Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу

Aдмин / Улстөр

Улсаараа өрнөөс гарч “жаргана” гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хохирогч нь болсноор Оюутолгойн эхний арван жил төгсөв. Энэ мөчлөгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Оюутолгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод хоёр тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюутолгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримт дурдаж болно, одоо ч баримтууд гарч ирсээр байна” хэмээн дүгнэсэн юм.

Оюутолгойн хоёр дахь арван өдгөө Л.Оюун-Эрдэнэ хэмээх Ерөнхий сайдтай эхэлж байна. Ерөнхий сайдын хувьд шинэ ч, засагт ажилласан хугацааг нь харвал хуучин хүн. Тэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар таван жил ажиллахад гурван жилд нь Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажилласан. Түүний засаг барьж буй цаг үе нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр монголчууд Оюутолгойгоо өөрсдөдөө ашигтай болгож чадах хувьсгалын тохироо бүрдсэн “алтан боломж” тохиож буй тун эгзэгтэй цаг мөч. Түүнчлэн дуулиан шуугиантайгаар эхэлж буй Оюутолгойн хоёр дахь арваныг тодорхойлж буй бас нэгэн дүгнэлт юм. Юу гэвэл, Английн шүүх дээр \ мэдээлэл нь Нью-Йоркийн шүүхийн цахим санд тавигдсан\ Оюутолгойн хөрөнгө оруулагч тал ХОГ байгуулахдаа Монголын төрийн эрх мэдэлтнүүдэд авлига өгсөн асуудал сөхөгдөн шалгагдаж эхэлсэн. Монголын төр шалгуулахыг хүсээгүй байхад Англи, АНУ, Сингапур, Хонгконгийн шүүхүүд дээр Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч болох “Туркойз Хиллс”-ийн тал “Рио Тинто” шударга биш байна хэмээн шүүхдэх явцад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Монголын улстөрчдөд авлига өгсөн байж болзошгүй асуудлууд үүссэн. Английн шүүх Монгол Улс хохирогч юм байна гэдэг асуудлыг сөхсөн бөгөөд Монголын Засгийн газарт нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Энэ асуудал нотлогдвол гэрээг засах боломжтой гэж байгаа. Дээр нь зэсийн үнэ ирэх жилүүдэд огцом өсөх эдийн засгийн зураг гарч буй. Монгол Улс өрнөөс гарах, алдсанаа авах нөхцөл ийнхүү үүсч байгаа юм. Харин засгийн шинэ тэргүүн гэрээг шинэчилж, Н.Алтанхуягийн сөхөж тавиад “сөхөрсөн” боломжийг эргүүлж, өөрт нь халаагаа өгсөн өмнөх Ерөнхий сайдынхаа “сүхдэж” чадалгүй орхисныг гүйцээх үү.

Ямартай ч Английн шүүх рүү Монгол Улс хуулийн хугацаанд багтан ард түмнийхээ нэрийн өмнөөс “бид хохирсон” гэсэн утга бүхий нэхэмжлэл илгээх ёстой байсныг өмнөх Ерөнхий сайд нь явуулалгүйгээр огцорсон. Эцэст нь 75 гишүүний нэг болох С.Ганбаатар өлсгөлөн зарлаж, амь насаараа дэнчин тавьж байж УИХ-аас Ажлын хэсэг гарч, Засгийн газар Оюутолгой төслийн хооронд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьсан. Ингээд шуудрах нь уу гэтэл эргэлзээтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго “Оюутолгой далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан” хэмээн ярилцлага өгч, түүнийг нь бүх эх сурвалж цацав. Нөгөө л “Гэрээ байгуулахгүй бол монголчууд өдөрт 1.5 сая ам.доллар алдаж байна” гэсэн айлган сүрдүүлэлтэд автуулж байсантай агаар нэг мэдэгдэл, мэдээллүүд ийнхүү цуврах төлөвтэй.

Дараагийн нэг асуудал нь “Английн шүүх рүү Монголын Засгийн газар гомдол гаргахгүй гэсэн бичиг илгээсэн байжээ” гээд хэсэг шуугисан. Зарим нь “Тэр худлаа, харин ч хохирлоо нэхэмжилж, яриа хэлэлцээ өрнүүлж байсан” гэж хэлдэг. Аль нь болохыг тогтоож, хариуцлага ярих байх гэтэл тэгсэнгүй. Ер нь бол Засгийн газраас ямар нэгэн бичиг явуулсан нь үнэн бол хэнд тийм эрх байх вэ гэдэг асуулт бий. Нэг номерийн эрх бүхий хүн бол Ерөнхий сайд. Түүний дараа Засгийн газрын ХЭГ-ын дарга, энэ асуудлыг эрхэлсэн Ажлын албаны дарга гэсэн гурван хүнээс энэ асуудал хаашаа ч зайлахгүй. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ нь Л.Оюун-Эрдэнэ байсан.

Бас нэг эх сурвалж бол Оюутолгой ТУЗ дахь гурван хүн, тэднийг хардах эрх хэнд ч бий. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн ТУЗ-д нь байгаа тохиолдолд, тэд Монголоос биш гадаадын хөрөнгө оруулагчаас өндөр цалин аваад, Оюутолгой Монголд ямар ч ашиггүй дээр нь өрөнд оруулж газар нутгаа гадны барьцаанд тавьсан асуудалд хардлага бүр ч лавшрах учиртай. Энэ бүхнийг өнгөрүүлж дараагийн асуудал руугаа цаг алдалгүй яаравчлан орж байгаа бол дахиад сонин нөхцөл байдал гарч ирж буй. Тэр нь Засгийн газрын ХЭГ-ын дарга бөгөөд өдгөө Оюутолгойн асуудлыг барьж ажиллах гол хүн нь Ц.Нямдорж. Түүний хувьд С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахад хууль эрхзүйн асуудлыг боловсруулж хянаж шалгасан Хууль зүй, дотоод хэргийн сайд нь байсан. Улмаар С.Батболдын танхим хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж батлуулахад ч салбарын сайд, УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээл”-тэй гар өргөж дэмжээд сууж байсан. Түүнээс хойш ч сайд хэвээр явж ирсэн. Ерөөс Оюутолгойн эхний арван жилд үе үеийн Засгийн газрыг дамжин Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласан хүн бол Ц.Нямдорж юм. Гэтэл одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар Оюутолгойн хувь заяаг хаашаа эргүүлэх бол гэсэн эгзэгтэй мөчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар очлоо. Хамгийн гол нь Английн шүүх дээр “Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулахад хөрөнгө оруулагч тал Монголын шийдвэр гаргах түвшний хүмүүс авлига өгсөн” гэдэг асуудал яригдаж байхад тэрээр Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон нь сонин. Тухайн үед тэр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан, тэр бүү хэл гол салбарын сайд байсан хүн шүү дээ. Оюутолгойн “баасыг барьсан” хуучин хүнээс болж гэрээг шинэчлэх ажил гацвал яах вэ. Эсвэл өөрчилнө, шинэчилнэ гэж гацааж цаг алдуулсаар тэр хооронд нь “Рио Тинто” компани Оюутолгойг цөлмөчихөөд гараад явчихвал яах билээ. Ийм гашуун сургамж манайд бий. Оюутолгой “Эрдэнэт”-ээс хэд дахин том гэж ярьдаг. Зэсээс гадна алт, мөнгөний орц их гэлцдэг. Гэтэл ашгаа гадагш нь зөөж гаргачихаад монголчуудыг мэхэлж өрөнд оруулж, алдагдал үүрүүлж ирснийг бид мартах учиргүй.

Өөр нэг асуудал нь Оюутолгойн асуудал орж ирэхэд одоогийн УИХ дорвитой шийдвэр гаргаж чадах уу. Гэрээг баталсан тухайн үеийн \2009 оны\ УИХ-д бас ч гэж “Наад гэрээ чинь Монголд ямар ч ашиг өгөхөөргүй байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн 6-7 гишүүн байсан. Даанч тэд цөөнх болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан одоогийн УИХ-ын гуравны нэг нь шинэ хүмүүс гэж байгаа ч 62 суудлыг эрх баригч МАН дангаар эзэлж байгаа. Сөрөг хүчин АН нь хүчгүйн дээр асуудалд нэгдэж нягтрахын оронд намын дарга хэн болох, Оюутолгойн гэрээний наад, цаадыг сайн мэдэх, Ерөнхий сайд байж үзсэн Н.Алтанхуяг нь бие даагчийн статустай сууж байгаа.

Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж ирсэн хуучны гишүүдээс Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар байгаа ч нам дотроо бас л цөөнх. УИХ-аас гарсан ажлын хэсэг, түр хороог тэднээр удирдуулсангүй. С.Ганбаатарын хувьд 2009 онд Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үед “Монголчуудын эзэмших хувийг нэмэгдүүл” хэмээн Сүхбаатарын талбай дээр жагсч явсан иргэний хөдөлгөөний фронт командлагчдын нэг байсан. Тэрээр УИХ-д орж ирснээр өлсгөлөн зарлаж байгаад ч болов Оюутолгойн шинэ арваныг эхлүүллээ. Хэдийгээр тэрээр намаасаа ганцаархнаа УИХ-д сууж буй ч МАХН Оюутолгойн асуудалд хүрд эргүүлэхэд хүчин зүтгэсэн нь жагсаал, цуглаанаас харагдсан. Түүний зэрэгцээ Монголын төр нэг гишүүнээ Английн шүүх дээр асуудал үүсээд байгаа Оюутолгойн асуудлаар шаардлага тавихад нь үл тоомсорлож, эцэст нь хөхөө авлийн хүйтэнд хөлдөөж алсан гэвэл ардчилсан Монгол Улс дэлхийн тавцанд юу болох билээ гэдгээс эрх баригчид шийрэгнэсэн биз. Гэхдээ одоогийн эрх баригчид бол С.Баярын л шавь нар, ард түмний нэр барьсан “үр могой”-нууд цөөнгүй.

Эцэст нь “Рио Тинто” компаниас УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн Оюутолгой төслийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг авч үзвэл “2023 онд далд уурхай ашиглалтад ороход Оюутолгой төслийн борлуулалтын орлого өснө, 2029 онд 29 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Үүнээс 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулна. Үлдсэн 19 тэрбум ам.доллараас 12 тэрбумыг нь элэгдэл хорогдолд тооцох, үлдэж буй 6.3 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалтаа нөхөж, Монгол Улс гурван тэрбум ам.долларын зээл төлнө” гэсэн загвар ирүүлжээ.

Үүний дараа гэрээг ашигтай болгохын тулд цөөнхийн бүлэг болон С.Ганбаатар гишүүнийг оролцуулан өргөтсөн баг байгуулсан. 20 гишүүнтэй энэ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “Оюутолгойн орд бол Монгол Улсын, ард түмний баялаг. Гэтэл ордыг ашиглаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг авахгүйгээр барахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа нь байж боломгүй зүйл. Ямартай ч Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байхад анх удаагаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь тус ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ.

Оюутолгойн эргэн тойронд өрнөж буй талуудын үг, үйлдлийг шинжихэд ийм байна. Оюутолгойн хоёр дахь арван: авах уу, алдах уу гэдгийг тодруулах он жилүүд байх нь ойлгомжтой ч үүссэн нөхцөл байдлаас тийм горьдлого төрөхгүй байна. Харин ч Засгийн газар дахиад “Рио Тинто”-гийн шидэт үлгэрт итгэж, шинэ тоглоомынх нь золиос болчих вий. Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойн захиалгаар төрдөг, бас түүнээс болж огцордог байсан. Л.Оюун-Эрдэнийн танхимын хувь заяа, ард түмнээр дүнгээ тавиулах хамгийн том асуудал нь Оюутолгой гэдэгтэй хэн ч маргашүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:24

Зочин [202.9.46.240] 2021-02-27 07:16:06

ОТ-н уурхайн үйл ажиллагааг даруй зогсоож байгаад гэрээндээ шударга өөрчлөлт хийлгээч.ОТ-ггос хөрөнгөжсөн бүх луйварчдыг ард түмэн өөрсдийн гараар шүүх хэрэгтэй.Ялангуяа тэндээс цалинжсан ТУЗ-ын гишүүдийг шууд хорь,бүх хөрөнгийг хураа.Ард түмэн ШЗГ-таа шаардлага сайн тавь.

Зочин [202.126.89.108] 2021-02-28 03:54:24

Эхлээд далд уурхайн хөрөнгө оруулалтын дүн яагаад ингэж их хэтэрч буйг уул уурхайн мэргэжлийн хүмүүс өнөөг хүртэл гүйцэтгэсэн ажлыг дүгнэж цэгнэж үзэх хэрэгтэй байх. 1.Юунаас болж ингэж их хэмжээгээр нэмэгдсэн бэ гэдгийг тогтоох. 2. Эрдэнэт үйлдвэрт дэндүү их өндөр өртөгтэй бараа материалын шахаа хийдэг ажил энд үргэлжлээгүй байгаа ? 3. Энэ ажилд уул уурхайн талаар ямарч ойлголтгүй хий хоосон цээжээ дэлдсэн улс төрчид бус мэргэжлийн хүмүүсийг оролцуулж газар дээр нь ажиллуулах шаардлагатай байна 4.Ингээд энэ ажлын хэсгийн дүгнэлтээр цаашид яаж хамтран ажиллах талаар ХО талтай яриа хэлэлцээрээ мэргэжлийн түвшинд ойлголцож үргэлжлүүлэх шаардлагатай байна даа. 5.Гурав дахь талын шилдэг технологи , ноу хау бүхий хөрөнгө оруулалт бол Монгол улсын ирээдүйн хөгжлийн баталгаа гэдгийг аль ч түвшиндээ мартаж үл болмоор санагдаад байна.

enh [103.229.122.170] 2021-02-27 00:41:53

ur hoichdoo ueiin ued dursagdah talaar bodoj unen setgel gargah eh oronch hun bn u guij bn burhan ibeeg

Монгол Улсын иргэн [117.111.26.246] 2021-02-26 23:41:58

Өөрсдийнхөө арчаагүйгээс гадныханд ашиглуулаад дээр нь асар их өртэй үлдвэл бидний л хохь биз дээ. Улсаа, газар нутгаа гадныханд зарж идсэн авлигач ноёдуудад эх орон хэрэггүй, хэдэн үеэрээ гадаадад амьдарцгаах юм байгаа биз. Тэнд тэд нар хэн ч биш гэдгээ мэддэггүй л юм байх даа. Муу үйл хийвэл хариуг нь заавал төлнө. Хэн ч хийсэн муу үйлийнхээ үрийг хэзээ нэгэн цагт заавал эдэлнэ. Гэхдээ хамгийн үнэтэй зүйлээрээ эргүүлж төлөх болноо. Энэ бол хэн ч маргаж чадахгүй, амьдралын хатуу үнэн шүү. Бэлэн жишээ монголд зөндөө л байна. Эхнээсээ төлж л байна даг. Эх орноосоо зугтсан Сайханбилэг хэдий болтол тэндээ тэсэж амьдрах, үр хүүхэд нь яаж явахыг түмэн олон харна шүү дээ. Ард олон түмэн нүдтэй!!!.

зочин [203.91.115.56] 2021-02-26 16:35:50

Оюу толгойг цаашид ийм байдлаар нэг ч өдөр явуулж болохгүй,цуцлах хэрэгтэй.Үндэстэн дамнасан луйварчдаас салах хэрэгтэй.Гарах үр дагавар байгаа болов ч хөрсөн дор байгаа баялагынхаа өчүүхэн хэсгээр төлөөд л гарчихна.Уужуу сэтгэ.Хахуулд орооцолдсон хүмүүсийг бүгдийг хөөж зайлуул.Тэд байхад юу ч бүтэхгүй.Энэ ажил их аймшигтай байх шиг байна. Үгүй.Цэргээ гарга.Бүү ай.Хоёр талд хоёр их гүрэн байна.Эрхбиш шудрагыг ярьдаг гүрнүүд шүү дээ.Мань мэт халшрахаас айхаа больсон ахмадуудаас зөвлөлгөө аваач.

Зочин [59.153.87.42] 2021-02-26 14:35:19

ОТ-г Монголд ашигтай болгон эргүүлж чадсан улс төрийн хүчин нилээд олон жил төр барина, чадахгүй бол дараагийн сонгуулиар өөр улс төрийн хүчин гарч ирнэ гэдгийг нь УИХ-д суугчид, ЕС, ЗГ ойлгож байгаа байлгүйдээ.

Блумбергээр. [59.153.85.80] 2021-02-26 14:15:06

Саяхан блумбергээр Рио тинто 12 тэрбум $ ашигтай ажилласан 9тэрбум$ ноогдол ашиг болгон тараана гээд гараад байхын эзэд нь өрөнд орно гээд байхын ямар учиртай юм бэ?ингэж бгаад олны хараал хүрч оюу-толгой нь бөөн юм вий дээ

Зочин [103.229.120.210] 2021-02-26 13:30:47

Тэр хэдэн барилга төмөрийн хэлхээнүүдийг нь өгөөд хөөгөөд гаргаач. Ядаж л баялагийн эзэд болсон Монголын ард түмэнийг дорд үзэж доромжлохгүй. Тэд ямар энэ нутагт алт зэс авч ирээд булчихсанаа авч байгаа биш. Монголын баялаг барцаальж мөнгө олж байгаагаа мартчихдаг юм байхдаа. Хүчгүй төр авилгалч ноёдын балаг юм даа.

Зочин [203.91.115.56] 2021-02-26 16:49:54

Маш үнэн.Хүчгүй төр биш,авилгач толгойнуудтай Монгол ингэж балар ч байна.Одоо үнэн хэрэгтэй авилагч нар төрд байхгүй болов уу гэж горьдох.Байвал босож устгана.Энэ бүхэн шийдэгдэхгүй бол мэдэгдээд байгаа Сайхан билэг,Баяр,Баярцогт мэтийг бүгдийг босож ард түмэн шонд дүүжлэх болно.Тэр цагт Риогийн хулгайчуудыг Монгол улсын хилээс хөөж зайлуулна.Тэд хахуул өгснийхөө төлөө юу ч олж долоохгүй.Шудрага ярьдаг олон улсын шүүх шудрага байх байлгүй дээ.Харин Элбэгдоржийн шудрага бол нохойны озгой юм.

Нүд чих [59.153.114.208] 2021-02-26 10:56:30

ЗГ-ын ХЭГ-ын дарга ОТ -руу хавьтуулахгүй арга заль хийж мэдэх юм байна даа. Нямка-г яагаад энэ ажилд томилов гэдэг сэжигтэй. ЕС өөрийн шийдлээр үү? Цаанаас бодлогоор шахав уу гэдэг нь яваандаа харагдах л үлджээ.Хашир хүн ОТ-г буруутгаж байгаа дүр исгээд, нөгөө гараараа атгаад хамгаалаад байх нөхцөл бүрдээд байгаа юм бишүү. Ажиглах хэрэгтэй болжээ.

Зочин [64.119.18.98] 2021-02-26 10:52:29

Энэ ерөнхийлөгчийн үед л лав оффшор, Оюутолгой, Хонгил гуравт ямарч ахиц гарахгүй ээ

зочин [122.201.22.172] 2021-02-26 08:46:18

Тэтгэвэрийн зөрүү гэж ахмадуудыг амьдаар нь алсан юм байдаг 600 тэраум төг хэрэгтэй гээд байсан их байна гэж байсан Чинзориг байна. Нэмэх бол шал өөр юм. Хохирлыг арилгах бас өөр. Олон ахмадууд горьдсоор хорвоог орхисон сүнс нь хорогдсон байх даа.

Зочин [66.181.179.60] 2021-02-26 08:14:46

оат

Зочин [66.181.179.60] 2021-02-26 08:14:34

ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДИЙНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭЭД ӨГЧИХДӨГГҮЙ ЮМ БАЙХ ДА ТЭГВЭЛ ОЛОН АХМАДУУД БАЯРЛАНА ШҮҮ ДЭ

aaa [192.82.74.14] 2021-02-26 07:18:13

монгол хүн хэдэн хаустай болсон болоо юм бишүү тэр 22 тэр бумийг бол өөр ордоороо төлчихнөө

zochin [64.119.22.237] 2021-02-26 07:03:24

avch chadahgui bol zailtshgaagaarai

Zochin [66.181.190.67] 2021-02-26 04:36:34

Oyutolgoigoo ashiggui bol zaaval ashiglah hereg yu bna. Daanch hulgaich luivarchin uls turchid ni avilga avsan bolohoor yaj ch bolohgui baigaad baih shig . Neg tiush ni shiudeh heregtei bna daa

Зочин [59.153.113.103] 2021-02-26 04:27:20

Зууны мэдээ дандаа худлаа шаана аа. Хэвлэлийн мэдээг хүртэл худлаа орчуулаад тавина. Нэхэмжлэл гаргах хэмжээний хэрэг хаана ч үүсээгүй, авилга авсан гэж хэн ч батлаагүй. Рио Тинто, Туркойз Хиллийн маргаан бол шал өөр утга агуулгатай. Тэр маргааныг дагаж намирвал харин ч манайд хохиролтой.

zochin [202.9.46.185] 2021-02-26 04:09:24

Aldakh bish avakh gesen gantsan zuiliin tuluu yavna Asuudal buruu ergevel bosoj temtsene shuu...

Зочин [49.0.142.38] 2021-02-26 09:22:44

46,185 ын сүүлчийн өгүүлбэрийг дэмжиж байнаа


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.