Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хамтарсан хуралдаан 14 цагаас эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт нь зогсож, цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг тэрбээр илтгэлийнхээ эхэнд танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байжээ.

Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгзэдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх; барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ.

Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зээлдэгч-хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ; барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийн талаар төсөлд тусгасан байна.

Төсөл батлагдсанаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин, орлого нь тасалдсан болон бүрэн тасалдсан иргэн, хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх ач холбогдолтой гэв.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Н.Алтанхуяг гишүүн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны талаарх зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Барьцаалан зээлдүүлэх газрын хувьд үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд төрөлд хамаардаггүй, аймаг, дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулдаг байна. Иймээс улсын хэмжээнд нэгдсэн тоо, хэчнээн зээлдэгчид ямар хэмжээний зээл олгосон талаарх статистик тоо, бүртгэл байдаггүй гэлээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно" гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага” стандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаардаггүй байна. Цаашид барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа гэв. Хэлэлцэж буй төслөөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийг зээл, өрийн дарамтад оруулахаас сэргийлэх зорилгоор барьцаалан зээлдүүлэх газар болон иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцааг хуулиар зохицуулах бөгөөд бусад улс оронд ч цар тахлын үеэр энэ төрлийн үйлчилгээг зохицуулах арга хэмжээ авч байгааг хууль санаачлагч дурдсан.

Барьцаалан зээлдүүлэх газар нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшийн 20-30 хувиар үнэлж авдаг, хүүг 7, 14, 21, 31 хоногоор тооцдог, зарим газар хугацаа хэтэрсэн хоног бүрээр алданги тооцон авдаг. Зарим нь цар тахлын нөхцөлд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг санаачилгаараа авч хэрэгжүүлж байгаа гэв. Зарим барьцаалан зээлдүүлэх газар 30-40 салбартай, ББСБ-ын хэмжээний үйл ажиллагаа явуулж байгааг мөн дурдав. Иргэний хуулиар зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хамгийн багадаа 10 хоног хүлээж байж гэрээний үүргийг хангуулдаг бол барьцаалан зээлдүүлэх газрууд 5-7 хоногийн дотор дур мэдэн үүргийг хангуулах буюу барьцааны хөрөнгийг худалдаалдаг гэв. Зээлийн хүү нь дунджаар 3.5-8 хувь гэж байгаа ч үүнээс дээш хэдэн хувь байгааг тодорхой хэлэх аргагүй гэв. Хариуцсан байгууллага байхгүй учраас энэ талаарх нэгдсэн тоо, мэдээлэл байхгүй байгааг дахин хэлж байлаа. Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны талаарх эрх зүйн орчин бүрдээгүй улмаас зээлийн хүүгээ дур мэдэн тогтоодог, татвар төлдөггүй, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд зөрүү мөнгийг олгодоггүй, цар тахлын үед нэг талын эрх ашгийг үл хүндэтгэж байгаа бөгөөд энэ тохиолдолд иргэдийн эрх ашгийг л хамгаалахаар төслийг боловсруулсан гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлаж байсан.

Өндөр хүүтэй, эрсдэлтэй зээлийг яагаад иргэд аваад байгааг холбогдох бүх байгууллага анхаарч, судалгаа хийж, асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх арга хэмжээг авах ёстой гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн хэлж байв. Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард нь бага хэмжээний зээлийг богино хугацаанд, шуурхай олгодог давуу талтай гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хэлж байв. Төслөөр үйлчилгээний талаарх зарим хязгаарлалт тогтоосноор зах зээлд нөлөөлөх эрсдэл бий эсэхийг тодруулж, хариулт авсан.

Дараа нь гишүүдийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон оролцсон 21 гишүүний 15 нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа.

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах практик хэрэгцээ, шаардлага үүссэн хэмээн үзэж төслийг боловсруулсан байна. Төсөлд, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах талаарх зохицуулалтыг тусгасан байна. Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээний хязгаарыг тогтоож, хариуцлагыг тодорхой болгох, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах; цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон зээлийн үндсэн, хүүгийн төлбөрийг үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг өөрчлөхтэй холбоотой асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх; цар тахалтай дэмжих тусгай сан байгуулах, уг санд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийг төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод тайлагнах; цар тахлын талаарх үнэн зөв, баталгаатай мэдээ, мэдээллийг нэгдсэн шугамаар иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Ковид-19 цар тахлын үндэсний мэдээллийн цахим сан” бүрдүүлж, ашиглах зэрэг асуудлыг тусгасан байна. Таван зүйлтэй уг төсөл батлагдсанаар гадаадад гацсан иргэд эх орондоо буцаж ирэх эрхээ эдлэх, халдварт өвчнөөр өвчилсөн хүний эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг хэрэпжүүлж байгаа арга хэмжээ тухайн нөхцөл байдалд тохирсон, зайлшгүй, бодитой байх, иргэний үндсэн эрхийг хязгаарласан байгууллага, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зохион байгуулах, оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний эрхийг хөндөхгүй байх, иргэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах, цар тахлын улмаас иргэдэд тулгарч буй зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч буй хандив, хөнгөлөлттзй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод болгох, цар тахалтай холбоотой үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нэгдсэн байдлаар шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх талаар пракгикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн тодорхойгүй, зохицуулалтгүй байдпыг арилгах бүрэн боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Ц.Туваан гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 20 гишүүний 12 нь дэмжээгүй юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Гамшгийн хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарсан, мөн цар тахалын дэгдэлтийн үед хүний эрхийн тодорхой зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагын хүрээнд эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтыг үндэслэл болгон төслийг боловсруулсан байна.

Банк, санхүүгий салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанк банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад олгох буцалтгүй тусламжийн асуудлыг нарийвчлан тогтоож, шийдвэрлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрхийн зөрчил, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтыг тусгах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Одонтуяа, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд хэлэлцэхийг дэмжсэн дээрх хоёр хуулийн төслүүдийг нэгтгэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Ш.Адьшаа, Н.Наранбаатар нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.