“Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2021.07.08) Төрийн ордонд боллоо.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан нээлтийн үгэндээ, “Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон. Энэ түүхэн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн үйл ажиллагаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Монголын нэгдсэн тулгар төр “Их хуралдай”-гаараа төрийн үйл хэргийг хэлэлцэн шийдвэрлэдэг байсныг Монголын төрийн түүхэн дэх парламентын анхны хэлбэр гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Хожим Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд Улсын дээд, доод хурал хэмээх байнгын бус, хоёр танхимтай парламентыг байгуулан, таван жил орчим үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд анхны чөлөөт сонгууль болж, Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг эмхлэн байгуулсан нь орчин үеийн байнгын ажиллагаатай парламентын үүсэл болсон. Улсын Бага Хурал 1990-1992 онд үйл ажиллагаа явуулж, 1992 онд болсон Улсын Их Хурлын анхны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентад бүрэн эрхээ шилжүүлсэн юм. Өдгөө 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Шуудангийн марк гэдэг бол аливаа улс орны үндэсний бахархал, тусгаар тогтнолын баталгаа болдог үнэт зүйл. Мөн ирээдүй хойч үедээ түүхийг мэдүүлэх, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг” хэмээгээд энэхүү марк нь парламентын сэдэвтэй шуудангийн анхны Монгол марк болж байгааг онцлон тэмдэглэв.
Манай улс 1924 онд анхны маркаа хэвлэж байсан бөгөөд энэ удаагийн марк 1075 дахь сэдвийн марк болж байгаа юм. Маркийн нээлтийн хөшгийг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар татлаа.
Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн марк үнэт цаас болон баталгаажлаа.
Уг маркийг Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар шуудангийн хоёр нэрийн хэлхээ төрлөөр бүтээж, нийт 15.000 ширхэг хэвлэсэн байна. Марк нэг бүрийн үнэ 1500 төгрөг. Маркийн дизайнераар Ж.Ганхуяг, гэрэл зурагчнаар Г.Эрдэнэтуяа, Д.Октябрь нар ажиллажээ.
Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан уг марканд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, чимэглэл хэсэгт Улсын Их Хурал төвлөн байрладаг Төрийн ордны 30 жилийн өмнөх болон одоогийн дүр төрх, Төрийн далбаа, ойн лого зэргийг зохиомжлон дүрсэлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.118] 2021-07-08 10:38:05
Маркийг 3300 төгрөгөөр зарж байна лээ .энд 1500 төгрөг гээд бичсэн байх юм
Баяр хүргэе! [103.57.94.168] 2021-07-08 10:34:34
Бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болсонд баяр хүргэе! Байнгын парламентын 30 жилийн ой болж өнгөрсөнд, мөн марктай болсонд.