Түр хорооны хуралдаанаар нийслэлийн хэмжээнд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов

Aдмин / Хууль

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.09.13/ 14 цагаас цахимаар хуралдав.

Түр хорооны хуралдаанаар Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Эхлээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб гурван орлогч, зургаан багтай, нутгийн захиргааны 103 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийгэм, эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн орлогыг дэмжих зорилгоор бүх төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад мөрдөх тусгай нөхцөл, шаардлагыг боловсруулан Улсын онцгой комиссоор батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэл, дүүргийн онцгой комиссын шуурхай штаб, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээнд 8700 албан хаагч өдөр бүр ажлын тусгай горимоор ажиллаж байна гэдгийг дурдав.

Коронавируст халдварын дельта хувилбарын тархалт нэмэгдсэн, хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээр сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол эрс нэмэгдээд байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нийслэлд өдөрт хамгийн олон буюу 1877 тохиолдол бүртгэдэж байсан бол есдүгээр сарын 08-ны өдөр 3825 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрүүл мэндийн 41 байгууллага 5413 ор дэлгэж, 5817 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан хотын захиргааны байранд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүст зориулж 145 ор дэлгэн, хүчилтөрөгчийн хоёр үйлдвэр барьж ашиглалтад оруулаад байна. Цаашид 2000 ор дэлгэх шаардлагатай байгаа бөгөөд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүн хүч дутагдалтай байна гэдгийг хэлж байв.

Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгэээнд төрийн болон төрийн өмчийн байгууллагуудаас 55 тээврийн хэрэгсэл дайчлан тоноглож, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй 55 багийг тандалт, шуурхай хариу арга хэмжээний чиглэлээр ажиллуулж байгаа аж. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчилж зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын шугамыг 9 дүүрэгт өргөтгөн шинээр нээж 24 цагаар ажиллуулдаг болжээ.

Одоогоор шинжилгээг зөвхөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас дүүргийн тандалтын баг, сайн дурын шинжилгээг дүүрэг тус бүрт нэг цэгээр авч байгаа аж. Мөн хувийн хэвшлийн 10-аад эрүүл мэндийн байгууллага төлбөртэй ПГУ болон түргэлчилсэн тест хийж байгаа юм байна.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажил үр дүнтэй явагдаж байгааг Нийслэлийн онцгой комиссын дарга мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, одоогийн байдлаар нийслэлийн нийт 1 499 140 иргэдийн 74.3 хувь буюу 1 114 503 нь нэгдүгээр тунд, 70.1 хувь буюу 1 050 596 нь хоёрдугаар тунд хамрагджээ. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу наймдугаар сарын 16-ны өдрөөс хийж эхэлсэн дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд одоогоор 118 604 иргэн хамрагдаад байгаа аж. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ сарын 13-22-ны өдрүүдэд “Томуугаас сэргийлье” уриан дор 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг нийтдээ 172 220 хүн/тун вакцинаар дархлаажуулах бэлтгэл ажлыг хангаж, өнөөдрөөс эхлүүлсэн байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн, цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаашид халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг дэмжих хүрээнд хариуцлагын гэрээ, халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хариуцлагагүй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг чангатгаж ажиллана. Мөн хүнд, маш хүнд хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээнд гол анхаарлаа хандуулж хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, тандалт, хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж буйгаа Д.Сумъяабазар дарга дурдлаа.

Дараа нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд цар тахлын нийслэл дэх нөхцөл байдал, эмчилгээ, үйлчилгээний хангамж, хүртээмж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Сүүлийн хоёр сард нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын цар тахлын тохиолдлын тоо буурсан хэдий ч энэ сарын эхний 8 хоногт 21499 тохиолдол бүртгэгдэж, өдрийн дундаж тохиолдол 2600 байгаа нь зургадугаар сард бүртгэгдсэн хамгийн их /1877/ тохиолдлоос 723-аар буюу 27.8 хувиар өндөр байна. Батлагдсан тохиолдлын тоог бүртгэгдсэн хавьтлын тоотой харьцуулсан харьцаа дөрөвдүгээр сард 2.6 байсан бол энэ сарын 09-ний өдрийн байдлаар энэ харьцаа 0.8 болж 3 дахин буурсан байгаа нь батлагдсан тохиолдлыг хавьтлаар бүртгэхгүй байгаатай холбоотой гэдгийг тэрбээр хэллээ.

Харин хийгдэж буй шинжилгээний тоо сар бүр буурч байгаа бөгөөд зөвхөн наймдугаар сарын нийт шинжилгээний тоо л гэхэд зургадугаар сарынхаас 48.1 хувиар буурсан байна. Түүнчлэн есдүгээр сарын эхний 8 хоногийн шинжилгээг зургадугаар сарын эхний 8 хоногтой харьцуулахад нийт шинжилгээний тоо 6753-аар буюу 17.0 хувиар, ПГУ-гийн шинжилгээ 13490 буюу 54.1 хувиар тус тус багассан. Мөн одоогоор нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн эмнэлэгт ПГУ шинжилгээний лаборатори ажиллаж, хоногт 1500 гаруй шинжилгээ авч байгаа, суурин цэг болон явуулын багууд өдөрт дунджаар 2500-3000 гаруй түргэвчилсэн шинжилгээ авч байгаа талаар баримт дурдав.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын сүүлээс эхлэн коронавируст халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан хэвтүүлэн эмчлэх 290 орыг нэмж дэлгэсэн. Мөн ковидын халдвартай жирэмсэн эхийн тоо нэмэгдэж байгаа тул “Хүрээ” амаржих газрын үндсэн үйл ажиллагааг “Өргөө”, “Амгалан” амаржих газарт шилжүүлж, тус эмнэлэгт 100 ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаад байгааг танилцуулав.

Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 14 аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нартай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахаар зөвшилцөн, Короновируст халдвар (КОВИД-19)-ын үед вирусийн эсрэг эмээр нийслэлийн иргэдийг тасралтгүй хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 24 цагаар иргэдэд үйлчлэх 15, уртасгасан буюу 08-23 цаг хүртэл ажиллаж буй 28 эмийн сан байгааг дурдлаа.

Эцэст нь нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор “Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” баталсан. Уг журамд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг Улсын онцгой комисстой зөвшилцсөнөөр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирагааны төв байгууллага тогтоохоор заасан.

Улмаар Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 1-ээс танхимын болон танхимын бус хэлбэрээр, эрсдэлийн үнэлгээг харгалзан ялгаатай байх зохицуулах, цэцэрлэгүүдийг тусгай зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлүүлэх зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ үндсэн дээр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан түр журмын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна. Уг журамд сургууль, цэцэрлэгийн хичээл сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлыг хангах, коронавируст халдварын тандалт, сэргийлэлт, сэжигтэй тохиолдол бүртгэгдэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалт, үйл ажиллагаанд оролцогч талуудын үүрэг, оролцоог тусгажээ.

Журамд заасны дагуу боловсрол, сургалтын нийт 959 байгууллагад гурван хүнээс бүрдсэн “Хариу арга хэмжээ авах баг”-уудад нийтдээ 2877 хүн хамрагдаж ажиллаж байгаа аж. Үүнд, ерөнхий боловсролын сургуулийн 296 багт /төрийн өмчийн сургуулиудад 155, төрийн бус өмчийн сургуулиудад 131/ нийт 888 хүн, цэцэрлэгийн 663 багт /төрийн өмчийн цэцэрлэгт 261, төрийн бус өмчийн цэцэрлэгт 402/ нийт 1989 хүн ажилладаг байна.

Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, байгууллагад баримтлах сэргийлэлт, хяналтын талаар ерөнхий боловсролын сургууль, тэдгээрийн удирдлага, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багийг чадваржуулах үе шаттай сургалт зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалтыг өнгөрсөн наймдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 227, цэцэрлэгийн 326 эмчийг хамруулан зохион байгуулсан байна.

Одоогоор нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургуулийн 9824 бүлэгт 331 560 хүүхэд, төрийн өмчийн 272, төрийн бус өмчийн 414 цэцэрлэгт нийтдээ 74378 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд 5х9 системийг хэрэгжүүлж, ангиудыг дэд бүлэгт хуваан танхим, танхимын бус хэлбэрээр хичээл сургалтыг ажлыг явуулж эхэлжээ. Одоогоор 49 сургууль бүрэн хичээллэж байгаа, харин 248 сургууль 5х9 зарчмаар хичээллэж байгаа бол 5 сургууль бүрэн цахимд шилжээд байгаа аж. Мөн 6 цэцэрлэгийн 268 бүлэг бүрэн цахим хэлбэрт шилжсэн байна.

Бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан, мөн хичээл сургалт эхлэхийн өмнө боловсрол, сургалтын бүх байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийж, хугацаатай үүрэг өгөөд хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг дурдав. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийн ариутгалын бодисын нөөц, түргэвчилсэн оношлогооны хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв.

Мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Алтанхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Бейсен нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Хуралдааны эцэст Түр хорооны дарга Б.Баттөмөр хэлэхдээ, Түр хорооны өмнөх хуралдаануудаар Улсын онцгой комисын мэдээлэлтэй танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч байсан. Харин энэ удаад Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг сонсож танилцсан нь нөхцөл байдлыг зөвөөр ойлгож дүгнэж цэгнэх, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, түүнийг давж гарах арга замыг хамтдаа эрэлхийлэхэд чухал үр дүнтэй болсон гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ингээд Түр хорооны хуралдаанаас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засаг, иргэдэд үзүүлэх нөлөөллийг бууруулах талаар Нийслэлийн онцгой комисс болон холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [202.21.104.2] 2021-09-14 00:42:26

Sain baina...

Зочин [103.80.210.183] 2021-09-14 01:39:46

юу нь сайн байх бэ дээ. ядуу дорой долдой нарын ус цай гүзээлж цаг үрж суух шалтаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.