Дуучин Д.Оюунтүлхүүрийн Японд очсон тэмдэглэл

Aдмин / Энтертайнмент

Миний амьдралын ихэнх цаг хугацаа Япон улстай салшгүй холбоотой билээ. 13 настайгаасаа эхлэн Япон улстай хувь заяагаараа холбогдож, амьдралын их далайд сэлүүрдэж эхэлсэн байдаг юм. Өнөөдрөөс эхлэн би өөрийн нүүр хуудсаараа дамжуулан”Япон улс миний амьдралд” түүхэн тэмдэглэлээ хүргэж байхаар боллоо. Олон ч найз, танилууд маань надад өмнө нь санал хэлж байсан юм. Энэхүү тэмдэглэл та бүхэнд сонирхолтой байгаасай гэж хүсч байна. Тийм ч байлгахыг би хичээх болноо.

ТЭМДЭГЛЭЛ 1: 1983 ОН, СУРГУУЛЬД ОРСОН ЖИЛ: Улаанбаатар хотын Найрамдлын районы (одоогийн Баянзүрх дүүрэг) 59 дүгээр цэцэрлэгт би гэдэг хүн ахлах ангиа төгсөөд дунд сургуульд орох боллоо. Тухайн үед аав, ээж, эмээ нар маань намайг ямар сургуульд оруулах талаар ярилцаад ерөөсөө л охиноо урлагийн хүн болгоё гэдэг шийдвэрийг гаргаж Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулаад үзье гэж шийджээ. Тэгээд аав намайг дагуулж яваад шалгуулах гэтэл тухайн жилд суралцах хүүхдүүдээс аль хэдийн элсэлтээ аваад дуусчихсан, бэлтгэл ангийн хичээл эхлээд явж байгаа гэсэн хариу сонсов. Элсэлтийн комисс хариуцсан тэнхимийн эрхлэгч Л.Замбага багшид аав хүсэлт гаргаж, охин минь их авъяастай, та бүхэн цаг гаргаад шалгаад өгөөч гэж хичээнгүйлэн гуйсны үр дүнд багш нар дахин хуралдаж комисс бүрдүүлээд хоёр хоногийн дараа шалгалт авав. Сонсгол, ритм, гар, хурууны байдлыг минь харж, бас хэд хэдэн дуу дуулуулаад манай сургуулийн элсэлтийн шалгалтын шалгуурт тэнцэх хүүхэд байна гээд намайг тэнцүүлсэнд аав бид хоёр магнайгаа хагартал баярлаж билээ. 1983 оны намар 9 сарын 1 нд н.Маамхүү багштай 1А ангид элсэн орж, төгөлдөр хуурын мэргэжлийн багш минь Н.Ганчимэг болсон. Ингэж би гэдэг хүн анх урлагийн сургуулийн босгыг алхаж орсон юм. Сургуульд орохоосоо өмнө ааваараа нот заалгаж хөгжимд ойрхон өссөн болоод ч тэр үү надад тулгарах бэрхшээл харьцангуй бага байдаг байсан. Н. Ганчимэг багш минь надад сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж ойлгуулж, их зүйлийг зааж сургасан, урлагийн ертөнцөд хөл тавих үндэс суурийг бүрдүүлж өгсөн ачтан билээ. Хөгжим бүжгийн коллежийн багш нарын заах ур чадвар, сургалтын хөтөлбөр нь дэлхийд өрсөлдөхүйц чансаатай гэдэг нь олон төгсөгч нарын сэтгэгдэл, тэдний амжилтаас тод харагддаг юм. Хайрт сургууль, багш нар, ангийн найзууд та нартаа үргэлж талархаж явдаг шүү.

ТЭМДЭГЛЭЛ 2: 1989 ОН, ЯПОН РУУ ЯВАХ БОЛСОН ТҮҮХ: Намайг 1984 онд 2 дугаар ангид сурч байхад ээж Анагаахад дөрөвдүгээр курс, аав багшийн дээдэд концертмейстрын ангид тэнцчихсэн шинэхэн оюутан болж байх үед манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ /аав ээж, би, охин дүү/ ХААЯамны урд талын 62 дугаар байранд эмээгийндээ багтаж шингэхээрээ цуг амьдардаг байв. Удалгүй аав оюутан болсон болохоор тэр намраа арслантай гүүрийн зүүн урд байрлах Багшийн дээдийн оюутны дотуур байрны нэг өрөөнд бид дөрөв эмээгийнхээс өрх тусгаарлаж тусдаа амьдрахаар болсон юм. Аав, ээж хоёулаа оюутан байсан болохоор оюутны цалин нь амьдралд хүрэлцээ муутай, тиймээс аав хөгжмийн найруулга хүмүүст хийж өгөх, байгууллагуудаар хамтлагтайгаа тоглолт хийх зэргээр мөнгө олж, ээж маань сургуулиасаа нэг жилийн чөлөө авч тарваганы арьс элдэн, малгай хийн зарж, амьдралаа залгуулдаг байсан. Тарваганы арьсаа будах болгонд ээжийн гар будгандаа хордож, сүүлдээ үрэвсэж, харшил өгдөг болж эхлэв. Ээжийнхээ гарыг хараад миний сэтгэл өвдөж, .. Ээжээ би танд туслах уу гэхэд ээж маань миний охины гар тарваганы арьс будахад зориулагдаагүй, төгөлдөр хуур дарахад зориулагдсан, гараа хайрлах хэрэгтэй гэж билээ. 1985 онд ээж төрж би 2 охин дүүтэй болов. Ам бүл нэмэгдэж, ээж аавын ачаалал улам их болохын хэрээр би биеэ даах болж, 3 дугаар ангиасаа эхлэн арслантай гүүрнээс сургууль хүртлээ ганцаараа явдаг болсон. 1988 оны 6 сар хүртэл амьдрал энэ маягаар үргэлжилсээр аавыг төгсөх үед дотуур байрны дарга эгч “М” танайх одоо нүүгээрэй намар шинэ оюутнууд ирнэ, байраа суллаж засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж зарлиг буулгав. Хэдий нэг өрөө умгар ч гэсэн амьдарч байгаа байрандаа бид хэд аль хэдийн дасчихсан гараад хаачихаа мэдэхгүй арга ядахдаа зун байсан болохоор есөн сар хүртэл Чингэлтэйн зусланд гарсан. Аз болоход Багшийн дээд сургуулиас аавыг онц төгссөн гээд Концертмейстрын багшаар ажиллуулах урилга ирж, бид оюутны дотуур байрнаасаа хөөгдөх аюулаас түр хугацаанд аврагдаж билээ.

1989 оны 1 сард манай сургуулийн мэдээллийн самбарт нэгэн зарлал тавигдсан юм. Утга нь: Япон улсын Нагояа хотод зохиогдох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд оролцох хүсэлтэй хүүхдүүд өөрийн зохиосон дууны үг, аяыг сургуулийн захиргаанд авчирч өгнө үү гэсэн байв. Ингээд би өөрийн зохиочихсон байсан “Анхны хичээл” нэртэй дуугаа Н.Ганчимэг багш, мөн манай ангид сонсгол, ритм ордог байсан МУГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж багшдаа сонсгож дууны үг, нотоо өгтөл Г.Пүрэвдорж багш, чи энэ шүлгүүдэд ая хийгээд үз гээд хэд хэдэн шүлэг зохиолчдын хорооноос авчирч ирснийгээ надад өглөө. Тэр шүлгүүд дундаас Л.Эрдэнэцэцэгийн “Ээжийн бүүвэй” шүлэг таалагдаж ая хийхээр оролдож эхлэв. Шүлгээ цээжилчихээд хэдэн өдөр бодоод л явж байлаа. Гэтэл нэг өдөр хичээл тараад харих замд шүлгийн дахилтаасаа ая нь шууд ороод ирэв ээ. Ёстой ид шидийн ч гэмээр үйл явдал байсан юм. Орж ирсэн аяаа аялсаар байгаад гэртээ ирж төгөлдөр хуур дээрээ тоглож дуулан нотолж, хэдэн өдөр дуун дээрээ ажиллаж бэлэн болгоод Пүүжээ багшдаа өгөв. Багш сайн болж гэж магтаад миний дууг сургуулийн захиргаанд хүргүүлжээ. Сургуулиас хүүхдүүдийн бүтээлийг Соёлын Яаманд өгч хэсэг хугацааны дараа намайг ирж дуугаа студид бичүүлээрэй гэж дуудлаа. Монголд ардчиллын салхи сэнгэнэж эхэлсэн үе байсан даа, Хонх хамтлагийн ах нар Соёлын яаманд байрлах студид өөрсдийн дууны бичлэгээ хийж байх үед би таарч тэд миний дууг бичиж өгсөн байдаг юм. Ингээд дуу бэлэн болсон учир Соёлын яам миний дууг уралдаанд оролцуулахаар Япон руу явуулав. 1989 оны хавар 4 сард манай сургуулийн захирал МУГБ, гоо зүйч, сэтгэл судлаач М.Цэрэндорж багш маань намайг дуудаж Японоос хариу ирлээ охин минь чи явахаар болсон гэв. 1989 оны 8 сарын 13- нд болох Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын финалд оролцоно уу гэсэн урилга надад үзүүлэхэд цочирдох, гайхах, баярлах, догдлох, алмайрах за ер нь юм юм л болсон доо. Үнэн гэж үү багшаа гэж л дахин дахин асууж билээ.

ТЭМДЭГЛЭЛ 3: 1989 ОНЫ ЗУН, ЯВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН НЬ: Япон явах бэлтгэл ажил ихтэй ч гол нь тэмцээнд дуулах дуугаа маш сайн бэлдэх хэрэгтэй байв. Тухайн үед юм ховор, тэмцээндээ ямар хувцас өмсөх үү гэхээс эхлээд асуултууд гарч эхэлсэн. Дэлгүүрт бэлэн шууд аваад өмсчихөөр хувцас байхгүй материал авч хийлгэх л гарц үлдсэн. Тэгээд хувцасаа яаж хаанаас материал олж хэнээр хийлгэх вэ гэдэг нь тодорхойгүй байлаа. Их халуун орон, бүр хамгийн шатам халуун үед нь очих гэж байгаа учир нимгэн материалтай хувцас байх хэрэгтэй гэж хэн нэг нь зөвлөсний дагуу тэр материалыг олох гэж мөн ч их эрэл хайгуул хийсэн дээ. Эцэст нь Налайхын даавууны дэлгүүр арай сонголт сайтайг дуулаад нагац эгчтэйгээ Налайх орж материалуудаа ямарч байсан олоод авлаа. Нагац эгч Сувдаа маань 1986 онд Хавдрын эмнэлэгт орлогч захирал хийж байх үедээ Э.Одгэрэл (Топ модель) -тэй хамт ажиллаж байсны хувьд таньдаг байсан юм билээ. Даавуу хайгаад явж байхдаа түүнтэй тааралдаж дүү маань ингээд явах гэж байгаа платье оёулах хэрэгтэй байгаагаа хэлтэл тэр их уриалагхан хүлээж авч загвар гаргаж өгсөн юм. Тэгээд Шилмэл загварын хувцас урлаачаар оёулаад гурван сайхан платье хийлгээд авсан. Тэмцээн дээрээ өмсөх дээлийг болохоор УАДБЧ -ын бүжигчдийн хувцаснаас өөрт таарч тохирохыг түр зээлж авсан. Манайх зусландаа гарсан байсан болохоор бэлтгэлээ базаах гэж зуслангаас дахин дахин хот руу нааш цааш явах болж, дуугаа бэлдмээр байдаг, юм юм давхцаад ачаалалтай байдаг байсан санагдана. Аа тийм бас савх барьж сурах хэрэгтэй гээд зуслангийн хөрш айлд ороод ааваар нь (нүүр номны найзын аав ) заалгаж авлаа.

Хаа очиж анхнаасаа их зөв барьж сурсан юм билээ Япончууд магтдаг байсныг бодоход. Айлын тавгийн чихрийг дахин дахин гаргаж буцааж хийсээр байгаад л савх барьж сурсан даа. За тэгээд мэдээж бас ойр зуурын мэндчилгээг Японоор хэлж сурах хэрэгтэй байсан. Гэхдээ “конничива, аригато”- гоос өөр үггүй явсан санагдана. Орчуулагч байгаа гэхээр нь санаа амарсан юмуу яасын эсвэл зааж өгөх хүн олдоогүй байх. Гол нь дуундаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан учир аавтай их ч хичээллэсэн дээ. Аав маань гол нь сэтгэлээсээ гэж ирээд л уйлж байгаад дуулсан ч болно гэж хэлдэг байж билээ. Уйлчихаар чинь хоолой гарахгүй болчуул яахын гэж би зөрүүдэлнэ ээ бас. Эргээд санахад хөөрхөн адал явдлууд их болж байжээ. Надтай хамт явах хүнээр Хөгжмийн зохиолчдын хорооноос Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж ахыг томилоод Гадаад харилцааны яамны Соёлын хэлтэст хүсэлт гарган бид хоёр гадаад паспорттай боллоо. Гадаад явах гэж байгаа гэхээр ах дүү хамаатан садан, найз нөхөд сэтгэлээрээ сайн яваарай гээд мөнгө өгснийг иэн болгоё гэхээр манайд зардаггүй. Зөвхөн доллар л авч явах боломжтой байжээ. Улсын банкин дээр очиж өргөдөл бичиж солиулдаг, гэхдээ нэг хүнд 15 доллараас илүүг солих боломжгүй байсан юм билээ. Гадаадын нислэг тэр үед 7 хоногт хэр их байсныг сайн мэдэхгүй байна бодвол Бээжин, Москва гэсэн хоёр л маршруттай давтамж нь цөөхөн л байсан болов уу. Бээжингийн “Тянь мин”-ы талбайд бослого гараад удаагүй Бээжингээр явах боломжгүй болж бид хоёр Москвагаар их тойруу замаар Токио хот руу явахаар болов.

ТЭМДЭГЛЭЛ 4. ЯПОНД АНХ УДАА ХӨЛ ТАВИВ: Аян замд гардаг өглөө манай эмээгийн байрны гадаа намайг гаргаж өгөхөөр байрныхан, ах дүү, найз нөхөд гээд 30, 40 -өөд хүмүүс цугларчихсан зарим нь балкон дээрээсээ даллаад л амжилт хүсч байлаа. Аавыг Багшийн сургуульд сурч байх үед багшилж байсан Батаа багш нь хар 24 машинаараа намайг нисэх рүү хүргэж өгөхөөр ирсэн байв. Тэмцээндээ амжилттай оролцохын ерөөл тавьцгааж, эмээ минь сүүн цацлаа өргөж бүгд далласаар үлдэж, би бас машины цонхоор гараа гарган далласаар аян замдаа хөдөллөө. Надад итгэл найдвар хүлээлгэж байгаа та нартаа би сайхан мэдээ дуулгахыг хичээнээ гэж тэдэндээ хэлээгүй ч өөртөө хэлж байсан юм. Ингээд онгоцны буудал дээр аав, ээж Ц.Нацагдорж (Нацагаа) ахтайгаа уулзаад, яаж яаж явах, хэдэн цагт Москвад буух, цаашаа Токио руу ямар онгоцоор хэр удаан нисээд буух тухай ярилцаж байсан байх даа бодвол. Би гэдэг хүнд мэдэж байгаа ч юм байхгүй санаа амар амьтан байж дээ бас л. Ер нь тэгэхдээ яг юу болоод байгааг сайн ойлгож ухаарахгүй паникийн байдалд орсон байсан юм шигээ. Ямар сайндаа л тэр үеийн зарим нарийн ширийн зүйлийг санахгүй ээжээсээ тодруулж асууж байх вэ дээ. За тэгээд аав, ээждээ нэг хацраа сайн шиг үнсүүлж аваад хил гааль руу орлоо. Гаалийн ажилтан Нацагаа ахын чемоданыг онгойлготол бараг талд нь шахуу лаазалсан жигнэсэн мах гараад ирэв. Та яагаад ийм ихийг авч яваа юм гэж асууж шалгаахад, ах нь хаашаа ч явсан авч явдаг юм аа, энэгүйгээр гадаад явдаггүй хураалгахгүй гэж хэлээд тас гүрийгээд хүмүүсийг инээлгэж байсныг санадаг юм.
Би ч яах вэ хүмүүст өгөх бэлэг дурсгалын зүйлүүдээ үзүүлж харуулж, ах маань тайлбарлаж өгч байсан. Энэ хүүхэд ийм тэмцээн уралдаанд явах гэж байгаа юмаа гэж хэлэхээр гаалийнханд сайн бууж өгөхгүй байсан байх л даа. Юун уралдаан гэж бодсон байх?? За ингээд хилээр нэвтрээд ямар ч байсан онгоцондоо ороод суугаад авлаа. Гадаад руу анх удаа 13 настай хүүхэд онгоцоор нисч байгаа гэхээр ямар байх вэ гэдэг нь уншигч танд төсөөлөгдөх болов уу. Уул нь би зуны амралтаар л хөдөө, аав ээжийн нутаг Сүхбаатар аймаг руу эмээ дээрээ (аавын ижий) очих гэж нөгөө гоё “голио ногоон” онгоцоороо зөндөө нисч байсан л даа. Москва хүртэл нисэхэд бараг 10 цаг болсон санагдах юм, дунд нь Эрхүүд шатахуун хийх гээд бууж байсан шиг санаад байна. Аян замд хамгийн их бодогдсон зүйл юу вэ? гэвэл намайг ямар ертөнц хүлээж байгаа юм бол гэсэн бодол л байлаа. Догдлол бас бяцхан айдас. Москвад буугаад цаашаа нисэх онгоцондоо суух гэж хүлээлгийн танхимд маш удаан хүлээсээн. Баахан янз бүрийн төрхтэй гадаадын хүмүүсийн дунд нэг л их шамбааралдсан байдалтай байж билээ, төрөл бүрийн хэлээр ярьж шуугилдаад, суух сандал хүрэлцэхгүй ихэнх нь чемодан дээрээ зарим нь газар суучихсан, би бодохдоо тамирчид юм байна ямар нэг тэмцээн уралдаанд явж байгаа байх нь гэж бодсон. Би ч бас олон улсын тэмцээнд явж байгаа шүү дээ гэж өөрөөрөө бас бахархах сэтгэл төрөөд байнаа. За ингээд удаан хүлээсний эцэст Токио руу нисэх онгоцондоо суухаар нэгэн хоолойгоор ороод явчихлаа. Юу болсон гэхээр. Энэ чинь тэгээд онгоц яг мөн юмуу гээд уулга алдсан. JAL (Японы хамгийн том авиа компани) ын том онгоц шүү дээ. Нэг л их том хурлын танхим руу яваад орчихлоо, суудлаа эзэллээ, тэр үйлчилгээ, хоол унд энэ тэрийн талаар ярихын биш. Өлссөн байсан ч догдлоод хоол ордоггүй ээ, тэгээд ч идэж чадахааргүй зүйл байсан юм. Бор өнгийн хүйтэн гоймон ( соба гоймон, одоо бол маш их дуртай), хүйтэн будааны зууш мэтийн хоол байв. Гэрээс гараад унтаагүй олон цаг болсон болохоор нойр мойр ч юу болоод байгаа юм бүү мэд ээ, нар мандаад байгаа муу, жаргаад байгаа муу, мэдэж байгаа юм алга нэг л зүүд зэрэглээн дунд аялсаар байгаад зорьсон газраа хүрлээ дээ.

Токиогийн “Нарита” онгоцны буудалд тэмцээн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ишико сан гэдэг Япон хүн орчуулагчгүйгээр ганцаараа тосож авлаа. Миний амьдралдаа анх удаа уулзсан Япон хүн байв. Инээд цалгисан хөгжилтэй төрхтэй, найрсаг яриа маягтай хүн, “шайн байноо, мини нээр Ишико” гэж ирээд Монголоор өөрийгөө танилцуулахад гоё санагдаж билээ. Нацагаа ах маань англи хэл гадарладаг байсан болохоор хүмүүстэй ямар ч байсан ойр зуурт бол ойлголцоод, бас “боди лангүэж”, дохио зангаагаар зочид буудал явах хүртэлх замд ойлголцоод байсан юм. Үдийн алдад буусан санагдана, ямар ч байсан гэгээтэй байсан, онгоцны буудлаас гадаад ертөнцөд хөл тавиад… зүгээр л харь гаригт ирчихсэн байв. Ишико гуай “бүүвэйн дуу” чинь сайхан дуу, бараг түрүүлэх байх гэсэн утгатай юм ярьж, би за тэр ч юу л бол гэж бодож байлаа. Зочид буудал руу нилээн удаан бараг 2 цаг гаран явж байсан болохоор гадаад ертөнцтэй танилцаж, жинхэнэ соёлын шоконд орон гайхан биширч явлаа. Бүх л зүйл цочролд оруулж байлаа, тэнгэр баганадсан өндөр байшин барилга, олон давхар зам, эрээн мяраан рекламын самбар, олон төрлийн авто машин, шоргоолж шиг олон хүн, өөрөө онгойдог хаалга, урсдаг шат, автомат хэрэгслүүд гээд тоочвол барагдахгүй их. Буудалд ойртох хэрд гэгээ тасраад Токио хот олон өнгийн гэрлээ асааж бүр гайхамшигтай болох нь тэр. Шинжюкү дүүргийн Принс зочид буудалд хүрч ирээд өрөөндөө ачаагаа оруулж тавиад оройн хоол идэхээр гарлаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…


Сэтгэгдэл

хүндэлж явдаг [103.26.193.80] 2021-11-14 14:41:40

Саин баина аз жаргал хүсыё

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:55

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:55

Dulmaa [122.201.21.120] 2021-03-04 23:59:33

Setgeld honogshson saihan duu shvv gegeeleg saihan zvil unshlaa dahiad vrgeljlvvleeree nom bolgooroinohin mini

Зочин [223.104.39.69] 2021-03-04 20:07:40

ih ovormots hooloitoi.bi estoi durtai...odoogiin duuchin tselmuun ih tostoi ghdee ul medeg buduun blhoos.daraagiin niitleliig tesen yadan huleej bn.ih daruuhan goe busgui

Зочин [202.9.46.142] 2021-03-04 06:11:11

Би хүүхдээ энэ дуугаар бүүвэйлдэг б.сан.Гоё дуу ш.Баярлалаа.

Зочин [64.119.19.220] 2021-03-03 17:18:30

Буувэйн дуу Япон гэж засав. Уучлаарай.

Зочин [64.119.19.220] 2021-03-03 17:09:38

Энэ тэмцээнд Монголоос хүүхэд оролцуулах саналыг Токио дахь ЭСЯ наас гаргасан юм. Улмаар Нагоягийн зохион байгуулах хорооы Ишико сантай ЭСЯ нд би уулзаж байсан.ЭСЯ наас холбогдох материал урилгыг Соёлын яаманд илгээсэн туухийг нэмж дурдая.Үнэхээр монгол охин гайхамшигтай Уувэй дууг дуулсан юм.Дараа нь. Яплнд хит дуу болсон юм даа.

Зочин [64.119.19.220] 2021-03-03 17:30:03

Буувэйн дуу Япон хорооны гэж засаж уншаарай. Уучалт хүсье. Гайхалтай амжилт .

сүрэн [103.140.11.124] 2021-03-03 16:20:33

үргэлжлэлийг хүлээе.тун аятайхан бичсэн байна

баярлалаа [64.119.21.233] 2021-03-03 15:02:32

Энэ сайхан үе агшин байжээ.Дахиндахин бичээрэй!

varane [66.181.178.98] 2021-03-03 10:11:46

Daraagiin hesgiin Jordan unshmaar baina.Amjilt husie

s [202.9.46.243] 2021-03-03 09:34:45

aztail yumdaa

Зочин [195.46.106.44] 2021-03-03 09:30:41

Бичээд байгаарай дүү минь. Залуучуудад хүүхдүүдэд сургамж болох, алс холын сайхан ирээдүйд дуудах талаас нь их бичээрэй. Ийм сургамжит яриа, бичлэг их ховор байна шүү. Маш сонин байна. Амжилт хүсье.

зочин [203.91.115.51] 2021-03-03 08:20:05

Сайхан хүний сайхан зам мөрийн тухай уншихад ямар ч гоё юм.Энэ сайхан яриагаа үргэлжлүүлээд байгаарай.Ном болвол ах нь авах л юмсан.

Зочин [203.91.114.244] 2021-03-03 08:13:09

Танд амжилт хүсье, уншихад маш их сонирхолтой байлаа. Би ахмад хүн, гэтэл төстэй зүйл бидэнд байна. Би арслантай гүүрийн зүүн урд талд оюутны, анагаахын дундын, байранд ах, дүү хоёртойгоо суудаг байсан. Тэндээсээ 5-р сургууль руу явж сурдаг, бас тэндээсээ 10-р ангид байхдаа математикийн ОУ-ын тэмцээнд явсан, дараа нь гадаад руу сурахаар одсон. Ах маань АУДС-ийн багш байсан, ээжид чинь хичээл ордог байсан байж магадгүй, Шижирбаатар проф. Аав, ээж чинь бусад эцэг, эхчүүдэд үлгэр болох хүмүүс байна, тэдэнд, мөн өөрт чинь эрүүл энхийг хүсье!

Зочин [103.229.178.26] 2021-03-03 08:03:51

Мундаг шүү ! Эрүүл энхийг хүсье, бас улам их Амжилт хүсье, үргэлжлэлийг нь уншихыг хүлээж бна :)

Зочин [150.129.143.120] 2021-03-03 07:29:13

Yamar ch sonirhol alga

bii [202.21.108.225] 2021-03-04 16:04:23

sonirholtoi l bshd tenegee


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.