад онд хэлмэгдээд цагаатгагдсан иргэдийн хэргийг ч дахин сэргээн шалгаж гэм буруутайд тооцож болохоор. Тэднийхээр хөөн хэлэлцэх хугацаа гэж нэгэнт үгүй тул 13-р зуунд үйлдэгдсэн хэрэгт ахин ял оноож сүнсийг нь гэсгээж болохоор ч юм шиг тийм л агуулга туссан.

Өнгөц харвал УИХ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн зорилго нь туйлын зөв. Гэвч арга нь үнэхээр зөвтгөж болохгүй буруу байсныг Цэц сануулж зассан ч УИХ хүлээж авсангүй.

Яг үнэндээ бол авлигачид албан тушаалтнуудын хэргийг хэн удаашруулж, шалгасан нэр зүүж шалбаагт хутган жонхууруулж байгаад ял завших нөхцөл бүрдүүлэв гэдэгт асуудлын гол нь байгаад байгаа юм. Гэтэл УИХ тэрхүү шалтгаантай биш шалтагтай тэмцсэн дүр үзүүлж эрх зүйн онолыг илтэд зөрчиж олон улсад шившигээ дэлгэв.

Хэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх үйл явцыг ямар санаа зорилгоор яагаад удаашруулав, мөрдөн шалгах, шийдвэрлэх ажлыг мөлхүүлж мохоож хөөн хэлэлцэх хугацаа дуусгадаг муу аргыг хэн өөгшүүлэв гэдэгт төрийн нүд чих чиглэж, төмөр нүүрээ харуулах ёстойсон.

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтаа нарийвчлан хуульчлах шаардлагатай байгаа болохоос биш “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлодог” ийм дүр эсгэсэн “шударга ёс” бидэнд зохихгүй.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг нь чангатгаж, хэрэг зөрчлийг хянаж шийдвэрлэх үйл явцыг сайжруулах шинэтгэлийг хууль тогтоогчид хийхгүй, хууль хэрэгжүүлэгчид хөдлөхгүй байгаа нь хачирхалтай.

Эрүүгийн хуулинд мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын ялгаа, заагийг яв цав гаргаж хуульчлахгүй бол нүүр засал хийсэн ч нөгөө асуудал шийдэгдэхгүй л үлдэнэ..

Тэгэхээр ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлүүдийг нарийвчлан хуульчлах шаардлага зайлшгүй байсаар байна.

Түүнээс биш Үндсэн хуулиа барьж шийдвэр гаргасан Цэцийг чичилж өөрсдөө ард нь нуугдсанаар асуудал шийдэгдэхгүй.

Одоо үйлтэй Цэцийн өмнө үүнээс ч илүү нэг асуудал хүлээгдэж байна. Энэ юу гэвэл 2019 оны 11-дүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн зөвшилцөх явцад энэ заалтыг 2025 оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр яригдаж байсан ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас мөрдөгдөх хугацаа чимээгүй алга болчихсон нь маргааны галыг асааж байна.

Тэгэхээр эх адаггүй энэ маргааныг мөнөөх үйлтэй Цэц л хагалах үүрэг хүлээж таарах нь. Дээрх заалтаар бол өнөөгийн хийгээд өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвшиж болох, эсхүл болохгүй гэсэн ямар ч агуулга харагдахгүй байгаа юм.

Энэ асуудалд эцсийн хариулт өгөх хүндхэн үүрэг мөнөөх Цэцийн өмнө л дахиад тулж ирлээ. Цэц яаж ч шийдсэн нэгийг нь баярлуулж нөгөөг нь гомдооно. Тодорхойгүй хууль баталсан Улсын Их Хурал чимээгүй гүлдийж, “Ноёны хүүгийн өмнөөс цэрэгт мордов” гэгчээр үйлийн үрийг нь Үндсэн Хуулийн Цэц үүрч чичлүүлэх нь бас л тодорхой болчихлоо.

“Урд хөл гишгээгүйд хойд хөлийг ташуурдав” гэгчээр хууль зүйн шинжлэх ухааны үндэслэл муутай хуудуутай хууль баталдаг Улсын Их Хурлын балгийг Цэц үүрсээр байх уу хууль тогтоогчид оо.

Үндсэн хуулиа мэдсээр байж зөрчөөд байдаг эрх мэдэлтнүүдэд өөрийн хүчээ үзүүлж огцруулдаг хүчээ үзүүлэх болоогүй юу Үндсэн Хуулийн Цэцийнхэн.

Үндсэн хуулийн шаардлагад бүрэн нийцсэн хууль батлах нь өөрөө төрийн эрх барих дээд байгууллага болсон Улсын Их Хурлын төрмөл чанар нь байлтай.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.72] 2021-01-13 09:52:06

ЦЭЦИЙГ татан буулга. ИХ гишүүдэд дүн тавиад муу ажилласан гэж дүн авбал цаазалдаг болох.

Зочин [202.21.108.5] 2021-01-13 02:31:19

Цэц бол юу ч гэж тайлбарласан энэ тохиолдолд авилгачдыг хаацайлсан шийдвэр гаргасан. Огцор!

ЦОГ [103.10.22.86] 2021-01-12 13:03:56

Нямбаатар жирийн олныг хуулийн дор байлгаж олигархи бүлэглэлийг хуулийн дээр байлгах сэтгэлгээг агуулсан үйлдэл гаргасан хуулийн төсөл өргөн барьж байлаа. . .

Дэлхийд байхгүй УИХ [122.201.22.73] 2021-01-12 10:55:38

Дэлхийд байхгүй хууль баталж хөөн хэлэлцэх хугацаагаар чулуу рөөлгөсөн Нямбаатарын л гай шү дээ. Цэц бол Үндсэн хуулиа л барьж шийдсэн. Авлига албан тушаалбн ялаа чангатгаад өгвөл хөөн хэлэлцэх хугацаа дагаад уртасдаг хуультхй.

иргэн [77.243.181.26] 2021-01-12 10:46:02

Ял шийтгэлээс мултрах гэсэн хэсэг гэмт этгээдээс сайтар бэлдэж тавьсан нийтлэл б-а. Цэцийг магтах ямар ч үндэслэл байхгүй. Тэд буруу шийдвэр гаргасан. Одоо тэд үйлийн үрээ үзэх б-о. Гэмт этгээдүүдэд үйлчилдэг шийдвэр гаргадаг Цэц гэгч Монгол Улсад байх ёсгүй.

Зочин [59.153.112.98] 2021-01-12 12:33:34

Зөв.Авилга.албан тушаал.эх орноосоо урвасан хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй.

Зочин [202.21.108.49] 2021-01-12 09:07:54

Цэцийг огцруулая аа хамаг болдоггүй хулгайчид нь тэнд очоод сууцан хамгийн хортой хөнөөлтэй шийдвэрүүдийг тэнд л гаргаж байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.