COVID-19: Хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн дэлхийн улсууд
Цар тахлын эсрэг хоёр тунгийн вакцинжуулалтад улс орнууд зорилтот бүлэг гэгдэх насанд хүрсэн амынхаа 60-70 хувийг хамруулсан ч өвчлөл буурсангүй. Тиймээс дараагийн арга хэмжээ болох гурав дахь тунг тарьж эхэлсэн төдийгүй хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. COVID-19 халдвар вакцинд хамрагдаагүй бүлэг болох хүүхдүүд рүү чиглэж, тэднийг хүндээр өвчлүүлж байгаагаас үүдэн хэд хэдэн орны Засгийн газар 12-оос дээш насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулаад байгаа юм. Ийн өнөөдрийн байдлаар дэлхийн ямар орон вакцинд хүүхдүүдээ хамруулж байгаа талаарх мэдээллийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна.
Европын эмийн агентлагаас (EMA) 12-15 насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарихыг тавдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш Дани улс 12-15 настай хүүхдүүдээ, Испани улс 12-19 настай хүүхдүүдийнхээ ихэнхийг нэгдүгээр тун вакцинд хамруулсан бол Их Британийн анагаах ухааны мэргэжилтнүүд 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахыг санал болгожээ.
Францын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ
Франц улсын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэгдүгээр тундаа, 52 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байна. Францын тухайд аравдугаар сараас 18-аас доош насныхан дэлгүүр, зоогийн газар, музей, кино театраар үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээ эсвэл шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх журам батлахаар төлөвлөж байгаа юм. Герман улсын судлаачид зургадугаар сард зөвхөн эрүүл мэндийн байдал сайнгүй, бие муу 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулахыг Засгийн газартаа зөвлөсөн. Гэвч тус улс дельта хувилбар хурдацтайгаар тархаж эхэлсний дараагаар наймдугаар сард 12-оос дээш насны бүх хүүхдийн дархлаажуулалтыг эхүүлсэн билээ. Харин Швед улс зөвхөн уушгины өвчин, хатгалгаа болон бусад хүнд өвчинтэй 12-15 насныхныг вакцинд хамрагдахыг зөвшөөрчээ. Норвеги нь Европын холбооны улс биш ч 12-15 настнуудаа нэг тун вакцин хийлгэхийг зөвлөсөн байна. Ингэхдээ хоёр дахь тунг өөрсдийн зөвшөөрлөөр тарих журмыг баталжээ.
Америкт халдвар авч эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо гурав дахин нэмэгдлээ
АНУ болон Канадын зохицуулагчид анх тавдугаар сард 12-оос дээш насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарихыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дараахан АНУ хүүхдийн дархлаажуулалтыг маш хурдан эхлүүлсэн билээ. Үр дүнд нь долдугаар сарын сүүлээр гэхэд тус улсын 12-17 насныхны 42 хувь нь эхний тунгаа, 32 хувь нь Pfizer болон Moderna вакцины бүрэн тунд хамрагдаад байв. Америкт дельта хувилбарын тархалт өсч эхэлснээс үүдэн хүүхдийн вакцинжуулалтыг хурдасгасан билээ.Хамгийн сүүлийн судалгаагаар вакцинжуулалт бага мужуудад халдвар авч эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо 3.4-3.7 дахин нэмэгджээ. Халдварын тархалтаас айсан эцэг эхчүүдийн саналыг үл харгалзан Америкийн зарим сургууль 12-оос дээш насныхныг танхимаар хичээллэх журмыг баталжээ. Тухайлбал, Лос Анжелес хотод 600 мянган сурагчийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн бол Нью Йорк муж сургуулийн ажилчдыг заавал вакциндаа хамрагдсан байхыг шаарджээ.Үүнээс гадна 4-11 насныханд Pfizer вакциныг туршиж эхэлсэн бөгөөд үр дүн нь энэ сард гарна. Мөн зургаан сараас дөрвөн настнуудад энэ жилийн сүүлээр вакциныг туршиж эхлэх юм.
Хятад гурваас дээш насны хүүхдүүдээ вакцинжуулав
Хятад улс зургадугаар сард 3-17 настай хүүхдүүдээ өөрийн улсын Синовак үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Ингэснээр хамгийн бага настай хүүхдийг вакцинжуулсан дэлхийн анхны улс болсон. Тус улс 1.4 тэрбум хүн амынхаа 80 хувийг энэ он дуусахад вакцинжуулахаар зорьж байгаа юм. Үүнийхээ тулд гэр бүлийн бүх гишүүн вакцины хоёр тунд хамрагдаагүй бол хүүхдүүдийг хичээлдээ ирэхийг нь хориглосон журмыг зарим муж хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Чили улс зургаагаас дээш настнууддаа вакциныг хүлээн зөвшөөрчээ.
Энэтхэгийн 253 сая хүүхдийн 60 хувь нь халдвар авчээ
НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр Энэтхэг дэлхийн хамгийн олон буюу 253 сая өсвөр үеийн хүүхэдтэй орон. Хүүхдүүдийн 60 хувь нь халдварт өртжээ. Тиймээс тус улс “Zydus Cadila” гэсэн орон нутгийн эмийн фирмд хөгжүүлсэн шинэ вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд яаралтай ашиглах зөвшөөрлийг наймдугаар сард олгосон. Засгийн газрын эрүүл мэндийн мэргэжилтнүүд биеийн байдал муу 12-17 настнуудыг аравдугаар сараас вакцинжуулахыг санал болгосон ч энэ оны сүүлээр дархлаажуулалт эхлэх төлөвтэй байна. Учир Энэтхэгт насанд хүрсэн хүмүүсийн вакцинжуулалт дуусаагүй байгаа юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл
Зочин [122.201.19.99] 2021-09-15 07:35:03
Манайх мааш удаан бнааа ЭМЯ-сайд шал хөлдүү гар бдаг солих хэрэгтэй
Зочин [66.181.176.130] 2021-09-15 03:35:43
Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Манайх ч гайгүй зохион байгуулж байгаа юм байна шүү