Д.Энхтуяа: Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Д.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр мөн "Шимасэки" трейнинг төвийн захирлаар ажилладаг. “Монгол ноолуур” номын зохиогч юм.
-Германчуудтай хамтраад монгол ноолуурыг дэлхийн түвшинд гаргахад бусдаас ямар ялгаатай байгаа талаар судалсан гэсэн. Монгол ноолуур юугаараа онцлогтой вэ?
-Германчуудтай 2000 оноос хойш хийсэн судалгаагаар монгол ямааны ноолуур Азийн сонгодог ямааны ноолуур мөн гэдгийг бид баталсан. Азийн сонгодог ямааны ноолуур гэдэгт Монгол, Хятад хоёр л орж байгаа юм.
Гистологи бүтэц гэдэг үзүүлэлтээр нь ингэж тодорхойлсон.
Ямааны ноолуур гадна талдаа хайрсан давхаргатай. Хайрсны өндрөөс шалтгаалж байгаа юм. Ямааны ноолуур гялалзсан өнгөтэй байдаг шүү дээ. Хайрс нь өндөр бол нарны гэрэл ойж, гялалзсан өнгөтэй болдог. Зөөлөн байна гэдэг нь хайрс нь нимгэн гэсэн үг. Манай ямааны ноолуур 16 микрон гэж байхад Австрали 14 микронтой хонины ноос гаргачихаад байгаа юм. Бүр нарийхан болчихоод байна. Тэгсэн ч ширүүн байдаг. Тэр нь хайрсны бүтцээс шалтгаалж байгаа юм. Монгол ямааны ноолуур бусад ноолуураас юугаараа онцлог гэхээр мэдээж голч нь 16 микрон байдаг. Хятад ноолуураас манайх урт байдаг. Хятад ноолуур 26-32 мм гээд стандарт байдаг. Гэтэл манай ноолуурын стандарт 38 мм-ээс дээш гэж заадаг. Энэ хамгийн давуу тал. Урт учраас нарийн ээрмэл хийх боломжтой. Дээр дурдсан хайрсны бүтцээс шалтгаалаад, ээрэх явцад уян чанар нь өөр байдаг.
-Та бас ноолуурын өнгөний талаар ярьсан байдаг. Монгол ноос, ноолуур бол байгалиасаа таван өнгөтэй байдаг гэсэн шүү дээ. Тийм учраас будах шаардлагагүй байгалийн брэнд бүтээгдэхүүн болдог гэдэг?
- Хятадын ноолуур бараг 99 хувь нь цагаан байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг цагаан ноолуур маш үнэлэгдсэн. Янз янзын өнгөөр будаж болно гэж үздэг байсан. Монгол ноолуур байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнд будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдгээрээ маш давуу тал болж байна. Говь, Ээрмэл, Кашмер холдинг гээд үйлдвэрүүд органик гэж ярьдаг будаг оруулаагүй, өөрийнх нь өнгөөр хийсэн бүтээгдэхүүн гаргадгаараа давуу талтай. Зөвхөн ноолуур ч бус хонины ноос ч гэсэн өнгөнийн хувьд давуу талтай. Эрдэнэт хивс Австралиас хонины ноос аваад хивс хийж л дээ. Тэр нь дандаа цагаан өнгө байхад манайх хар, саарал, улаан буурал гэх мэтээр натурал өнгөтэй, будаггүй хивс гаргаад, тэр нь бас дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байсан. Тэмээний ноос байна. Сарлагийн хөөвөр бүр гурван өнгөтэй. Хөвөн цагаан өнгөтэй гэж ойлгодог байсан бол одоо өнгө өнгийн хөвөн хүртэл тарьж байна шүү дээ. Ноолуурын үйлдвэрлэлд хамгийн чухал болж байгаа зүйл нь тогтвортой байдал. Дэлхий нийтээр нэхмэлийн үйлдвэрлэлд маш их ус зарцуулдаг. Түүн дээр будаг орж ирнэ. Ус хэмнэх, химийн бодис бага зарцуулах асуудал яригдахаар натурал өнгө чухал болоод байгаа юм.
Дэлхий нийтээр эрүүл хэрэглээг чухалчлах болсон. Эрүүл хүнснээс гадна эрүүл хувцас бүтээгдэхүүн хэрэглэх гэж хичээдэг. Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна. Европт хүний хуучин хувцсыг хаана хаях вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Химийн будагтай хувцас хаяхад хөрс бохирдуулна гэж үзэх болсон. Натурал ноос ноолууран хувцас бол хөрсөндөө шингэнэ. Комиссын хувцас гээд оруулж ирээд байдаг. Хаях газаргүй болсон юм л үнэндээ авчраад байгаа шүү дээ.
-Байгалийн өнгө чухал, монгол ноолуур таван өнгөтэй гэж байгаа ч сүүлийн үед хар ямаа зонхилох болсон юм биш үү. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Монгол малын зүс олон янз шүү дээ. Цагаан ямааг бодвол хар ямаанаас гарах ноолуурын хэмжээ их байдаг. Өвлийг өнтэй давахад бараан зүсмийн мал илүү байдаг. Цагаан ямаа цөөрч байгаа. Ноолуур багатай, үс нь тачирхан, зуд турхан болоход тэсвэр багатай.
Цөм сүрэг гэж ярьдаг. Эрчмийн хар ямаа байна. Хөвсгөлийн Эрмийн нурууны орчмоор нутагладаг иргэд өсгөн үржүүлдэг энэ ямаа ноолуурын чанараараа гайхагддаг. Ноолуур нь нарийн, урт байдаг давуу талтай. Хүмүүс ямааныхаа үүлдэр омгийг сайжруулах гээд тэндээс ухна авах жишээтэй. Дөрвөлжингийн халтар гээд ямаа байна. Завханы Дөрвөлжингийнх. Сайн гэгддэг үүлдэр омгийн ухна авч тавьж байна. Эдгээр нь ямааны зүс хар бараан болоход нөлөөлж байна. Говь гурван сайхан, Донын хар ямаа гэхэд л бас ноолуур ихтэй. Манайд ноолуур бэлтгэлийн систем байхгүй болсон. Нарийныг нь өндөр үнээр авна, бүдүүнийг нь хямд үнээр авна гэхгүй болохоор их ноолуур өгдөг үүлдрийг илүүд үзэх болжээ. Улаан хүрэн зүсмийн ямаа бас байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямаа бас алдартай. Тэндээс ухна тавьсан газар бас улаан ямаатай байна. Үржил селекцийн ажил малчдын зоргоор явагдаж байгаа. Яг үнэндээ Баяндэлгэрийн улаан ямаа Сүхбаатартаа л сайн өсөхөөс биш өөр газар очоод үр шимээ сайн өгөхгүй л байгаа. Залаа жинстийн цагаан ямаа гэхэд л Баянхонгортоо, дулаан газартаа л ашиг шимээ өгөхөөс бус Хөвсгөлд амьдрах чадвар муутай. Угаасаа Монголд бараан ноолуур их байдаг. Гэхдээ дэлхийн зах зээл дээр цагаан ноолуур үнэтэй байдаг.
Гэхдээ манайхан хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор бараан зүсмийн ямааг илүүд үзэх болсон. Бараан зүсмийн ямааны ноолуурын гарц нь өндөр байдаг л даа.
-Та сая төрөлх нутаг усандаа зохицсон байдаг гэж хэллээ шүү дээ. Англи, Италид монгол хонь, ямааг өсгөж үржүүлэх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэсэн. Хоёр дахь жилээсээ үс нь ургахаа байдаг гэв үү?
-Яагаад Монгол, Өмнөд Монголд ноолуур байгаа гэхээр уур амьсгалтай холбоотой. Арваннэгдүгээр сард хүйтэн сэрүүн ороход арьсан доторх ноолуурын булчирхай ажиллаж, ноолуур ургаж эхэлдэг юм.
Анх ноолуур тансаг сайхан эд гэдгийг Европт мэдүүлсэн хүн Наполеоны гэргий Жозефина гэдэг. Тэр ноолууран хувцас эдэлж хэрэглэдэг байжээ. Энэтхэгийн Кашмир нь Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байдаг уулархаг бүс нутгийн нэр. Энд 12-14 насны охидоор утас хийлгэж, даавуу нэхүүлдэг байсан гэдэг. Мань мэтийн баригар гар ноолуур нэхэж чадахгүй нь байна шүү дээ. Ноолуур гэж ийм тансаг сайхан эд байдаг гээд Европт түгээд ирэхэд нь Европт ямаа өсгөж үржүүлэхээр нэг, хоёроор нь, сүргээр нь авч яваад өсгөж үржүүлэх гэж оролдож байжээ. Гэтэл дулаан газарт ноолуур нь ургахгүй, бүр гахай нүцгэн болсон гэдэг.
Тэр ч бүү хэл Дэлхийн банкны тайланд ийм дүгнэлт байна гэж манай нэг багш хэлсэн. Зах зээлд шилжих үед Монгол Улс гайгүйхэн шиг гараад явахад малчдын хувьд ноолуур их үүрэг гүйцэтгэсэн байна гэж судалж дүгнэсэн юм билээ. Тэгээд киргиз хүмүүсийн амьдралыг сайжруулахаар Монголоос баахан ухна, ямаа авч явсан. Бид бас судалгаанд нь оролцож байсан. Манай багш сүүлд судалгааны дүгнэлтийг уншихад Монголд байгаа шиг сайн ноолуур гаргаж чадаагүй юм билээ. Энэ бол цаг агаар, уул ус ургамал бүх юмтай холбоотой юм байна гэж бичжээ.
Малын эмч нарын зөвлөгөөн дээр бас ийм яриа болж байсан юм. Хүмүүс Баяндэлгэрийн улаан, Эрчмийн харыг энд тэндгүй авчраад байдаг. Яг тухайн нутаг усандаа л зохицдог болохоос биш өөр нутагт болдоггүй юм байна гэж байсан.
-Та гэр ахуйн ноолууран эдлэл гээд шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болж байгаа талаар бас ярьж байсан. Ноолууран хөнжил, бүтээлэг хортой хий туяаг шингээдэг гэж үздэг гэсэн үү?
-Хоол хүнс, хувцас хунараас гадна гэр орон маань эрүүл тааламжтай байх ёстой гэж үздэг болсон. Одоо хүмүүс гэрээсээ их ажиллах болсон. Ийм нөхцөлд ноолууран цамц өмсөхөөс илүү буйдангийн бүтээлэг нь ноолууран байх хэрэгтэй болж байна. Хүнд дулаан мэдрэмж өгдөг зүйлс хэрэгцээтэй болж байгаа юм билээ. Бүр аяганы сэнжин дээр нь хүртэл ноолууран бүрээс хийж байна. Гэрийн халаат ч ноолуур болж байна. Хөвөн чийгийг татдаг учраас хөгшин настай хүмүүсийн арьс хуурайшдаг гэнэ. Гэтэл ноос ноолууран хувцас чийг өгдөг байна. Гэр ахуйн ноолууран сүлжмэл эдлэл бий болсон. Дэр бол маш хэрэгцээтэй. Насжилт нэмэгдэж байгаа. Настай хүний биед халуун, хүйтэн жин тавихад ноолууран бүрээстэй бол тааламжтай. Одоогоос таван жилийн өмнө бид төсөл хэрэгжүүлж байхад маш их борлогдсон зүйл нь ноолуураар бүрсэн хүн шиг том грилк. Европт ганцаараа амьдардаг настай хүмүүс олон. Ганцаараа хүн дулаан юм налж, тэвэрч суух хэрэгцээ байдаг юм билээ. Манайхан Германы оюутнуудтай хамтарсан эсгийний сургалт хийсэн юм. Монголчууд эсгийгээр гутал, тавчик хийнэ шүү дээ. Нөгөөдүүл болохоор налж суухад тухтай гээд тэмээний бөх шиг том том юм хийж тавьсан. Орчноосоо тусгаарлагдаж, юм сэтгэн бодоход тухтай гээд сандал дээр суугаад, толгойдоо чийдэнгийн бүрхүүл шиг юм углаад сууж байх юм байна. Ноолууран бол бүүр сайхан дулаахан мэдрэмж төрүүлнэ гэнэ. Европ хүний сэтгэлгээ өөр юм билээ. Хачин санагдаж байсан ч Европт очиход үнэхээр тийм зүйлс хэрэгцээтэй юм билээ. Нидерландтай хамтарсан гэр ахуйн ноолууран эдлэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Парисын том дэлгүүрээр орж үзэхэд манай энд байгаа ноолууран орны бүтээлэг, гэрийн халаат энэ тэр манайд зарагддагаас таваас зургаа дахин үнэтэй байсан. Манайхаас 250 еврогоор орны бүтээлэг хийлгээд аваад явдаг байхад тэнд 1200 орчим байх жишээтэй. Эсгий таавчиг Европт хэрэгцээтэй эд. Манай хүүхдүүд Европт очихдоо хүмүүст бэлэглэсэн чинь одоо эсгий таавчиг л захиастай. Айлуудын шал нь модон биш, чулуун байдаг юм байна. Жаахан жаахан дэвсгэр дэвсчихдэг. Эсгий таавчиг бол зун ч өвөл ч өмсдөг. Одоо бол ноолууран өмд хамгийн тансаг бэлэг гэсэн. Ноолуур гэдэг юмыг тэгж л үнэ цэнийг нь мэдэрч байна даа.
Дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нимгэн хувцас сонирхох болсон. Ноос ноолууран эдлэл чийг шингээж аваад, дулаан ялгаруулдаг учраас австралиуд шууд бие дээрээ өмсдөг хувцас хонины ноос, ноолуураар хийгээд байна л даа. Хонины ноос ширүүн талдаа болохоор ямааны ноолуураар хийх болсон. Ноолууран хувцасны тааламжтай байдал, тав тух, эрүүл ахуйн судалгаа хийж байгаа. Өвлийн хүйтэнд синтетик материалтай хувцас өмссөн үед нуруунаас хайрдаг шүү дээ. Ноосон хувцас тэгж хайрахгүй. Сурагчийн дүрэмт хувцсанд 40 хувийн ноос орсон шүү дээ. Манай нэг багшийн хэлсэн үг фэйсбүүкээр явж байна лээ. “Гадаад формын хувцас гялгар ууттай л адил” гэж. Зөндөө юм болж байж л дүрэмт хувцсанд ноос оруулсан шүү дээ.
ӨДРИЙН СОНИН Батсүхийн Янжмаа
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.112] 2023-12-22 20:10:47
Монголын бүх ноолуур Хятад руу гардаг юм. Монголчуудад юу болоо гэж ноолууран бүтээгдэхүүнүүд олдох вэ дээ. Монголын "ноолууран" хувцасны үйлдвэрүүд яаж улаан цайм худал хэлж, хуурамч ноолууран бүтээгдэхүүн зарж чадаж байна вэ. Монголд зарж байгаа ноолууран гэх хувцаснууд цахилгаанждаг, бөөсддөг бас хөлрүүлдэг гээд илт нейлонон материалтай гэж мэдэгддэг юм.
Уншигч [66.181.184.186] 2021-09-06 09:30:07
Юу гэж хүн дормжлоод байнаа:Бузаргүй гадны хүн минь хүний тус мэддэг гадаад орондоо амьдармаар юмдаа.
Зочин [202.9.47.2] 2021-09-06 07:34:28
Бузар монголчуудад туслах хэрэггүй. Тэд хүний тус мэддэггүй.