Иргэний нийгмийг хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилтоос ухарч, дарга төвтэй, захиргаадлын нийгэм рүү гулсаж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх, доктор, профессор Б.Энхбайгальтай ярилцлаа.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийг саяхан хэлэлцэж баталсан. Энэ хуулийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

Улсын Их хурал саяхан Үндсэн хуулиа шинэчилсэн. Үүний дагуу олон хуулиуд өөрчлөгдөж байгаагийн нэг нь ЗЗНДНУТ хууль. Энэ хуулиар олон асуудлыг зөв шийднэ гэсэн хүлээлт их байсан. Харамсалтай нь хуучин 1990 оноос өмнөх үеийн захиргаадалтын үеийг эргэж сэргээлээ. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалуудыг, Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирлагыг хослуулах суурь зохицуулалтыг хууль тогтоогчид хэрэгжүүлэх сонирхолгүй байна.

Улс даяар 4 жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэйгээр өрсөлдүүлж, орон нутгийн сонгууль хийчихээд түүнээсээ хоёрхон сарын дараа аймаг, сум, баг, хот, дүүрэг, хорооны Засаг даргыг дээрээс томилно, дээрээс огцруулна, дээрээс өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сахилга хариуцлага тооцно, ашигт малтмалын ордын зөвшөөрлийг сумаас асуухгүй өгнө, орон нутгийн тусгай хамгаалалтыг аймагт шийднэ, суманд хамаагүй гэсэн хууль баталж байна. Монголын төр ард түмэндээ өгсөн амлалтаасаа 2 хон сарын дотор буцдаг байж болохгүй.

1992 оны Үндсэн хуулиар иргэний нийгмийг цогцлуулна гэж нэг зорилгоо тодорхойлсон. Иргэний нийгмийг голдуу хэдэн төрийн бус байгууллагаар төлөөлүүлж явцуу утгаар ойлгох нь буруу. Энэ бол нийгмийнхээ нэгдмэл үнэт зүйл, иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, зорилгоор баримжаалсан иргэдийн оролцоо бүхий хамтын шийдвэр гаргалтад тулгуурлаж хөгжих чиг баримжаа юм. Ялангуяа засаг захиргааны нэгжийн хувьд нутгийн иргэдийн хамтын шийдвэр, орон нутгийн түвшин дэх ойлголцлоор л өдөр тутмын ахуй амьдрал шийдэгддэг.

Нутгийн өөрийн удирдлага бол Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох үндсэн эрхээ эдэлж буй хэрэг бөгөөд ард иргэдийн хүсэл зориг, сонголтыг ямар ч үед төр засаг нь хүндэтгэх учиртай. Сая сонгуульд иргэд саналаа өгөхдөө мөрийн хөтөлбөрийг нь сонсож, ирэх 4 жил нутаг орноо хөгжүүлээрэй гэж захиа даалгавар өгч сонгосон. ИТХ, Засаг даргын аль аль нь энэ захиа даалгаврыг биелүүлэхийн тулд 4 жил ажиллах үүрэг хүлээсэн.

Нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтаар баталгаажуулсан. Нутгийн удирдлага болон төр иргэдийн өмнө хамтран хариуцлага хүлээх, нөгөө талаас төр нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны хуульд нийцсэн байдалд хяналт тавьж, тусалж дэмжсэнээр нутгийн удирдлага болон төв Засгийн газрын эрх мэдэл тэнцвэржиж, уялддаг.

Гэтэл тодорхой үндэслэлгүйгээр сонгуулиар сонгогдсон албан тушаалтныг дээд шатнаас шууд огцруулахаар байгаа нь товчхондоо бол ард түмний өгсөн санал, хүсэл зоригийг хүндэтгэхгүй байна л гэсэн үг. Дарга төвтэй нийгэм рүү л гулсаад байна. Иргэн төвтэй, иргэдийнхээ төлөө биш харин даргын эрх мэдлийг хэмжээ хязгааргүй нэмдэг, даргадаа сайн хүн болох гэж хуулийн төсөл хийж гүйхдээ Үндсэн хуулиа зөрчсөн хууль гаргадаг болжээ. Нэгэнт Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтуудыг зөрччихсөн байгаа учраас Ерөнхийлөгч хориг тавихаас өөр аргагүй.

-Монгол Улс социализмын үед түүхий эд цуглуулах, татан авах зорилгоор 330 сумын төв

байгуулсан гэдэг. Өнөөдөр эдгээр сумдыг нэгтгэж цөөлөх, төсөв хэмнэх цаг болсон гэсэн байр суурь зарим хүмүүст, улс төрчдөд байдаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Засаг захиргааны шинэчлэл хэрэгтэй. Тэгэхдээ коронагаас хамгаалах нэрийдлээр сая дөнгөж нярайлсан эх хүүхдийн эрхийг зөрчсөн шиг төсөв хэмнэх, засаг захиргааны шинэтгэл хийх нэрийдлээр ард иргэдээ хохироож, хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой. Хүн цөөнтэй сумдад ч гэсэн тэнд хүн амьдарч л байгаа бол төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургууль байх л ёстой. хөдөөгийн малчин хүн сумынхаа төвд очиж гарал үүслийн бичиг, аль нэг зөвшөөрөл авах гэж зөвхөн нэг талдаа зуу гаруй километр явах хэрэгтэй болдог. Хилийн сумдыг эзэнтэй байлгахын тулд тэнд байгаа эмнэлэг сургуулийг сайжруулж, төрийн бодлогоор иргэд суурьшихыг дэмжих хэрэгтэй. Нутаг эзэнтэй байх нь чухал. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй хүмүүст сумдыг нэгтгэнэ гэж ярих амархан. Орон нутгийн практик, асуудал бэрхшээлээ ойлгохгүйгээр шууд захиргаадаж болохгүй.

Засаг захиргааны шинэчлэл аль болох нутгийн иргэдийн санаачилга, хүсэл зоригт тулгуурлаж, гэнэтийн огцом биш, харин аажим алгуур, үе шаттай шилжилт байвал хэрэгжинэ. Нэг үеэ бодвол зам дэд бүтэц хөгжчихсөн өнөө үед байгаа хэдэн сумын төвөө нурааж устгах биш, харин тэнд иргэдийн өрхийн аж ахуй, орлогыг дэмжих бодлого дутаж байна.

Дарга төвтэй нийгэм рүү гулсаж байна гэж та хэллээ. Шинээр батлагдсан хуулинд даргын эрх мэдлийг нэмсэн гэсэн үг үү?

Сая баталсан ЗЗНДНУТХ-инд төрийн удирдлага үнэмлэхүй давамгайлах, нутгийн өөрийн удирдлагыг ёс төдий билэг тэмдэг болгох, иргэдийн оролцоог үгүйсгэж, хязгаарласан заалтууд орсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн нийтийн хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Засаг даргыг сонгож нэр дэвшүүлэх, Засаг даргатай хариуцлага тооцох бүрэн эрхүүд зөрчигдөж байна.

Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дугаар заалтаар орон нутгийн сонгуулийн үр дүнд тухайн орон нутгийн иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага нь Засаг даргад нэр дэвшүүлэх саналаа хурааж, сонголтоо хийгээд дээш уламжилж, дээд шат нь түүнийг батламжлахаар заасан. Энэ нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9-д заасны дагуу орон нутгийн нийт иргэд шууд (Иргэдийн нийтийн хурлаар), төлөөлөл (ИТХ)-өөрөө дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох хэнтэй ч хуваалцахгүй дархан эрхээ, үндсэн эрх эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг.

Төлөөллийн байгууллагын саналыг тодорхой шалтгаангүйгээр үгүйсгэн нэр дэвшүүлснийг хүлээж авахгүй байгаа нь төрийн эрх барих хэрэгт шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих замаар оролцох орон нутгийн иргэдийн үндсэн эрхийг шууд зөрчиж байна. Нутгийн өөрийн удирдлага бол Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох үндсэн эрхээ эдэлж буй хэрэг.

Засаг даргатай хариуцлага тооцох тухайд мөн хуулийн 67.1.3-т зааснаар дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд нь өгсөн үүрэг даалгаврыг “хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн” төдийгөөр огцруулахаар байгаа нь нэг талаас хэт хувь хүний үзэмжид дулдуйдсан, нөгөө талаас нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхийг, улмаар саналаа өгч сонголтоо хийсэн иргэдийн эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг юм.

Засаг даргыг томилохоос татгалзах шалтгаан, шалгуурыг тодорхой заагаагүй, хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлт, дээд шатны удирдлагаас өгсөн шийдвэрийг биелүүлсэн тухай тайланг тухайн шатны ИТХ, дээд шатны ИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, хувь хүний үзэмж сэтгэгдлээр, тодорхой шалгуургүйгээр шууд дээд шатнаас ажлаас чөлөөлж байгаа нөхцөлд ИТХ нь Засаг даргатайгаа хариуцлага тооцох, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нэхэх боломжгүй болж байна. Ийм нөхцөлд ард иргэдийн санал, хүсэл хөсөрдөж, төрд итгэх итгэл буурч, засгийн газар орон нутгийн хооронд зөрчил үүснэ. Ямар ч нөхцөлд баталж буй хуулиуд Үндсэн хуулинд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг дагаж мөрдөх ёстой.

Сумын түвшинд тусгай хэрэгцээнийхээ газрыг тогтоох, орон нутгийн тусгай хамгаалалтад авах замаар ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах буюу геологи, уул уурхайн үйл ажиллагааг хязгаарладаг. Үүнийг сумын Засаг дарга, сумын ИТХ-ын бүрэн эрхээс хасч аймагт шилжүүлснээр сумын иргэд, сум нь нутаг дэвсгэр дээрээ ашигт малтмалын ашиглалт, олборлолтын эсрэг хүчгүйдэж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт орхигдох, орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөхөөр байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудалд нутгийн өөрийн удирдлагын оролцоог тусгалгүй орхисон. Орон нутгийн иргэд, сумын ИТХ, Засаг дарга хяналт тавих боломжгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймагт орохоор байгаагаас аймгийн удирдлага уул уурхайн орлогын хойноос хэт хөөцөлдөн сумын иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлж, эцэст нь аймаг, сумын хооронд ч бас зөрчил үүсгэхээр байна.

Баг хороог, баг хорооны нутаг дэвсгэрийн заагийг өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлд сум хорооны оролцоогүйгээр шийдвэрлэнэ гээд заачихсан. Малын бэлчээр, хадлангийн талбай, газар тариалан, худаг ус болон бусад асуудлаар зөрчил үүснэ. Баг хорооны хуралд төрийн байгууллагын төлөөлөл оролцож, зохион байгуулж удирдан чиглүүлэхээр хуульчилсан байгаа нь орон нутгийн иргэдийн санаа бодол, хүсэл зорилгыг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Ер нь социалист тогтолцоо руугаа буцаж ороод БНХАУ, Вьетнам, БНАСАУ-тай адилхан болоход тун ойрхон байна.

Шинээр батлагдсан хуулинд төрийн эрх мэдлийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төрийн байгууллагууд өөр хоорондоо нийтийн эрх зүйн гэрээ байгуулах, аймаг нийслэл нь гадаад харилцааны нэг цонхны бодлогыг баримтлахгүйгээр бие даан гадаад улсын нэгжтэй шууд харилцах зохицуулалтууд ч бий. Засаг дарга төрийн шууд төлөөлөл болохоос төрийн эрх мэдлийг төлөөлөн гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага биш. Төрийн байгууламж нэгдмэл байх учиртай болохоос нэгжүүд нь өөр хоорондоо гэрээ байгуулаад дараа нь шүүхдэлцээд сууж байж болохгүй. Аль нэг Засаг дарга Улсын гадаад харилцааны бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалаас гадуур дураар аашилж, бие даан гэрээ хэлцэл хийж, гадаад бодлого хэрэгжүүлж болохгүй. Энэ мэтчилэн төрийн ажлын баримжаагүй, туршлага багатай хүмүүс л хуулийн төсөл хийсэн нь харагдаад байна.

Манай улсын эдийн засаг нийгэмд голлох үүрэг гүйцэтгэдэг сум, дүүрэг, аймаг бий. Дархан, Эрдэнэт гээд хүн ам олноор төвлөрсөн аймгууд хотын статустай болох ёстой гэсэн үзэл бодол хүмүүст байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа шинэчилж, тодорхой болгоод үүнийхээ дагуу бүсийн төвүүдээ түлхүү хөгжүүлэх, эдийн засгийн хувьд уялдуулах шаардлага бий. Монгол Улс ганцхан хоттой байгаад хөгжихгүй. Бүсийн төвүүд нь бүс нутгийн эдийн засгийн төвүүд болж хөгжих шаардлага бий. Энэ ч утгаар бид Хөгжлийн бодлого 2040-ийг боловсруулж байхдаа баруун талд Ховд, Зүүн талд Чойбалсан хотын статустай, бүсийн төв болж хөгжих саналыг дэвшүүлж байсан. Дархан, Эрдэнэт хотууд ч цаашид хотын статустай, үйлдвэрлэлийн томоохон төвүүд болж хөгжих ёстой.

Энэ хуулинд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Бүсчилсэн хөгжлийн холбогдолтой заалт огт ороогүй. Хууль батлахад эрх зүйн системийн нэгдмэл байдлыг анхааралгүй, дан дангаар нь авч үзэж батлаад байгаагаас хэрэгжих боломжгүй хуулиуд батлагдаад байна. Одоогоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь бэлэн биш, саяын хуулийн төсөлд сум, аймаг болгон тусдаа хөгжих ойлголтоор ажиллаж. тэгэхдээ бүр төрийн чиг үүргийг төрийн байгууллага өөрөө төлөөлүүлэн хэрэгжүүлэх, төр өөрөө өөртэйгээ нийтийн эрх зүйн гэрээ байгуулах тухай заалтууд оруулаад бүр бантан хутгаж орхилоо. Төрийн бодлого ийм судалгаагүй, амьдрал практикаас хол байгаа нөхцөлд тэнцвэртэй хөгжих, орон нутгаа эдийн засгийн хувьд өөд татах зорилтууд хэрэгжихэд хэцүү.

Хууль тогтоогчид таны хэлж байгаагаар Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг үгүйсгэсэн, зүйл заалтуудыг нь зөрчсөн хууль баталж байгаа нь харамсалтай хэрэг. Ийм тохиолдлууд өөр хуулиудад гарч байна уу?

Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн нийгмийн гэрээ юм. Аль нэгэн улс төрийн нам, ашиг сонирхлын бүлэглэл Үндсэн хуулийг дураараа тайлбарлаж, мушгин гуйвуулж эхэлбэл үүнтэй бүх түвшинд хатуу тэмцэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үзэл санаанаас ухран 30 гэр бүл, уул уурхайн бүлэглэлүүдэд үйлчилдэг төрийн тогтолцоо бий болж болзошгүй байна. Засаг захиргаа, нэгжийн удирдлагын тухай хууль бүхэлдээ орон нутаг, энгийн ард иргэдийн ашиг сонирхлыг бус, харин эрх мэдэлтэй албан тушаалтнуудын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж, Үндсэн хуулинд заасан нутгийн өөрийн удирдах ёс, төрийн удирдлагыг хослуулан хэрэгжүүлэх зарчмыг гажуудуулж, Үндсэн хуулийн олон зүйл заалтыг зөрчжээ.

Шүүхийн тухай хуулинд ч бас ийм байдал ажиглагдаж байна. Шүүхийг бие даалгах нэрээр улс төрийн намуудын төлөөллөөс бүрдсэн Улсын Их Хурлаас буюу улс төрийн намуудаас хараат болгож, тэгэхдээ Монгол Улс дотор зөвхөн өөрөө өөрийгөө томилж, хянадаг, хөндлөнгийн хараа хяналтгүй шүүхийг байгуулах оролдлогыг хийж байна. Үе үеийн Ерөнхийлөгчдийг “хадны мангаа” болгон тодруулаад эрх барьж буй улс төрийн хүчинд эрх мэдлийг төвлөрүүлэх замаар олигархи бүлэглэл, гадны хөрөнгө оруулагчдын захиалгыг үг дуугүй даган биелүүлэх тогтолцоог бий болгож, ард түмний оролцоо, хүсэл сонирхол, эрх ашгийг хөсөр хаях сонирхол хүчтэй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Сангийн сайд нь мөнгөгүй гээд байдаг…?

Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед өрх бүрийг дэмжих санаачлага гаргаж, Засгийн газартай төсвөөс гадуур орж ирсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зөвшилцөж, тогтоолын төслийг нь өргөн барьсан. Энэ бол ард иргэдээ ялгахгүйгээр, ялангуяа цар тахлын үед нийгмийн халамжид хамрагдаагүй, ажлын байраа, орлогоо алдсан иргэдээ дэмжиж, хулгайлагдсан баялгийг буцаан өгөх шийдвэр юм.

Монгол Улсын Засгийн газар огцорсон тухайд таны бодол?

Дөнгөж нярайлсан эх, төрөөд удаагүй хүүхдийн эрхийг хамгаалсан иргэдийн жагсаал цуглаан буруутай болж байх шиг. Энэ мэтээр иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг буруутгаж, Засгийн газар огцрохоор айлган сүрдүүлээд байвал дарангуйллын нийгэм рүү гулсаж орохын дохио болно.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг хэн ч шаардаагүй байхад сайн дураараа огцорч, өнгөц харвал удирдаж байгаа УОК-ынхоо буруутай үйлдэлд сөрөг хүчнийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа логик л харагдаад байна.

Үүний цаана жинхэнэ утга нь Оюутолгойн асуудлыг ҮАБЗ-рүү татаж авч үзэхээс болгоомжилж, гадны хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах оролдлого байгаа болов уу. Шинэ Засгийн газар бүрдэхдээ хуучин сайдуудаа ихэнхийг нь хэвээр үлдээвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг л чөлөөлөх, Оюу толгойтой хийх хэлэлцээрт улсынхаа эрх ашгийг найр тавин өгөх зорилготой жүжгээс өөр юу ч биш байх болно. урьдаас бэлтгэсэн төлөвлөгөөтэй нь ойлгомжтой. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг харья.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:51

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:51

Зочин [64.119.23.167] 2021-01-27 04:59:01

ЗЗНДНУТ ХУУЛЬ ЗӨВ САЙН ХУУЛЬ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА

Говь [66.181.161.21] 2021-01-25 07:36:57

Та тэр Солонго гэдэг нэг дэд сайд бнааа даа. Түүнтэй уулз. Та 2 гэсэн эмэгтэй удирдагчдыг л ах нь дэмжиж бна.

Зочин [139.5.219.231] 2021-01-25 04:49:00

ЭНХБАЙГАЛЬ ЭНД БАЙГАА ЮМУУ ЧИМЭЭГҮЙ Л БАЙХ ЮМ. ЭРЧТЭЙ АЖИЛЛАЧ ЭЭ. ЕРӨНХИЙӨГЧӨӨ ГАНЦААРДУУЛААД БАЙНА ШҮҮДЭЭ

Судлаач [192.82.73.94] 2021-01-25 04:17:46

Сумын түвшинд ямар ч сонгууль энэ тэр хэрэггүй. Сумдыг хадгалж, иргэд суурьших, нутаг орондоо тогтвор суурьшилтай амьдрах боломжийг бүрдүүлэх талаар зөв байр суурьтай байгааг нь дэмжиж байна. Харин захиргаадалт энэ тэр гэж эцэг шигээ туйлширч, энэ ард түмэнд гай болуузай л гэж хэлье. Бямбасүрэн гуай үнэхээр энэ улсаар тоглож, туйлширч, элгээр нь хэвтүүлсэн юм шүү.

Зочин [150.129.141.210] 2021-01-25 03:39:39

Дарга төвтэй дарангуйлал жруу шилжиж байна нэг намын удирдах зөвлөл бүх асуудлыг шийдэж үндсэн хууль зөрчиж байгаа

zochin [122.201.26.172] 2021-01-25 03:27:37

unne helsen zov dugnelt


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.